| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00201/И |
| Дугаар | 153/ШШ2022/00212 |
| Огноо | 2022-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2022/00212
2022 04 15 153/ШШ2022/00212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт багийн 5-р гудамж 14 тоотод оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг 5-09 тоот /612/ оршин суух, *******д холбогдох,
1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Лувсан-очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Миний бие ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр н.*******д супер Вени маркийн мотоциклыг 1,000,000 төгрөгөөр үнэлж, үнийг нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед 1,000,000 төгрөгийн хүнсний ногоо болон шийгуагаар сольж авахаар ярьж, тохиролцсон болно. Тохиролцсон хугацаандаа буюу 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүнсний ногоо, шийгуа өгөөгүй, 2021 оны 10 дугаар сард н.******* нь мотоциклоо буцааж ав гэж хариу өгсөн болно. Энэ үед мотоциклоо авах гэтэл бүх эд анги нь тоногдон солигдож, асахгүй, ашиглах боломжгүй болсон байсан. Иймд мотоциклын өртөг болох 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөг, нийт 1,030,000 төгрөгийг н.*******гаас төлүүлэх хүсэлтэй байна.
...******* нь мөн оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны хооронд ногоо гаргахаар мотоциклын үнийг өгье гэж тохиролцоод явсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би холбогдоод ногоогоо авъя гэхэд, энэ жил ногоо оройтсон, 9 дүгээр сарын 02-ны өдөр ирээд авчих гэсэн. Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрт нь очиход гэртээ байхгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй хэд хоносон. Улмаар *******ийг хайгаад олдохгүй болохоор өөр газраас ногоогоо худалдаж аваад хот руу ачуулсан. Тэгээд 108-ын газарт ногоо тарьдаг газар нь очоод мөн олоогүй юм. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярихад, эхнэр нь миний мотоциклыг хуучин байсан, буцаан өгөх талаар ярьсан. 2021 оны 10 дугаар сарын 15-ны үед мотоциклоо авах гээд очиход асааж явах ямар ч боломжгүй болтол нь тоноод эд ангийг нь сольсон байсан. Миний хувьд *******д худалдсан мотоциклыг аваад удаагүй, зүгээр явж байсан мотоциклыг надаас авсан байсан юм. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар эвлэрч, хохирлоо барагдуулах гэтэл тохиролцсон үнэ болох 1,000,000 төгрөг аваагүй, би чамайг ногоо ав гэсэн боловч чи ирж ногоогоо аваагүй гэх мэтээр худал мэдүүлэг өгсөн тул би мотоциклын үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулах хүсэж ийнхүү нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү... Бид хоёр амаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл би мотоциклээ 1,000,000 төгрөгөөр үнэлж, оронд нь ногоо авахаар ярьсан юм... гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Миний бие нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэн *******оос супер Вени маркийн мотоциклыг 1,000,000 төгрөгөөр бодож өртөгт нь хүнсний ногоо болон шийгуагаар сольж авахаар тохиролцсон. Тохиролцсон хугацаандаа ногоо болон шийгуагаа талбайгаас ирж аваарай хэмээн утсаар ярьж хэлсэн. Гэтэл ******* нь тохиролцсон хугацаандаа ирж ногоо, шийгуагаа аваагүй бөгөөд бид ирж авахыг нь хүлээгээд талбайгаас ногоогоо хураагаагүй хүлээсээр байгаад ногоо шийгуа нь хөлдсөн. Мөн бид мотоциклоо огт унаж хэрэглээгүй бөгөөд уг мотоцикл нь хүлээн авсан хэвээрээ байгаа тул бид мотоциклыг нь буцааж өгнө. Бидэнд одоо өгөх мөнгө байхгүй учир мотоциклыг нь *******т буцааж өгч хохиролгүй болмоор байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ...миний бие 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр *******д супер Вени маркийн мотоциклыг 1,000,000 төгрөгөөр үнэлж, үнийг нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед 1,000,000 төгрөгийн хүнсний ногоо болон шийгуагаар сольж авахаар ярьж, тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа буюу 2021 оны 8 сарын 15-ны өдөр хүнсний ногоо, шийгуа өгөөгүй, 2021 оны 10 дугаар сард ******* нь мотоциклоо буцааж ав гэж хариу өгсөн болно. Энэ үед мотоциклоо авах гэтэл бүх эд анги нь тоногдон солигдож, асахгүй, ашиглах боломжгүй болсон байсан. Иймд мотоциклын үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ...Миний бие нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэн *******оос супер Вени маркийн мотоциклыг 1,000,000 төгрөгөөр бодож өртөгт нь хүнсний ногоо болон шийгуагаар сольж авахаар тохиролцсон. Тохиролцсон хугацаандаа ногоо болон шийгуагаа талбайгаас ирж аваарай хэмээн утсаар ярьж хэлсэн. Гэтэл ******* нь тохиролцсон хугацаандаа ирж ногоо, шийгуагаа аваагүй бөгөөд бид ирж авахыг нь хүлээгээд талбайгаас ногоогоо хураагаагүй хүлээсээр байгаад ногоо шийгуа нь хөлдсөн... гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *******ын 1,000,000 төгрөгийн үнэ бүхий супер Вени маркийн мотоциклыг хариуцагч *******д хүлээлгэж өгсөн, хүлээж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.
6. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба энэ үүргээ худалдан авагч буюу хариуцагч ******* нь зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн байх тул нэхэмжлэгч ******* нь худалдсан супер Вени маркийн мотоциклын үнийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ий ...******* нь тохирсон хугацаандаа мотоциклын төлбөр болох ногоо, шийгуагаа ирж аваагүй бөгөөд бид ирж авахыг нь хүлээгээд талбайгаас ногоогоо хураагаагүй хүлээсээр байгаад ногоо шийгуа нь хөлдөөсөн... гэх боловч энэ талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй буюу хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчийн ...Бидэнд одоо өгөх мөнгө байхгүй учир мотоциклийг нь *******т буцааж өгнө... гэх тайлбараас үзэхэд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хариуцагч нь нэхэмжлэгчид мотоциклыг буцааж өгөөгүй үйл баримт нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд, талуудын хооронд амаар байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдан авагч нь худалдагчаас шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******өөс 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой талаар санал гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баатархүүгийн Лувсан-Очирт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН