Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2019/00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух  ... овогт Б.Н-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00628 тоот шийдвэрээс хойш давж заалдах шатны шүүх хүртэл буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин олговорт 2,605,127 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бадамханд, нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ннь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Нминий бие Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх ажлаас хууль бусаар халагдсан тухай нэхэмжлэл гарган, анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00628 тоот шийдвэрээр ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх үеийн цалин хөлстэй тэнцэх олговорт 1,750,987 төгрөгийг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгасан. Гэтэл Эрүүл мэндийн төвийн хариуцагч Н.Намжилмаагийн өмгөөлөгч Сувдмаа Төв аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган давж заалдсан. Ингээд давж заалдах шатны шүүх 9 дүгээр сарын 24-нд хуралдаж, уг хуралдаанаар Эрүүл мэндийн төвийн хариуцагч гомдлоосоо татгалзсан. Энэ хүсэлтийг Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 тоот шүүхийн тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд 2018 оны 6 дугаар сарын 15-наас 2018 оны 9 дүгээр сарын 24-нийг хүртэл хугацаанд миний ажилгүй байсан үеийн ажлын 61 хоногийн цалин 2,605,127 төгрөгийг Эрүүл мэндийн төвөөс гаргуулан, уг олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Бадамханд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Анхан шатны шүүхээс гаргуулсан 1,750,000 төгрөгийг олгосон. Оны өмнө гаргасан 1,750,000 төгрөгийг эрхлэгч байсан Намжилмаагаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай төсөвт энэ төлбөрийг барагдуулах мөнгө байхгүй. Миний хувьд өмнөх дарга нь хууль бусаар халсан учраас эмчийнх нь ажилд буцаан томилсон тушаал гаргасан. Харин нэхэмжлэгч нь буруу шийдвэр гаргасан этгээд болох Намжилмаагаас өөрөөс нь шаардах хэрэгтэй байх гэж бодож байна” гэжээ. 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.Ннь Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00628 тоот шийдвэрээс хойш давж заалдах шатны шүүх хүртэл буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалинд 2,605,127 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговор болон түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.   

Б.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гомдлыг Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Н-ийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч уг анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч, давж заалдах шатны шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө давж заалдах гомдлоосоо татгалзсан тул Төв аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин хүчин төгөлдөр болоогүй буюу уг гомдлыг шийдвэрлэсэн Төв аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хариуцагчийн давж заалдах гомдлоосоо татгалзсан хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэсэн хэдий ч, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бадамханд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгч Б.Н-ийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд эгүүлэн томилсон байна. /хх-33/

Б.Н нь Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2018/00628 тоот шийдвэр гарсан 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацаанд ажилгүй байсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын А/651 дүгээр тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/33 тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигч талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-8,33,34,36/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан боловч дундаж цалин хөлсийг бодох журмыг тусгайлан батлахаар хуульд заагаагүй байна. Иймд шүүхээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Н-ийг ажилд эгүүлэн томилсон 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/33 тушаалын 2 дахь хэсэгт “Б.Н-ийг ТҮЭМ-4 зэрэглэлийн 3-р шатлалаар цалинжуулж, Монгол улсын Засгийн газрын 90 дүгээр тогтоолын 20 хувь, 150 дугаар тогтоолын 10 хувийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцон, сар бүр олгохыг нягтлан бодогчид зөвшөөрч, мөн тус төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Б/09 дугаар “Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг батлах тухай” тушаалаар эрүүл мэндийн төвийн 2018 оны цалингийн фондыг баталжээ.

Эдгээр тушаалд үндэслэн тооцоход Б.Н-ийн үндсэн цалин 574,298 төгрөг, 90-р тогтоолын нэмэгдэл 114,860 төгрөг, 150-р тогтоолын нэмэгдэл 57,430 төгрөг, үр дүнгийн урамшуулал 86,144 төгрөг, нийт нэг сарын цалин хөлс нь 832,732 төгрөг байна.

Үүнийг ажилгүй байсан хугацаагаар тооцвол:

-2018 оны 6 дугаар сард 832,732 төгрөг ÷ 21 (тухайн сарын нийт ажлын хоног) x 11 (ажлын хоног) = 436,192 төгрөг,

-2018 оны 7 дугаар сар бүтэн буюу  832,732 төгрөг,

-2018 оны 8 дугаар сар бүтэн буюу  832,732 төгрөг,

-2018 оны 9 дүгээр сард 832,732 төгрөг ÷20 (тухайн сарын нийт ажлын хоног) x 9 (ажлын хоног) = 374,729 төгрөг, нийт 2,476,385 төгрөгийн цалин хөлс аваагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний

олговорт 2,476,385 төгрөгийг олгож, илүү нэхэмжилсэн 128,742 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан. Иймд ажилтан Б.Н-ийн цалин хөлсний олговроос ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,633 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 54,572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс 2,476,385 /хоёр сая дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун наян таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд даалгасугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН