| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1338/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1346 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1346
2024 12 04 2024/ШЦТ/1346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч М.Сумъяа /томилолтоор/, шүүгдэгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Г.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0062 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.11, 181.2.5-д зааснаар нийт 15 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх 184 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нийт 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
*** /РД:***/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*** нь 2023 оны 12 дугаар сарын 19-өөс 2024 оны 01 сарын 15-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад нийт 7,874,810 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 857 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.***:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Г.*** нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, нийт 9,350,810 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
3. Шүүгдэгч Г.***ын 12 удаагийн үйлдэл дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна.
3.1. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн *** тоотод байрлах хохирогч М.***ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж орон нийт 390,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлан хохирол учруулсан нь:
Хохирогч М.***ийн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг руу явсан. Гэр эзэнгүй байсан учир эхнэрийн дүүгээр гэрээ шалгуулахаар явуулахад орой над руу залгаад “гэрт чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь өчигдөр би Сэлэнгэ аймгаас ирж эд зүйлсээ шалгахад манай их гарын мөнгөн аяга, мөнгөний гахайд хийсэн 50,000-70,000 орчим төгрөг алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1хх 15/,
Гэрч М.***ийн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо *** тоот үеэл дүү болох ***гийн гэрт очих үед байшинд нь хулгай орж, 1 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсныг мэдсэн. ..байшингийн цонхыг хагалж хулгай орсон байсан” гэсэн мэдүүлэг, /1хх17/, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /1хх10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /1хх20-21/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх23-28/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б31 -24-02 дугаартай тайлангаар хохирогч М.***д учирсан шууд болон шууд бус хохирлыг нийт 390,000 төгрөг” гэжээ. /1хх32-35/,
3.2. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, *** тоотод байрлах хохирогч Д.***гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хулгайлах үйлдлээс 1.325.930 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Д.***гийн “...орой 19:30 цагийн үед ***тай хамт гэртээ орж ирэхэд байшин дулаанаа алдаагүй байсан ба гал тогооны шүүгээний хаалга нь нээлттэй байсан. Гэрэл асааж харахад зурагт байхгүй байсныг олж харсан. ...2019 онд 1.690.000 төгрөгөөр авч байсан Finlux гэсэн загварын 65 инчийн зурагт, 1 ширхэг мөнгөн бөгж, гинж, бугуйвч, тригард чулуун бугуйвч, мөнгөн очиртой 2 давхар тригард чулуун бугуйвч гоёлын шар шувуутай, Henq-De-12 гэх 1.5 литрийн хэмжээтэй виски алдагдсан байсан. ...манай алдсан зурагтын дэлгэц нь хагарсан, шатсан байдалтай байна. Мөн зүүн хөл нь сууриараа хугарсан, эвдэрсэн байна. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, /1хх 72-74/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 67/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх75-82/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх107-108/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б31-24-03 дугаартай тайланд хохирогч Д.***д учирсан шууд болон шууд бус хохирлыг нийт 1.325.930 төгрөгөөр тогтоожээ. /1хх 88-91/,
3.3. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.***ын хүн байнга амьдрах зориулалттай Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 27 дугаар гудамжны *** тоот хаягт байрлах байшингийн цонхоор нэвтэрч мөнгөний гахай, дотор нь байсан бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан нийт 225.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Г.***ын “...орой 22 цагийн орчимд гэртээ ирээд гэр лүүгээ ороход гэрийн шилэн цонх онгорхой байхаар нь гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...гэрийн том өрөөнд байсан шаазан мөнгөний гахай алга болсон байсан. Дотор нь 200.000 орчим төгрөг байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /1хх124-125/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх119/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх, 129-130/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх131-134/,
-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б31-24-01 дугаартай тайлан /1хх139-142/, хохирогч Г.***т учирсан хохирлыг нийт 225,000 төгрөгөөр тогтоосон байна.
3.4. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 26 дугаар гудамжны *** тоотод оршин суух хохирогч Д.***гийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, Хиэнс 55 А-6 загварын зурагтыг хулгайлан авч 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Д.***гийн “...би 2023 оны 12 дугаар сарын 19-ний 20 цагийн орчимд гэртээ ирэх үед байшингийн үүдний амбаарын цоожийг эвдээд хулгай орсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс...хар өнгийн “Hisense 55А-6” загварын зурагт хулгайд алдагдсан байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг, /1хх177-178/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх170/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх172, 182-183/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх187-188/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б31-24-46 дугаартай дүгнэлт зэргээр хохирогч Д.***д учирсан хохирлын үнийн дүнг нийт 1.440.000 төгрөг” гэжээ. /1хх191-194/,
3.5. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын *** тоотод байрлах хохирогч С.***ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, мөнгөн аяга 3 ширхэг, их гарын болон дунд гарын зэс аяга тус бүр 1 ширхгийг хулгайлан авч нийт 435,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Б.***ийн "...Би гэрээсээ өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний 18 цагийн орчимд гарсан бөгөөд манай гэрт хүн үлдээгүй. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 00 цаг 30 минутын орчимд гэртээ буцаад ирэхэд манай байшингийн урд талын цонх хагарсан, гадна хаалт торыг нь татсан байдалтай байсан. Би шууд гэртээ гэрийнхээ хаалганы түлхүүрээр нээж 3 хүүхдүүдийнхээ хамтаар орж ирээд ийм зүйл болсон тухай мэдсэн. Би гэрийнхээ эд зүйлийг шалгахад манай гал тогооны өрөөний шүүгээнд байсан дунд гарын мөнгө аяга 3 ширхэг, их гарын зэс аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг зэрэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, /1хх229-230/,
Гэрч Н.***ын “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой...*** надад дөрвөн ширхэг аяга байна гэхээр нь би ямар учиртай аяга вэ гээд уутнаас нь задалж үзэхэд 2 ширхэг зэс аяга, хоёр ширхэг мөнгөн аяга байсан. Тэгэхээр нь би энэ ямар учиртай аяга юм бэ, энэ аягыг би авахгүй гэхэд *** надад хямдхан авчихаа гээд гуйгаад байсан. Тэгээд бас нэг зурагт байгаа. Тэрийгээ байрны жижүүрт өгсөн гэхээр нь би хулгайн зүйл байх гэж бодоод байрныхаа жижүүртэй орж уулзахад жижүүр гэх эмэгтэй хүн намхан шар хүн надад зурагт авчирч өгсөн, би сайн мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд би Сэнгэбаатар найзынхаа машиныг авах гээд эхнэртэйгээ хамт явах гэж байхад ***, Хуягаа хоёр гарч ирээд доошоо дөхөөд бууя гээд *** нөгөө аягануудыг барьсан явж байсан бөгөөд *** Хуягаа хоёр доошоо Монелоор уруудаад худгийн хажууд явж байгаад замд буусан бөгөөд би эхнэр Алтантөгстэй буцаад Монел руу гэр рүүгээ явж байхад машины арын суудал дээр ууттай дөрвөн ширхэг аягыг *** үлдээгээд буусан байсан. Тухайн хоёр ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг зэс аяга манай гэрт Улиастайн Витсамо 3-5-532 тоот гэрт байгаа..” гэсэн мэдүүлэг, /1хх234-235/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх217/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх, 219-225/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б31-24-68 дугаартай дүгнэлтэд хохирогч Б.***т учирсан хохирлын дүнг нийт 435,000 төгрөг” гэжээ. /1хх241-244/,
3.6. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан Өлгийн *** тоотод байрлах хохирогч С.***гийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн бидон, хоолны тогоог хулгайлан авч нийт 200,000 төгрөгийн хохирол учруулсан нь
Хохирогч С.***гийн “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, *** тоотод очиход хаалганы цоож эвдэлсэн байдалтай байсан. Гэрт ороод үзэхэд 40 литрийн бидон, 10 литрийн бидон, тогоо зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Би гэрээсээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэх гээд явсан ба эзэнгүй байсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /2хх21/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх,13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх,15-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /2хх,47-48/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б31-23-2376 дугаартай тайланд хохирогч С.***д учирсан хохирлыг нийт 200,000 төгрөг” гэжээ. /2хх,29-32/,
3.7. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 26 дугаар гудамжны *** тоотод байрлах хохирогч Г.***ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн, хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн Арена маркийн зурагт, 2 ширхэг мөнгө аяга, 8 ширхэг монгол дээлийн мөнгөн товчийг хулгайлан авч нийт 1.299.880 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Г.***ийн "...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаар гудамжны ***/а тоотод өөрийн гэртээ 22 цагт ирэхэд гэрийн хаалгыг эвдэж гэрт хулгай орсон байна. Манай гэрээс 42 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, 8 ширхэг монгол дээлийн товч зэрэг алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг, /2хх,67/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /2хх,62/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх,68-71/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б31-24-155 дугаартай тайланд хохирогч Г.***т учирсан нийт хохирлыг 1.299.880 төгрөг гэжээ. /2хх76-79/,
3.8. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Г.***ийн хүн байнга амьдрах зориулалттай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын *** тоот хаягт байрлах монгол гэрийн тооноор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан буюу хажуу айлын хүн цагдаа дуудлаа гэхэд эд зүйл авалгүй зугтаасан үйл баримт нь:
Хохирогч Г.***ийн “...би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед хүүхдүүдийн хамт аавынх руугаа явсан. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд гэртээ ирэхэд амбаарын хаалга онгорхой, гэрийн цуурга тахийсан байдалтай хаалга хагас онгорхой байдалтай байсан. Гэр лүүгээ орж үзтэл гэрэл асаалттай, гэр эмх замбараагүй, зурагт газар байсан, гэрийн хөргөгч хагас онгорхой, шкафнуудыг бүгдийг нь онгойлгож дотор нь байсан зарим эд зүйлсийг газар гаргаж тавьсан байсан. Мөн манай гэрийн тооно рам онгорхой байсан. ..манай гэрээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /2хх99-100/,
Гэрч П.***ы “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын *** буюу манай хөршийнд юм дуугарах чимээ гарсан. Би гайхаад гараад хартал үл таних хүн гэр рүүгээ орох гэж байна түлхүүр байхгүй байна гэж хэлээд зогсож байсан. Би хариуд нь битгий худлаа хэлээд бай гэж хэлээд гэр рүүгээ орж цагдаа дуудчихаад дүүгээ нэг буланд нь зогсоогоод өөрөө нөгөө буланд нь зогсоод цагдаа хүлээгээд ирэхээр нь ортол хүн харагдахгүй байсан. ..саравчтай хар малгай, саарал өнгийн хувцастай хүн байсан. Шингэн хоолойтой 25-аас доош насны хүн байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2хх102-103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх104-106/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /2хх,94/,
3.9. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын *** тоотоос хохирогч Д.***ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлан авч нийт 239.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Д.***ын “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын *** тоотод байрлах гэрээсээ яваад зээ хүүгийнхээ гэрт буюу Чулуун овоонд байранд очиж амьдарч байсан юм. Энэ хугацаанд нэг ч очиж шалгаагүй. Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд төрсөн охин Ш.***ийн хамтаар очиж, гурил гэртээ оруулж тавих гээд ороход байшингийн үүд хаалга цоожтой байсан. Таамбарны хаалганы цоожийг тайлж гэр лүүгээ ороход гал тогооны цонхны хэсгийн жижиг порчик цонх нь онгорхой байсан. Тэгээд гэрийн хамаг юм онгичоод эмх замбараагүй болгочихсон байсан ба бас авдрын цоож хөшиж онгойлгосон байсан. Авдарт байсан ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан..” гэсэн мэдүүлэг, /2хх126-127/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /2хх120/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх130-133/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б31-24-171 дугаартай тайланд хохирогч Д.***д учирсан хохирлыг нийт 239.000 төгрөгөөр үнэлжээ. /2хх140-143/,
3.10. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн *** тоотод оршин суух хохирогч Н.***ын байнга амьдрах байшинд нэвтэрч эрдэнийн бэх очир тэмдэг, биеийн тамирын тэргүүн, эрчим хүчний тэргүүн, хөдөлмөрийн алдар медаль, сүх зэргийг хулгайлан авч 30.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Н.***ын "...Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн *** тоотод нохойгоо хооллохоор хамгийн сүүлд тус хашаанд ирсэн. Тухайн үед хашаандаа ирээд гэрээрээ ороход ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, алдагдсан зүйлгүй байсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цаг 16 минутад манай хажуу айлын хөрш *** гэх залуу залгаад танай гэрт хулгай орчихсон байна шүү гэхээр нь гэртээ иртэл гадна хаалга онгорхой, байшингийн урд цонхны төмөр тор газар уначихсан гадаа хаалга хөшигдөж эмтэрсэн, урд цонхоор хүн орсон байдалтай онгорхой, зурагт цонхны доод хэсэгт тавьсан байсан. Алдагдсан эд зүйл нь Занабазарын нэрэмжит Эрдэнийн бэх очир гэх тэмдэг, Биеийн тамирын тэргүүн, Эрчим хүчний тэргүүн, Хөдөлмөрийн алдар, Нийслэлийн 375 жилийн ойн медаль, бусад алга болсон эд зүйлийг санахгүй байна. Мөн байшингийн урд цонхны төмөр сараалж эвдэрсэн, вакум цонх эвдэрсэн, гадна хаалгыг хөшиж эвдэлсэн байна.." гэсэн мэдүүлэг, /2хх,218-219/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /2хх,208/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх,211-213/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаартай тайланд хохирогч Н.***т учирсан хохирлыг нийт 30.000 төгрөгөөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай тайланд 1.406.000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /2хх238-240/,
3.11. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганарангийн *** тоотод оршин суух иргэн Ж.***гийн хувийн байшинд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэвтэрч түүний өмчлөлийн 43 инчийн ЛЖ маркийн зурагт, нөөтбүүкийг хулгайлан авч, улмаар бусдад 1.400.000 төгрөг хохирол учруулсан нь:
Хохирогч Ж.***гийн "...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хороололд байхад 10 цагийн үед над руу цагдаагийн алба хаагч таны гэрт хулгай орсон байна гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, 1-3-4 тоот гэртээ очиход манай гэрийн цонхыг хагалж дотроос нь зурагт, зөөврийн нөүтбүүк алдагдсан байсан бөгөөд намайг дуудсан Баянголын цагдаа нар хулгайчийг олж тогтоосон байсан. Тус хулгайчийн нэрийг Ганболдын *** гэдэг ба манай гэрээс авсан зурагт, зөөврийн нөүтбүүкийг барьсан байсан учир би цагдаад хандсан юм. Манай гэрээс 2023 оны 43 инчийн Смарт ЛЖ загварын телевизор, Gateway загварын 2016 оны нөүтбүүк алдагдсан.” гэсэн мэдүүлэг, /3хх,16-17/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /3хх,04/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх,8-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх,25/,
Хөрөнгийн үнэлгээний "Тэнцвэр Эстимэйт" ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Ж.***д учирсан нийт хохирлыг 1.400.000 төгрөгөөр тогтоожээ. /3хх,27-28/,
3.12. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Баруун алтан өлгийн *** тоотод байрлах Б.***ий эзэмшлийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч, бэлэн 50.000 төгрөг, 840.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 11” загварын гар утсыг хулгайлан авч, 890.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.***ий “...Би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Баруун алтан өлгий *** тоот гэртээ бие өвдөөд унтаж байх үед манай гэрийн хаалга дуугарах шиг болсон. Тэгээд би хальт нүдээ аньж байгаад нээх үед миний хажууд үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би бостол манай гэрээс зугтаад гарсан. Тэгээд ардаас нь гартал тэр хүн алга болчихсон байсан. Би гэртээ эргэж ороод алга болсон зүйл байгаа талаар нягтлахад миний Ай фоне 11 загварын гар утас, гацуур модон дээр байсан 50.000 төгрөг алга болсон байсан. Би тэгээд өөрийн утас руу залгатал нэг хүн аваад ах нь цагдаа байна чи зам дээр гараад ир гэж хэлсэн. Очтол миний утсыг авсан хүн цагдаад баригдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3хх59-60/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /3хх,54/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх61/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б31-24-171 дугаартай тайланд хохирогч Б.***д учирсан хохирлыг нийт 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоожээ. /2хх140-143, 3хх92-95/
4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт бага хэмжээнээс дээш буюу 9,350,810 төгрөгийн хохирол учирсан байна. Яллах дүгнэлтэд нийт хохирлыг дүгнэхдээ биет байдлаар буцаан олгогдсон зарим хохирогчийн эд зүйлийг нийт хохирлын дүнд оруулаагүй байсныг залруулан дүгнэсэн болно.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл 3 дахь хэсэгт үргэлжилсэн гэмт хэргийн талаар тодорхойлжээ. Гэмт этгээд нийлбэрээрээ нэг гэмт хэрэг болох нэг төрлийн эсхүл төсөөтэй үйлдэл, эс үйлдэхүйг нэг зорилгыг хангах үүднээс хийдэг нь үргэлжилсэн гэмт хэргийн онцлог юм. Учир нь үргэлжилсэн гэмт хэргийг үйлдэх явцад гэмт этгээдийн үйлдлүүд нь хоорондоо нягт холбоотой байж улмаар нэг гэмт хэргийн объектив талыг бүрдүүлдэг нэгдмэл гэмт хэрэг болдог.
Шүүгдэгчийн 11 удаагийн төгссөн, 1 удаагийн төгсөөгүй хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. Хууль тогтоогч хулгайлах гэмт хэргийн давтан үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй харин байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн онц хүндрүүлэх шинжийг заасан. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдэд тус хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй болно.
Мөн түүний гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад” нэвтэрч үйлдсэн тохиолдолд зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.*** нь бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгчийн тухайд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж тогтоогдоогүй үндэслэлээр орон байран нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэг зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй гэж үзлээ.
6. Иймд шүүгдэгч Г.***ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба гэмт хэргийн улмаас
8. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, төлөгдсөн байдлыг тус тусад нь авч үзлээ.
8.1. Хохирогч М.***д 460.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй,
8.2. Хохирогч Д.***д 1.325.930 төгрөгийн хохирол учирсан, түүний хулгайд алдсан зурагтын дэлгэц нь хагарч эвдэрсэн байдалтай байсан гэсэн байх тул хохирол төлөгдөөгүй,
8.3. Хохирогч Г.***т 225.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй,
8.4. Хохирогч Д.***д 1.440.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй,
8.5. Хохирогч С.***т 435,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй,
8.6. Хохирогч С.***д 200,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй,
8.7. Хохирогч Г.***т 1.299.880 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Г.***аас 42 инчийн зурагт, 8 ширхэг монгол дээлийн товчийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн /2хх68/. Харин 2 ширхэг мөнгөн аяганы хохирол төлөгдөөгүй буюу 260,000 төгрөгийн үлдэгдэлтэй.
8.8. Хохирогч Г.***т хохирол учраагүй.
8.9. Хохирогч Д.***д 239.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй,
8.10. Хохирогч Н.***т 1.436.000 төгрөгийн хохирол учирсан, 30,000 төгрөгийг эд зүйл буцаан олгогдсон /2хх229/, бусад 1,406,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,
8.11. Хохирогч Ж.***д 1.400.000 төгрөгийн хохирол учирсан, эд зүйлсийг буцаан олгосон /3хх25/, төлөх төлбөргүй.
8.12. Хохирогч Б.***д 890.000 төгрөгийн хохирол учирсан, гар утсыг буцааж олгосон, үлдэгдэл хохирол 50.000 төгрөг төлөгдөөгүй байна.
9. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***аас нийт 6,065,930 төгрөг гаргуулж хохирогч М.***д 460.000 төгрөг, хохирогч Д.***д 1.325.930 төгрөг, хохирогч Г.***т 225.000 төгрөг, хохирогч Д.***д 1.440.000 төгрөг, хохирогч С.***т 435,000 төгрөг, хохирогч С.***д 200,000 төгрөг, хохирогч Г.***т 260,000 төгрөг, хохирогч Д.***д 239.000 төгрөг, хохирогч Н.***т 1.406.000 төгрөг, хохирогч Б.***д 50.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан бол,
Шүүгдэгч Г.*** нь гэм буруу дээр маргадаггүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна гэжээ.
11. Шүүгдэгч Г.*** нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.
13. Шүүгдэгч Г.*** нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэг үйлдсэн ба 12 удаагийн үйлдэлтэй, түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
15. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягыг хохирогчоор таниулахад хулгайд алдсан аяга биш гэснийг мөрдөгч тэмдэглэлд тусгасан байх ба /1хх238/, шүүгдэгч нь хохирогч өөрийн аягаа таниагүй байх гэжээ. Тиймээс эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээрх 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 152 хоногийг /2024.07.05-2024.12.04/ түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.***ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***аас нийт нийт 6,065,930 төгрөг гаргуулж хохирогч М.***д 460,000 төгрөг, хохирогч Д.***д 1,325,930 төгрөг, хохирогч Г.***т 225,000 төгрөг, хохирогч Д.***д 1,440,000 төгрөг, хохирогч С.***т 435,000 төгрөг, хохирогч С.***д 200,000 төгрөг, хохирогч Г.***т 260,000 төгрөг, хохирогч Д.***д 239,000 төгрөг, хохирогч Н.***т 1,406,000 төгрөг, хохирогч Б.***д 50,000 төгрөг тус тус олгуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягыг улсын орлого болгохоор шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР