Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2018/01023

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ...овогт Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ....  Зуунмод сумын Хот тохижуулах газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагч А.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

-Би 1993 оноос 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Зуунмод сумын Хот тохижуулах газрын хогийн цэгийн сахиулаар тасралтгүй ажилласан. ...Төв аймгийн Хот тохижуулах газрын дарга Шаравнямбуу нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүй халж түүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 сар 15 хоног ажилгүй хохироож байгаа учир нэг сард 415 496 төгрөгийн цалинтай тул 1 454 236 төгрөг гаргуулах мөн Хот тохижуулах хогийн сахиулын ажилд Ж.Ганхуягийг эргүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх заалтаар байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэгдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлж болно гэснийг үндэслэн Тус байгууллага улсын төсвөөс 482 сая төгрөгийн санхүүжилтийг авч, хог хаягдлын хураамж 68.2 сая төгрөгийн орлого оруулснаар жилийн санхүүжилт бүрддэг.

Энэ орлогыг оруулахад хогийн сахиул хамт үүрэг гүйцэтгэх ёстой. Шударга үнэн зөв харьцаатай шаардлага өндөр боловсролтой байхыг шаардана. Хог тээвэрлэж ирсэн машины гэрээг шалгаж хүчин төгөлдөр гэрээ эсэх, хоног хугацааг уншиж шалгах боломжгүй тохиолдолд бэлэн мөнгөний баримтаар хураамжийг авах шаардлага гардаг. Энэ 2 талдаа санхүүгийн баримт болно гэсэн үг. Манай байгууллага хогийн цэгт 1 м3 хогийг 5900, хово хогийг 118,000 төгрөгөөр хураамж авч хогийг хогийн цэгт буулгаж, түрж булж тэгшилдэг. Үүнд асар их хариуцлага ажлыг цаг ашиглалт сайн байхыг шаарддаг. Нэг машин хог мэдэгдэлгүй буулгаснаар байгууллагад ямар их алдагдал гарах нь тодорхой. Сахиулаар ажиллаж байх хугацаандаа Ж.Ганхуяг нь нэг ч төгрөгийн орлого оруулаагүй. Энд ихээхэн ашиглалт хэлбэр харагддаг. 118,000 төгрөгийн хураамж авах ёстой машинаас 20,000 төгрөг манай хогийн сахиул авсан гэдэг.

Байгууллагын жолооч нарын рейсийг цаг минутаар бүртгэж ачсан, ачаа ахуйн хог барилгын хог, бууц, аюултай хогийг  ялгаж заасан хуудсанд гарын үсэг зурах ёстой. Өглөө бүр санхүүд мэдээлэл өгч дараа өдрийн шатахуунаа хуваарилдаг. Ж.Ганхуяг ажлын талбарт байхгүй гарын үсэг байхгүй гэсэн замын хуудас ирдэг. Жолооч нар өөрийн ажлаа мэдэж  дундуур ачих рейсийн тоог нэмэх асуудал их гардаг. Ж.Ганхуягийг ажилд авах боломжгүй байгаа шалтгаан нь:

1. Зөвшөөрөгдсөн 18 га-г 31.5 га болгон тэлж байгаль орчинд асар хор хөнөөл учруулсан.

2. Иргэдээс бэлэн мөнгө баримтгүй авсан зэрэг гомдол байнга гардаг.

3. Бичиг үсэг мэдэхгүй учир харилцагч байгууллагад баримтын шаардлага хангадаггүй” гэжээ.

  

   Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ж.Г нь Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт холбогдуулж, хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1,454,236 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нь Ж.Г-ийг хогийн цэгийн сахиулаас ачигчийн ажилд шилжүүлсэн Б/13 дугаар тушаал гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сахиулын ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхгүй гэж маргаж, нэхэмжлэгч талаас ачигчийн ажилд шилжүүлсэн тушаал нь үндэслэлгүй, шилжүүлэн ажиллуулах хоногийг заагаагүй, хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй учраас ажлаас чөлөөлсөн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, өмнөх ажил буюу хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоохыг шаардах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр 159.3-т зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг  өөр ажилд шилжүүлсэн Б/13 тушаал нь үндэслэлгүй, ажиллах хугацааг тогтоогоогүй учраас хүчин төгөлдөр бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээ, заасан ажлын чиг үүрэг, мөн байгууллагын дотоод журмын яаж зөрчсөн, хогийн талбайг хэдэн га газрыг хэдэн га болгосон нь нэхэмжлэгчийн буруугаас болсон гэдгийг нотлоогүй, ажиллах ямар нөхцөл багаж, машин техникээр хангаад энэ ажлыг хийлгэж байгаа, ажлын цагийг бүртгэсэн гэх ажилтан нь ажлаа хариуцан эрхлээгүй, сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг зөрчсөн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй учраас ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь ачигчийн ажилд шилжүүлсэн тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, хариуцагчийн төлөөлөгч нь Ж.Ганхуягийг ажлаа хангалтгүй хийж, хогийн талбайг зөвшөөрөгдсөн 18 га хэмжээнээс 31.5 га болгон тэлж байгаль орчинд хор хөнөөл учруулсан, иргэдээс бэлэн мөнгө баримтгүй авсан гомдол гардаг, бичиг үсэг мэдэхгүй учир харилцагч байгууллагад хяналт тавьж чаддаггүй, ажил тасалж, үүрэг даалгавар биелүүлдэггүй, хамт олонд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг” учраас ажлаас халсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэг талаас Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газар, нөгөө талаас Ж.Г нар нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №17 дугаартай Хөдөлмөрийн гэрээг бичгээр, хугацаагүйгээр байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Талууд хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл болох ажил албан тушаалын нэр, ажил үүргээ гүйцэтгэх газар, гүйцэтгэх үндсэн үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн байх ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Хот тохижуулах газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар “хогийн цэгийн диспечер ажилтай Ж.Г-ийг мөн өдрөөс эхлэн ачигчаар шилжүүлэн ажиллуулсан болох нь Б/13 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна. Уг тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт урьдчилсан нөхцөлийг заасан байна. Тодруулбал,  “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн  урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно” гэж заасан.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь  хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж ажил олгогчид хязгаарлалт тогтоосон байдаг.

Гэхдээ нэхэмжлэгч Ж.Г 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тушаалаар өөр ажилд шилжүүлэн ажиллуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч, бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрч, ачигчаараа ажиллан, цалин хөлсөө 2018 оны 6 сарыг хүртэл авсан болох нь шүүх хуралдааны үеэрх талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг нь ажилтныг 45 хоног хүртэл түр ажиллуулах зохицуулалт бөгөөд үндсэн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл Ж.Г-ийн ачигчаар ажиллах хоногийн тоог тус газрын даргын 2018 оны Б/13 тушаалд тухайлан дурдаагүй хэдий ч, хуульд зөвшөөрсөн дээд хугацаагаар тоолоход 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ачигчийн ажилд шилжүүлэн ажиллуулсан хугацаа дууссан байх тул Ж.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /№17/-ээр тохиролцсон эрхлэх ажил, албан тушаал нь “хогийн цэгийн сахиул” болох нь тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

Иймд нэхэмжлэгч Ж.Г нь Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт холбогдуулж, хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 1,454,236 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 7 үндэслэлийг заасан.

Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн Б/21 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “Төвлөрсөн хогийн  цэгийн сахиул ажилтай байсан Жамсрангийн Ганхуяг нь хогийн цэгийг тэлж байгаль орчинд хор хөнөөл учруулсан, хогийг тарааж буулгаж нэмэлт зардал гаргасан, ажлын байр эзгүйдүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, анхан шатны бүртгэл хөтлөх чадваргүй зэрэг зөрчил гаргаж байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн тул “Хөдөлмөрийн тухай тушаалаа тайлбарласан нь нэхэмжлэгч Ж.Ганхуягийг “зөрчил гаргаж байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн учраас” ачигчийн ажилд шилжүүлсэн “сахилгын шийтгэл” гэж тайлбарлагдаж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй, хуульд нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 3,8, 6.1, 6.2.1, 6.3.2, 6.4 дэх заалтуудыг үндэслэн гаргасан 2018 оны Б/21 дугаар тушаалд “ажлын цаг баримтлахгүй ажил тасалж, ажлыг чанаргүй хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хэрүүл маргаан үүсгэх зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул Ж.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас халсугай” гэжээ.                                                                                                                                                                    

Энэ ажлаас халах тухай Б/21 тушаалд дурдсан болон хариуцагч талын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж буй дараах нөхцөл байдал нотлогдохгүй байна. Үүнд:

-“ажлын цаг баримтлахгүй ажил тасалж” гэх үндэслэл.

Хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн нөхцөлийг “хүнд” гэж тодорхойлсон хэдий ч ажлын цагийг 7 хоногт 40 цагаар тогтоожээ. Хөдөлмөрийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүргээ биелүүлж, хөдөлмөрийн гэрээнд богиносгосон цагийг тусгаагүй, ажил эхлэх дуусах цагийг заагаагүй нь хуульд нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх  хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэж заасан тул гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй хэдий ч цагийг зохицуулаагүй.

Ж.Г-ийн ажилласан цагийг бүртгэх үүрэг бүхий нарийн бичгийн дарга нь цаг бүртгэлийг хариуцан гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны үеэр асуугдсан гэрчийн “би нягтлангийн цагийн бүртгэлийг нэгтгэж гаргасан учраас гарын үсэг зурсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Ж.Г-ийг ажил тасалсан учраас түүнийг орлон хэнээр, хэзээ, хэдэн цагаар, ямар ажил гүйцэтгүүлсэн тухай тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ажил тасалсан гэх үндэслэл нотлогдохгүй байна.

-Сахилгын зөрчлийг давтан үйлдсэн” гэх үндэслэл.

Хуульд заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Г хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол ажил олгогчийн зүгээс зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой.

Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Ж.Г-т сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/16 дугаартай тушаалаар Ж.Г-т сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх ба үндэслэлийг “ажлын хариуцлага алдсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, захирах захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн, хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн” гэж тайлбарлажээ. Гэвч нэхэмжлэгч Ж.Г нь уг тушаалыг хууль бус, эрх зөрчсөн үндэслэлээр зохих журмын дагуу гомдол гаргаагүй байх тул хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.

 Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож, ногдуулах эрхтэй хэдий ч хуульд заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах нь хуульд нийцэх юм.

Ж.Г нь өмнө нь хэзээ, ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан эсэх, сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэх, 2018 оны 4 дүгээр сарын 13-ний сахилгын шийтгэл ногдуулснаас хойш дахин ямар зөрчил шинээр үйлдсэн, ямар зөрчлийг давтан үйлдсэн, сахилгын шийтгэл хэдэн удаа ногдуулсан болох нь тогтоогдохгүй байна.

- “Ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл.

“Ноцтой зөрчил” гэдэгт эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэлийг ойлгоно.

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр А/04 тушаалаар шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэгт сахилгын ноцтой зөрчилд тооцох, ажлаас халах үндэслэлийг нэрлэн заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ...хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ”  гэсэн заалтад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг зөвхөн хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол: ажлаас халах” гэснээс өөрөөр ноцтой зөрчил гэж юуг ойлгох тухай нэрлэн заагаагүй, хуульд нийцээгүй хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

- Анхан шатны бүртгэл хөтлөх чадваргүй”, “иргэдээс бэлэн мөнгө авдаг иргэдийн гомдол” гэх үндэслэл.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Ж.Г-ийг анхан шатны бүртгэл хөтлөх чадваргүй, бичиг үсэг мэдэхгүй, харилцагч нарт хяналт тавьж чадахгүй гэх үндэслэлийг шалган тогтоосон, мэргэжил ур чадварын түвшин тогтоосон дүгнэлт, шийдвэр, мөн иргэдээс бэлнээр мөнгө авсан гэх иргэдийн гомдол мэдээлэл, түүний бүртгэл, түүнийг шалган тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, энэ тухай тайлбараа хариуцагч тал нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Дүгнэвэл, нэхэмжлэгч Ж.Ганхуягийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан үндэслэлүүд нотлогдохгүй байх тул Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Ж.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” Б/21 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Ж.Ганхуягийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Ж.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын Б/13 тушаал, шүүх хуралдааны үеэр хариуцагчийн төлөөлөгчийн цалин хөлсийг өмнө эрхэлж байсан ажлын цалин хөлсөөр тогтоосон гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч Ж.Г-ийн нэг сарын цалин хөлс нь 415,496 төгрөг  болох нь тогтоогдож байна. /хх-66, 95/

Ж.Ганхуяг нь ажилгүй байсан 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 3 сар 15 хоногийн цалин хөлсөд нийт 1,454,236 төгрөг нэхэмжилсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж.Ганхуягийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч нь ажлаас халах тухай Б/21 тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Ж.Г нь 2018 оны 6, 7, 8 дугаар саруудад бүтэн, 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх буюу ажлын 12 хоногийн цалин хөлсийг авах эрхтэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалингаар тооцоход /нэг сарын үндсэн цалин 415,496 төгрөгийг х 3 сар/ нийт 1,246,488 төгрөг байна. Хоногоор бодох цалин хөлсийг хуульд зааснаар ажлын хоногоор тооцвол, 2018 оны 9 дүгээр сар нь ажлын 20 хоногтой тул сарын үндсэн цалингаас /415,496 төгрөгийг ажлын 20 хоногт хуваан, ажилласан 12 хоногоор үржүүлж/ тооцвол 249,298 төгрөг байна. Ажилгүй байсан 3 сар 15 хоногийн цалин олговорт нийт 1,495,786 төгрөгийг гаргуулахаар байна.

Иймд ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу 1,454,236 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулан, нэхэмжлэгч Ж.Ганхуягт олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул ажилтан Ж.Г-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан журмын дагуу төлж, дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба цалин олговроос хангаж шийдвэрлэсэн 1,454,236 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 38,217 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 зааснаар ... овогт Ж.Г-ийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.  

 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1,454,236 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ж.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт даалгасугай.  

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 38,217 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 5.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

6.Энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН