| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/01298/И |
| Дугаар | 151/ШШ2018/01292 |
| Огноо | 2018-12-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2018/01292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух .... овогт Н.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сумын цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргал, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Намайг анх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргалын В/02 тоот тушаалаар “Ирээдүй” цэцэрлэгийн тогоочоор түр гэсэн тушаал гаргаж ажилд авсан.
Ингээд тогоочоо хийгээд 11 cap ажиллаж байхад 2017.08.30-ны өдөр Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал Б/18 тоот тушаал гаргаж “Одхон” цэцэрлэгийн тогооч С.Энхцэцэг жирэмсний амралт авсан хугацаанд намайг мөн л түр тушаал гаргаж “Одхон” цэцэрлэгийн тогоочоор томилсон. Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9-н cap ажиллаж байхад үндсэн ажилчин С.Энхцэцэг ирж ажилдаа орж би гаргасан. Энэ үед миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон тушаал гараагүй учир би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан. Цэцэрлэг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс амарсан надад 2018 оны 6,7,8 дугаар сарын 31-нийг өдөр хүртэл амралтын мөнгийг өгч миний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж өгсөн.
2018.08.31-ний өдөр Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал Б/42 тоот тушаал гаргаж Ахлах тогооч Алтанцэцэгийн ажлын байр хадгалагдах хугацаанд түүний оронд төвийн цэцэрлэгийн ахлах тогтоочоор С.Одмааг, туслах тогоочоор Одмаагийн оронд намайг мөн л түр томилсон...
Гэтэл намайг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргалын Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37.1.3 зааснаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах тогоочийн ажлаас чөлөөлсөн.
Хамгийн сүүлд буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зүв зүгээр ажлаа хийж байсан намайг ахлах тогооч Алтанцэцэгийн ажлын байр хадгалагдах хугацаанд Одмааг түүний оронд тавьж намайг туслах тогоочоор Алтанцэцэгийг орох хүртэл хугацаагаар түр ажилд тавьж энэ хугацаанд тохируулан надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл энэ хугацаанд Алтанцэцэг нь ажилдаа орохоо болиод оронд нь дүүгээ оруулахын тулд миний ажлын байранд биш ахлах тогоочийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж одоо ахлах тогоочоор ажиллаж байгаа Одмааг биш, огт өөр Цэцэгжаргалыг дундаас нь оруулж ирж түүнийг тэнцүүлсэн атлаа ажлын байр зарласан орон тоон дээр биш миний хөндөгдөөгүй орон тоон дээр авч миний хөдөлмөрийн гэрээг дууссан цаашид сунгагдахгүй болсон гэж намайг урьд нь олон дахин үндэслэлгүй ажлын байрыг шилжүүлж байсан буруутай үйлдлээ үл ойшоон миний чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна...
Энэ сонгон шалгаруулалтанд Одмаа ороогүй учир энэ ахлах тогоочийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэх Цэцэгжаргал нь ахлах тогооч хийж, би өөрийн ажлын байрандаа үлдэх байтал эсрэгээрээ миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй байхад намайг халж Цэцэгжаргалыг миний оронд туслах тогоочоор авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож намайг төвийн буюу “Бүжинхэн” цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн миний нийгмийн даатгалын 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг төлж, бичилтийг нөхөн хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд Н.Наранцэцэгийг аль болох ажлаар хангаж ажиллаж ирсэн. Тухайн ажлын байрууд нь түр учраас түр тушаалаар ажиллуулдаг байсан нь үнэн.
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг сонгон шалгаруулалтыг үндэслэн гаргасан бөгөөд сонгон шалгаруулалтыг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээ дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтыг ахлах тогоочийн орон тоонд явуулсан бөгөөд сул орон тоонд зайлшгүй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж Тамгын газраас шаардсан, бүх бичиг баримтыг хуулийн ажилтнаас зөвлөгөө авч, хянуулж явуулсан. Одмаа нь өмнө нь олон жил ажилласан учраас ахлах тогооч болгосон. Цэцэгжаргал, Наранцэцэг нар өрсөлдөж, сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас Цэцэгжаргалыг туслах тогоочийн орон тоонд тавьсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Н.Н нь Төв аймгийн Батсүмбэр сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь 2018 оны
11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийлгэх шаардлагаар
нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч тал нь Н.Н-ийг сул зарлагдсан орон тоонд шалгалт өгч, сонгон шалгаруулалт тэнцээгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн гэж, нэхэмжлэгч тал нь Батсүмбэр сумын цэцэрлэгт нийт 2 жил 9-н cap ажилласан хэдий ч түр томилох 4-н удаагийн тушаал гаргаж байсан нь хөдөлмөрийн хууль зөрчсөн, ахлах тогоочийн сул орон тоонд өрсөлдсөн намайг туслах тогоочийн орон тооноос чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж тус тус маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр 159.3-т зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тогооч Н.Н-ийг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/58 тушаал үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь сонгон шалгаруулалтад тэнцсэн Цэцэгжаргал нь ахлах тогоочоор ажиллах боломжгүй, ар гэрийн шалтгаантай гэсэн хүсэлтээ өгсөн учраас олон жил ажилласан Одмааг ахлах тогтооч болгож, шалгалтад тэнцсэн учраас түүнийг туслах тогоочийн орон тоонд авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар туслах тогоочоор Нардоржийн Наранцэцэгийг түр
томилж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/58 тушаалаар ажлаас түр чөлөөлсөн
тушаалууд хэрэгт авагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, мөн зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар байгуулж болохоор заасан.
Ажил олгогч нь Н.Н-ийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хэвээр хадгалагдаж байгаа ажилтны орон тоонд ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан тушаалын хуулбаруудаар тогтоогдож байх тул ажил олгогчийг түр тушаал гаргасан нь хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Харин Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/58 тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдах боломжгүй болсон” гэх үндэслэлийг ажил олгогч буюу хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргал нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэдий ч, туслах тогоочийн сул орон тоо гарахад “ахлах тогоочийн сонгон шалгаруулалтад тэнцсэн” гэх үндэслэлээр Цэцэгжаргалыг орон тоонд томилсон нь “цаашид сунгагдах боломжгүй” гэх үндэслэлийг бий болгохгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасан нь зөвхөн сонгон шалгаруулалт зарласан тухайн сул орон тоонд хамаарах тул ахлах тогоочийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад тэнцээгүй байх нь Н.Н-ийг зарлагдаагүй орон тооны хувьд мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй үнэлгээ авсанд тооцох шууд үндэслэл болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд туслах тогооч Н.Н-ийг ажлаас халсан үндэслэл нь хамаарахгүй байх тул Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/58 тушаалыг хүчингүй болгож, Н.Н-ийг өмнөх ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Н- нь ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг шаарджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н.Н-ийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул ажилтан Н.Н-ийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж, дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар .. овогт Н.Н-ийг Төв аймгийн Батсүмбэр сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Н-ийн нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг төлсөн тухай бичилтийг хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгт даалгасугай.
3.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН