Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0036

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                                           Г.Э

           Шүүгдэгч                                                           Б.Б

           Шүүгдэгчийн  өмгөөлөгч                              О.С

           Нарийн бичгийн дарга                                 Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б.

 

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Э-г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан, хөнгөн гэмтэл учруулсан буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сум руу явж байхдаа маргалдаж охин Б.М болон эхнэр Р.Э нарыг нүүрэн тус газарт цохиж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-101 тоот гэртээ согтууруугаар Р.Эг нүүрэн тус газарт цохиж, болкон дээрээс авч шиднэ гэх мэтээр сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан, 2018 оны 02 дугаар сарын эхээр мөн согтуугаар Р.Эгийн нүүрэн тус газарт цохиж зодсон, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ согтуугаар Р.Эгийн толгой руу цохиж зодон гэрээсээ хөөж гаргасны улмаас Р.Э орцонд хоносон, улмаар маргааш нь дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ шүүхээс торгуулийн ял шийтгүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөн дахин өшиглөж, цохиж зодон, Р.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-101 тоот гэртээ Р.Эг өшиглөж, цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-н Б-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Б овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны  прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

“... Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийг зодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн зодсон үйлдэлдээ 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Дээрх үйлдлүүд нь Б.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Эг урьд нь байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэмт хэргийн шинжийг илэрхийлж байгаа болохоос эдгээр үйлдэлд нь дахин яллах дүгнэлт үйлдэж байгаа ойлголт биш юм.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан байнга зодсон гэх үйлдлийг 3 буюу түүнээс дээш удаагийн зодсон үйлдэл байх бөгөөд тус бүрдээ гэмт хэргийн шинжийг агуулж, үйлдэл тус бүрдээ шийтгүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Иймд Б.Б-н 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр Р.Эг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2017 оны 07 дугаар сарын 13-ны, 11 дүгээр сарын 07-ны, 2018 оны 07 дугаар сарын 10-ны, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд эхнэр Р.Эг зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлнэ” гэсэн болон мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэхгүй байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн Б.Б нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил, гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлсэн байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ гэснийг зөрчиж ял хөнгөдсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Б.Бд холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэв.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

        

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б-г Орхон аймгийн Прокуророос гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Эг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Эг зодож тархины битүү гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр хүзүү, хоёр гуя нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа боловч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон гэсэн шинжид гэмт этгээд урьд өмнө ял шийтгүүлж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн, хүлээгээгүй эсэх нь аль аль нь хамаарна.

 

            Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийг зодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар 15 хоногийн баривчлах шийтгэлээр, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Р.Эгийн нүүрэн тус газар нь цохиж, балкон дээрээс авч шиднэ гэх мэтээр сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан үйлдэлдээ 100 000 төгрөгөөр торгуулсан, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Р.Эгийн толгой руу цохиж зодон гэрээсээ хөөж гаргасны улмаас Р.Э орцонд хоносон, маргааш нь дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 500 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, хохирогчийг удаа дараа зодож, харгис хэрцгий хандаж байсныг гэрчилсэн гэрч Б.М, Д.О, Б.Э, Р.Б нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Эг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаас үзэхэд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА