Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/02551

 

 

 

 

 

 

 

 

2021 12 16 181/ШШ2021/0

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 55а байрны 6 тоот хаягт оршин суух, эхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат 24 дүгээр байрны 32 тоот хаягт оршин суух, холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч  нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: миний бие 2010 онд танилцаж, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Мөнх-Аялгуу төрсөн. Бид зан харилцаа, үзэл бодол, сэтгэл санаа тохирохгүйн улмаас байнгын хэрүүл маргаантай байсан тул харилцан ярилцсаны үндсэн дээр 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч эхэлсэн.

Бидний хүүхэд болох Т.Мөнх-Аялгуу одоог хүртэл надтай хамт амьдардаг. Миний бие 2016 оноос эхлэн хамтран амьдрагчтай болж дахин хүүтэй болсон.

Иймд миний бие Т.Тэмүүлэнтэй эвлэрч хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Мөнхтунгалагийн надаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Бид тусдаа амьдраад олон жил болсон, охин Т.Мөнх-аялгуу эхийнхээ асрамжид байдаг тул түүний асрамжийг эхэд нь үлдээж, тэтгэлэг тогтооход маргаан байхгүй гэв.

Шүүх, зохигчдын нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нь хариуцагч Т.Тэмүүлэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Б.Мөнхтунгалаг, Т.Тэмүүлэн нар нь 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 557 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгогдсон хууль ёсны гэр бүл байх бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Мөнх-Аялгууг төрүүлж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн, гэр бүлээрээ 2014 оныг хүртэл амьдарсан байна.

Гэрлэгчид нь гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас хамт амьдрах боломжгүй болж, 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Мөнх-Аялгууг нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нь асрамжиндаа авч, тус тусдаа өнөөг хүртэлх хугацаанд амьдарцгаасан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 113 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр дуусгавар болгосон нь гэрлэгчид цаашид эвлэрэн хамтарч амьдран, гэр бүлээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, эхнэр нөхрийн дотно харьцаатай байх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг Б.Мөнхтунгалаг, Т.Тэмүүлэн нарын хэн аль нь гүйцэтгээгүйгээс тус тусдаа амьдрах болсон байдал нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болжээ.

Зохигчид гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээхийг харилцан тохиролцож болно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нь охин Т.Мөнх-Аялгууг асрамжиндаа авч, өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд цаашид ч нэхэмжлэгч өөрийнхөө асрамжинд авахаар харилцан тохиролцсоны дагуу шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагийн асрамжинд охин Т.Мөнх-Аялгууг үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байх үүрэгтэй бөгөөд эцэг Т.Тэмүүлэнгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Т.Мөнх-Аялгууг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Өөлд овогт Түвшинбатын Тэмүүлэн /рд:УУ91042318/, Боржигон овогт Батсүхийн Мөнхтунгалаг /рд:УК89041423/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Мөнх-Аялгууг эх Б.Мөнхтунгалагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Мөнх-Аялгууг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Тэмүүлэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Т.Тэмүүлэнгээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг, хариуцагч Т.Тэмүүлэн нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Тэмүүлэнгээс 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Тунгалаг/-д даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ