Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

                                                                              

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Б.Б

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

               Нарийн бичгийн дарга                             Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн М овогт Б-н Б,

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Анд энерги” ХХК-ийн зүүн талын засмал зам дээр 11-48 ОРХ улсын дугаартай Хонда Сивик маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.О, О.Б, С.А нарыг мөргөж, явган зорчигч О.О-н амь насыг хохироосон, С.А-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч М овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан эрх хасах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үсний хуванцар хавчаар 1 ширхэг, Самсунг Прайм маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Б.Бгийн №678145 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

...Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлдэг, мөн хохирол төлбөрөө сайн дураараа бүрэн төлж барагдуулсан буюу хохирогчид 15.000.000 төгрөгний хохирол барагдуулсан, анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг шүүгдэгч юм.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

           Шүүгдэгч М овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

           Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байрлах “Анд энерги” ХХК-ийн зүүн урд талын засмал зам дээр 11-48 ОРХ улсын дугаартай “Хонда Сивик” маркийн автомашиныг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а.д заасан ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..., мөн дүрмийн 11.3-т заасан ... Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.О, О.Б, С.А нарыг мөргөж, О.О-н амь насыг хохироож, С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нь ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

          

           М.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял нь М.Б-н үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА