Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 59

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч: М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

М.******* нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд ******* сумын *******ы ... тоот хашаан дотор байсан ... улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-10 маркийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд сумын төв дээр ноолуур тушаачихаад дэлгүүрээс нэг шил архи авч хулгана хочтой *******тэй хамт гэрт нь очиж нэг шил 0.75 литрийн Ерөөл архи хамт уусан. Тэгээд дэлгүүрээс авсан архи дуусахаар ******* дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн Улаанбаатар архи авч бид 2 хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд би *******гийн гэрээс нь гарч яваад өдөр 15 цагийн орчимд *******ын хашаанд очсон чинь хашаанд дотор нь Приус-10 маркийн автомашины түлхүүр зоолттой байхаар нь би унаад хөдөө гэрлүүгээ явсан. Би гэрлүүгээ явах гэсэн чинь унаа олдохгүй байсан юм. Тэгээд айлын хашаанд орсон чинь нэг ... улсын дугаартай цэнхэр өнгийн приус байхаар нь шууд унаад хөдөө гэрлүүгээ унаад явсан. Би хөдөө гэрлүүгээ явчихаад буцаж ирэх гэсэн бодолтой байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/

Хохирогч С.******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын *******ы 1-2 тоот хашаанд гэртээ хөзөр тоглож байгаад гараад ирсэн чинь манай охин аав машиныг чинь хүн гуйж унаад явсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би хүнд өгч явуулаагүй аймгаас ирсэн хадам ах ******* .... танай машиныг нэг хүн хашаан дотор 2-3 удаа ухарч байгаад хашаанаас гараад явж байсан шдээ согтуу бололтой байсан. Хашаанаас гараад зүүн тийшээ явж байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдэж хэлсэн. Би машинаа хашаан дотор охиныхоо гэрийн үүдэнд тавьсан байсан. Би 15 цагийн орчимд машинаа алга болсоныг мэдсэн. Тэгээд алга байхаар нь сумын төвөөр тойрч үзээд байхгүй болохоор цагдаад мэдэгдсэн. Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. Миний машинд ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан. Зүгээр асаж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний Үнэлгээний дүгнэлт 2017.05.16-ы өдөр №ӨМА-72 “1999 онд Японд улсад үйлдвэрлэгдсэн 2012 оны 06 дугаар сарын 14-нд Монгол улсад орж ирсэн Toyota Prius 10 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 4000000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ 2017.05.23-ны өдөр /хх-ийн 05 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл 2017.05.12-ны өдөр /хх-ийн 06 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг 2017.05.12-ны өдөр

Үзлэгээр: Өмнөговь аймгийн ******* сумын төвд *******ы ... тоот хашаанд үзлэг хийхэд Ертөнцийн зүгээр баруун талд нь гэр байх ба гэрийн хойд талд нь байшин байх ба байшингийн зүүн талд гэр байх ба уг гэрийн хажууд хулгайд алдагдсан машины мөр байв. Уг хашаанд дотор орж гарсан машины мөр олон байв. Үзлэгээр өөр ямар нэгэн зүйл илэрсэнгүй. /хх-ийн 08-10 дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл 2017.05.12-ны өдөр, гэрэл зураг

Үзлэгээр: Өмнөговь аймгийн ******* сумын төв ******* багийн гэх газарт хулгайд алдагдсан гэх цэнхэр өнгийн ... улсын дугаартай Приус-10 маркийн автомашин сумын төвөөс 15 километр зайтай олдсон ба уг автомашины баруун талаар нь жалга сайр байх ба ертөнцийн зүгээр зүүн талд нь тал газар байв. Уг автомашины урд талд нь автомашины дугуйн мөр сайран дээр тод гарсан байв. Уг автомашинд үзлэг хийхэд ямар нэгэн эвдэрсэн эд анги байхгүй байв. Машин асаахад асаж байв. /хх-ийн 11-13 дугаар хуудас/

Хураан авах тогтоол 2017.05.12-ны өдөр

1. М.*******аас хулгай хийсэн Приус-10 маркийн автомашиныг  хураан авсугай. /хх-ийн 19 дүгээр хуудас/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2017.05.13-ны өдөр “Цэнхэр өнгийн .... улсын дугаартай Приус-10 маркийн автомашиныг хүлээлгэн өгөв. Хүлээн авсан хохирогч С.*******” /хх-ийн 21 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 34-41 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шижлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэг авгдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.******* нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд ******* сумын *******ы 1-2 тоот хашаан дотор байсан .... улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-10 маркийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь  шүүгдэгч М.Сүбаатарын... “би *******гийн гэрээс нь гарч яваад өдөр 15 цагийн орчимд *******ын хашаанд очсон чинь хашаанд дотор нь Приус-10 маркийн автомашины түлхүүр зоолттой байхаар нь би унаад хөдөө гэрлүүгээ явсан. Би хөдөө гэрлүүгээ явчаад буцаж ирэх гэсэн бодолтой байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, хохирогч С.*******ын... “2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын *******ы 1-2 тоот хашаанд гэртээ хөзөр тоглож байгаад гараад ирсэн чинь манай охин аав машиныг чинь хүн гуйж унаад явсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би хүнд өгч явуулаагүй аймгаас ирсэн хадам ах ******* .... танай машиныг нэг хүн хашаан дотор 2-3 удаа ухарч байгаад хашаанаас гараад явж байсан шдээ согтуу бололтой байсан. Хашаанаас гараад зүүн тийшээ явж байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдэж хэлсэн. Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. Миний машинд ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч М.*******ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.*******т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.******* нь авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэм хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 42 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч М.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5,  283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ