Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Алтансүх

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэн овогт Бадам-Эрдэний Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201710000036 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг Манханы 6-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Цэрэн овогт Бадам-Эрдэний Эрдэнэбат /РД: ЕП86091910/

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянгол гэх газарт хориглосон арга хэрэгслээр буюу Пекон маркийн улсын дугааргүй мотоциклиор ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хуланг зохих зөвшөөрөлгүйгээр хөөж буудан агнаж, хулангийн махыг тээвэрлэж улсад 19.400.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: …2017 оны 01 сарын 15-ны өдөр Зүүнбаян багаас урагш 22 км газарт Магнай гэх газарт байдаг хөдөө гэр лүүгээ явах гэж байхдаа найз Билэгсайханаас өөрийнх нь эзэмшлийн Дробинка маркийн бууг нь саахалт айлын хотонд чоно орсон гэж байна, би хотонд буу тавьж чимээ гаргах гэж байгаа юм гэж хэлээд бууг нь гуйж авсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Пекон маркийн улсын дугааргүй мотоциклио унаад ганцаараа хөдөө гэр лүүгээ явж байтал замд 2 хулан тааралдсан ба нэг хуланг нь хөөж, богшоож байгаад мотоцикльтойгоо зогсож байгаад нэг буудсан чинь оноогүй, 2 дахь удаа буудсан чинь хулангийн баруун хөлний гуянд нь оносон. Тэгээд хүрч очоод хулангаа нугаслачихсан, уг газарт нь хулангаа нядлаад хулангийн баруун талын сүвээний 3-н хавиргыг, нурууны цул мах,баруун гуяны мах зэргийг шулж аваад мотоцикльны багажны уутанд махаа хийгээд ачаан дээр тавьж боосон. Тэгээд хөдөө гэр лүүгээ явалгүй, Зүүнбаян руу буцаж ирээд амбаартаа хулангийн мах болон нөгөө буугаа үлдээчихсэн юм. …2017 оны 01 сарын 16-ны өглөө амбаараасаа буугаа аваад найз Билэгсайханд эргүүлж өгөх гээд гэрт нь очсон чинь Билэгсайхан гэртээ байгаагүй …би амбаарт нь үлдээсэн ба нэг өдрийн хоолны мах амбаарт нь үлдээсэн. Тэгээд дараа нь утсаар холбогдож хэлсэн …хажуу айлын найз Батсайханд амбаарт мах байгаа шүү хоолны мах аваарай гэж хэлсэн гэв.  

-Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: “…Би Дорноговь аймаг дахь Байгаль орчин аялал жуучлалын газрын байгаль орчин ногоон хөгжил, сургалт сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. …Манай байгууллагаас намайг дээрх хэрэгт хохирогчоор оролцуулахаар болсон юм. …Хулан адуу нь эрдэм шинжилгээ судалгаа соёлын чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгөөр агнаж болно. Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт зааснаар хөөж агнахыг хориглосон байдаг. …Хулан адуу нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны ¹7 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн байдаг юм. Хулан адуу нь мөн Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор эр хулан нь 9.700.000 төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээтэй байдаг ба үүнийг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн тогтооно” гэж заасан байдаг. Үүний дагуу нэг тооны эр хулан агнасан бол 19.400.000 төгрөг, эм хулан агнасан бол 22.000.000 төгрөг, төл амьтан бол тухайн нас гүйцсэн хулан адууны 70 хувиар тооцно. Уг хулан адууны толгойг нь үзлээ нас гүйцсэн хулан адуу байна. Харин толгойгоор нь эр эмийг нь тооцож бол мэдэхгүй. Одоо нийт 19.400.000 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэв.

-Гэрч Б.Шинэхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөнмэдүүлэгт: “Пикон  маркийн 06-53 ГСЗ улсын дугаартай мотоцикль миний эзэмшилд байдаг. Энэ мотоциклийг би Нэргүйбаатар гэдэг хүнд байрны засварын хөлсөнд өгсөн. Манхйа 2015 оны 08 сард өөрийнхөө 118-2-8 тоот байрандаа Нэргүйбаатараар засвар хийлгээд хөлсөнд 1,500,000 төгрөгөнд бодоод Пикон маркийн 06-53 ГСЗ улсын дугаартай мотоциклоо өгсөн.” /хх-ийн 14/

-Гэрч Н.Дэлгэрзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “… 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр …нөхөр Эрдэнэбат орой 19-20 цагийн үед шиг санаж байна цэнхэр өнгийн, маркийг нь мэдэхгүй, улсын дугааргүй мотоцикльтойгоо гадаа ирж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд Эрдэнэбат ганцаараа гэртээ орж ирсэн ба орж ирэхдээ юм барьж орж ирээгүй, жоохон адууны мах авч ирсэн шүү гэж хэлсэн. …Харин маргааш нь амбаарт орох үед шуудайтай мах байх шиг байсан ба тэр үедээ би адууны мах байна даа гэж л бодож байсан. Тэрнээс уг махыг нь гаргаж ирээд харсан зүйл байхгүй…” гэжээ.  /хх-ийн 43-45/    

-Гэрч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “… 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд гэртээ ганцаараа байж байтал найз Эрдэнэбат ганцаараа орж ирсэн. Тэгээд намайг буугаа өгчих, манай саахалт айлын хонинд чоно орсон байна гэнээ өнөөдөр буу тавьж хонохгүй бол болохгүй нь гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн Дробинка маркийн буугаа амбаараасаа гаргаж ирээд Эрдэнэбатад өгсөн. …Харин над руу утсаар ярихдаа жоохон мах буутай чинь хийчихсэн байгаа шүү гэж хэлсэн. Тэр үедээ юуны мах гэдгийг хэлээгүй, би ч асуугаагүй. …Тэгээд дараа нь Эрдэнэбатаас юуны мах гэж асуухад ангийн мах гэж хэлж байсан ба тэр үед ямар ангийн мах гэдгийг хэлээгүй. …Миний эзэмшлийн Дробинка маркийн буу нь бүртгэлгүй бууны гэрчилгээ гэж байдаггүй. Би одоогоос 2, 3 жилийн өмнө танил Сайхнаа гэж дууддаг хүнээс 1 тооны адуугаар уг бууг худалдан авч байсан…” гэжээ.  /хх-ийн 46-47/

-Гэрч Д.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Манай нутгийн хүү Шинэхүү нь Говьсүмбэр аймаг руу шилжиж байсан юм. ...Тэгээд бид нар ярьж тохиролцоод 2 өрөө байрыг 1,500,000 төгрөгөнд хийхээр болж, харин Шинэхүү надад цэнхэр өнгийн Пекон маркийн 06-53 ГСЗ дугаартай мотоциклийг оронд нь өгнө гэж тохиролцсон. ...Тэгээд 2016 оны 01 сард би найз Дэлгэртогтоход 900,00 төгрөгөнд зарж байсан юм. Тухайн үед уг мотоциклийн бичиг бармитыг надаас асуугаагүй болохоор би авч өгөөгүй юм гэжээ. /хх-ийн 48-49/

-Гэрч Н.Дэлгэртогтохийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11 сард шиг санаж байна. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, Пекон маркийн мотоциклийг өөрийн төрсөн дүү Дэлгэрзаяа болон түүний нөхөр хүргэн Эрдэнэбат хоёрт 700,000 төгрөгөнд худалдсан юм. Харин надад 200,000 төгрөгийг нь өгчихсөн байгаа, үлдсэн 500,000 төгрөгийг 2016 оны 12 сарын сүүлээр өгнө гэж байсан. Харин одоог болтол үлдсэн мөнгөө өгөөгүй байгаа юм. Тиймээс миний хувьд мотоциклоо буцаан авах хүсэлттэй байгаа. Би 2016 оны 01 сард Сайншанд сум 5 дугаар багт оршин суудаг найз Нэргүйбаатараас 900,000 төгрөгөнд шинээр нь шахуу худалдаж авч байсан. Тухайн үедээ бичиг баримт нь Говьсүмбэр баймагт эгч дээр нь байгаа гэж байсан гэжээ. /хх-ийн 54-55/

-Гэрч Д.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “… 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ ганцаараа байж байтал гаднаас цагдаа орж ирсэн ба танайх хулангийн мах зарсан гэж мэдээллийн дагуу ирж байна …гээд тэгээд манай гэр болон гадаа амбаарыг нэгжсэн. Тэгсэн амбаарт цагаан өнгийн шуудайтай мах байсан ба уг махыг хиллэж мөн хурааж авсан ба мөн хөргөгчид байсан үлдсэн махыг нь хурааж аваад явсан. …2017 оны 01 сарын 16-ны өглөө шиг санаж байна. Эрдэнэбатын гэрт орж очих үед Эрдэнэбат хүүхдүүдтэйгээ сууж байсан ба намайг амбаарт мах байгаа шүү хоолны мах авуул аваарай гэж хэлж байсан. Тэгээд би маргааш орой нь 3 км орчим цагаан шуудайтай махнаас нь бөөн мах аваад талаар нь гэрийнхэнтэйгээ бууз хийж идсэн…” гэжээ. /хх-ийн 57-58/    

-Шинжээч Ө.Насан-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би хулангийн толгойн яс, сүүлний үзүүл хэсэг болон 4 хэсэг арьсны тасархай, гэдэсний гогцоо зэргийг үзлээ. Эдгээр зүйлээр хулангийн хүйсийг тодорхойлох ямар ч боломж байхгүй. Мөн хулангийн махаар төрлийн хамаарлыг тодорхойлох шинжилгээ хийгдэж байгаа, харин хүйс тодорхойлох боломжгүй юм. Харин хулангийн бүрэн бүтэн байдал, шржлийн гадна болон дотор эрхтэн гэмтээгүй нөхцөлд хүйсийг бүрэн тогтоох боломжтой юм. Харин одоогоор манай орны хувьд толгойн яс, сүүлний үзүүр хэсэг болон 4 хэсэг арьсны тасархай гэдсэний гогцоогоор хүйсийг тодорхойлох судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй байгаа. Хулангийн толгойн ясны шүдийг нь харахад үүдэн шүд нь 4-н өндөртэй байгаа нь шүдлэн насных байна. Шинжилгээндирүүлсэн дээжний 50 хувийг нь архив дээж болгон авч үлддэг юм. Тэгээд сарын дараа дээжийг нь устагдаг юм гэжээ. /хх-ийн 79/   

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 11/

-Тээврийн хэрэгсэлийн 00838090 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 15/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16/

-Буунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-18/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-20/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-27/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31/

-Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 63/

-Шинжээчийн 911 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд гол төмөр А6536 дугаартай, замаг А6536 дугаартай ИЖ-58 загварын  дробинка буу ирүүлсэн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хуучнаар ЗХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. 3.Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт эвдрэл гэмтэл байхгүй, уг буугаар буудлага үйлдэж болно. 4.Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн баруун талын гол төмрийн сумны бай 16х70 мм калибртай, зүүн талын гол төмрний сумны байрыг томсгож 12х70 мм калибртай болгож засварлаж өөрчилсөн байна гэжээ. /хх-ийн 68-70/

-Шинжээчийн 1685 дугаартай дүгнэлт: -Шинжилгээнд ирүүлсэн гол төмөр А6536 дугаартай ИЖ-58 загварын Дробинка маркийн галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна. –Харин хэзээ буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох шинжилгээг арга аргачилал стандарт ажлын заавар байхгүй тул хийх боломжгүй гэжээ. /хх-ийн 71/

-Шинжээчийн 5 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн сорьц нь “Дээжний шаардлага” хангасан болно. 2.Шинжилгээг аймгийн ХХААГ-ын мал эмнэлэг ариун цэврийн лабораторит 2017 оны 02 сарын 16-наас 21-ны өдрүүдэд мэдрэхгүйн эрхтний үзлэг шинжилгээ болон “ГЛИКОГЕНЫ ЧАНАР”-ын урвал, “Элиза” урвалын тусламжтайгаар хийж гүйцэтгэв. 3.Лабораторын шинжилгээний ажлын хүрээнд хулангийн махыг адууны махнаас ялгах элиза урвалын шинжилгээг хийж, мал амьтны төрлийн хамаарлыг тогтоох “гликогены чанар”-ын урвалын тусламжтайгаар өөхний хайлах температурын өөрчлөлөлтийг тогтоож мах, өөхний өнгөний хувиралын шинжилгээнүүдийг тус тус хийж хулангийн мах мөн болохыг тогтоов. /хх-ийн 75-76/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 91/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/

-2013 оны 07 сарын 16-ны өдрийн 76 тоот Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 111-112/

-Ан амьтан экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 129-133/

-Сайншанд сумын нутаг дэвсгэрийн зураг /хх-ийн 137/

-Дорноговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 02 сарын 25-ны өдрийн 112 дугаартай албан тоот, хулан адууны махыг устгасан тайлан /хх-ийн 138-139/

-Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгал хийсэн тухай акт /хх-ийн 140-142/

-Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчидод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 143-144/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинэчлэн судлав. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянгол гэх газарт хориглосон арга хэрэгслээр буюу Пекон маркийн улсын дугааргүй мотоциклиор ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хуланг зохих зөвшөөрөлгүйгээр хөөж буудан агнаж, хулангийн махыг тээвэрлэж улсад 19.400.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Дэлгэрзаяагийн “...Тэгээд Эрдэнэбат ганцаараа гэртээ орж ирсэн ба орж ирэхдээ юм барьж орж ирээгүй, жоохон адууны мах авч ирсэн шүү гэж хэлсэн. …Харин маргааш нь амбаарт орох үед шуудайтай мах байх шиг байсан ба тэр үедээ би адууны мах байна даа гэж л бодож байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Билэгсайханы “...Тэгээд намайг буугаа өгчих, манай саахалт айлын хонинд чоно орсон байна гэнээ өнөөдөр буу тавьж хонохгүй бол болохгүй нь гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн Дробинка маркийн буугаа амбаараасаа гаргаж ирээд Эрдэнэбатад өгсөн. …Харин над руу утсаар ярихдаа жоохон мах буутай чинь хийчихсэн байгаа шүү гэж хэлсэн. Тэр үедээ юуны мах гэдгийг хэлээгүй, би ч асуугаагүй. …Тэгээд дараа нь Эрдэнэбатаас юуны мах гэж асуухад ангийн мах гэж хэлж байсан ба тэр үед ямар ангийн мах гэдгийг хэлээгүй.” гэх мэдүүлэг, гэрч Д.Батсайханы “...Тэгсэн амбаарт цагаан өнгийн шуудайтай мах байсан ба уг махыг хиллэж мөн хурааж авсан ба мөн хөргөгчид байсан үлдсэн махыг нь хурааж аваад явсан. …2017 оны 01 сарын 16-ны өглөө шиг санаж байна. Эрдэнэбатын гэрт орж очих үед Эрдэнэбат хүүхдүүдтэйгээ сууж байсан ба намайг амбаарт мах байгаа шүү хоолны мах авуул аваарай гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.Дэлгэртогтохийн “2016 оны 11 сард шиг санаж байна. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, Пекон маркийн мотоциклийг өөрийн төрсөн дүү Дэлгэрзаяа болон түүний нөхөр хүргэн Эрдэнэбат хоёрт 700,000 төгрөгөнд худалдсан юм. Харин надад 200,000 төгрөгийг нь өгчихсөн байгаа, үлдсэн 500,000 төгрөгийг 2016 оны 12 сарын сүүлээр өгнө гэж байсан. Харин одоог болтол үлдсэн мөнгөө өгөөгүй байгаа юм. Тиймээс миний хувьд мотоциклоо буцаан авах хүсэлттэй байгаа. Би 2016 оны 01 сард Сайншанд сум 5 дугаар багт оршин суудаг найз Нэргүйбаатараас 900,000 төгрөгөнд шинээр нь шахуу худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг, Шинжээчийн 911, 1685, 5 дугаартай дүгнэлтүүд, Ан амьтан экологи-эдийн засгийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хориглосон арга хэрэгслээр ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хуланг зохих зөвшөөрөлгүйгээр хөөж буудан агнасан гэж үзэн Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь түүний үйлдэлд тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Пекон маркийн мотоцикль нь Н.Дэлгэртогтохийн эзэмшлийх болох нь гэрч Н.Дэлгэртогтох, Д.Нэргүйбаатар, Б.Шинэхүү нарын хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Эрдэнэбатын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мотоцилийн үнэ болох 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн Дробинка маркийн бууг шүүгдэгч Б.Эрдэнэбат нь гэрч  Б.Билэгсайханаас авч хэрэг үйлдэхдээ ашигласан боловч уг галт зэвсэг нь улсын бүртгэлгүй болох нь гэрч Б.Билэгсайханы “...Миний эзэмшлийн Дробинка маркийн буу нь бүртгэлгүй, бууны гэрчилгээ гэж байдаггүй. Би одоогоос 2, 3 жилийн өмнө танил Сайхнаа гэж дууддаг хүнээс 1 тооны адуугаар уг бууг худалдан авч байсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан боловч 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамрагдах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэрэн овогт Бадам-Эрдэний Эрдэнэбатыг ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон арга хэрэгслээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бадам-Эрдэний Эрдэнэбатыг 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 4 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дахь хэсэгт зааснаар нийгмээс тусгайрлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 19.400.000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Пекон маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эрдэнэбатаас гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А6536 дугаартай ИЖ-58 загвартай Дробинка маркийн 1 ширхэг бууг Дорногов аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Пекон маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон эзэмшигч Н.Дэлгэртогтохт буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Эрдэнэбатад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА