Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2019/00972

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2019/00972

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

667 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““““г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “””””””””””, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар “””””””” нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.”““““г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчаар ажилладаг. Энэ суманд 2009 оноос эхлэн эмийн санчаар 9 жил ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын шугамаар ирсэн шалгалт, хяналтын албаны шалгалт, сумын Засаг даргын шалгалт зэрэгт үр дүнтэйгээр шалгуулж байсан. 2017 онд сумын бага эмч Т.”““““р малын тоонд явахдаа эмийн сангаас 667,660 төгрөгийн эм авч борлуулалт хийгээд эмийн мөнгийг эргүүлж эмийн санд тооцоо хийх байсан. Гэтэл одоо болтол тооцоо хийгээгүй. Иймд эрүүл мэндийн байгууллагаас 3 сарын дотор тооцоогоо дуусгах үүрэг өгсөн боловч одоо болтол өгөөгүй. Намайг эмийн тооцоогоо дуусгаач гэхэд хоолой боож, нүүр хүзүүнд шарх үүсгэж зодож танхайрч байсан. Ийм учраас би өөрөө хэлж яриад энэ төлбөрийг төлүүлж чадахгүй тул “““““р эмчээс борлуулалт хийсэн эмийн үнийг төлүүлж эм хариуцаж байгаа намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.”““““г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.”““““г миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн эмч Т.”““““раас баримтын шалгалтаар шивэгдсэн эм борлуулсны орлого 667 660 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Учир нь Т.”““““р нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Сэргэлэн сумын 1 дүгээр багийн эмч Н.Одончимэг, 3 дугаар багийн эмч Ө.Баасан нартай хамт дээрх багийн айл өрхөөр яваа гэж тэдэнд өгөхөөр бэлтгээд байсан 364 740 төгрөгийн эмийг 7 хоногийн дотор тооцоогоо хийнэ гэж яваад тооцоогоо хийгээгүй байхаар нь би эм борлуулалтын тооцоогоо хийхийг шаардахад эгч нь мал тооллогоор багуудаар явж ирээд нэг мөсөн тооцоогоо хийнэ гэхээр нь би итгээд дахин тооцоогоо хийхийг шаардаагүй байсан.

Т.”““““р эмч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр малын тооллогоор явахдаа Сэргэлэн сумын 2 дугаар багийн эмч Цэцгээ, багийн дарга Энхтуул нарт өгөхөөр бэлтгээд байсан 24 нэр төрлийн 197 760 төгрөгийн эмийг дээрх хүмүүстэй хамт явна гээд мөн дараа тооцоо хийнэ гээд гарын үсэг зураад аваад явсан. Мөн өөрийн багийн иргэдэд худалдан борлуулсан гэж хэлээд 23 нэр төрлийн 188 960 төгрөгийн эмийг жагсаалтаар хүлээн авч явсан.

Хариуцагч Т.”““““р нь 3 удаагийн баримтад гарын үсгээ зурж нийт 747 460 төгрөгийн эмийг борлуулаад тооцоогоо хийхгүй олон сар нэхүүлж, шаардуулснаас 80 000 төгрөг төлөөд үлдэх 667 460 төгрөгийг төлөөгүй байсан нь баримтын шалгалтаар эд хариуцагч над дээр төлбөр болон шивэгдсэн ба төлбөрийн акт нь авснаар бүртгэгдсэн.

Нэхэмжлэгч Д.”““““г миний бие байгууллагын эрх ашгийг хамгаалан Т.”““““раас төлбөл зохих 667 460 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрт учирсан хохирол гэж өөрчилж, Т.”““““раас 667 460 /зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран төгрөг/-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлдээ тодруулга хийж байна.

Түрүүчийн нэхэмжлэлийн шаардлагад 200 төгрөг илүү тооцсоноо хасан шаардлагаа 200 төгрөгөөр багасгаснаа дурдах нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “““““гийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэмэлт тайлбар, тодруулах маягаар эрх зүйн дүгнэлт хэлье гэж бодож байна. “““““г бол 3 удаагийн баримтаар Сэргэлэн сумын 5 дугаар багийн эмч “““““рт эм өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Одончимэг, Баасан нартай хамт хөдөө явна гэж хэлээд “““““гээс 340.740 төгрөгийн эм авсан байгаа. ...Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд 197.960 төгрөгийн эм авсан баримт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т.”““““р өөрийнхөө багаар явна гэж 188.960 төгрөгийн эм, 2 дугаар багийн хуваарьтай 197.960 төгрөгийн эм, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд Одончимэг, Баасан нартай хамт малын үзлэгээр явна гэж 360.740 төгрөгийн эм авч явсан.

Ингээд 3 удаагийн баримтаар 747.660 төгрөгийн эм, бэлдмэлийг дараа тооцоо хийнэ гэж авч яваад, гарын үсэг зурсан баримтууд нь хавтаст хэргийн 6, 9, 12 хуудаст байгаа. Эхнийх нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 360.740 төгрөгийн эм, дараа нь малын тооллогоор явахдаа өөрийнхөө багийн айл өрхөөр явна гэж 180.960 төгрөгийн эм авсан баримт нь хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд 2 дугаар багийн хуваарьтай эм болох Цэцэгээ, Энхтуул нарт гэсэн жагсаалтаар 197.960 төгрөгийн эм авч явсан. Эдгээр 3 баримтаар нийт 740.660 төгрөг болсон.

Нарийн бодвол 200 төгрөг илүү байгаа. Үүнийг төлөхгүй явсаар байгаа 2018 оны 7 дугаар сарын 6-нд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллого хийхдээ Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар Аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2018 оны удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн.

Тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч санч Д.”““““гийн хариуцаж байсан эргэлтийн эмийг тоолж үзэхэд 1.149.525 төгрөгийн эмийн дутагдал гарсан байна. ...1.149.525 төгрөгийн дутагдлыг эмийн санч “““““гийн хариуцлагатай холбож авлагаар үйлдэж, гарын үсэг зуруулсан байгаа. Өөрийнхөө хариуцлагыг хүлээж “““““г хяналт шалгалтын актыг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас байгууллагыг хохиролгүй болгосон.

Үүнээс 749.660 төгрөгийн төлбөр нь Т.”““““ртай холбоотой төлбөр гэж Т.”““““г маргадаг. 749.660 төгрөгийн төлбөрөөсөө 80.000 төгрөгийг хяналт шалгалтын актын дараа цувуулж өгсөн гэдэгт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Үлдэх 667.660 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. ...Бодит байдлаар “““““г санхүүгийн баримтаар тавигдсан төлбөрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 481.860 төгрөгийг төлсөн гэсэн баримт нь Сэргэлэн сумын нягтлан бодогч Даваасүрэнгийн өгсөн тодорхойлолт нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд байгаа.

Дараа нь үлдэгдэл 667.660 төгрөгийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрийн сангийн 100141720002 тоот дансанд бэлнээр төлж баримт нь хавтаст хэрэгт байгаа. Ингээд “““““г бүх төлбөрөө төлөөд Сэргэлэн төвийн эрүүл мэндийн төвийг хохиролгүй болгосон учраас өөрт учирсан хохирол болох 667.460 төгрөгийг Т.”““““раас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Д.”““““г, Т.”““““р нарын хооронд ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа.

...Миний үйлчлүүлэгч эмийн санч Д.”““““г бол 5 дугаар багийн эмч “““““рт, түүний хүссэнээр 3 удаагийн үндсэн жагсаалтаар 749.460 төгрөгийн эм, тариаг өгч байсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан эх хувиараа авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн гэрч Баасан, Цэцгээ, Одончимэг, Энхтуул нарын мэдүүлгээр Т.”““““р авсан нь нотлогдоод байгаа. ...Т.”““““рын анх шүүхэд гаргасан тайлбарт энэ эмийг би аваагүй гэж үндэслэлгүйгээр тайлбарласан.

Анх гэрчүүдийн дэргэд өгсөн гэсэн анхны тайлбараа гаргаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар огт аваагүй гэж байна. ...2017 оны 11 дүгээр сарын 21-ны 3 багийн өрхийн айл өрхүүдэд ноорог цаасан дээр бичээд багийн эмч нарт цаасан хайрцагт хийж өгсөн. ...Миний хувьд зөвхөн өөрийнхөө эмийг авсан.

Д.”““““г өөрөө мэдэж байгаа. Харин 360.740 төгрөгийн эм тариаг өгөх ямар ч боломжгүй. Харин би өөрийн багийн өрхүүдэд зарсан эмийн тооцоогоо Д.”““““гтай дуусгасан. Д.”““““г тооцоо дуусаагүй гэж байгаа бол нөгөө эмч нараасаа тооцоогоо нийлж авах ёстой гэж хэлээд байгаа. Гэтэл эмч нараас нь асуухаар Д.”““““рын мэдүүлэг няцаагдаж байгаа.

Сүүлийн эмийг өөрөө авсан байгаа. Гэрч Цэцэгээ би тэтгэвэртээ гарсан байсан ерөөсөө эмийг нь аваагүй, ямар ч эм авч яваагүй гэж мэдүүлж байгаа. ...Хавтаст хэргийн 211-212 хуудаст байгаа Одончимэгийн мэдүүлгээр урьдчилан сэргийлэх үзлэгт явахдаа эмийн сангаас эм аваад, ард нь үнийг нь тавьж, жагсаалтаар тоолж авсан.

...Эмийн сангаас бид 3, 3-уулаа эмээ аваад гарсан. Д.”““““г бид нарын хажууд сууж байгаад эмүүдээ нэр төрлөөр нь тоолж, бичээд бид нараар гарын үсэг зуруулсан. Нэг цаасан дээр бичиж аваад тэр цаасан дээрээ гурвуулаа гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн. ...Цуг явсан Баасан болохоор Одончимэг бид 4 багийн иргэдийг үзлэг шинжилгээ хийхээр хамт явсан. “““““р энэ эмээ аваад хүмүүст хөнгөлөлттэй эм бичиж өгөөд, хүмүүстэй үзлэг хийж, эмтэй холбоотой асуудлаа ганцаараа хариуцаж явсан гэдгийг гэрчилж байгаа.

...Баасан, Одончимэг нарын мэдүүлгээр Т.”““““р 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 360.740 төгрөгийн эм авч яваад, өөрөө айл өрхөөр зараад явсан нь батлагдаж байгаа. Үүнийгээ буцаад Д.”““““гтэй тооцоо хийснээ өөрөө нотолж чадахгүй байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Т.”““““р болон түүний өмгөөлөгч ..аваагүй, өгөөгүй гээд байгаа болохоос шүүхэд татгалзлаа нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байна. ...Иймд хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа учраас Т.”““““раас 667.460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Т.”““““р шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2017 оны малын тоонд явахдаа Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч “““““гээс эм авч явсан. Гэхдээ эмийн мөнгийг гэрчүүдийн дэргэд буцааж өгсөн. Хөдөө айл өрхүүдээр орохдоо худалдсан эмийнхээ мөнгийг тусад нь хийж авч явсныг хамт явсан багийн засаг дарга болон бусад хүмүүс мэднэ. Одоо “““““г бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй болно. “““““г нь цус харвалтын улмаас мартаж санадаг болсон. Иймд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Т.”““““р 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.”““““гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.”““““г нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санд ажиллаж байхдаа өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж дутагдуулсан эм тарианы төлбөрөө зөвхөн надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаад би маш их гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гурван багийн өрхийн айлуудад эм тариа ноорог цаасан дээр жагсааж бичээд багийн эмч нарт нь цаасан хайрцагт хийж өгсөн тэгэхдээ эмийн нийт дүнг нь тавиагүй байсан юм. Миний хувьд зөвхөн өөрийнхөө багийн өрхүүдэд л эм тариаг нь зарсан түүнээс өөр багуудын эм тариаг би хариуцаж зарах эрх байхгүй. Энэ талаар эмч нар бүгд л хэлж мэдүүлж байгаа Д.”““““г ч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч эмийн сангаас зөвхөн нэг багт 360 740 төгрөгийн эм тариа өгөх ямар ч боломж байхгүй юм. Харин би өөрийн багийн өрхүүдэд зарсан эмийн тооцоогоо Д.”““““гтэй нийлж хийж дуусгасан.

Харин Д.”““““г тооцоо дуусаагүй гэж байгаа бол эмээ хүлээж аваад гарсан нөгөө хоёр багийн эмч нараас тооцоогоо нийлж нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Нөгөө хоёр багийн эмч нар зараагүй эм тариагаа Д.”““““гт хүлээлгэж өгсөн гэж надад ярьж байсан юм. Надад 1 дүгээр багийн эмч Одончимэг болон 3 дугаар багийн эмч Баасан нар нь эмийн сангаас эмээ авч гараад надад багийнхаа эм тариаг тоолж хүлээлгэж өгөөгүй юм. Тийм учраас би өөр багийн эм тариаг хариуцах ёсгүй юм. Иймд надад Д.”““““гт төлөх төлбөр байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.”““““г нь хариуцагч Т.”““““раас 667 460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.”““““г хариуцагч Т.”““““раас эм худалдан борлуулсны үнэ 667 460 төгрөг шаардаж нэхэмжлэлийн үндэслэлээ ... Миний бие Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчаар ажилладаг. Багийн эмч Т.”““““рт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 360 740 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 188 960 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 197 760 төгрөгийн нийт 747 460 төгрөгийн эмийг 3 удаагийн баримт үйлдэж Т.”““““рт хүлээлгэн өгсөн... энэхүү эмийн “““““өөс 80 000 төгрөгийг өгсөн.... үлдэгдэл 667 460 төгрөгийг одоо болтол өгөөгүйн улмаас надад маш их хохиролтой байна... иймд Т.”““““раас эмийн мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэснийг хариуцагч 2017 оны малын тоонд явахдаа... эмийн санч “““““гээс эм авсан... эмийн мөнгийг гэрчүүдийн дэргэд буцааж өгсөн... эм зарсан мөнгөө өгөөд үлдсэн эмийг Баасан эмч бид хоёр хүлээлгээд өгчихсөн... миний хувьд зөвхөн өөрийнхөө багийн өрхүүдэд л эм тариаг зарсан.... эмийн тооцоогоо Д.”““““гтэй нийлж дуусгасан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Д.”““““гийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

Д.”““““г нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчийн ажилтай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 360 740 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 188 960 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 197 760 төгрөгийн нийт 747 460 төгрөгийн эмийг багийн эмч Т.”““““рт хүлээлгэн өгч түүнээс 80 000 төгрөгийг буцаан авч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа эмийн мөнгө 667 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн байна.

Эмийн санч Д.”““““гт Аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд: 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба улсын ахлах байцаагчийн актаар дутагдсан эмний үнэ 1 149 525 төгрөгийг эмийн санч Д.”““““гээр төлүүлж байгууллагад учруулсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-н 76-77 дугаар хуудас/

Тухайн актын дагуу Д.”““““г нь 481 860 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төлсөн болохыг нягтлан бодогч Г.Даваасүрэн албан бичгээр баталгаажуулж тус шүүхэд ирүүлсэн байна. /хх-н 89 дүгээр хуудас/

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын эмнэлгийн 100141720002 тоот дансанд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 667 660 төгрөгийг төлж байгууллагыг бүрэн хохиролгүй болгосон. Энэ нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн Төвийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10/50 дугаартай албан бичгээр нотлогдож байна. /хх-н 186-187 дугаар хуудас/

Иймд эмийн дутаасан мөнгө болох нийт 1 149 525 төгрөгийг төлж байгууллагыг хохиролгүй болгосон тул нэхэмжлэгч Д.”““““г нь өөрт учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.”““““гийн шаардах эрхийн тухайд:

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын энэхүү харилцааг нарийвчлан авч үзвэл жил болгон багийн эмч нар өрхөөр явахдаа зээлээр эм авч явдаг, улмаар авсан эмээ худалдан борлуулж мөнгийг нь эмийн санчид тушааж тооцоо нийлдэг байсан байна.

Хэрэв тухайн авч явсан эмийг худалдаагүй бол тухайн эмийг жагсаалтын дагуу авчирч тушаадаг болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Д.”““““г нь нэр бүхий жагсаалтын дагуу эмийг Т.”““““р хүлээн авсан гэсэн тайлбар нотолгоог хариуцагч өөрөө үгүйсгэж чадаагүй байх ба хуулийн дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх эм худалдан борлуулах үйл явц нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тухайлбал Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гол зүйл нь худалдсан зүйлийн үнийг уг зүйлийг хүлээн авсан даруйдаа биш хожим эсхүл тодорхой цаг хугацааны дараа төлөхөөр тохиролцсон тохиолдол юм.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээг ердийн худалдах-худалдан авах гэрээнээс эд хөрөнгийг хүлээн авсан даруйдаа үнийг нь төлөх үүрэг хүлээхгүйгээр хожим нэг тодорхой цаг мөчид бүхэлд нь, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх талаар тохиролцоо нь ердийн Худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн 2 нөхцлийг заажээ.

Эдгээр нөхцөлүүдэд нэг этгээдийн эзэмшил ашиглалтад байх ёстой хөрөнгө, бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээдэд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжилж болно.

Өөрөөр хэлбэл шилжүүлсэн хөрөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдож байвал түүнийг буцаан шаардах эрх нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас үүсэх үүргийн дагуу үүсэхгүй юм.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь 667 460 төгрөг буюу мөнгө нэхэмжилсэн бөгөөд мөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

Иймд дээрх нөхцөлүүдийн аль нэгийг хангаагүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр шаардах эрх үүсэхгүй байна.

Тухайн маргаанд оролцогч талууд хэдийгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заажээ.

Хэдийгээр уг хэрэгт хоёр тал гэрээ байгуулаагүй, гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болохгүй юм. Учир нь энэ тохиолдолд зээлээр худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж дэд бүлэгт заагаагүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр-ээр гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулсан байна.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэх эрх зүйн зохицуулалтын дагуу талууд өөрсдөө сайн дураар хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой хууль зүйн үр дагавар бий болгох зорилгоор ямар хэлбэрээр хэлцэл хийхээ өөрсдөө сонгох эрх чөлөөтэй бөгөөд энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус зохицуулсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ.

Дээрх нөхцөлүүдээс дүгнэвэл нэхэмжлэгч Д.”““““г нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар, энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.”““““г нь хариуцагч Т.”““““раас 667 660 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 200 төгрөгөөр багасгаж 667 460 төгрөг нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 360 740 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 188 960 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 197 760 төгрөгийн нийт 747 460 төгрөг үүнээс 80 000 төгрөгийг Д.”““““гт хүлээлгэн өгч үлдэх 667 460 төгрөг болсон байна.

Дээрх баримтуудаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 188 960 төгрөгийн баримт бүхий эмийг хүлээлгэж өгсөн гэдгээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2, 38 дугаар зүйл 38.1-т заасан тайлбар шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Учир нь дээрх баримтууд нэг өдөр үйлдэгдсэн гэх боловч нэг баримт дээр нь гарын үсэг зуруулаад нөгөө баримтад гарын үсэг зуруулаагүй байгаа нь эргэлзээтэй байх тул хариуцагч Т.”““““рт хүлээлгэж өгсөн гэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаа нотолж чадаагүй тул шүүх энэ хэсгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 360 740 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 197 760 төгрөг, нийт 558 500 төгрөгийн эмийг хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зөв гэж үзэв.

Хариуцагч Т.”““““р нь тайлбар татгалзлын үндэслэлээ одоо төлөх өр төлбөргүй өөрийн авсан эмийн мөнгө болох 80 000 төгрөгийг Д.”““““гт хүлээлгэж өгсөн үлдэх эмүүдийг багийн эмч “““““р, Одончимэг, Баасан нарт өгсөн гэж тайлбарладаг боловч эдгээр эмч, албан хаагчдад тухайн эмийг хүлээлгэж өгсөн баримт, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотолж чадахгүй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цэцгээ, Энхтуул, Одончимэг, Баасан нарыг гэрчээр асуусан бөгөөд тухайн гэрчүүдийн тайлбараар Т.”““““раас эм хүлээж аваагүй болохоо мэдүүлсэн бөгөөд эдгээр хүмүүст эмийг хүлээлгэж өгөөгүй болох нь давхар нотлогдож байна. /хх-н 203-204,205,207, 211-212 хуудас/

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хариуцагч Т.”““““р нь эрээн хот руу явсан өнөөдрийн шүүх хуралдаанд ирж амжаагүй тул хариуцагчийн байлцуулж шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2019/02767 дугаартай захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагт тус шүүх хуралдааныг хийхээр товлосон тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдэж гарын үсэг зурсан.

Мөн хариуцагч Т.”““““рыг шүүхэд дуудан ирүүлж хариу тайлбарыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр авч шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тус тус гарын үсэг зурсан боловч хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах талаарх ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу нотлох баримтаар тогтоогдож буй 558 500 төгрөгийг Т.”““““раас гаргуулан нэхэмжлэгч Д.”““““гт олгож, үлдэх 108 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгч Д.”““““гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.”““““раас 17 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““гт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.”““““раас 558 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.”““““гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.”““““раас 17 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ