| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2019/00780/И |
| Дугаар | 151/ШШ2019/01249 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2019/01249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт Б.Е-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байрлах ............. алтны үйлдвэрт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, Г.Ганжаргал, нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Е нь шүүхэд гаргасан гомдолдоо:
“Б овогтой Е миний бие 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс ............. ХХК-ийн охин компани болох ............. ХХК-д аж ахуй хангамжийн ажилтан орон тоонд томилогдож Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн.
Миний ажлын байр Захиргаа, аж ахуйн албанд хамаарах бөгөөд шууд удирдах дарга 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж мөн өдрөөр ............. ХХК-ийн захирлын Б/36 тоот тушаал гарч намайг Захиргаа, аж ахуйн албаны даргын орон тоонд шилжүүлэн томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 103 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр тогтоол болон бусад хууль, эрх зүйн актуудын хүрээнд ............. ХХК нь ТӨҮГ хэлбэрт шилжиж улмаар охин компани болох ............. ХХК нь мөн Үйлдвэрийн хэлбэрт 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс шилжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ............. ХХК-ийн 88 ажилтан нь ТУЗ-ийн тогтоол болон ............. ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ............. алтны үйлдвэрт ажлын байр, орон тоогоор шилжин ажилласан болно.
Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ямар нэг үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Миний бие Б.Е нь ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар гомдол гаргаж байгаа болно.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Б.Е нь ............. ХХК-д аж ахуйн хангамжийн даргын орон тоонд ажиллаж байсан. Б.Е-ийг чөлөөлсөн тушаалдаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 91 дүгээр тогтоол, ............. алтны үйлдвэрийн удирдах зөвлөлийн 03 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 гэсэн зүйлүүдийг үндэслэл болгосон ............. ХХК-ийн Удирдах зөвлөлийн 03 дугаартай тэмдэглэл гарч үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтнуудыг шилжүүлэн авсан байдаг. Иргэн Б.Е-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Б.Е-ийг ............. алтны үйлдвэрийн захиргаа аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлснөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Б.Е-ийг ............. ХХК-аас даргын тушаалаар албан тушаалаас өөр албан тушаалд шилжүүлсэн байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 91 дүгээр тогтоолоор орон тооны дээд хязгаарыг тогтоосон байдаг. Энэ тогтоолоор нийт 88 ажилтантай байсны 6 орон тоог өөрчилсөн. ............. ХХК-ийн Б.Е-ийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод туршлагын хувьд Захиргааны байгууллагад удирдах ажил хийсэн байх гэсэн шалгуур байдаг. Б.Е нь уг шалгуурыг хангаагүй. Улсын их хурлын тамгын газарт туслахаар ажиллаж байсан гэж бичсэн байгаагаар нотлогдоно. Нэхэмжлэгч Б.Е нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан учраас хуучин эрхэлж байсан албан тушаалд нь өөрчлөн томилсон” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага бүрдүүлбэр нь хуульд заасан шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч Б.Е-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь ямар ажилд яг ямар албан тушаалд томилуулах нь тодорхойгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх зэрэг нь хэдэн төгрөг болж байгаа талаар тодорхойлсон зүйл алга байна. ............. алтны үйлдвэрийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай шийдвэрээр 2 харилцааг зохицуулсан байдаг. Энэ нь албан тушаалаас чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад чөлөөлсөн талаар гомдол гаргаж байгаа мөртлөө хуучин албан тушаалд шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа мэт харагдаж байна. Мөн хариуцагч байгууллагын аж ахуй нэгжийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн. ............. төрийн өмчит үйлдвэрийн газар нь улсын өмчид байдаг. Ариун-Эрдэнэ гэж хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлбэрийг хангуулж, хариуцагчийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Тайлбар хийхэд эргэлзээтэй байна” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Е нь ............. алтны үйлдвэрт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Е нь Д.Ганжаргалд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр /хх-54/, хариуцагч ............. алтны үйлдвэр нь Б.Баярмагнайд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр /хх-71/, Г.Ганжаргалд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр /хх-134/ тус тус итгэмжлэл олгожээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Б.Е-ийг ............. алтны үйлдвэрийн Захиргаа, аж ахуйн албаны даргаар эгүүлэн тогтоолгох, тушаал гарснаас шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардаж байна.
Хариуцагч ............. алтны үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд сөрөг шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлиийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Е нь ............. ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан, “аж ахуй, хангамжийн ажилтан”-аар ажиллаж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс “Захиргаа аж ахуй албаны даргын “ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийг гүйцэтгэнэ, нэг сарын 3,200,000 төгрөгийн үндсэн цалин олгоно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг хөдөлмөрийн гэрээнд оруулж, ............. ХХК-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар мөн өдрөөс “Аж ахуй хангамжийн ажилтны орон тооноос чөлөөлж, тус өдрөөс Захиргаа аж ахуйн албаны даргын орон тоонд шилжүүлэн томилсон байх ба энэ хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар зохигчид маргаагүй, уг гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн байх ба талууд гарын үсэг зурснаар
хүчин төгөлдөр болжээ.
Б.Е-ийг ............. алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар /II хавтас, хх-40/ ажил олгогчийн санаачилгаар ............. алтны үйлдвэрийн аж ахуй, хангамжийн ажилтнаар томилж шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. Уг Б/01 дүгээр тушаалыг “Монгол улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр тогтоол, ............. ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот тэмдэглэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг үндэслэн гаргасан гэжээ. Тушаалын “1”-д ............. ХХК-ийн удирдлага, зохион байгуулалт, бүтэц орон тоонд өөрчлөлт орсонтой холбогдуулан ............. ХХК-ийн Захиргаа, аж ахуй албаны дарга Б.Е-ийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс Захиргаа, аж ахуй албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс ............. алтны үйлдвэрийн аж ахуй хангамжийн ажилтнаар томилж шилжүүлэн ажиллуулсугай” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д урьдчилсан нөхцлийг заасан байна. Тодруулбал, “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж ажил олгогчийн эрхэд хязгаарлалт тогтоосон байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.1-д “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан. Маргаж буй Б/01 дүгээр тушаалд дурдсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар ............. хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай” тогтоол, хавсралтаар баталсан дүрмийг /хх-105-114/ шинжлэн судлахад ............. ХХК-ийг ............. ТӨҮГ болгон өөрчлөн байгуулжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр ............. төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” тогтоол, хавсралтаар баталсан ............. төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем /хх-232-234/-ээр ............. ХХК-ийг ............. төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцэд оруулан орон тооны дээд хязгаарыг 1435 байхаар тогтоожээ. ............. ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд /II хавтас, хх-24/ “... Монгол улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор ............. ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, ... охин компани болох ............. ХХК-д ажиллаж байгаа ажиллагсдыг ... нэгтгэх байдлаар ............. алтны
үйлдвэр рүү шилжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
............. алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тушаал /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариун-Эрдэнэ/-ын “1”-д ............. алтны үйлдвэрийн 2019 оны батлагдсан орон тоо, албан тушаалын жагсаалтын дагуу хавсралтад заасан ажиллагсдыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс түр томилж, мөрдөгдөж буй цалингийн сүлжээний дагуу цалинжуулсугай” гээд, тушаалын хавсралтад “албан тушаал: Захиргаа аж ахуйн албаны дарга. Албан тушаалын ангилал: албан хаагч” /II хавтас, хх-37-39/ гэж баталсан тушаалын үйлчлэл хэвээр байхад ............. ХХК-ийн “удирдлага, зохион байгуулалт, бүтэц орон тоонд өөрчлөлт орсонтой холбогдуулан” 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тушаалыг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, ............. ТӨҮГ-ын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/327 дугаар тушаалаар ............. алтны үйлдвэрийн зохион байгуулалтын бүтцийн схемийг 1 дүгээр хавсралтаар, ............. алтны үйлдвэрийн орон тоо, ИТА болон албан хаагч нарын албан тушаалын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталж, үүнтэй холбогдуулан ............. ТӨҮГ-ын Захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/217 тоот тушаалын 3, 6 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /хх-115-120/ нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд хамааралгүй буюу Б.Е-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлснээс хойш гарчээ.
............. ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-т “...бүтцийн нэгжийн дарга ... ыг эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж эрх олгосон тул ............. алтны үйлдвэрийн захирал Б.Ариун-Эрдэнэ уг байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй буюу хариуцагчийг ............. алтны үйлдвэр гэж зөв тодорхойлсон гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Е-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлсэн хариуцагч ............. алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын үндэслэлд дурдсан дээрх баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.Ерөөлтийг сүүлд эрхэлж байсан ............. алтны үйлдвэрийн Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй гэж үзнэ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь Б.Е-ийг ............. алтны үйлдвэрийн Захиргаа, аж ахуйн албаны даргаас чөлөөлсөн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар цалин хөлсийн олговрыг, тодруулбал сарын цалинг 3,200,000 төгрөгөөр гэж тайлбарлан шаарджээ.
Нэхэмжлэгч нь захиргаа, аж ахуй хангамжийн ажилтнаар томилж, шилжүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан учир 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар шилжүүлэн томилсон ажлыг эрхлээгүй, цалин аваагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Е нь нэхэмжилж буй хугацаанд шилжүүлэн томилсон ажил хийгээгүй, ажил тасалсан гэх тайлбаруудаар шилжүүлэн томилсон ............. алтны үйлдвэрийн захиргаа, аж ахуй хангамжийн ажилтнаар ажиллаж, цалин хөлс аваагүй нь тогтоогдож байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5-д “ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ... тус тус тодорхойлно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Е нь ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн шаардлагадаа холбогдуулан урьд авч байсан цалин хөлсний цэс, данс, бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна.
Б.Е-ийг захиргаа, аж ахуйн албаны даргаар нийт 4 өдөр ажилласан талаар зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд 4 өдрийн цалин хөлсөд нийт 528,093 төгрөгийг “06-р сарын цалин, ............. ХХК” гэж олгосон баримтыг шүүхэд ирүүлжээ /II хавтас-хх-13/. Уг баримтаар олгосон цалин хөлс нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгагдсан эсэх, нийт олговорт хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр тооцох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
Иймд нэг өдрийн дундаж цалин 132,023 төгрөг (528,093 төгрөг ÷ 4 хоног = 132,023 төгрөг)-ийг түүнийг ажлаас чөлөөлж, шилжүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 120 өдрөөр (2019 оны 6 дугаар сард ажлын 17 өдөр, 7 дугаар сард ажлын 20 өдөр, 8 дугаар сард ажлын 22 өдөр, 9 дүгээр сард ажлын 21 өдөр, 10 дугаар сард ажлын 23 өдөр, 11 дүгээр сард ажлын 17 өдөр) тооцон, цалин олговорт нийт 15,842,760 (132,023 төгрөг х 120 өдөр) төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэв.
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба цалин олговорт олгож шийдвэрлэсэн 15,842,760 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 237,164 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Е-ийг ............. алтны үйлдвэрийн
Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,842,760 төгрөгийг хариуцагч ............. алтны үйлдвэрээс гаргуулан Б.Е-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Е-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч ............. алтны үйлдвэрийн санхүүд даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ............. Алтны үйлдвэрээс 237,164 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН