Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2020/0211

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2020/0211

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаарӨ ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О. М нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч:Ө ХХН /РД:*******/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О. М

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.н, О.М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Г.С, хариуцагч Б.Н, О. М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9044 дүгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжийн дагуу дараах байдлаар бүрдүүлбэр хангуулан хүргүүлж байна.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай албан бичгээр 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлант хугацааны баримт бичгийг ирүүлэхийг шаардсан.

Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу нэг талын, заавал биелэгдэх, эрх зүйн үр дагавар бий болгосон, хууль тогтоомжийг үндэслэсэн, тодорхой нэг тохиолдлыг захирамжилсан шинжийг захиргааны акт агуулсан байхаар хуульчилсан.

Маргаан бүхий Татварын улсын байцаагч нар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай албан бичиг нь татварын албаны дотоод хүрээндээ биш харин  ө ХХН-д холбогдолтой буюу хуулийн үйлчлэлд хамаарсан баримт бичиг ирүүлэхийг шаардаж манай байгууллагын эрх, ашиг сонирхлыг хөндсөн, түүний дотор уг актаар үүрэг хүлээлгэсэн шинжийг агуулж, тодорхой нэг хэм хэмжээг тогтоож, үүрэг болгох шинжтэй харилцааг зохицуулж, уг харилцааны үр дүнд татварын албанаас хуулийн этгээдтэй харилцахдаа татварын хууль, тогтоомжоор олгосон чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул эрх зүйн харилцааны нөгөө субъект болох манай байгууллагад эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэсэн ; захиргааны акт юм.

Түүнчлэн захиргааны актын захирамжилсан арга хэмжээнд шийдвэр болон захирамжилсан үйл ажиллагаа хоёрыг хамруулан ойлгох бөгөөд энэ тодорхой зорилгод чиглэсэн эрх зүйн этгээдэд холбогдсон нэг удаагийн захирамж бас зан үйлийн горим юм. Захирамжилсан гэдэг шинж нь нийтийн ашиг сонирхол, удирдлагын эрх мэдлийг зөвхөн нэг тал болох захиргааны этгээдээс хэрэгжүүлснээр илэрнэ.

Энэ утгаараа ч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Хоёр. Манай нөхөрлөл 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан санхүү, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан тул 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай албан бичгийг хэрэгжүүлж уг хугацааны баримт бичгийг гарган өгөх боломжгүй болно.

Татвар төлөгчөөс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд заасан эрхээ хэрэгжүүлж холбогдох хугацааны тайланг гаргаж мэдүүлсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжүүлэх журам-ийн 6 дугаар зүйлийн 6.1-т Төрийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн тайлан, мэдээллийг байгууллагын нууцын журмын дагуу бүртгэж архивлана 6.2-т Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, албаны тушаалтнаас өгсөн аливаа зөвлөгөө, туслалцаа болон хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахыг хориглоно, 7.4-д Энэ журмын 7.3-т зааснаас бусад тохиолдолд мөн журмын 7.2-т заасан мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэж заасан байна.

Ийнхүү хууль, журмаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан санхүү, татварын тайланг хуулийн этгээдэд байхгүй байхаар зохицуулж, Төрийн эрх бүхий байгууллагад нууцын журмаар хадгалж, аливаа хэлбэрээр нотлох баримт болгон ашиглаж хяналт, шалгалт хийхийг хориглосон.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно гэж заасан байтал нэгэнт хуулийн үйлчлэлд хамаарч тайлагнасан баримтыг шаардаж байгаа нь Татварын албанаас хуулиар хориглосон, хуулийн этгээдэд байхгүй баримтыг шаардаж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд байдлаар оролцож байгаа нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйлдэл юм.

Төрийн эрх бүхий байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа өөрөө хуулийн дагуу, хуульд үндэслэсэн байх ёстой атал татварын албанаас хуулиар хориглосон, хуулийн этгээдэд байх боломжгүй баримт бичгийг шаардан улмаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/3067 дугаар албан бичгээр шаардсан баримтыг ирүүлэхгүй тохиолдолд Тагварын хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг мэдэгдэж байгаа нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О. М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О. М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчӨ ХХН-д 2013-2017 оныг хамарсан татварын төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 25180800579 дугаартай томилолт олгогдсон.

Энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам- ын

Нэг. Нийтлэг үндэслэл. 1.4-д Татварын алба нь татварын эрсдлийн үнэлгээнд суурилсан татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр ТЕХ-ийн 11.1-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг хамруулан гүйцэтгэнэ,

Тав. Татварын хяналт шалгалтын томилолт олгох. 5.1-д ТЕГ, түүний харьяа нэгжийн татварын газар, хэлтсийн ТХШАЭН-ийн дарга (татварын улсын ахлах байцаагч) эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтан, (цаашид томилолт олгосон албан тушаалтан гэх) татварын хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчийг томилж Татварын хяналт шалгалт хийх томилолт Маягт ХШ-0Г-ыг олгоно. 5.3-д Татварын хяналт шалгалт хийх томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, татварын албаны нэр, татварын хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчийн нэр, багийн ахлагчийн нэр, татварын хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийн нэр, хариуцлагын хэлбэр, регистрийн дугаар, татварын хяналт шалгалтанд хамрагдах хугацаа, татварын хяналт шалгалтын төрөл, (төлөвлөгөөт, сэдэвчилсэн, татан буугдах, НӨАТ баталгаажуулах, алдагдал баталгаажуулах, шийдвэр, үүрэг, даалгавар, дүгнэлт, хүсэлт, мэдээлэл, дуусах, сунгасан хугацаа, томилолт олгосон ТХШАЭН-ийн дарга эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтны нэрийг тусган, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, татварын албаны тэмдэг дарна,

Зургаа. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа. 6.3.1-д Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө утсаар, шуудангаар, цахим хаягаар эсвэл мэдэгдэл бичиж татвар төлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг бэлэн байлгах талаар урьдчилан мэдэгдэж, НББ-ийн хуулийн 2,3.4 бүлэгт заасан анхан шатны баримт нягтлан бодох бүртгэл хөтлөлт, ТЕХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 ...нягтлан бодох бүртгэл, ...энгийн бүртгэл санхүүгийн тайлан, Баримт бичгийн стандарт, Захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл-лавлагааны баримт бичиг-ийг ирүүлэх талаар Баримт бичгийн хүсэлт Маягт ХШ-05-ийг хүргүүлнэ.Татвар төлөгчийн гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт, бичгийг монгол хэлээр орчуулан авна. Гэнэтийн татварын хяналт шалгалт хийх бол урьдчилан мэдэгдэхгүй байж болно тус тус заасны дагууӨ нөхөрлөлд хандан баримт бичиг шаардах хуудас удаа дараа явуулсан байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ө ХХН нь: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О. М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О. М, Б.Н нарын баримт бичиг шаардах тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шаардлагаарӨ ХХН-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацааны татварын баримт бичгүүдийг шаардсан байх ба тус шаардлагад хэрэв дуудсан цагт ирэхгүй бол Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.6-д заасны дагуу торгох шийтгэл хүлээлгэхийг сануулсан байна.

Нэхэмжлэгч нь Манай нөхөрлөл 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан санхүү, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан тул 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай албан бичгийг хэрэгжүүлж уг хугацааны баримт бичгийг гарган өгөх боломжгүй болно. Татвар төлөгчөөс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд заасан эрхээ хэрэгжүүлж холбогдох хугацааны тайланг гаргаж мэдүүлсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжүүлэх журмын 6.2-т Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, албаны тушаалтнаас өгсөн аливаа зөвлөгөө, туслалцаа болон хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэж заасан тул шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.13-д татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах, 29 дүгээр зүйлийн 29.1-д Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 29.1.1-д татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, ..., 29.1.2-т татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу татвартай холбоотой баримтуудыг татварын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй, харин татварын улсын байцаагч шаардах эрхтэй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны баримтуудыг татварын байгууллагад гаргаж өгөхгүй байх эрхтэй байна.

Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татварын баримтуудыг өгөх боломжгүй, харин 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи баримтуудыг өгөх боломжтой гэсэн агуулга бүхий тайлбар, хүсэлтээ харъяалах Татварын хэлтэст өгөх боломжтой байх тул татварын улсын байцаагч О. М, Б.Н нарын баримт бичиг шаардах тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шаардлагууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Магадгүй нэхэмжлэгч нь дээр дурдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татварын баримтуудыг өгөх боломжгүй, харин 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи баримтуудыг өгөх боломжтой гэсэн байдлаар тайлбар, хүсэлтээ гаргасныг нь татварын байгууллага зөвшөөрөөгүй тохиолдолд тус захиргааны акттай нэхэмжлэгч маргах эрх нь нээлттэй юм.

Татварын улсын байцаагч О. М, Б.Н нарын баримт бичиг шаардах тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх боловч дээрх үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О. М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баримт бичиг шаардах тухай шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхийӨ ХХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчӨ ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ