Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/112

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-т холбогдох 2423001180141 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын .... багийн ... хэсгийн 3-322 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ...-ын Д, регистрийн дугаар ..........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Завхан аймгийн ******* сумын ... баг, .... хэсгийн ..... тоот хашаанд байрлах өөрийн эзэмшлийн Монгол гэрт 2024 оны 09 дүгээр сарны 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 1 сар 17 хоногтой, эрэгтэй хүү С.Б-ыг дааруулахгүй байх зорилгоор өөрийн нөмөрч унтдаг хөнжлөөр ороож унтсан байх бөгөөд шөнө унтаж байх явцдаа хөнжлөө татсаны улмаас түүнийг доош харуулж механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* хэсгийн 3-322 тоот хашаанд байрлах өөрийн эзэмшлийн Монгол гэрт 2024 оны 09 дүгээр сарны 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 1 сар 17 хоногтой, эрэгтэй хүү С.Б-ыг дааруулахгүй байх зорилгоор өөрийн нөмөрч унтдаг хөнжлөөр ороож унтсан байх бөгөөд шөнө унтаж байх явцдаа хөнжлөө татсаны улмаас түүнийг доош харуулж механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

- Завхан аймгийн аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Л-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07:00 цагт хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ундрага петролиум” ШТС-д түгээгчээр гарч хонож үүрэг гүйцэтгэсэн.  Өнөө өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 07:09 цагт манай эхнэр Д.Д над руу утсаар залгаад “...Б болохоо байчихлаа, хурдан хүрээд ирээч...” гэж утсаар ярьсан бөгөөд би ойролцоогоор 30 гаруй минутын дараагаар Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ийн хэсгийн 3-322 тоотод байрлах гэртээ алхаж явсаар байгаад очсон. Очоод гэртээ ороход манай эхнэр бага хүү болох Б-ыг өлгийтэй нь тэвэрчихсэн баруун талын орон дээрээ уйлаад сууж байсан. Түүнээс юу болсон талаар тодруулахад би хүүгээ хөнжлөөр ороогоод унтсан бөгөөд шөнө унтаж байхдаа хөнжлөө татчихсан бололтой сая сэрээд хүүгээ автал өлгийтэйгөө доошоо харчихсан, амьсгал хураачихсан байдалтай байна гээд уйлаад л байсан. Талийгаач манай хамгийн бага хүүхэд байсан бөгөөд дээрээ 2 эгч, 1 ахтай. Талийгаач Б 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Төрөх эмнэлэгт төрсөн. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрөөд эмнэлэгт 4 хоноод гэртээ гарсан. Эмнэлгээс гарснаас нь хойш Өрхийн эмнэлгийн эмч ирж хэд хэдэн удаа үзэж байсан. Миний хүү Б эрүүл саруул төрсөн, ямар нэгэн өвчин эмгэггүй байсан. Шөнө унтуулахдаа эхнэр бид хоёр өөрсдийн унтдаг буюу гэрийнхээ баруун талын орон дээр эхнэр хажуудаа өлгийдөж хэвтүүлээд унтуулдаг байсан. Мөн өдрийн цагаар ч гэсэн өөрсдийнхөө орон дээр унтуулдаг байсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

- Гэрч Э.У-н “...Би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө би Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хоносон. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 06 цаг 55 минутад Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ийн хэсгийн 322 тоотод “манай дүү хөдлөхгүй, уйлахгүй болчихлоо” гэх дуудлагыг 000000 дугаарын утаснаас ирүүлсэн. Би дуудлагын дагуу яаралтай түргэн тусламжийн хэрэгслээ бэлдээд жолооч П-ийн хамт тухайн хаягт 07 цаг 08 минутад очсон. Тухайн хашаа нь баруун тийш харсан төмөр хаалгатай, хашаан дотроо хоёр гэртээ байсан. Би машинаас буугаад хашаа руу нь ороход баруун хойд талын гэрээс нэг эмэгтэй хүүхэд гарч ирээд намайг дагуулаад дотогш орсон. Намайг ороход ээж нь гэх эмэгтэй баруун талынхаа орон дээр өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад намайг өглөө сэрэхэд хүүхэд маань уйлахгүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан гэж байсан бөгөөд би тухайн хүүхдийг ээжээс нь аваад үзлэг хийх гэхэд өлгийнийх нь бүсийг тайлчихсан, хүүхдийг өлгийнд нь боосон байдалтай байсан бөгөөд тухайн нярай хүүхдэд үзлэг хийхээр өлгийг нь задлахад хүүхдийн гар хөл нь хөшчихсөн, царай нь цайж цонхийсон, дух, цээж хэвлийн хэсэгт хүрэнтсэн улаан өнгөөр хүүрийн толбо үүссэн байсан. Чагнуураар амьсгал, зүрх, судсыг чагнаж үзэхэд уушги, зүрхний цохилт сонсогдохгүй байсан ба гүрээ, цавины артерийн судаснуудыг дарж үзэхэд цохилт үгүй буюу тухайн нярай амьсгал хураасан байсан. Үзлэг хийж дуусаад нярайн ээжид нь хүүхэд чинь амьсгал хурааж, нас барсан байна, энэ талаар гэрийнхээ хүмүүст хэлээрэй гэж хэлсэн. Би нярайн ээжээс хамгийн сүүлд хэдэн цагт хөхүүлсэн юм бэ гэж асуусан бөгөөд тухайн эмэгтэй би 00 цаг өнгөрч байхад хөхүүлээд унтуулсан гэж хэлсэн. Тэгэхлээр нь шөнө хөхүүлдэггүй юм уу гэхэд би уйлаад сэрэхээр нь хөхүүлдэг юм өнгөрсөн шөнө уйлахгүй байсан болохоор нам унтчихсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд хүүхэд маань уйлахгүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Т-ын “...Манай багийн иргэн Д.Д нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан байсан бөгөөд манайх нярайн гэрийн эргэлтийг эхний нэг сард дөрвөн удаа, дараагийн хоёр сар хүртэл арван дөрвөн хоногт нэг удаа үзлэг хийж эхэд зөвлөгөө өгөх ёстой байдаг. Би Д.Д-г аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржаад гэртээ гарах хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд ажилдаа орсон эхний өдрөө буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрийн эргэлт хийхээр гэрт нь очиход Д гэртээ нярайнхаа хамт байсан бөгөөд нярайг үзэхэд гэртээ хүүхдийн шарлалт өндөр байгаа учраас шарлалтыг бууруулах зорилгоор нярайг шарлагын аппаратад оруулчихсан байсан учраас нярайн биед үзлэг хийгээгүй. Эхээс нь түүний биед зовуурь байгаа эсэх талаар тодруулахад ямар нэгэн зовуурь байхгүй гэсэн учраас эхэд шарлалтын аппарат авсан эмчээс зөвлөгөө авсан эсэх талаар тодруулахад зөвлөгөө авсан, аппаратад хэрхэн шарлага хийхийг сайн заалгаж авсан гэж байсан учраас би тухайн өдөр эх, нярайн биед үзлэг хийгээгүй буцсан. Түүнээс хойш Д.Д манай өрхийн эмнэлэг дээр эмчид хүүхдээ үзүүлж, шарлалтаа хэмжүүлэх гэж явна гээд ирчихсэн байхад нь таарсан түүнээс хойш тэднийд би гэрийн эргэлтээр дахиж очоогүй. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн эмч хуваарийн дагуу очиж үзлэг хийж зөвлөгөө өгч байсан....” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-гийн “...2024 оны 10 дугаар сарын эхээр Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас мэргэжилтэн над руу утсаар холбогдоод танай багт 2024 оны 09 дүгээр сард 2 сартай нярай эндсэн асуудал гарсан байна, хуралд оруулах материалаа бэлтгээрэй гэх мэдээлэл өгөөд л би С.Б-ыг анх нас барсан талаар нь мэдсэн. С.Б-ыг нас барсан талаар түүний эцэг, эх нь манай өрхийн эрүүл мэндийн төвд мэдээлээгүй байсан. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн төрөх тасагт амаржсан байсан. Манай өрхийн эрүүл мэндийн төвөөс эх, нярайд 2024 оны 07 дугаар сарын 23, 29, 08 дугаар сарын 02, 06, 12, 22-ны өдрүүдэд гэрийн эргэлтээр очиж үзлэг хийж, зөвлөгөө өгсөн. Миний тухайд 2024 оны 08 дугаар сарын 12, 22-ны өдрүүдэд очиж үзлэг хийж,  08 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийхэд нярайн шарлалт хэвийн өсөлт бойжилт хэвийн явагдаж байсан, гэхдээ эхэд нярайг хүүхдийн эмчид үзүүлж, фото эмчилгээ хийлгэж нярайн шарлалтыг буулгах талаар зөвлөгөө өгсөн, харин 08 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийхэд нярайн шарлалт буурсан, нүүр хэсгээр бага зэрэг тууралттай байсан, нярайг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Түүний эх Д.Д-аас нярайн хооллолтын талаар асуухад тогтмол хөхөөр буюу эхийн сүүгээр дагнан хооллож байгаа гэсэн бөгөөд ямар нэгэн нэмэлт хоол хүнс өгдөггүй гэж байсан...” гэсэн мэдүүлгээр,/хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч П.Б-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000000057 дугаартай “...1. Амь хохирогч С.Б-ын цогцост гаднын нөлөө бүхий гэмтэл тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч С.Б нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 22 цаг 32 минутад ямар нэгэн хүндрэлгүй гүйцэт төрсөн байна.

6. Нярайн цогцост үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

7. Амь хохирогч С.Б нь амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

8. Шинжилгээ үзлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай бүрэн тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. 

Шүүгдэгч Д.Д нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа мэдүүлсэн байх бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ.  Иймд шүүгдэгч Д.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.       

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт ...-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Д-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ