Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 66

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0070/Э

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

      

Нарийн бичгийн дарга:                         Н.Болор-Уянга

Улсын яллагч:                                         Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                       Г.Баярсайхан

Шүүгдэгч:                                            Ш.Ганболд нарыг оролцуулан           

 

Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ганболдод холбогдох 201723000104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар баг Цагаан-Ус гэх газар нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дэрх овогт Шагдарсүрэнгийн Ганболд /РД:СВ85010111/    

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч нь Ш.Ганболд нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Идэр-Онон дэлгүүрийн гадаа С.Цогбаярыг хавирч унагаан бие махбодид нь зүүн эгэм мөрний хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч С.Цогбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ганболд халамцуу байгаа бололтой “Чамайг яасан ч яадаг юм” гээд цохих гээд гараа далайсан, тэгэхээр нь би түрүүлээд гараараа нүүр лүү нэг удаа цохисон. Газар нэлээн хальтиргаатай байсан учраас би өөрийнхөө эрчинд газар унаад бостол миний 2 мөрөн дээрээс гараараа барьж аваад намайг хавирч унагаасан. Тэгэхэд би зүүн мөрөөрөө газар их хүчтэй унасан. Мөн Ганболд миний дээрээс дарж хамт унасан.  Тэр шөнөө өвдөөд унтаж чадаагүй. Маргааш нь сумын их эмч Батсайханд үзүүлэхэд эгэм чинь их эвгүй хугарсан байна. Төв яв гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж мөрний хугарлаа хадуулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Гэрч П.Доржжовдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...гадаа хүмүүс зодолдох шиг болоод хархад Ганболд, Цогбаяр 2 барьцалдаад зогсож байсан. Тэгээд салгаад Ганболдыг машиндаа суулгаад, гэртээ харьсан. Манайхаас Ганболд харилаа гээд явсан. Цогбаяр дэлгүүрийн гадаа үлдсэн. 2017 оны 02 дугаар сарын эхээр хэсгийн төлөөлөгчөөс Цогбаярын эгэм хугарсан талаар сонссон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Гэрч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... нэг мэдэхэд машины хойд талд хүмүүс зодолдоод байгаа бололтой пижигнээд явсан. Хартал Ганболд, Цогбаяр 2 барьцалдчихсан, газар ойчсон бололтой байж байхаар нь Доржжовд бид 2 салгаад Ганболдыг аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цаг 10 минутад Цогбаяр манай эрүүл мэндийн төвд “Идэр-Онон” дэлгүүрийн гадаа хүнд зодуулсан, гадаа мөрөө дарж унасан гэсэн зовиуртай ирсэн. Энэ өдөр нь өвчин намдаах, даралт бууруулах эм өгч, яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэгт зураг авахуулах талаар зөвлөж явуулсан. Маргааш нв 9 цагт ирж үзүүлсэн. Биед өөр ил харагдах гэмтэл байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  15-16 тал/,

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 149 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт 1. С.Цогбаярын биед зүүн эгэм мөрний холбоос тасарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 3.  Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтын 4.1.6, 4.2-д зааснаар 20% алдагдана. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 22 тал/, 

Гэмтэл согог үндэсний төвийн  өвчний түүх /хх-ийн 24-31 тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шинжлэн судлаад, шүүгдэгч Ш.Ганболдыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Идэр-Онон дэлгүүрийн гадаа хохирогч С.Цогбаярыг хавирч унагаан бие махбодид нь хүндэвтэр /зүүн эгэм мөрний хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан/ гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.

Хохирогч С.Цогбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290,3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Дэрх овогт Шагдарсүрэнгийн Ганболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Шагдарсүрэнгийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Шагдарсүрэнгийн Ганболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ганболдод оногдуулсан 01 жил 6 сарын хорих ялыг тэнсэж,  01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Ганболдод авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.УЯНГА