Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2022/00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......................... тоотод оршин суух, Ц овогт А.А /РД:........утас ............./

Хариуцагч: ..............тоотод оршин суух, Д.Б  /РД:........., утас ................./

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: А.А, түүний өмгөөлөгч С.Г

Хариуцагч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Б

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.А нь, Д.Бод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж, 10 жил хамт амьдарсан. Гэр бүл болсноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж боломжийн сайхан амьдарч байсан. 2016 оноос хойш гэр бүлийн маргаан эхэлсэн. Нөхөр Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-нд гэрээсээ яваад холбоо барихгүй болохоор нь цагдаад хандахад 4 хүүхэдтэй эмэгтэйтэй нийлж хамт амьдарч байхад нь авч ирж хамтдаа амьдарсан. Гэтэл Д.Б нь дахин гэртээ ирэхгүй гадуур хонож, өөр хүнтэй уулзаж танилцаж, улмаар гэртээ ирэхдээ надад гарч хүрч ална гэдэг болсон тул би иймэрхүү байдалтай хамт амьдарвал амь насаа алдах юм байна гэж бодоод Хяргас суманд аавындаа очсон. Хэсэг хугацааны дараа ирж уучлалт гуйж амлалт өгч, эвлэрч 3 хүүхэдтэйгээ дахин хамт амьдарсан. Гэвч дахин гэрээсээ явж өөр хүнтэй амьдрах болсон. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 16-нд гэртээ ирээд надаас сална гээд бичиг хийж өгөөд явсан. Би насанд хүрээгүй 3 хүүхдээ бодоод түүний гаргасан үйлдэл болгоныг нь уучлаад явдаг байсан. Тэр үед би Д.Бын ээжтэй нь, 3 хүүхэдтэй хамт амьдардаг байсан. Амьдрал хэцүү байсан тул 3 хүүхдээ ээжид нь үлдээгээд Турк улс руу 2017 оны 09 дүгээр сард яваад 2021 оны 11 дүгээр сард буцаж ирсэн. Энэ хугацаанд Д.Б 3 хүүхэд дээрээ 2 удаа очсон. Сүүлд ирэхдээ хоёр охиноо Говьсүмбэрт авчраад сургуульд оруулсан боловч орчиндоо дасахгүй хичээлдээ явахгүй, ковид өвчнөөр өвдсөн байсан учир би Монголд ирэнгүүтээ буцаагаад Увсад сургуульд нь оруулсан. Би 2022 оны 02 дугаар сар хүртэл Увсад хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаад Улаанбаатар хотод ажилд орсон. Одоо хүүхдүүд маань эмээтэйгээ Увсад байгаа. Настай хүн 4 жил хүүхдүүдийг миний асарч өсгөж өгсөн. Цаашид шүүх асрамжийн асуудлыг шийдчихвэл 3 хүүхдээ өөр дээрээ авна, аав маань ахын хашаанд гэр барьж өгнө гэсэн. Д.Б энд өөр хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болчихсон. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжинд өгч, тэтгэлэг тогтоож өгнө үү. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн, одоо энэ талаар ярьмааргүй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

2.Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны хавар гэр бүлийн маргаанаас болж би гэрээсээ явсан. Энэ хугацаандаа найзынхаа дүүтэй танилцсан. А.А намайг гэртээ ир гээд буцаад очсон боловч таарч тохироогүй. Тэгээд эвлэрүүлэн зуучлагч 3 удаа уулзалт зохион байгуулаад уулзалт амжилтгүй болсон. Би хүүхдүүд дээрээ жил болгон очдог байсан. Өнгөрсөн намар А.А над руу яриад хоёр охиныг чинь хүн зодоод байна чи өөрөө очиж ав гэхээр нь хоёр хүүхдээ аваад энд ирээд сургуульд оруулсан. Гэтэл ирээд хоёр сар болж байтал Би Туркээс ирж байна, ер нь болъё, буцаагаад авъя гээд буцаагаад явуулсан. Би энд ирээд тусдаа амьдрал зохиосон, том нь 4 настай, бага нь 2 сартай хоёр хүүхэдтэй. Буцаж нийлж амьдрах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд ээжтэйгээ байна гэж өөрсдөө шийдсэн болохоор ээжид нь өгөх нь зүйтэй байх. Би яагаад өөрийн асрамжинд авъя гэсэн нь А.А Би Туркэд хүнтэй хамт амьдарч байсан. Тэр хүн маань Монгол руу явуулахгүй гээд арай гэж ирсэн, араас ирж авч явж магадгүй гэсэн болохоор хүүхдүүдийг маань аваад явчих вий, Турк хүний гарт охидуудаа өгөхгүй гэж бодоод тайлбар бичиж өгсөн. Бид хоёр хамт амьдарч байхдаас сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл аваад одоог хүртэл төлөөгүй. Энэ зээлийг төлж барагдуулсныхаа дараа хүүхдийн тэтгэлэг төлье гэж ярилцмаар байна. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

3.Нэхэмжлэгч талаас, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болон тухай тэмдэглэл, ...................................................................... тодорхойлолт, цахим бүртгэл, охин Б.Б, Б.Учрал, хүү Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эмчийн 2022.02.14-ний өдрийн тодорхойлолтууд, Увс аймгийн ..................дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын ................. өдрийн тодорхойлолтууд, Д.Бын өөрийн гараар бичсэн амлалт гэх гар бичмэл 2 хуудас,

хариуцагч Д.Боос хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4.Шүүхээс, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар хүргүүлж, хүүхдүүдийн саналыг асууж тэмдэглэл үйлдсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нөхөр Д.Б нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болон тухай тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, цахим бүртгэл, охин Б.Б, Б.У, хүү Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эмчийн 2022.02.14-ний өдрийн тодорхойлолтууд, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022.02.14-ний өдрийн 69 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2022.02.14-ний өдрийн тодорхойлолтууд, Д.Бын өөрийн гараар бичсэн амлалт гэх гар бичмэлүүд, талуудын тайлбар, хүүхдүүдийн санал зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.А, хариуцагч Д.Б нар нь 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэн хамтран амьдарсан байх ба хамтын амьдралын хугацаанд 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Б.У, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Б 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Б.Б-ийг нарыг төрүүлжээ.

Гэр бүлийн маргааны улмаас гэрлэгчид, 2017 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч, 3 хүүхэд нь эмэг эх буюу нөхрийн ээжийн асрамжинд одоог хүртэл амьдарч байгаа. Эхнэр А.А нь 2017 оны 09 дүгээр сараас Турк улсад ажиллаж, амьдарч байгаад 2021 оны 11 дүгээр сард буцаж ирсэн, нөхөр Д.Б нь өөр бусадтай хамтын амьдралтай, 0-4 насны 2 хүүхэдтэй болсон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн маргаан үүсэх үед шүүхийн журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон шалтгаанаар дуусгавар болжээ.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.14.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. гэснээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Дээрх нөхцөл байдал болон хариуцагч Д.Б нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн гэрлэгчид харилцан тохиролцсон гэж үзэж, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

Охин Б.Б, Б.Учрал, хүү Б.Б нар нь ээжтэйгээ хамт байх саналыг гаргасан бөгөөд хариуцагч асрамжийн асуудлаар маргаагүй учир тэднийг эх А.Аын асрамжинд үлдээв.

 

Хэдийгээр шүүхээс хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж шаардлага гаргасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдал, түүнчлэн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2022 онд Увс аймагт тогтоогдсон хэмжээ 238800 төгрөг/ эцэг Д.Боор охин Б.Б, Б.Учрал, хүү Б.Б нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

6.Хариуцагч нь сум хөгжүүлэх сангаас зээлсэн өрийн талаар тайлбар гаргасан боловч эд хөрөнгийн маргаантай гэж бие даасан шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6.-д заасныг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Я овогт Д.Б, Ц овогт А.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар охин Б.Б, Б.Учрал, хүү Б.Б нарыг эх А.Аын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Д.Бын Б, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Бын Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн тэднийг болон 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Бын Учрал нарыг тус бүр 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Боор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

5.Зохигчид эд хөрөнгийн маргаан гаргаагүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Аад даалгасугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Р.д даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ