Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М, О.Д,

Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                 Ц.М

Шүүгдэгч                                    Д.М, О.Д, Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч   З.Б

Нарийн бичгийн дарга           Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой, Д.М, О.Д, Б.Б нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-н М.

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-н Д.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б.

 

Шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод оршин суух иргэн Т.К-н зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод Т.К-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Б-н Б, Б овгийн Д-н М, Б овгийн О-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн О-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М, О.Д нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялаар солихыг анхааруулж,

Шийгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.М, О.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

   Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдолдоо:

 

“... Би дээрхи гэмт хэргийг үйлдсэн буруугаа хүлээж байна. Би ганцхан анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт, гомдол гаргаж байна. Учир нь миний бие шүүхээр хэрэг шийдвэрлүүлэх хугацаанд хальтран ойчиж одоо явж чадахгүй /явахад хүндрэлтэй явдаг/ болсон тул нийтэд тустай ажил хийх ялыг биеэр эдлэх боломжгүй болоод байна. Иймд анхан шатны шүүхийн шатны тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, О.Д нар давж заалдах гомдолдоо:

 

“... Бид дээрх гэмт хэргийг үйлдсэн буруугаа хүлээж байна... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гомдол гаргаж байна. Учир нь Б.Б би улирлын чанартай ажил хийдэг. Одоо миний ажлын улирал эхэлж байгаа, О.Д миний хувьд өдөр болгон ажил хийдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлэхэд хүндрэлтэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод оршин суух иргэн Т.К-н зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, мөн О.Д нь “ээжийг түлхлээ” гэх шалтгаанаар Т.К-н нүүрэн тус газарт маажиж “духанд шалбарч урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

хохирогч Т.К-н “...М-н цээж рүү нь түлхтэл Д ээжийг зодлоо гээд миний нүүрийг маажсан...” гэх мэдүүлэг /хх 10/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 773 дугаартай дүгнэлт /хх 25/ болон мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

 

Анхан шатны шүүх Д.М, О.Д, Б.Б нарыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, шүүгдэгч О.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нар нь “...шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Шүүгдэгч Д.М нь биеийн эрүүл мэндийн байдлын хувьд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байгаа, мөн О.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж тэдгээрийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нарт тус тус оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Б нь “...Д-д холбогдох хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан боловч шүүгдэгч О.Дгийн гэм буруутай үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М, О.Д нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.М, О.Д нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” гэж,

 тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.М, Б.Б нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Дд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нарт анхааруулсугай.

 

3. Шүүгдэгч Д.М, О.Д, Б.Б нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ