Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 65

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овгийн Ламбын *******ад холбогдох ... дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******гийн бие эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:       

Яллагдагч Л.******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ... “Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр малаа бэлчээгээд ******* *******н дээгүүр давуулчихаад байж байтал удалгүй айлын малтай нийлээд гараад ирсэн. Араас нь машинтай улсууд давхиад уг машинаас 2 хүн буугаад мал нааш цааш элдээд байсан юм. Тэгэхээр нь би гэрийн гаднаас ганцаараа мотоцикльтой давхиад хүрээд очсон. Хүрээд очиход *******, эхнэр ******* хоёр хоёулаа байсан. Би ямар дарамттай юм бэ мал бэлчээхгүй машин тэргээр хөөгөөд гэсэн чинь ******* та нар муусайн цагаачид гуйлгачид, малаа харж байхгүй яасан юм. Та нар хүний нутагт байгаа хүмүүс хүний үгээр байдаг юм гэж хэлээд намайг ******* ирээд миний баруун шанаа руу цохиод авсан. Тэгсэн минии малгай унасан чинь ******* миний малгайн дотор гишгэсэн, чи одоо арай илүү доромжилж байгаа юм биш үү гэж хэлэхэд ******* намайг дахиад цохиод авахаар нь миний уур хүрээд *******гийн хоёр хацар луу нэг, нэг алгадсан юм. ******* над руу шороо самардаж цацаад тэгэхээр нь би зөрүүлээд шороо самардаж цацсан. ******* намайг би чамайг заавал шоронд хийнээ гэж хэлэхээр нь чи чаддаг юм бол намайг шоронд хийгээрэй гэж хэлсэн. ******* цаашаа малаа ялгаад явсан. Би малаа ялгаад явсан. Надад асуух зүйл байхгүй. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. ******* малын бэлчээр дээр ирж буугаагүй бол хэзээ ч ингэж хэрүүл маргаан болохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “4 дүгээр сарын 19-нд малаа бэлчээсэн чинь *******, ******* 2 мал элдээд байсан. Тэгээд би очсон чинь намайг ******* эхлээд цохих гэхэд нь миний малгай унасан тэгсэн миний малгай дээр дэвсээд нулимаад байсан. Тэгээд намайг дахиад цохьсон. Тэгэхээр нь би 2 алгадсан” гэв.

            Хохирогч С.******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр малаа бэлчээгээд ус руу явуулчихсан байсан. Манай гэрт манай төрсөн дүү эхнэр нар ирсэн байсан болохоор цай чанаж өгчихөөд малаа услах гээд нөхөртэйгээ хамт машинаа унаад мал дээр очиход манай мал *******ын малтай нийлчихсэн байхаар нь машинаасаа буугаад малаа ялгаад байж байхад ******* мотоцикльтой ганцаараа хашгираад давхиж ирээд намайг гичий минь янхан минь яах гээд мал элдээд байгаа юм, би чамайг ална шүү гэхээр нь би мал нийлээ л биз сүртэй юм ална шүү, мал зүгээр байлга холд, зайл яв гэж хэлэхэд ******* над руу цохиход гараараа хориход миний гар луу цохиод миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгээд манай нөхөр ирээд салгаж авахад ******* над руу шороо цацаад би зөрүүлээд шороо цацчихаад би малаа ялгаж аваад яваад өгсөн. Би *******ын гэрт нь очоод *******ын эхнэр т танай нөхөр намайг зодчихлоо гэж хэлээд буцаад худаг руу явахад араас дагаж ирээд манай нөхөр *******тай хэрүүл хийгээд байсан. Ер нь малын бэлчээр дээрээс болж байнга хэрүүл хийгээд байдаг юм. Баруун хацар хавдаж хөхөрсөн. Баруун талын чих шуугиад толгой бас өвдөөд байгаа шүүх эмнэлгээр хөнгөн гэмтэл гэж гарсан. ******* миний гар луу, баруун талын чих рүү, зүүн талын хацар луу гараараа 3 удаа цохьсон. ******* өмнө нь манай нөхөр *******г зодож гэмтэл учруулаад цагдаагийн байгууллагад шалгагдаад шүүхээр ороод хэрэгсэхгүй болж байсан. Тухайн үед намайг бас зодож байсан. Би ******* гэж хүнээс айж байна, намайг ална танай ах дүү нараар чинь хавтгайлна гэсэн. Би их айдастай ийм ууртай хүн дахиад ирээд намайг зодох байхаа, би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Гэрч Ц.******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ...“ Би тухайн өдөр хонио бэлчээчихээд гэртээ байж байхад манай эхнэр *******гийн дүү эхнэр нар манайд ирсэн. Цай ууцгаагаад ярьж сууж байгаад гэрээсээ хонио услах гээд эхнэр бид хоёр гарсан. Хонин дээр очиход манай мал *******ын малтай нийлчихсэн байсан, хонио ялгаад байж байхад ******* мотоцикльтой давхиж ирээд ямар дарамттай пизда вэ гээд манай эхнэрийн хажууд давхиад очоод манай эхнэртэй хэрэлдэж байсан. Нэг харахад зодолдож байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. ******* намайг өмнө зодож гэмтээгээд цагдаагийн газар би өргөдөл өгч байсан. ******* нь манай эхнэрийг гараараа 2 удаа нүүр лүү нь цохисон. ******* манай эхнэр Апдармаа бид гурав байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Д. хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.21 №205 дугаар дүгнэлт:

1. С.*******гийн биед тархины доргилт, зүүн тохойны дотор хэсгийн цус хуралт, зүүн хацар, баруун чихний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.27 №209 дүгээр дүгнэлт:

  1. Л.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 22 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 27-35 дугаар хуудас/       

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.31 №18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-40 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг боно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

    Шүүгдэгч Л.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх малын бэлчээрт хонь нийлсэн, бэлчээрийн газрын маргаанаас үүсэлтэй маргалдан хохирогч С.*******гийн бие эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч С.*******гийн “манай мал *******ын малтай нийлчихсэн байхаар нь машинаасаа буугаад малаа ялгаад байж байхад ******* мотоцикльтой ганцаараа хашгираад давхиж ирээд намайг гичий минь янхан минь яах гээд мал элдээд байгаа юм, би чамайг ална шүү гэхээр нь би мал нийлээ л биз сүртэй юм ална шүү, мал зүгээр байлга холд, зайл яв гэж хэлэхэд ******* над руу цохиход гараараа хориход миний гар луу цохиод миний нүүр лүү хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-10 ху/,

Гэрч Ц.*******ы “Хонин дээр очиход манай мал *******ын малтай нийлчихсэн байсан, хонио ялгаад байж байхад ******* мотоцикльтой давхиж ирээд ямар дарамттай пизда вэ гээд манай эхнэрийн хажууд давхиад очоод манай эхнэртэй хэрэлдэж байсан. Нэг харахад зодолдож байсан” гэх мэдүүлэг /хх-11 ху/,

Шүүх шинжилгээний албаны №205 дугаар дүгнэлт “С.*******гийн биед тархины доргилт, зүүн тохойны дотор хэсгийн цус хуралт, зүүн хацар, баруун чихний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Шүүгдэгч Л.******* урьд нь 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

          Шүүх шүүгдэгч Л.*******ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн Ламбын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Л.*******ад урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ