| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00164/И |
| Дугаар | 153/ШШ2022/00248 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2022/00248
2022 04 22 153/ШШ2022/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дарви суманд оршин суух, *******д холбогдох,
Гэм хорын хохирол 1,542,000 /нэг сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг цэргийн хотхон байрны гаднаас ******* улсын дугаартай Istana маркын авто машин жолоодон хөдөлгөөнд оролцож байгаад улсын дугэартай Тоуоtа sai маркын авто машинийг мөргөсөн миний бие тус машины эзэмшигч бөгөөд хохирол барагдуулж өгөхийг хүссэн. Машины урд буфэр хагарсан, жолооч талын их гэрэл мөн хагарсан. Тус эвдэрлийг хохирогч миний бие өөрөөсөө гаргаж машинаа янзлуулж авсан. Урд буфэр 1,100,000, урд их гэрэл 1,000,000 Ховд аймаг руу авахуулсан тээврийн зардал 50,000, засварын хөлс 350,000, нийт 2,500,000 төгрөг болсон. нь 1 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд бүрэн барагдуулж өгөхөөр болсон ч удаа дараа худлаа хэлэн утсаа авахаа больсон бөгөөд миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч *******гаас 1,542,000 төгрөг гаргуулж өгнө үү.
... 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой гэрийнхээ гадна машинаа зогсоол дээр тавиад гэрлүүгээ орсон. Гэрийнхээ цонхоор хараад зогсож байхад дугаартай истана машинаар миний машиныг мөргөчихсөн. ...Би машиныхаа гэрэл, гуперээ хотоос асуулгасан ба гэрэл 1,000,000 төгрөг, гупер 1,500,000 төгрөг гэж байсан. ******* ах бас мэдэж байгаа. Би *******д та гэрэл, гуперээ авчираад өгчих, би танаас мөнгө авахгүй гэж хэлсэн. Даатгал намайг дуудаж 1,510,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээгээр гэрэл шинээр гаргаж өгөөд гупер засварлана гэх үнэлгээ гарсан. Тэгэхээр нь би гуперээ шинээр тавиулна гэж хэлсэн. *******д даатгалаас 1,510,000 төгрөг гарах юм байна, та юмнуудаа өөрөө авчирж өг гэж хэлсэн. Даатгалаас баримтуудыг нь бүрдүүлж аваад над руу мөнгө хийнэ гэсэн. Даатгалын мөнгө орж ирэх гэж нилээн удсан. Би гупер шинээр авна, та зөрүү 500,000 төгрөгийг надад өгчих гэж хэлэхэд ******* за гэсэн. Үнийн судалгааг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Би өөрөөсөө мөнгө гаргаж машинаа засварт өгөөд даатгалын байцаагчийг дуудаж үзүүлсэн. Машин янзлагдаад дуусаад *******г дуудахад ирээгүй. Надад машины түлхүүр, жолооны үнэмлэхээ өгсөн. Би машин засварын хөлс мөнгийг шилжүүлээд машинаа авсан. ******* ах надад 100,000 төгрөг байна үүнийг авч бай гэж хэлэхээр нь би авахгүй гэхэд чи мөнгөнийхөө оронд наад бичиг баримтаа ав гээд утсаа салгасан. Тухайн үед цагаан сар болох гэж байсан. 2 дугаар сарын сүүлээр 958,000 төгрөг Бодь даатгалаас гэж миний дансанд орж ирсэн. Үнэлгээний талаар асуухад *******д мэргэшсэн даатгал байхгүй учраас 1,510,000 хувьчлагдаад орж байгаа гэж хэлсэн. Би даатгалын хүнийг өөрөө ******* гуай руу залгаад хэл гэж хэлсэн. Зөрүү мөнгөө яах вэ гэхэд, *******тайгаа учраа ол гэж хэлсэн. Бодь даатгалын төвөөс над руу ярьсан. Би гуперээ 1,000,000 төгрөгөөр, гэрлээ 950,000 төгрөгөөр авахуулсан. Засвар мөнгө 450,000 төгрөг болсон. Автобусны зардалд 50,000 төгрөг төлсөн. Манай эхнэр бүх мөнгийг шилжүүлсэн... гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 20 цагийн орчимд Жаргалант сумын Буянт багийн Цэргийн хотхоны байрны гадаах авто машины зогсоолын талбайд машинаа тавиад гэртээ ороод буцаад яаралтай эмнэлэг явах ажил гараад машинаа асаагаад ухрах гэтэл ард байсан машиныг шүргэж, гэмтээсэн нь үнэн. Гэвч миний авто машин нь жолоочийн хариуцлагын даатгалтай тул Вендо ХХК-иар үнэлгээгээр тогтоож, 1,510,000 төгрөгийн үнэлгээ тогтоож энэ мөнгийг Бодь даатгалаас иргэн *******д хохирлыг нь барагдуулж өгсөн тул 1,542,000 төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй гэж үзэж байна.
....******* даатгалаас өгсөн мөнгө дээр нэмж 1,542,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би зөвшөөрөхгүй байна. Надад мэргэшсэний даатгал байхгүй учраас хувьчлагдаж орж байна гэж хэлсэн. Зөрүүг нь өгөөрэй гэж даатгалаас хэлсэн. Үнэлгээгээр гарсан 1,510,000 төгрөгийн зөрүү үнийг би өгөхөд бэлэн байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* улсын дугаартай автомашины их гэрэл, гуперт гэмтэл учирсныг харуулсан гэрэл зураг, засвараас гарсны дараах гэрэл зураг, иргэн гийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, иргэн *******ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн ийн тодорхойлолт, засвар үйлчилгээний хуудас,
Хариуцагчаас нөхөн төлбөрийн шийдвэр, Вендо ХХК-ийн үнэлгээний хуулбар, тайлангийн хавсралтын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: А.Сүхтулгын Тоёота маркийн машиныг ******* Истана маркийн машинаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой ******* нь А.Сүхтулгыг хохиролгүй болгоод өгье гэж тохиролцоод салсан байна. ******* нь даатгалд хандаж 958,000 төгрөгийг даатгалаас *******д гаргуулж өгсөн. Иймд, А.Сүхтулгын нэхэмжилсэн 1,542,000 төгрөгийг *******гаас гаргуулах саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,542,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Цэргийн хотхон байрны гаднаас ******* улсын дугаартай Истана маркийн авто машин жолоодон хөдөлгөөнд оролцож байгаад улсын дугаартай Тоёота сай маркийн авто машиныг мөргөсөн. Машины урд буфер, жолооч талын их гэрэл хагарсан, тус эвдрэлийг хохирогч миний бие өөрөө янзлуулсан. Машинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэхэд Вендо хөрөнгийн үнэлгээний компаниас 1,510,000 төгрөг гэж гарсан боловч би машины эд ангийг Улаанбаатар хотоос авчирсан бөгөөд их гэрэл 950,000 төгрөг, буфер 1,000,000 төгрөг, эдгээрийг авчруулахад автобусны зардалд 50,000 төгрөг, засварлуулахад ажлын хөлс 430,000 төгрөг, нийт 2,430,000 төгрөг болсон. Миний дансанд Бодь даатгалаас 958,000 төгрөг орж ирсэн. ******* нь надад хохирлыг бүрэн барагдуулж өгөхөөр болсон ч удаа дараа худлаа хэлж, утсаа авахаа болсон тул шүүхэд хандсан. Иймд, үлдсэн мөнгө, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч *******гаас гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгчийн машинд гэмтэл учруулсныг зөвшөөрч байна. Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр хохирлыг 1,510,000 төгрөгөөр тогтоож, энэ мөнгөөс 958,000 төгрөг А.Сүхтулгын дансанд орсон. Миний хувьд 1,510,000 төгрөгийн зөрүүг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин А.Сүхтулгын нэхэмжилж байгаа 1,542,000 төгрөгийг нэмж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй... гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Цэргийн хотхон байрны гаднаас ******* улсын дугаартай Истана маркийн авто машин жолоодон хөдөлгөөнд оролцож байгаад улсын дугаартай Тоёота сай маркийн авто машиныг мөргөж, тус машины их гэрэл, урд буфер хагарсан. Улмаар даатгалын үнэлгээнд эзлэх хохирлын 1,510,400 төгрөгөөс *******д 958,047 төгрөгийн нөхөн төлбөрийн дүнг олгосон нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2 хуудас гэрэл зураг болон Бодь даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн №0312202032 шийдвэр зэргээр тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчээс Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээнээс машинд учирсан хохирол нь бодит байдалд илүү зардал гарсан тул зөрүү мөнгийг авна, хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй хирнээ тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тухайн үнэлгээний байгууллагаас хийлгэсэн үнэлгээний тайлангийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, зөрүү мөнгийг өгнө... гэж маргана. Харин зохигчид тухайн авто машины урд буфер, их гэрэл хагарсан гэдэгт маргаагүй бөгөөд Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр 1,510,400 төгрөг гэж үнэлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч тухайн үнэлгээгээр 1,510,400 төгрөгөөр үнэлсэн гэдэгт маргаагүй болно.
6. Дээрх байдлаар гэм буруугийн талаар талууд маргаагүй байх учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Хохирлын хэмжээний тухайд: Зохигчид тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо тогтоолгохоор Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд ийнхүү үнэлгээний тайлангаар бодит хохирлыг 1,510,000 төгрөг гэж тогтоосон, энэ үнэлгээг хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад үгүйсгээгүй болно. Нэхэмжлэгчийн хувьд уг үнэлгээг тухайн үед зөвшөөрөөгүй боловч үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан авагдсан Бодь даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн шийдвэрийн дагуу бодит хохирлыг 1,510,400 төгрөгөөр үнэлсэн гэж үзэн уг хохирлыг хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан үнэлгээгээр гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд, хариуцагч *******гаас 552,353 төгрөгийг гаргуулан /1,510,400 958,047 = 552,353/ нэхэмжлэгчид олгож, үлдэх 989,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
8. Иргэдийн төлөөлөгчөөс ******* нь А.Сүхтулгыг хохиролгүй болгоод өгье гэж тохиролцсон байна. ******* нь даатгалд хандаж 958,000 төгрөгийг даатгалаас *******д гаргуулж өгсөн. Иймд, А.Сүхтулгын нэхэмжилсэн 1,542,000 төгрөгийг *******гаас гаргуулах саналтай байна хэмээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хэрэгт цугларсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар уг хэргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн болно.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн иргэн , Б.Алтангэрэл нарын тодорхойлолтод тэдгээрийн иргэний үнэмлэх нь хавсаргагдаагүй тул хэн бичсэн нь тодорхойгүй, мөн Кузов засварын гэх баримт нь хэзээ үйлдэгдсэн талаарх он, сар, өдөргүй, тамга, тэмдэг дарагдаагүй байна. Түүчнлэн, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан *******ийн мэдүүлэг нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд түүний ХААН банкны харилцах депозит дансны хуулга бүхий баримтуудаар хэнд, ямар утгатай мөнгө шилжүүлэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохы дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч *******гаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 552,353 /таван зуун тавин хоёр мянга гурван зуун тавин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 989,647 /есөн зуун наян есөн мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А.Сүхтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,622 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******гаас 17,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.РАУШАН