Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2018/00567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, 4 дүгээр баг, Хушинга гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Төмөр замын 131 тоотод түр оршин суух, 56 настай, эрэгтэй, Ойрд овогт Мавганы ...................... /РД:НУ62112356/-гийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч .................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .................. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч .................. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ардын цэргийн албанаас 1983 оны 6 дугаар сарын 27-нд халагдаж, 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажилласан. Нэгдэл хувьчлагдахад нэгдлээс гарч хувиараа хөдөлмөр эрхэлсэн болно. Нэгдэл хувьчлагдахад хөдөлмөрийн дэвтрээ авч чадалгүй үрэгдүүлсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн зарим оны тушаал шийдвэр нь архиваас гарахгүй байна. Иймд гэрчийн тодорхойлолт, бусад материалыг үндэслэн 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч .......................... нь Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын

 

31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-1/,

 

Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд: Төв аймгийн Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 279 дугаар Тус аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн даргын 1983, 1990 тушаалд малчнаар томилсон, малчнаас чөлөөлсөн тушаал гараагүй, мөн цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул ........................ лавлагаа олгох боломжгүй тухай албан тоот /хх 3/,

 

Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар Тэтгэмжтэй чөлөө, ээлжийн амралт олгох тухай тушаал, тус тушаалын 12 дугаарт ........................ нэр бичигдсэн байх ба 1989 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжийн амралт эдэлсэн байна. /хх-4/,

 

Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, тус тушаалын 63 дугаарт .......................нэр бичигдсэн байх ба 1990 оны 12 дугаар сарын 1-нээс ээлжсийн амралт эдэлсэн байна. /хх 5/,

 

Батлан хамгаалахын төв архивын ................... нь 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хаасан талаар лавлагаа /хх 6/,

 

1988 оны Баярын бичиг, 1988 оны Аваргын диплом, гэрч Б.Шагдарсүрэнгийн ...1983 оноос Лхагвасүрэн нь Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад хоньчноор ажиллаж эхэлснээр таних болсон. Миний бие 1966 оноос хойш Эрдэнэ сумын Туяа нэгдэлд тооцооны ня-бо-гоор 1991 оны 1 сар хүртэл хугацаагаар ажиллаж байсан. Бид 1983 оноос хойш 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан. Тухайн үед шагнал урамшил авч байсан Сайн ажилладаг хүн байсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Лхамжавын *******гийн аав ээж, нь Лхагвасүрэнг хүүхэд байхад нь Увс аймгаас малчнаар Туяа нэгдэлд татаж авчирсан. Тэгээд сургуульд сурч, цэргийн алба хааж 1983 оноос малчин болсон. Харин би Эрдэнэ сумын Туяа нэгдлийн орлогч даргаар 1986 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Лхагвасүрэн нь 1983 оноос 1991 оныг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан гэх мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг болно. /хх17-23/

 

Дээрх бичгийн нотлох баримтуудаас 1988 оны Аваргын дипломыг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэн ....................... нь 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад ажиллаж байсан байдал тогтоогдож, 1983 оноос эхлэн ажилласан гэх байдал гэрчийн мэдүүлгээс өөр бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ...................... ................... /РД:...................../-г Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч.....................улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.АЛТАНТУУЛ