Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,                      

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2423000000128 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Завхан аймгийн “.....” ..... ...... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ..... сумын .... багийн ..... хэсгийн 2-215 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт .....-н Б, регистрийн дугаар ..........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багаас Завхан аймгийн ******* сумын чиглэлийн асфальтан замаар иргэн Б.Ж-ийн эзэмшлийн 00-00  улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөнөөс тус аймгийн сумын багийн нутаг “.......” гэдэг газарт тухайн тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу осолдож, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Ж-ийн эрүүл мэндэд зүүн талын уушгины няцрал, уушги уналт, цээжний хөндийд цус хуралт, цээжний зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарлууд, сээрний 2-7-р босоо сэртэнгийн хугарлууд, сээрний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, өвчүү, дал ясны хугарал, хэвлийн хөндийн цус хуралт, дэлүүний задрал гэмтлүүд бүхий хүнд зэргийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Б.Ж-ийн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагаас 18 цаг өнгөртөл Б, Л, Б бид нар Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн нутагт байрлах Спорт цогцолбор дээр зааланд тоглосон юм. Заалнаас гарч ирээд салхинд гарч ганц, нэг юм ууя гэж яриад дэлгүүр орж 2 шил архи, ундаа зэргийг аваад ******* сумаас гарч сумын чиглэлд явж морьтой хөшөөний ойролцоо очиж машин дотроо сууж байгаад 2 шил архиа ууцгаасан. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эмнэлэгт сэрсэн. Намайг сэрэхэд миний бүх бие хөндүүр оргиод хөдөлж болохгүй байсан бөгөөд миний хажууд манай ах, дүү нар цугларчихсан хагалгаанд орсон хамаагүй хөдөлж болохгүй шүү гэж байсан.

...00-00 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд би 2024 оны 06 дугаар сард Л.А гэх эмэгтэйгээс худалдаж авсан юм. Харин дээрх осол болох үед уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан. ...Би яг хаана сууж явсан болохоо санахгүй байна. Харин миний машиныг нь манай найз Б.Б жолоодож явсан юм. ...Би өөрөө машинаа хараагүй болохоор ямар ямар эвдрэл учирсан болохыг нь мэдээгүй. Манай эхнэр болон манай найз Б, Бя, Л нар хэлэхдээ машин чинь авах юмгүй болтлоо эвдэрсэн гэж байсан. Би 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 06 дугаар сард 18,500,000  төгрөгөөр худалдаж авсан бөгөөд энэ үнээр үнэлнэ. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулахаар тохиролцсон.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 71-79-р хуудас/,

- Гэрч Н.Ц-ын “..Манай нөхөр Б.Б 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 22 минутад өөрийн эзэмшлийн ........ дугаарын утаснаас над руу залгаад би осол гаргаад хүн алчих шиг боллоо гээд их сандарсан байдалтай ярьсан. Би түүнээс чи юу яриад байгаа юм, хаана байгаа юм бэ гэж асуухад би аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Б.Б яаралтай түргэн тусламжийн өрөөнд Б.Ж-ийн хажууд сууж байсан бөгөөд Б.Ж орон дээр хэвтэж байсан. Тухайн үед эмч нарын Б.Ж-ийн биед үзлэг хийж, хагалгаанд орох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан. Удаа ч үгүй цагдаа нар ирж осол болсон газрыг заалгуулаад осолд орсон хүний болон осол болох үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар асууж тодруулж манай нөхөр Б.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багаж үлээлгэж шалгасан бөгөөд түүний дараа хэрэг болсон газарт үзлэг хийх шаардлагатай учир осол болсон газрыг манай нөхрөөр заалгуулахаар түүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 82-84-р хуудас/,

- Гэрч Б.Бя-ын “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Б, Ж, Б.Л бид нар Завхан аймгийн ******* сумын Богдын гол багт байрлах Спорт цогцолбор дээр зааланд тоглосон. Заалнаас гарч ирээд хэдүүлээ ярилцаж байгаад ойрхон салхинд гарахаар болсон. Тэгээд дэлгүүр орж 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи аваад аймгийн төвөөс гарч сумын наад талын морьтой хөшөөний орчимд очиж ууцгаасан. Тэнд архиа ууж дуусгачхаад хоёр тийшээ салаад Л бид хоёр руу яваад Ж, Б хоёр ******* сумын чиглэлд явсан. Удаа ч үгүй утас дуугарсан бөгөөд Б залгаад бид хоёр Яруугийн голын гүүрний хажууд онхолдчихлоо гэхээр нь цаанаас гараад ирэхэд засмал замын урд хэсэгт машин нь онхолдчихсон, Б машиныхаа хажууд зогсож байсан ба Ж харагдахгүй байсан. Тэгээд машинаас бууж очоод Б-ээс Ж хаана байна гэж асуухад тэнд хэвтэж байгаа гээд заалгаад очиход Ж машинаас нэлээн зайтай газар хэвтэж байсан. Бид нар хурдан эмнэлэгт хүргэе гээд Ж-г машинд суулгаад ******* сумын төв рүү орж ирээд Нэгдсэн эмнэлэг дээр авчирсан. ...00-00 улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Б, Ж нар явж байсан бөгөөд осол болох үед Б жолоодож явсан. ...2024 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газрын ойролцоох замд дээрх осол болсон байсан. ...Б.Б, Б.Ж нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ж, Б бид гурав сумын наад талын гурван морины хөшөөний хажууд 0.75 литр хэмжээтэй 2 шил архи хувааж уусан бөгөөд нилээн согтчихсон байсан. Харин Л архи уугаагүй, эрүүл байсан. ...Б.Б, Б.Ж нар сумын багийн нутаг Гурван морьтой хөшөөний орчмоос ******* сумын төв рүү явсан бөгөөд буцаад сумын чиглэлд явж байхдаа осолд орчихсон гэж ярьж байсан. Б-ийн жолоодож явсан 00-00 ЗАВ улсын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замын урд хэсэгт унаж онхолдсон байсан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 88-90-р хуудас/,

- Гэрч Б.Л-ын “...Тэгээд бид нар дэлгүүр орж 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи болон ундаа аваад аймгийн төвөөс гарч сумын наад талын морьтой хөшөөний орчимд очиж ууцгаасан. Би тухайн үед машин жолоодож явсан учраас архи уугаагүй. Тэнд архиа ууж дуусгачихаад хоёр тийшээ салаад Бя бид хоёр сум руу яваад Ж, Б хоёр ******* сумын чиглэлд явсан. Удаа ч үгүй Бя руу Б залгаад бид хоёр Яруугийн голын гүүрний хажууд онхолдчихлоо гэхээр нь би цаанаас Бя-ын хамт гараад ирэхэд засмал замын урд хэсэгт машин нь осолдсон байсан. ...Бид нар хурдхан шиг эмнэлэгт хүргэе гээд Ж, Б хоёрыг машинд суулгаад ******* сумын төв рүү орж ирээд Нэгдсэн эмнэлэг дээр авчирсан. ...00-00 улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Б, Ж нар явж байсан бөгөөд осол болох үед Б жолоодож явсан. Өөр хэн нэгэн тухайн тээврийн хэрэгсэл дотор байгаагүй. ...2024 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газрын ойролцоох замд дээрх осол болсон байсан. Бид нар хамт байж байгаад сумын Гурван морины хөшөөнөөс 22 цаг өнгөрч байхад хоёр тийшээ салцгаасан юм. ...Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалтай жолоочийн үнэмлэхтэй...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 93-95-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.О-ын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000000384 дугаартай

“...1.Иргэн Б.Ж-ийн биед: Гэмтэл учирсан байна.

2. Иргэн Б.Ж-ийн биед: Зүүн талын уушгины няцрал, уушги уналт, цээжний хөндийд цус хуралт, цээжний зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарлууд, сээрний 2-7 дугаар босоо сэртэнгийн хугарлууд, сээрний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, өвчүү, дал ясны хугарал, хэвлийн хөндийн цус хуралт, дэлүүний задрал гэмтлүүд учирсан байна.

3. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас хатуу мохоо зүйлүүдэд дарагдах болон шахагдах үед үүснэ.

4. Уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Иргэн Б.Ж-ийн биед: Зүүн талын уушгины няцрал, уушги уналт, цээжний хөндийд цус хуралт, цээжний хөндийд цус хуралт, цээжний зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарлууд, сээрний 2-7 дугаар босоо сэртэнгийн хугарлууд, сээрний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, өвчүү, дал ясны хугарал, хэвлийн хөндийн цус хуралт, дэлүүний задрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12 болон 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр, /хавтаст хэргийн 106-108-р хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Э-ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “... 2.1. .... овгийн Б-н Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад заасан буюу “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.2. .... овгийн Б-ийн Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээрийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаагаар, /хавтаст хэргийн 120-125-р хуудас/,

- “Буфа үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.С-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаартай “Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2024 оны 11 дүгээр сарын байдлаарх зах зээлийн үнэлгээг 16,500,000 төгрөгөөр тогтоолоо.” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 139-141-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Уг осол болсон газар нь Завхан аймгийн сумын багийн нутаг гэдэг газрын урд талын засмал замын урд талын далангийн хажууд газрын хөрсөн дээр 00-00 улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн моторын хэсэг ертөнцийн зүгээр зүүн зүгт харж жолоочийн хүрдний эсрэг талын хэсгээр унасан байх ба уг тээврийн хэрэгслийн кабин үрчийж хэлбэр дүрсээ алдсан, салхины шил, цонхны шилнүүд бүгд хагарч бяцарсан, багаажны хайрцаг, шалавч зэрэг нь тээврийн хэрэгслийн хагарсан цонхоор гадагш газарт унасан байх тээврийн хэрэгсэл унасан хэсэгт Б дугаар тавьж тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг, /хавтаст хэргийн 2-10-р хуудас/,

- Жолооч Б.Б-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 01 цаг 30 минутад шалгасан “...Б.Б-ийн согтолтыг “Аlcоtest 6820, AL7510” багаж ашиглан шалгахад 1.01% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

- Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/586 дугаартай “...Б-ийн Ж нь 42 настай, эрэгтэй. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчний түүхийг хуулбарлан хүргүүлж байна...” гэсэн албан бичиг, түүний хавсралт /хавтас хэргийн 19-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Ж-ийн эрүүл мэндэд зүүн талын уушгины няцрал, уушги уналт, цээжний хөндийд цус хуралт, цээжний хөндийд цус хуралт, цээжний зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарлууд, сээрний 2-7-р босоо сэртэнгийн хугарлууд, сээрний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, өвчүү, дал ясны хугарал, хэвлийн хөндийн цус хуралт, дэлүүний задрал гэмтлүүд бүхий хүнд зэргийн хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Б тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.Б-ийн согтолтыг “Аlcоtest 6820, AL7510” багаж ашиглан шалгахад 1.01% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь “...Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ж-ийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохиролд нийт 18,500,000 төгрөг төлсөн. Цаашид энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардал гарсан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэв. Хохирогч Б.Ж-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгдэгчээс одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Б.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хохирогч Б.Ж нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-ээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 3 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Ж нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-с нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ