Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашын Мөнхбүрэн |
Хэргийн индекс | 151/2019/00311/И |
Дугаар | 151/ШШ2019/00626 |
Огноо | 2019-05-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2019/00626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... байрлах “ .......... банк” ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. газарт холбогдох
Г.Д, С.Д нарын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 71,448,460 төгрөг болон 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Юмжирмаа, С.Энхзаяа, гуравдагч этгээд Г.Дуламжав, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “.....банк” нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тоот үнэлгээний тайлбантай танилцаад дараах үндэслэлээр дүгнэлтийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 151/ШШ2017/00962 дугаар захирамжийн дагуу хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас зээлийн төлбөрт нийт 57,688,795 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
“.....банк” ХХК хүсэлт гаргасны дагуу ....... газарнь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
....... газраас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/270 дугаартай албан тоотоор төлбөр авагч “.....банк” ХХК-д хандаж шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст дурдсан Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхийн орон сууцны үнэлгээг мэдэгдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан борлуулах хөрөнгийн үнэлгээнд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Хан-Үнэлэмж” ХХК дүгнэлт гаргаж Г.Дуламжавын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг 71,448,460 төгрөг гэж гаргасан байна.
“Хан-Үнэлэмж” ХХК нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жил байгуулах элэгдлийн хэмжээг тооцохгүй, хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа 1980 он байхад тухайн хөрөнгийг бусад этгээдээс худалдан авч өмчлөх эрхээ 2010 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснийг үндэслэсэн нь буруу байна. Тухай хөрөнгийг хэзээ худалдан авч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн нь уг хөрөнгийн ашиглалтад орсон хугацааг илтгэхгүй бөгөөд анх ашиглалтад орсон буюу 1980 оноос элэгдэл хорогдлыг тооцно. Нөгөөтэйгүүр үнэлгээний байгууллага нь хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 27,7 ам метр гэж заасан байхад нь түүнийг 63,49 мкв талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэйгүүр үнэлсэн ба үнэлгээг хэрхэн, яаж хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Дуламжавын өмчлөлийн .... тоотод байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг 71,448,460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “.....банк” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
... Гэтэл “Хан Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээчин нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эсхүл шүүхээс “Хан Үнэлэмж” ХХК-ийн 3 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, үнэлгээ хийх цаг хугацаа дуусан байхад өөрийн санаачлагаар хөрөнгийг дахин үнэлж, үнэлэгдсэн хөрөнгийн нийт үнэ цэнийг 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 68,569,200 төгрөгөөр тодорхойлсон... Иймд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Дуламжавын өмчлөлийн .... тоотод байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Талбайг тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмжих журмаар зохицуулсан байхад хөрөнгийн үнэлгээний эрхтэй этгээд хэмжиж, талбайн хэмжээг нэмэгдүүлэн тооцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээг хийлгэх нь шийдвэр гүйцэтгэлийн хуулийн дагуу хийлгэж байгаа учраас хариуцагчаар тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлага нь үнэлгээнд өөрчлөлт оруулах бус үнэлгээг хүчингүй болгуулах учраас Шүүхийн шүийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шаардаж
байна. Өөр дээд шатны байгууллагад хандах шаардлагагүй гэж үзсэн” гэв.
Хариуцагч ....... газарнь хариу тайлбартаа:
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг. Иймд ....... газарнь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын барьцаа хөрөнгөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/01 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд манай байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шинжээч нь өөрийн гаргасан үнэлгээний тайлангаа үнэн зөв бодитой эсэхийг өөрөө бүрэн хариуцах учир манай байгууллага нь үнэлүүлсэн хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаар оролцох ёсгүй гэж үзэж байна. Иймд “.....банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагч ....... газарнь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа:
“.....банк” ХХК нь нэхэмжлэлдээ .... тоотод байрлах, улсын бүртгэлийн ..... дугаартай, 27,7 метр кв талбай бүхий орон сууцыг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг.
Иймд ....... газарнь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын барьцаа хөрөнгөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/01 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг гэрчээр оролцуулахад Адъяасүрэн нь техникийн алдаагаа засан дахин үнэлгээ хийгээд 68,569,200 төгрөг болгож алдаагаа зассан гэж тайлбарласан байдаг. “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэн нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай газарт үнэлгээний тайлангаа ирүүлэхдээ 68,569,200 төгрөг болгон өөрчлөн ирүүлсэн бөгөөд тус газар нь хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. Цаашид дээрх үнэлгээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болно” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2010 онд 23,000,000 төгрөгөөр худалдаж аваад 16,000,000 төгрөгийг банкнаас ипотекийн зээлээр авч байсан. 4 жилийн дараа бизнесээ өргөжүүлээд өөр дэлгүүр, хоршоо нээх шаардлагатай болоод зээл хүсэхэд “.....банк” ХХК нь анх 40,000,000 төгрөгийн бэлнээр олгосон. Манай байрыг тухайн үед 60-65 сая төгрөгөөр үнэлж байсан. Бусад зээлүүдэд 53,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний байрыг 53 саядаа аваад зээлийг хаагаад өгөөч гэсэн банк зөвшөөрөөгүй” гэв.
Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Хариуцагч гэж хэнийг хэлэх вэ гэхээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хүнийг хэлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажиллагаа хийсэн. Мөн хуулиар хамгаалагдсан эрх хэмжээг зөрчсөн буюу гүйцэтгэх ёстой ажиллагаа хийгээгүй байх ёстой. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоол гаргаж шинжээчийг томилсон үйлдлээ тайлбарлаж байна, энэ бол танай эрхийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгож өгөөч гэж байна. Үнэлгээ хийсэн хүний тайлбар дээр үнэлгээг зөвшөөрөхгүй бол дээд шатны байгууллага буюу үнэлгээчдийн нэгдсэн институтэд гомдлоо гаргах эрх бол байгаа гэсэн. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэгч стандартчилал хэмжил зүйн газрын гаргасан журам, дүрмээр бол барилгын зураг төсөв гаргах чиг үүрэг бүхий байгууллага үнэлгээг гаргах ёстой гэж байна. Үнэлгээн дээр гомдол гаргаад байгаа учраас үнэлгээчнийг хариуцагчаар татах ёстой. Эсвэл энэ чиг үүргээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар үнэлгээ хийлгэх саналтай байх байтал үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж хариуцагчийг буруу тодорхойлсон байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “.....банк” ХХК нь хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Дуламжавын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 71,448,460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн .... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх анхны гомдлоо хуульд заасан хугацаанд нь гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00962 тоот шүүгчийн захирамжаар Г.Дуламжав нь 56,967,799.72 төгрөгийг “.....банк” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн .... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууц болон бусад барьцаа хөрөнгөөр хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх-12-14/
Нэхэмжлэгч “.....банк” ХХК-ийн хүсэлтээр дээрх захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШЗ2017/03929 тоот захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 151/ГХ2017/00573 тоот гүйцэтгэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна. /хх-45-46/
....... газарнь дээрх захирамжууд болон гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18200090 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцэж байна. /хх-44, 50,51/
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18200090/05 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18200090/06 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг хураасан бөгөөд төлбөр авагч “.....банк” ХХК нь 30,000,000 төгрөгөөр, өмчлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар нь 90,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн талаар талууд харилцан тохиролцоогүй байна. /хх-52-57/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан.
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилох тухай 02/01 дугаартай тогтоол үйлдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулж батлуулсан байна. Уг тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг үнэлүүлэхээр “Хан- Үнэлэмж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд Ч.Адъяасүрэнг шинжээчээр томилжээ. /хх-32, 11/
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч нарын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилж оролцуулж болно”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийнэ” гэсэн заалтад нийцсэн байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд Ч.Адъяасүрэн нь эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсон, хуульд заасан үндэслэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.
Эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Хан Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээчин Ч.Адъяасүрэнд 02/01 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-ыг гардуулан өгч, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулжээ. /хх-30,31/
Шинжээчээр томилогдсон “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээчин Ч.Адъяасүрэн нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайлангаар Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ талбайн хэмжээг “63,49 м.кв”, “1 м.кв-ыг 1,107,450 төгрөгөөр”, нийт 71,448,460 төгрөгөөр үнэлж, тайланг “Хан-Үнэлэмж” ХХК-ийн нэрээр үйлдэж, мэргэшсэн үнэлгээчин Ч.Адъяасүрэн гэж гарын үсэг зурж, баталгаажуулан, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-4-11/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэх үүргээ биелүүлж, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн албан тоотоор төлбөр авагч “.....банк” ХХК-д мэдэгдсэн байна. /хх-1/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг төлбөр авагч “.....банк” ХХК эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан учир шаардах эрхтэй байна, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “.....банк” ХХК нь Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жил байгуулах элэгдлийн хэмжээг тооцохгүй, хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа 1980 он байхад 2010 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснийг үндэслэсэн, талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд “27,7 ам метр” гэж заасан байхад нь “63,49 м.кв” талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэйгүүр үнэлсэн ба үнэлгээг хэрхэн, яаж хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн, хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд талбайг хэмжсэн” учраас үнэлгээг хүчингүй болгуулна гэж, хариуцагч ....... газарнь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу шинжээч томилж, эрх үүргийг тайлбарлан үнэлгээ хийлгэсэн, шинжээчийн хийсэн үнэлгээг манай байгууллага өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй гэж, гуравдагч этгээд Г.Дуламжав, тэдний өмгөөлөгч С.Сувдмаа нар нь ....... газарнь үнэлгээ хийсэн этгээд биш учир хариуцагч болохгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Хан-Үнэлэмж” ХХК нь уг хөрөнгийг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг дахин гаргасныг ....... газарнь хүлээн авч, цаашид энэ үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах болно гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна./хх-196-201, 220-222/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус... тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоолоор нэмэлт шинжилгээ хийлгэж болохоор заасан хэдий ч шийдвэр гүйцэтгэгч ийм тогтоол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны үеэр гаргасан талуудын тайлбараар нотлогдож байна.
Шинжээч Ч.Адъяасүрэн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “.....банк” ХХК-ийн хүсэлтээр үнэлгээний тайлангийн техникийн алдааг зассан, үнэлгээний зассан тайланг Г.Дуламжавд өгсөн, үнэлгээнийхээ тайланг өөрөө нэг удаа засах эрхтэй” гэж тайлбарлаж байх хэдий ч Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар үнэлгээчин өөрийн санаачлагаар, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр шинжээчийн дүгнэлт буюу тайланд засвар өөрчлөлт оруулах, шинээр тайлан гаргах эрхийг олгоогүй байна.
Үнэлгээчин Ч.Адъяасүрэн нь сайн дурын үндсэн дээр гэрээгээр тохиролцон хөрөнгөд үнэлгээ хийх журмыг хуулийн дагуу шинжээчээр томилогдож шинжээчийн дүгнэлт гаргахдаа баримталсан, захиалагчийг иргэн “Г.Дуламжав” гэж тодорхойлсон, үнэлгээ хийхдээ шүүхийн шинжилгээний хууль дээдлэх, хараат бус байх зарчмыг баримтлаагүй болох нь:
-Захиалагчийн нэр: Боржгон овогтой Г.Дуламжав; Үнэлэх объектын нэр: ...хоёр өрөө хувийн сууц; үнэлэгдсэн хөрөнгийн нийт үнэ цэнэ: 71,448,460 төгрөг, 2019 оны 03 сарын 04; барилгын нийт хэмжээ 63,49м.кв талбайтай, ашиглалтад орсон он сар-2010, элэгдэл 0” гэсэн ... “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хийсэн “Үнэлгээний тайлан” /хх-4-6/,
-“Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар бүх талбайг хэмждэг. 63.49 м.кв болсон” гэх, “өөрсдөө хэмжилт хийснийг манайх баталгаажуулсан. Үнэлгээчин баталгаажуулдаг” гэх, “зах зээлийн үнэлгээ 850,000-1250,000 төгрөг байгаа, би 1 м.кв-ыг 1,107,000 төгрөгөөр үнэлсэн” гэх, “нэхэмжлэгч талыг хүсэлт гаргахад би дахин хянаад шинэчилсэн хувилбараар 68,569,200 төгрөг болсон” гэх, “ашиглалтад орсон огноо нь үнэлгээнд нөлөөлөх үү. Нөлөөлнө. Өртгийн хандлага хийх юм бол үнэгүй болно. Тийм учраас зах зээлийн жишиг үнэд тулгуурласан” гэх Ч.Адъяасүрэнгийн гэрчийн мэдүүлэг, /хх-167-169/,
-Г.Дуламжавын “надад хананаас хананы хооронд хэмжээ авна гэснээр хэмжиж, зургийг би зурж өгсөн” гэх, “би өөрөө хөрөнгө оруулалт хийж засч сайжруулсан, үүнийгээ шинжээчид бичиж өгсөн” гэх тайлбар, бичгээр гаргасан хүсэлт; /хх-204, 206/
-Үнэлгээний тайланг өмчлөгч Г.Дуламжавд танилцуулж гарын үсэг зурсан /хх-196-201/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, шинжээч Ч.Адъяасүрэнгийн “Г.Дуламжаваар маргаж буй талбайн хэмжилтийг хийлгэсэн, орон сууцанд засвар үйлчилгээ оруулсан тухай Г.Дуламжавын хүсэлтийг хүлээн авсан, үнэлгээний тайланг бусад этгээдийн хүсэлтээр засварласан, үнэлгээний тайланг хөрөнгийн эзэн Г.Дуламжавд танилцуулсан” дээрх үйлдэл нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачлагаар баримт материал цуглуулах”, 15.1.5-д заасан “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэх”-ийг хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна.
Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууц нь 1984 оноос иргэн С.Самданшаравын эзэмшилд анх байсан ба түүний гэр бүлд хувьчлагдаж, 1998 онд 27,7 ам метр сууцны талбай бүхий үл хөдлөх хөрөнгө гэж өмчлөлийн анхны бүртгэлд бүртгүүлснээс хойш хэд хэдэн өмчлөгчид шилжиж, худалдах худалдан авах гэрээнд үндэслэн 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр одоогийн өмчлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлд “27,7 ам метр сууцны талбай бүхий 2 өрөө орон сууц” гэж бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-81-88, 176-183/
Иймд Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн .... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг үнэлсэн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71,448,460 төгрөгийн үнэлгээ, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 68,569,200 төгрөгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.
Маргаж буй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явуулж буй ажиллагааны нэг хэсэг болно. ....... газарнь үнэлгээг хуульд заасны дагуу явуулах, шинжээч хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, агуулгын зөрчилтэй үнэлгээг хүлээн авч, ажиллагаа явуулж байгаа тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71,448,460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 68,569,200 төгрөгөөр үнэлгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч “.....банк” ХХК нь төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцны үнийг 37,000,000 саяд тооцох боломжтой, үнэлгээчний үнэлгээ нь хэт өндөр гэж тайлбарлан, үнэлгээг эс зөвшөөрч маргаж байх хэдий ч шүүх хуралдааны үеэр гуравдагч этгээд Г.Дуламжавын “.....банк” надад зээл өгөхдөө 53,000,000 төгрөгөөр үнэлж, 40,000,000 төгрөгийн зээл өгч байсан” гэх тайлбарыг няцаагаагүй, зах зээлийн бодит үнээс дээгүүр хэт өндөр үнэлсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангаас буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн ... тоотод байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71,448,460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн гаргуулан нэхэмжлэгч “.....банк” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН