Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2022/00307

 

 

 

 

 

 

2022 05 11 153/ШШ2022/00307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус театрын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 1,241,075 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний бие нь Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаалаар тус театрт жүжигчнээр ажилд орсон. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ерөнхий найруулагчаар туршилтаар ажиллаж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 тоот тушаалаар ерөнхий найруулагчийн албан тушаалд бүр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй, эрүүл мэнд, ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж байгаа гэж үзэж байна. Миний бие нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2021/00440 дугаар шүүхийн шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон боловч удирдлагын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 тоот тушаалаар мэдэгдэх хуудас өгч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь Ховд аймгийн иргэний анхан шатны шүүхэд 1. Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай сануулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулах, 2. Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 3. Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын ерөнхий найруулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 4. Ажил албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах, 5. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг олгохыг тус тус даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг дэх шаардлагаасаа албан ёсоор татгалзаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шаардлага нь ******* 2001 оноос 2005 оны хооронд Зохиомж дээд сургууль буюу одоогийн Соёл эрх зүйн дээд сургуулийг Кино драмын жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Ховд аймгийн Хөгжимт Драмын театрт тасралтгүй 14 жил ажилласан. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн найруулагчийн албан тушаалд томилогдсон. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил үйлдэж байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс найруулагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж шүүхэд хандсаны дагуу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр найруулагчийн албан тушаалд эргэн томилогдсон байдаг. ******* 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр найруулагчийн албан тушаалд томилогдоод 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******ийг сануулах арга хэмжээ авсан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Шат дараалан авагдсан арга хэмжээ нь *******ийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна... гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нэхэмжлэлийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн тодруулан нэмэгдүүлсэн шаардлага болох Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалыг тус театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/72 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын найруулагчийн албан тушаалд ажиллах хугацаандаа театрын зөвлөгөөнөөр орж байсан зэрэг асуудал байдаг. Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын Ерөнхий найруулагчийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалд тавигдсан шаардлагад нэхэмжлэгчийн мэргэжил тэнцдэггүй. Мөн ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай хэсэгт үндсэн мэргэжил нь найруулагч байна гэж нарийвчлан тусгасан. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан найруулагч мэргэжил буюу чухал шаардлагыг хангахгүй байсан, тухайн найруулагчийн ажил мэргэжлийн ажлын чанар үзүүлэлтүүд нь сул байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар ******* эрх хэмжээнийхээ хүрээнд ажил ологчийн санаачилгаар буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлагатай мэргэжлийг эзэмшээгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, өөр албан тушаалд томилсон. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2021/00440 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаал, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШЗ2022/00481 дугаартай шүүгчийн захирамж, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын ажиллагсдын үйлдвэрчний хорооны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/143 дугаартай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийн 0132 дугаартай итгэмжлэл, Банзаагийн Отгонхишигийн нэр дээрх 2021, 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын 2019 оны Дотоод журам, Боловсрол Соёл Эрх зүйн дээд сургуулийн 2022 оны 05 дугаартай 02-ны өдрийн 02/40 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Огторгуйн асар нийтийн мэдээллийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний баталгаат хуулбар, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын ерөнхий найруулагчийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын баталгаат хуулбар, *******ийн нэр дээрх Зохиомж Дээд сургуулийн №D200521288 дугаартай кино драмын жүжигчин мэргэжлийн бакалаврын дипломын баталгаат хуулбар, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ТБ2022/00011 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл,

Хариуцагчаас Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай албан бичгээр иргэн *******т олгосон итгэмжлэл, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын Уран сайхны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэл, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын хамт олны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын Уран сайхны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын Уран сайхны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай хурлын тэмдэглэл, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын ерөнхий найруулагчийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай тэмдэглэл, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/72 дугаартай Даргын тушаал хүчингүй болгох тухай тушаал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/1957 дугаартай 2021 оны төсөв хүргүүлэх тухай албан бичиг, зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тус шүүхэд анх Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус театрын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 тоот, мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус театрын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

2.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж, харин цалингийн зөрүү 1,241,075 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.4. Нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2005 онд Зохиомж дээд сургуулийг Кино драмын жүжигчин-найруулагч мэргэжлээр төгссөн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Ерөнхий найруулагчийн албан тушаалд томилогдсон, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл бий болоогүй, хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэл мөн тогтоогдоогүй, би хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч *******ийг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх аттестатчиллын комиссын дүгнэлт гараагүй байх ба Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 278 тоот албан бичгийг албан ёсны дүгнэлт гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гомдлоо хугацаандаа гаргасан гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Тушаалдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь техникийн алдааны улмаас тушаалд тусгагдсан байна, харин хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтан *******ийг Ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн жүжигчний албан тушаалд томилсон. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагчийн ажлын байрны тодорхойлолтын В Тавигдах шаардлагын Мэргэжил-Чухал шаардлага хэсгийн Найруулагч, Мэргэшил-Чухал шаардлага хэсгийн Найруулагч, жүжигчний мэргэжлийн сургууль төгссөн гэх шаардлагыг ажилтан ******* хангахгүй байгаа. Энэ нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 278 тоот албан бичгээр тогтоогдоно. Бакалаврын дипломоос харахад, ******* нь Кино драмын жүжигчний мэргэжлээр төгссөн байдаг... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан болох нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 153ШШ/2021/00440 дугаартай шийдвэр, Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай тушаал, театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар тус тус тогтоогдож байна.

4.2. Ажилтан *******т 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан байх бөгөөд уг тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/72 дугаартай Даргын тушаал хүчингүй болгох тухай тушаалын холбогдох хэсгээр хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч ******* нь эрхээ зөрчигдсөнөө мэдэх буюу мэдэх ёстой байсан, мэдсэн болон шүүхэд гомдол гаргасан тухайд:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, маргаан бүхий акт болох 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг тухай бүр гарсан өдөр гардан авч, танилцсан... гэж тайлбарлах ба энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай тэмдэглэл, гэрч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хөдөлмөрийн маргааны тухайд хандаж өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хэрэглэгдээгүй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ТБ2022/00011 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл-ээр нотлогдож байна.

5.2. Улмаар нэхэмжлэгчээс Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШЗ2022/00481 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй... гэж тус тус заасан ба энэхүү хуулийн заалтуудаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн талаарх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд энэ хугацаа нь нэг сар байна.

5.4. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1- Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн эрхийн маргааны хүрээнд явагдана, 31.2Хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэсэн нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 125 дугаар зүйлийн 125.2Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно, 125.2Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно хэмээн тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...анх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, дараа нь шүүхэд хандсан байгаа, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан... гэж тайлбарласан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129.4Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна гэж заасан. Гэвч нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд хандсан хугацаанаас хойш шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд буюу Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан боловч шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгч ******* хуульд заасан хугацааны дотор буюу эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй учир хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэлээ.

Иймд, нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, маргаан бүхий акт болох 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг тухай бүр гарсан өдөр гардан авч, танилцсан, улмаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан байх тул хуульд зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *******ийг хариуцагч Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар чөлөөлсөн байх тул шүүхээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Мөн нэхэмжлэгч ******* нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй юм.

6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус театрын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин олговрын зөрүү 1,241,075 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн хариуцагч Хөгжимт драмын театрын даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН