Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2017/0067/Э

        Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

           

            Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

           Улсын яллагч: Д.Энхжаргал,

                        Хохирогч: Г.Сүхдалай

                        Иргэдийн төлөөлөгч: Г.Оюун-Од

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Наранчимэг,

                        Шүүгдэгч: Н.Төгсжаргал нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Төгсжаргалд холбогдох 201723000066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Хэнтий аймгийн Норовлин суманд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Наранмижидийн Төгсжаргал /РД:СП89121336/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Төгсжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг 3-6 тоотод оршин суух иргэн Г.Сүхдалайг гэрт нь архи өгсөнгүй гэж нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж улмаар түлээний сүхээр толгойн тус газар нь 1 удаа цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Төгсжаргал нь согтуугаар 2017 оны 4 дүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг 3-6 тоотод оршин суух иргэн Г.Сүхдалайг гэрт нь архи өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр түлээний сүхээр толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.Сүхдалайгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Наранмижидийн хүү Төгсжаргал халамцуу орж ирсэн. Орж ирээд надаас нэрмэл архи авъя гэсэн тэгсэн Эрдэнэбаатар “Үлдсэн жоохон юм аа өгчихөө гэж хэлэхээр нь би Төгсжаргалд үлдсэн байсан 500 грамм хүрэхгүй нэрмэл архиа гаргаж өгсөн. Тэр хоёрыг гараад явсны дараа нэрмэл архиа Төгсжаргал ганцаараа уусан. Тэгээд зуухны хажууд савтай байсан аль эрт өнгөрсөн намрын дээр нь сүү хийж хөлдөөсөн. Айрагнаас ууна гэсэн. Тзгзхээр нь би үүнээс ууж болохгүй аль намрын удчихсан айраг гэж хэлсэн. Тэгсэн Төгсжаргал ууна гэж дайрч байснаа гэрийн хаалга түгжиж байгаад намайг заамдаж аваад миний тэр үед өмсөж байсан ягаан өнгийн зузаан цамцны захаар боосон, мөн авдарны хажуу талд түлхэж унагаасан. Би босоод гарах үед хаалга руу очоод түгжээг тайлах гэтэл миний толгой руу нэг юмаар цохиод авсан. Тэр үед толгойгоор их хүчтэй өвдөөд нэг хэсэг манарсан. Нэг ухаан орсон чинь Төгсжаргал “Ахаа би таныг цохьчихлоо хүн алах шахлаа гээд байж байсан. Би тэр үед хаалганы хажууд угаалтуурын тэнд доошоо тонгойсон байдалтай, толгойноос цус гарч байсан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний баруун нүд битүү хавдаж хөхөрсөн байсан. Шинжилгээгээр баруун нүдний ухархай хугарсан байна гэсэн, мөн гавлын баруун дээд хэсэгт цөмрөлттэй байна гэсэн. Манай гэрт түлээний сүх байдаг тэр үед гэрийн зүүн хойд буланд хөргөгчний наад талд байсан, ер нь түлээ хагалаад тэнд байнга тавьдаг юм. Би одоо сайн санахгүй байна эмэнд явна гээд надаас мөнгө авч байсан шиг санаж байна. Гар утас яасан эсэхийг нь бол огт санахгүй байна. Миний утас бол одоо надад байгаа. Би урьд өгсөн мэдүүлэгтээ өөртөө 30000 төгрөг байсан гэж буруу хэлсэн байна. Надад тэр үед 8000 төгрөг байсан юм байна гэдгээ саналаа. Би цохиулсны даруу сүхээр цохиулсан гэдэгээ мэдсэн....гэсэн мэдүүлэг /хх-27-28 хуудас/

 

            Гэрч Г.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Бид хоёр гарахын өмнөхөн Төгсжаргал орж ирээд Сүхдалайд 2000 төгрөг өгөөд нэрмэл архи асууж байсан. Сүхдалай нөгөө үлдсэн архиа гаргаж өгсөн. Тэгсэн Төгсжаргал нөгөө нэрмэл архинаас надад хийж өгөхөөр нь би сумын захиргаагаар ажилтай байсан болохоор уухгүй гээд Эрдэнэбат бид хоёр гараад явсан. Төгсжаргал, Сүхдлай нар гэрт үлдсэн. Би Сүхдалайгийн утас руу залгасан, сайндаа залгаагүй юмаа, өдөр архи авахдаа 5000 төгрөг өгөөд хариулт 1000 төгрөг авах байсан. Тэрийгээ аваагүй гарсан болохоор 1000 төгрөг авах гэж эалгасан юм. Тэгсэн харин Сүхдалайн дуу нэг сонин байсан “гялс хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Сүхдалайгийнд очиход Сүхдалай орон дээрээ суучихсан. Өрөөсөн нүд нь хавдаад хөхөрчихсөн, хүзүү хоолой нь боолгуулсан юм уу гэмээр улайчихсан байхаар нь “юу болсон бэ” гэсэн чинь нөгөө залууд чинь зодуулчихлаа, айрагнаас ууна гэхээр нь уулгахгүй гээд муудалцаад” гэхээр нь би “Төгөө хаачсан бэ гэсэн чинь “надаас мөнгө аваад эмэнд явсан чинь алга байна” гэж надад хэлсэн. Төгсжаргал архи авах гэж орохдоо согтуу байсан. Харахад нэлээн халамцуу байсан. Би өөрөө энэ Төгсжаргалыг агсан зантайг мэддэг болохоор бушуухан шиг Эрдэнэбатыг дагуулаад явсан. Сүхдалайн толгой хагарсан эсэхийг анзаараагүй мөн гар эвгүй байна гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-29-30 хуудас/

 

 Гэрч М.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэнэбаатар бид хоёр авсан нэрмэл архиа хувааж ууж дуусаад гарах гэж байтал гаднаас Төгсжаргал орж ирсэн. Үлдсэн нэрмэл архийг нь мөнгө өгөөд авсан. Тэгээд бид хоёрыг уух уу гэхээр нь Төгсжаргалыг архи уухаараа агсан зантайг мэдддэг болохоор Эрдэнэбаатар бид хоёр гараад явсан. Би дэлгүүр орохоор явж байтал Төгсжаргал, Ганзориг нартай таарсан. Тэр үед Төгсжаргал надад “..Би Сүхдалай ахыг согтуудаа сүхтчихсэн тэгээд урагшаа эмэнд явж авчирч өгсөн Сүхдалай ах бид хоёр зохицоод болсон гэж хэлсэн”... гэх Төгсжаргал тэр үед их сандарсан байдалтай байсан.... гэсэн мэдүүлэг /хх-82-83 хуудас/

 

            Гэрч Г.Олзмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 02 дугаар сарын 24-ний орой Гантулга гэж хүн манай нөхөр болох Тунгалагбаатарын гар утас руу залгаад манай эхнэрийн дүү болох Сүхдалай хүнд зодуулсан гэртээ байна гэж хэлсэн. Гэрт нь очиход баруун талын нүд нь хөхөрч хавдсан, хүзүүний хоёр тал руу удаад хатсан цустай, толгойдоо хар өнгийн малгай өмссөн орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгч мэдэгдээд Оюунчимэг гэх эмч ирээд үзээд даралт нь их байна гээд өвчин намдаагч тарамдол гэх тариа хийгээд эмнэлэг дээр авч очоод үзнэ гээд машинд суулгаад аваад явсан. Эрүүл мэндийн төв дээр ирээд толгойн шархыг нь цэвэрлээд 6 ширхэг оёдол тавьсан. Маргааш өглөө Төгсжаргал манайд ирээд Сүхдалайг эмнэлэг явж үзүүлээд цэвэрлүүлж дусал хийлгээд буцаад харьсан. Тэгээд их эмч Алимантуяа Сүхдалайг дээрдэхгүй байна гээд аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. Аймгийн эмнэлэгт очоод шинжлүүлэхэд тархиндаа гэмтэлтэй гэсэн тул Улаанбаатар хотод шинжилгээ өгөх шаардлагатай байна гэсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт рентген зураг авахуулахад тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Тархины хагалгаанд орохоор юм байна гэж хэлсэн. Сүхдалайг аймаг явснаас хойш гэрийг нь цэвэрлэсэн. Тэгэхэд шал шавхай нь цус нөж болсон зүйл мэдэгдээгүй, харин сүх л харагдаж байсан. Тэр сүхийг нь гялгар уутаар ороогоод орных нь доогуур хийсэн. Цустай хувцсыг нь эвхээд шүүгээнд хийсэн....гэсэн мэдүүлэг /хх-40 хуудас/

 

Гэрч Р.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүхдалайн даралтыг үзэхэд хэвийн, ухаан санаа саруул асуултанд хариулж байсан. Толгой хагарсан хөндүүр хөдөлж чадахгүй байна. Толгойд нь учирсан шархыг харах гэсэн чинь ноосон малгай өмсөөд малгай нь үс, цустайгаа наалдчихсан байсан учраас шархыг харж чадаагүй. Тэгээд өвчин намдаах тариа судсаар хийсэн. Толгойн шарханд нь 6 оёдол тавьж цусыг тогтоосон. Тэгээд өрөөсөн нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Малгай, хувцас зэрэг нь цус болсон байсан. Сүхдалай өөрөө надад тэр залуу сүхээр цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 43-44 хуудас/

 

Шинжээч Ч.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Хохирогч Сүхдалайн бие баруун зулай ясны ар хэсгийн тархины эд рүү цөмөрсөн хугарал, баруун духны урд хэсгийн тархины няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы урд хэсгээс баруун ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун зулай ясны ар хэсгийн тархины эд рүү цөмөрсөн хугаралын улмаас баруун духны урд хэсэгт тархины няцрал үүссэн байх боломжтой. Уг гэмтэл хатуу мохоо зүйлээр буюу ямар ч байрлалд цохигдох үед үүсэх боломжтой юм. баруун нүдний ухархайн дотор хананы урд хэсгээс баруун ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал нь гараар цохих үед үүсэх боломжтой. Тархины гэмтлийн улмаас учрах хүндрэл нь гэмтэл авсан даруйдаа мэдэгдэхгүй байж тодорхой хугацаанд үйл хөдөлгөөн хийх боломжтой байдаг өөрөөр хэлбэл гэмтэл авснаас хойш тархи цусан бүлэн болон цус хуралтанд дарагдах хүртэлх хугацаанд ямар нэгэн үйл хөдпөл хийх боломжтой байдаг. Яаралтай тусламж үзүүлээгүй тохиолдолд тархи дарагдаж нас барах аюултай...” гэсэн мэдүүлэг

 

Н.Төгсжаргалын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх- 80-90хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.Төгсжаргалын согтуугаар иргэн Г.Сүхдалайг гэрт нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр архи өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр түлээний сүхээр толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн   96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Сүхдалайгийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Юйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранмижидийн Төгсжаргалыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн   96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Н.Төгсжаргалыг 4 жил 9 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Төгсжаргалд оногдуулсан 4 жил 9 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Н.Төгсжаргалын цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлээний сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй,  шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй ба  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Төгсжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА

                                      ШҮҮГЧ                                             Л.УЯНГА

                                   ШҮҮГЧ                                               Д.ГАНЗОРИГ