Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1347

 

 

 

 

 

 

 

 

    2024          12          04                                          2024/ШЦТ/1347  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Б.***, Э.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***, Э.*** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 1277 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн *** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** /РД:***/;

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Вэ Куөб” ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн *** тоот түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** /РД:***/;

 

Холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Э.***, Б.*** нар нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “***” ХХК-ийн байранд тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хоорондоо зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***, Э.***.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.***, Э.*** нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг дараах үндэслэлээр гэм буруутай гэж дүгнэв.

3. Хэргийн үйл баримтыг авч үзвэл: Шүүгдэгч Э.***, Б.*** нар нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “***” ХХК-ийн байранд тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас харилцан маргалдан зодолдож, Э.*** нь хохирогч Б.***ийн эрүүл мэндэд нь “хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол шүүгдэгч Б.*** нь хохирогч Э.***ийн эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун цавинд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, дух, зүүн зовхины зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь Э.***ийн хохирогчоор өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед найз болох ***ын ажлын байран дээр очсон. Намайг очиход манай найз ажлын газрынхаа нэг хүний хамт байсан бөгөөд бид нар юм ярьж байгаад 0.5 литрийн архи 2 шилийг гурвуулаа уусан. Ингээд өдөр 15 цагийн үед манай найз ***ын найз гэх эрэгтэй орж ирсэн. Тухайн залуу эрүүл байсан бөгөөд *** болон түүний ажлын газрын эмэгтэй бид гурав жаахан согтсон байсан. Тэгээд ***ын найз нь орж ирээд бид нар гадуур гарахаар ярилцаад байж байтал гэнэт миний толгой руу шилэн зүйлээр 2-3 удаа цохисон бөгөөд тэр үед миний толгойноос цус гарсан. *** найзын хамтаар салгах гэтэл тэр залууг дийлэхгүй байсан. Ингээд намайг гараараа нүүр толгой руу цохиход би өөрийгөө хамгаалаад тэр залуугийн энгэрээс бариад холдуулж түлхэх гэтэл хүзүүнд нь байсан гинжийг тасалчихлаа гээд дахиад намайг шалан дээр дараад толгой гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд *** түүний ажлын газрын эмэгтэй хоёр салгах гээд бид хоёртой ноцолдож байгаад арай хийж салгахад тэр залуу гараад яваад өгсөн байсан. Э.***ийн хохирогчоор дахин мэдүүлсэн “...Би тэр залуутай ямар нэгэн шалтгаанаар маргалдаагүй. Гэнэт л намайг цохиод байсан. Би тухайн үед юунаас болсон талаар огт мэдэхгүй байна... би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх 8, 41/,

Б.***ийн хохирогчоор өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай найз *** компанийн байранд ирээд машин унаад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би тухайн үед явж очиход *** нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд Төсгөө гэх залуу болон ажлын газрынх нь Одончимэг гэх эмэгтэй нар байсан. Тэгээд Төгсөө гэх залуу нь унтаж байхад *** сэрээгээд би тэр хэдийг гарья гэж хэлээд Төгсөө гэх залуу сууж байгаад чи хэн юм бэ, гээд над руу дайраад энгэрээс барьж аваад заамдахад миний гинжний холбоос нь зааглагдаад салчихсан.Тэгээд миний нүүр рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би салах гээд бие биеэ барьж байгаад Мөөгий салгах гээд бид нар 2-3 удаа газарт өнхөрч унасан. Тэгээд салаад би ажил руугаа яваад өгсөн. Тухайн үед миний биед хамар хавдчихсан байсан. Миний гинжний түгжээ нь салчихсан байсан. Тэрнээс өөр ямар нэгэн байдпаар гинж нь тасраагүй. Надад гинжний түгжээ салсан асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлж 150.000 төгрөгөөр томографийн зураг авхуулсан. Өөр янз бүрийн эм тариа авсан зүйл огт байхгүй. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг, Б.***ийн хохирогчоор дахин мэдүүлсэн “...тухайн үед гинжний түгжээ тайлагдсан байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй тул би гинжээ нэхэмжлэхгүй. Надад эм тариа авсан болон бусад төлбөр гарсан баримт байхгүй. Гомол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх35-37, 68/,

Гэрч Г.***ын “..***ийг ирэхэд *** бид хоёр унтаж байсан. Тэгээд *** намайг сэрээгээд урд өрөө рүү орсон бөгөөд удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь урд өрөө рүү ороход ***, *** хоёр барьцалдаад зодолдоод байж байхаар нь би гүйж очоод дундуур нь ороод салгасан. Тэгтэл *** гараад явсан бөгөөд *** буйдан дээр суугаад би ***ийг харахад толгойноос нь цус гарчихсан байхаар нь цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. ***, *** хоёр нэг нэгнийхээ энгэрээс бариад цохилцоод байж байхаар нь би очоод салгахад *** гараад явсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна..” гэсэн мэдуүлэг /хх 28-30/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тодорхойлсон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/ тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11061 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Э.***ийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун цавинд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, дух, зүүн зовхины зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 24-25/,

Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11053 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***ийн хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал биед гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх20-21/ хэрэгт авагджээ.

4. Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарын харилцан зодолдож, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***, Э.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан, хэн хэнээсээ хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, Э.*** нарт тус тус 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.***, Э.*** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

10. Иймд шүүгдэгч Б.***, Э.*** нарыг гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, Э.*** нарыг 550 нэгж буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР