Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч С.Цэрэндалай

Иргэдийн төлөөлөгч Г.Оюунпүрэв

Хохирогч Т.Баяржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Гэрч Ч.Батболд

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содов овогт Тайвангийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201610010258 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, эхнэр гурван хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг 4-р хэсэг гудамж, цэцэрлэгийн байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан Содов овогт Тайвангийн Мөнхжаргал /PД: EO91051818/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун караокений гадна иргэн Т.Баяржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Т.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Алтанхаргана цэцэрлэгийн 60 жилийн ойн арга хэмжээнд урилгаар дуу дуулахаар болсон. Урилгыг хүлээн авч ойн арга хэмжээ болж байсан Греен корнер ресторанд 18 цагаас 21 цаг хүртэл дуу дуулж, арга хэмжээнд нь оролцсон. Тэгээд тамхи татах гээд 00 руу орох гэтэл үйлчлэгч нь тамхи татаж болохгүй гэхээр нь бие засангаа тамхи татах  санаатай гадаа гартал Ялгуун караокений үүдэнд зүс таних эхнэр, нөхөр хоёр хоорондоо гэр бүлийн маргааны улмаас маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би ах, эгч хоёрыг гадаа гудамж талбайд хоорондоо хэрүүл маргаан хийгээд яахав гэж хэлээд зогсож байтал Ялгуун караокенаас үл таних согтуу ах гарч ирээд чамд энэ хоёрын хэрүүл маргаан ямар хамаатай юм гэж хэлээд ам руу салаавч өгөөд заамдаж авахаар нь өөрөөсөө холдуулах гэж гараараа нүүр рүү нь нэг удаа түлхсэн. Тэгтэл хохирогч зогсоол дээр байдаг гурвалжин төмөрт бүдрээд унасан. Тэгээд би Греен корнер луу орох гэж явахад хохирогч босч байсан. Греен корнер луу орж дуугаа дуулаад 10-15 мин дараа гарч иртэл хохироч гадаа хэвтэж байсан. Би очоод тэлээнээс нь өргөж босгох гэтэл босохгүй байсан. Би санаатай гэмтэл учруулах гэж түлхээгүй. Хохирогчийг би цохиж зодоогүй. Надаас хойш хэн нэгэнд зодуулсан байж болзошгүй гэв. 

 -Хохирогч Т.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад вокзал дээр найз Чинзоригтой уулзахаар очтол найзын маань суусан машин нь яараад явчихсан байсан. Ингээд би хүйтэн пиво уумаар санагдаад Ялгуун караоке орж ганцаараа 2 шил пиво захиалж уугаад 1 цаг гаран болоод гарсан, тухайн үед караокед ямар хүмүүс сууж байсныг одоо санахгүй байна, ямар ч гэсэн миний таньдаг хүн огт байгаагүй. Тэгээд караокенаас гараад үүдэнд нь тамхи татаад ганцаараа зогсож байтал үл таних 25-30 орчим насны костюм өмссөн залуу над дээр ирээд тамхи асуусан шиг санагдаж байна, тэгсэн би өөдөөс нь ямар нэг зүйл хэлээд хоорондоо муудалцсан. Тэгээд би тархиараа газарт савж унаад цаашаа юу болсныг санахгүй байна. Эмч нарын хэлж байгаагаар миний тархины дагз яс цуурсан, тархинд цус хурсан, тархины хавантай болсон гэж хэлсэн. Эмчилгээнд одоогоор нийт 600.000 орчим төгрөг зарцуулсан, цаашид хэвтрийн дэглэм сайн сахиарай гэж хэлсэн. Ер нь би архи дарс бараг хэрэглэдэггүй бөгөөд хэрэглэсэн үедээ амархан согтчихдог юм. Хэрэг болсны маргааш өдөр нь цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхөд Мөнхжаргал гээд залуу “би таныг зодчихсон юм уу, би таныг түлхсэнээ санаж байна” гэж л хэлсэн, мөн эхнэр нь бололтой нэг эмэгтэй “манай нөхөр тэнсэнтэй байгаа, одоо яах бол” гэж санаа нь зовоод байсан ба Улаанбаатар хот явсны дараа Мөнхжаргалын зүгээс манай эхнэрийн данс руу 130.000 төгрөг шилжүүлсэн байсан гэжээ. /хx-ийн 6-8, 99/

-Хохирогч Т.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Одоо надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч намайг цохисон тэгээд би унаад цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна гэв.

- Гэрч Ц.Орхонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: ...манай нөхөр 3 лааз пиво уугаад бага зэрэг халамцуу байсан бөгөөд гэрт орж ирээд найзтайгаа /хэн гэж ямар найзтайгаа уулзсан талаар мэдэхгүй/ уулзаад ирье гэж хэлээд гарсан. Ингээд 23 цагийн үед над руу эмнэлгээс утсаар залгаад “нөхөр чинь хүнд зодуулаад эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна, яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь хүүхдүүдээ аав, ээж дээрээ орхиод эмнэлэг дээр очтол Т.Баяржаргал өөрийн ухаангүй, хүлээн авахын өрөөнд нүүр амнаас нь цус гарч, дух, уруул нь хавдаж халцарсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд Т.Баяржаргалаас юу болсон талаар асуух гэсэн боловч хүний асуусан асуултанд хариулах тэнхэлгүй бөөлжөөд байсан ба тэр өдрөө эмнэлэгт хонуулаад нэг хоногийн дараа Улаанбаатар хотын БХХСАХНЭ-ийн гэмтлийн тасагт 10 хоног хэвтүүлэн эмчлүүлсэн. Тухайн үед Т.Баяржаргалын биед тархины цууралт, цус хуралт, тархины хаван хурсан байна гэж эмч нар хэлсэн. Т.Мөнхжаргалын ээж нь манай байгууллагад ажилладаг гэдгээр нь мэднэ, тэрнээс өөр зүйл мэдэхгүй гэжээ.  /хх-ийн 16/

 -Гэрч Ч.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим төв талбай буюу автомашины зогсоол дээр Сайншанд явах гэж байгаа /үл таних/ хүмүүстэй хэдэн төгрөгөөр явах талаар асуугаад зогсож байтал Ялгуун караокены гадаа үл таних 2 залуу хоорондоо маргалдаад нэг нь Ялгуун караоке руу, нөгөө нь Греен корнер ресторан руу салаад явсан. Тэгээд би хоорондоо юунаас болж маргалдсан юм бол доо гэж бодоод Сайншанд явах хүмүүстэй юм яриад зогсож байтал нөгөө хоёр залуу Ялгуун кароакены урд талд гараад ирчихсэн дахиад хоорондоо муудалцаад зогсож байсан ба ойр хавьд нь хамт явж байсан гэх хүмүүс байгаагүй. Тэгсэн Греен корнер ресторанаас гарч ирсэн дээгүүрээ саарал өнгийн костюм, хар өнгийн ботинктой Жаялаагийн дүү гэх залуу Ялгуун караокеноос гарч ирсэн цэнхэр өнгийн куртиктэй ахын нүүр рүү миний нүдэн дээр 2-3 удаа гараараа цохисон чинь нөгөө залуу нь ар дагзаараа саваад газар унасан. Гэтэл Жаялаагийн дүү гэх залуу гэдэс рүү нь өшиглөөд байхаар нь би очоод “та хоёр хоёулаа архи уучихсан согтуу байна, одоо боль” гээд салгасан, тухайн үед Жаялаагийн дүү гэх залуу “Жаргал хаана байна” гээд надаас танихгүй хүний нэр хэлээд асуугаад байхаар нь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Ингээд саарал костюмтай залуу буцаад Греен корнер ресторан руу орсон ба газар унасан залуу нь газраас босохгүй байхаар нь цагдаад энэ талаар хэлье гэж бодоод өөрийн биеэр очиж хэлсэн. Тэр хооронд тэнд юу болсон талаар мэдэхгүй, хоёр цагдаагийн хамт Ялгуун караокены урд очиход Жаялаагийн дүү гэх залуу тоосон шинжгүй тамхи татаад зогсож байхаар нь цагдаа нарт “энэ хүн, газар байгаа хүнийг цохиж унагаасан” гэж зааж өгсөн. Би замын-Үүд суманд Жаялаа гэж хүнийг мэднэ, духан дээрээ хас тэмдэг шивүүлсэн 30 орчим насны ах байдаг, харин надтай цуг вокзал дээр машин олж өгдөг хэдэн найзууд маань саарал костюмтай залууг Жаялаагийн төрсөн дүү гээд өмнө нь хэлж байсан болохоор зүс таньж байсан юм, болсон асуудлыг надаас өөр хүн хараагүй гэж бодож байна, учир нь тэр хавиар хөдөлгөөн бага байсан. Цохиулсан залуу Ялгуун кароакены урд талын хатуу цементэн дээр ар дагзаараа дээшээ хараад савж унасан. Эмнэлгийн тусламж иртэл тэр газраасаа босоогүй, эмч нар өргөж машиндаа оруулсан гэжээ. /хx-ийн 26/

-Гэрч Г.Пүрэвжавын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагаас 03-ны өдрийн 08 цаг хүртэл яаралтай түргэн тусламжийн эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 21 цагийн орчим Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсээс “Ялгуун караокены урд талд согтуу хүн зодуулсан байдалтай” байна гэх дуудлага ирүүлсний дагуу тухайн газарт очиход 30-35 орчим насны эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай хамар амнаас нь цус гарсан, өмссөн хувцас нь шороо тоос болсон, өөрийн ухаангүй хажуу талаараа Ялгуун караокены үүдэнд буюу Хан зоогийн газрын гадаа хэвтэж байсан бөгөөд өвчтөний биеийн байдлыг нарийн тогтоох зорилгоор эмнэлэг рүү авч явсан Эмнэлэг рүү авч явах үед ямар нэг зүйл яриагүй бөгөөд гэмтлийн эмч Сувдад өвчтөнийг хүлээлгэн өгсөн. Тэр залуу өөрийн ухаангүй байдалтай хэвтэж байсан бөгөөд бие даан хөдөлгөөн хийх чадваргүй хүний тусламжтайгаар тээвэрлүүлсэн гэжээ. /хx-ийн 24/

- Гэрч Э.Бадамын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Орой 21 цагийн үед баярын арга хэмжээнд урилгаар ирж дуулсан Т.Мөнхжаргал гэгч ах 00-д тамхи татах гэхээр нь би “00 дотор тамхи татах хориотой” гэж хэлэхэд “за за тэгвэл гадаа гарч тамхи татлаа” гээд гарсан. Тэгээд удалгүй дотор байсан хүмүүсээс гадаа хүн зодолдоод байна гэх яриа сонсогдсон. Т.Мөнхжаргал нь саарал костюм пиджак өмссөн, өөрийн ухаантай, эрүүл шахуу байсан бөгөөд арга хэмжээний явцад хэн нэгэн хүнтэй муудаж маргалдсан зүйл байгаагүй. Хэнтэй хамт явж байсан талаар мэдэхгүй байна, тамхи татахаар гарахдаа ганцаараа гарсан гэжээ. /хx-ийн 25/

- Гэрч М.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим дээрээс доошоо бараагаа авах гээд шатаар бууж байтал караокений үүдэнд буюу гадаа довжоон дээр үл таних цэнхэр куртиктэй залуутай Мөнхжаргал маргалдаад зогсож байсан. Тухайн үед Мөнхжаргал костюм өмсчихсөн байх шиг харагдсан ба Жаялаагийн дүү Мөнхжаргал мөн байна даа гээд дотроо бодож байсан, төрсөн ахыг Жаялаа гэж дууддаг. Ингээд дээшээ бараагаа оруулаад ажлаа хийж байтал 20-30 минутын дараа цагдаагаас караокены зөөгч асуугаад орж ирснээ танай гадаа хүн зодуулчихсан байна, танайхаар үйлчлүүлсэн үү, өөр газраар үйлчлүүлсэн юм уу гэхээр нь манай дээд талын караокегоор үйлчлүүлээгүй, доод талын караокегоор үйлчлүүлсэн үгүйг мэдэхгүй байна, намайг доороос дээшээ бараагаа аваад гарч байхад Мөнхжаргал гээд залуутай энэ залуу муудалцаад зогсож байсан, өөр зүйлийн талаар мэдэхгүй гэж хэлээд салсан. Цагдаатай хамт гарахад гадаа буюу манай шатнаас 1-2 метрийн зайд байрлах цемент дээр хэвтэж байсан гэжээ. /хх-ийн 26/

-Гэрч Г.Энхзулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:  ...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим үл таних 30-35 орчим насны цэнхэр өнгийн куртиктэй ах ганцаараа орж ирээд 2 шил Тайгер, 1 лааз Кола захиалж уугаад орой 21 цагийн алдад гарсан. Тухайн үед тэр ах нэг ч хүнтэй хамт яваагүй бөгөөд гаднаас орж ирэхдээ нилээн халамцуу байдалтай ил харагдах гэмтэл шархгүй ганцаараа орж ирсэн. Би бодохдоо энэ хүнд үүнээс илүү архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилбэл муудах юм байна даа гэж дотроо бодоод “нэг пиво дахиад захиалъя” гэхээр нь огт өгөлгүй гаргасан. Тэгсэн 21 цагийн үед гаднаас цагдаа орж ирээд “гадаа хэвтэж байгаа хүн танайхаар үйлчлүүлсэн үү” гэхэд гадаа буюу караокений урд талын цементэн дээр хэвтэж байсан хүнийг заахаар нь ойртоод хартал манайхаар үйлчлүүлээд гарсан цэнхэр куртиктэй ах хүнд зодуулсан байдалтай, чихнээс нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би цагдаа нарт “манайхаар үйлчлүүлсэн ах мөн байна, үйлчлүүлж байхдаа хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйлгүй тооцоогоо хийгээд ганцаараа гараад явсан, өөр мэдэх зүйл байхгүй” гэж хэлээд салсан, цаашид юу болсон талаар мэдээгүй. Манай караокед зөөгчөөр ажилладаг Оюунбилэг эгч Мөнхжаргал гэдэг хүнийг зодсон болов уу гэж байсан, тухайн үед зодож байхыг нь өөрөө хараагүй, доороос дээшээ гарч ирэхэд караокены үүдэнд хоорондоо маргалдаад зогсож байхыг нь харсан гэсэн гэжээ. /хx-ийн 27/

- Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...дуудлагын дагуу очиход Ялгуун караокены гадаа очиход 30-40 орчим насны эрэгтэй бусдад зодуулсан байдалтай өөрийн ухаангүй зүүн талаараа газар хэвтэж байсан бөгөөд цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт энэ тухай утсаар мэдэгдэж эмнэлэг дуудуулсан. Удалгүй түргэн тусламжийн эмч нар тухайн хүнийг ирж үзээд “яаралтай эмнэлгийн тусламжийн арга хэмжээ авах хэрэгтэй хүн байна” гэж хэлээд эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед хэнд зодуулсан болохыг олж тогтоох зорилгоор Ялгуун караокены ойр орчмоор биечилсэн сурвалжлага хийхэд Батболд гэгч таксины хүн олж өгдөг залуу “Жаялаагийн дүү гэх саарал костюм пиджактай залуутай энэ залуу муудалцаад байсан чинь Жаялаагийн дүү нүүр рүү нь цохиж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан” гэхээр нь Греен ресторанаас гарч ирсэн Тайван овогтой Мөнхжаргалыг шалгахад саарал өнгийн костюм пиджактай согтуу байдалтай байхаар нь “чи яагаад хүн цохисон юм вэ” гэж асуухад “наад хүн чинь миний дургүйг хүргээд байхаар нь нүүр рүү нь цохьчихсон юм” гэж хэлэхээр нь цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт түүнийг хүлээлгэж өгсөн. Т.Мөнхжаргалын биед ил харагдах гэмтэл шарх огт байгаагүй бөгөөд бусдад зодуулсан гэх залуугийн хамар амнаас нь цус гарсан байсан гэжээ. /хx-ийн  28/

-Гэрч Р.Адарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... Орой 21 цагийн үед цагдаагийн хэлтсийн шуурхай албанаас “Ялгуун” караокены гадаа согтуу хүмүүс маргалдаад байна. Гэх дуудлага ирүүлсний дагуу шууд Ялгуун караокены урд талд очиход 30-40 орчим насны эрэгтэй, бусдад зодуулсан байдалтай өөрийн ухаангүй, Ялгуун караокены урд талын бетонон хучилттай зам дээр хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Ингээд уг хүнийг хэн зодсон болохыг тогтоох зорилгоор ойр хавьд байсан хүмүүсээс асуухад тухайн үйл явдлыг харсан гэх вокзал дээрээс хот хоорондын таксинд хүн олж өгдөг Батболд гэгч залуу “зодсон хүнийг нь би харсан Жаялаагийн дүү энэ хүнийг цохиж газар унагаасан” гэж хэлэхэд Жаялаагийн дүү болох Т.Мөнхжаргал нь Греен корнер ресторанаас саарал костюмтай гарч ирж байсан. Тэгээд д/ч Мягмарсүрэнгийн хамт түүн дээр очоод “чи яагаад хүн цохисон” талаар асуухад тэр “би Алтан харгана цэцэрлэгийн ойн баярт оролцоод явж байна, наад хүн чинь өөрөө над руу томроод байхаар нь би цохьчихсон чинь газар уначихсан юм” гэж хэлсэн. Тухайн үед зодуулсан залуугийн хамар, амнаас нь цус гоожсон байдалтай ухаангүй хэвтээд байхаар нь 103 дуудаж хүлээлгэн өгөөд, Т.Мөнхжаргалыг цагдаагийн хэлтэст дээр авчирж, согтолтын хэмжээг нь Драгер багажаар үлээлгэж үзэхэд 1,34%-ийн согтолттой байсан. Мөн Т.Мөнхжаргалаас яг юу болсон талаар саатуулах явцад түүнээс асуухад “намайг оролдоод байхаар нь би цохьчихсон юм, явдаг газар руугаа явмаар байна” гэж хэлсэн ба тухайн үед өөрийн ухаантай, биеэ авч явах чадвартай байсан гэжээ. /хx-ийн 29/

- Шинжээчийн  08 дугаар дүгнэлт: 1.Т.Баяржаргалын биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины хаван, дагз ясны далд хугарал, толгойн хуйханд ар дагзанд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаа үйлчлэлээр үүсэх ба тухайн хэрэг гарсан өдөр буюу 2016.12.02-нд үүссэн байх боломжтой. 2.Учирсан гэмтлүүдийн тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины хаван, дагз ясны далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, толгойн хуйханд ар дагзанд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 3.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Т.Баяржаргалын биед учирсан гэмтлээс харахад урдаас уруул руу хүчтэй цохисноос хойш хүчтэй савж унаснаас үүссэн байх боломжтой юм. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хx-ийн 42/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 31/

-Яаралтай тусламжийн хуудас өвчний түүх /хх-ийн 43-52/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 65-66/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 сарын 04-ний өдрийн 72 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 68-74/

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 110 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 75-78/

-Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгчийн ам бүл, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 79, 81/

-Хохирлын баримтууд /хх-ийн 91-92/

-Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 94-95/

-Ял өөрчилж сонсгох тухай Прокурорын 5/05 тоот тогтоол /хх-ийн 110/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун караокений гадна хохирогч Т.Баяржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж, хохирогч газар унаж тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины хаван, дагз ясны далд хугарал бүхий хүнд гэмтэл, толгойн хуйханд ар дагзанд цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ч.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгсэн Греен корнер ресторанаас гарч ирсэн дээгүүрээ саарал өнгийн костюм, хар өнгийн ботинктой Жаялаагийн дүү гэх залуу Ялгуун караокеноос гарч ирсэн цэнхэр өнгийн куртиктэй ахын нүүр рүү миний нүдэн дээр 2-3 удаа гараараа цохисон чинь нөгөө залуу нь ар дагзаараа саваад газар унасан.” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг, гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Тухайн үед хэнд зодуулсан болохыг олж тогтоох зорилгоор Ялгуун караокены ойр орчмоор биечилсэн сурвалжлага хийхэд Батболд гэгч таксины хүн олж өгдөг залуу “Жаялаагийн дүү гэх саарал костюм пиджактай залуутай энэ залуу муудалцаад байсан чинь Жаялаагийн дүү нүүр рүү нь цохиж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан” гэхээр нь Греен ресторанаас гарч ирсэн Тайван овогтой Мөнхжаргалыг шалгахад саарал өнгийн костюм пиджактай согтуу байдалтай байхаар нь “чи яагаад хүн цохисон юм вэ” гэж асуухад “наад хүн чинь миний дургүйг хүргээд байхаар нь нүүр рүү нь цохьчихсон юм” гэж хэлэхээр нь цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт түүнийг хүлээлгэж өгсөн.” /хх-ийн 28/ гэх мэдүүлэг, гэрч Р.Адарсүрэнгийн “...Батболд гэгч залуу “зодсон хүнийг нь би харсан Жаялаагийн дүү энэ хүнийг цохиж газар унагаасан” гэж хэлэхэд Жаялаагийн дүү болох Т.Мөнхжаргал нь Греен корнер ресторанаас саарал костюмтай гарч ирж байсан. Тэгээд д/ч Мягмарсүрэнгийн хамт түүн дээр очоод “чи яагаад хүн цохисон” талаар асуухад тэр “би Алтан харгана цэцэрлэгийн ойн баярт оролцоод явж байна, наад хүн чинь өөрөө над руу томроод байхаар нь би цохьчихсон чинь газар уначихсан юм” гэж хэлсэн. Тухайн үед зодуулсан залуугийн хамар, амнаас нь цус гоожсон байдалтай ухаангүй хэвтээд байхаар нь 103 дуудаж хүлээлгэн өгөөд, Т.Мөнхжаргалыг цагдаагийн хэлтэст дээр авчирж, согтолтын хэмжээг нь Драгер багажаар үлээлгэж үзэхэд 1,34%-ийн согтолттой байсан.” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг, шинжээчийн  08 дугаар дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн.

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр  үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар  зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь хохирогчийг цохиогүй, түлхсэн, хохирогчид учирсан гэмтлийг санаатай учруулаагүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь болгоомжгүйгээр бусдад хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэж зүйл ангийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлзсэн болно. Шүүгдэгч Т.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201610010258 тоот хэрэгт шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан гэх нотлох баримт байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Р.Адарсүрэн, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзан ялаар шийтгүүлж ялтай байдал дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хохирогч Т.Баяржаргалд эмчилгээний зардалд 536,400 төгрөгийн хохирол гарсан нь хх-ийн 91-92 дугаар хуудсан дахь зарлагын баримт, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар зэргээр тогтоогдож байгаа боловч хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн мөн шүүгдэгч нь хохирогчид 130.000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Содов овогт Тайвангийн Мөнхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайвангийн Мөнхжаргалд 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зармыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхжаргалд оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Т.Мөнхжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД          Л.БАТЖАРГАЛ

                             А.ЦЭРЭНХАНД