Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 0037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                             Б.Ж

Шүүгдэгч                               Б.А, Б.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч    О.С, Ж.Ш, Р.Ц

Нарийн бичгийн дарга     Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой, Б.А, Б.Ц нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.С, шүүгдэгч Б.Ц, Б.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Б-н А,

 

Монгол Улсын иргэн, М овогт Б-н Ц

 

Шүүгдэгч Б.А, Б.Ц нарыг бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт маргааны улмаас У.Т-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овгийн Б-н А, М овгийн Б-н Ц нарыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарыг 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А, Б.Ц нарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарын цагдан хоригдсон тус бүрийн 20 /хорь/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааныхаа дутуу авсан цалингийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

 

“ ... Б.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч У.Т-г дэгээдэж унагаасан, ингэж унасны улмаас хохирогч У.Т босч чадаагүй нь У.Т-н өөрийнх нь өгсөн зүүн гараа дараад эвгүй унасан гэдэг мэдүүлгээр тогтоогддог.

Б.Ц нь түүний нүүр рүү алгадсан гэдэг бөгөөд тэрээр хохирогч унасны дараа 2 гараараа толгойгоо хамгаалсан гэж шүүх хурал дээр мэдүүлдэг. Мөн хохирогч У.Т 2018 оны 08 дугаар сарын 29-нд мэдүүлэг өгөхдөө хэн нэг нь миний толгой руу өшиглөж байсан гэдэг.

Тухайн үед яг хэн нь толгой руу өшиглөснийг өөрөө хэлж чадаагүй. Хохирогч У.Т нь унасан хойноо толгойгоо гараараа хаасан байсан гэдэг. /хх-42/

Яг хаашаа өшиглөсөн талаар мэдэхгүй, гар луу өшиглөөд байх шиг байсан гэдэг. Мөн тэрээр ер зүүн талын чамархай руу өшиглөсөн гэж эх сурвалжийг зааж хэлж байгаагүй. Харин тэрээр урьд нь зүүн талын эрүү ясандаа хуучин гэмтэлтэй металл бэхэлгээтэй, зүүн хажуу хана зөрөөтэй, хуучин хугаралтай гэмтэлтэй байсан байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 27-нд шүүх эмнэлэгт үзүүлэхдээ тэрээр зүүн чих өвдөнө, зүүн эгэм өвдөнө гэжээ.

Хохирогч Т-н мэдүүлснээр гар луу өшиглөөд байх шиг байсан гэсэн эх сурвалж нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Хэрэв гар луу өшиглөсөн бол түүний гаранд үүссэн гэмтэл, бэртэл огт тогтоогдоогүй.

Мөн Ц-н А-тай бүлэглэн хүнд хохирол санаатай учруулсан талаар шүүхийн шийтгэх тогтоолд хангалттай дүгнэлт хийгдсэнгүй.

Харин А нь Ц-г өшиглөж унагаасан, унасны дараа цохиж байсан эсэхийг хараагүй гэдэг.

Өөрөөр хэлбэл Ц, А нар нь цуг хамтдаа зогсож байгаад хохирогч Т-г цохисон, үйлдлээрээ нэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Ц өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг дэгээдэж унагаасан, үүний улмаас эгэм нь хугарсантай маргадаггүй.

А-г Т дээр ирэхэд Ц байхгүй байсан. Энэ тохиолдолд яаж үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх билээ. Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан үйлдлээрээ нэгдсэнийг хамтран оролцсонд тооцно гэжээ.

Эрүүгийн хуулийн 2.1.2-т зааснаар Б.Ц-ын үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл хохирогчид учиржээ.

Иймд тэрээр энэ гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх үндэслэлтэй юм.

Шүүхийн тогтоолын 5-р талд Б.Цын үйлдлийг У.Т-г гүйхэд араас нь хөөж дэгээдэж унагасан, унасан үед нь толгой руу нь гараараа алгадаж цохиод цааш гүйсэн гэж тодорхойлсон шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалттай нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

 

Б-н Ц миний бие 1995 оны 04 дүгээр сарын 30-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Миний бие эхнэр болоод 5 настай, 1 нас 7 сартай, 1 сартай хүүхдүүдийнхээ хамт Дэнжийн Эрдэнэ багт оршин суудаг.

Эхнэрийн хувьд нялх биетэй байгаа учир ажил хийх боломжгүй байгаа юм. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдсэн. Миний хувьд хохирогч У.Т-г дэгээдэж унагааж эгэмний ясыг хугалсан үйлдлээ анхнаасаа зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн. Би хохирогч У.Т-н толгой руу нь өшиглөж, цохисон удаа байхгүй бөгөөд Б-н А-тай үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн хэрэг болдог өдөр 2-оос 3 гэрч болсон үйл явдлыг бүгдийг харсан боловч гэрчээр татаагүй болон мэдүүлэг аваагүй байна. Иймд ар гэрийн минь байдлыг давхар харж үзэн энэ хэрэгт гэрч нарыг татан оруулах болон зүйлчлэлээр салгах талаар шүүж өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Б овогтой А нь 1995 оны 06 дугаар сарын 27-нд Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн. Миний бие ам бүл 3 бүтэн өнчин ба өндөр настай өвөө эмээгийн хамт Орхон аймгийн Оюут багийн 2-6-4 тоотод амьдардаг. Өвөө Ё нь 70 хувийн группт байдаг. Эмээ А нь миний асрамжинд байдаг ба би энэ хоёрынхоо асран хамгаалагч нь билээ.

Миний бие “Өсөх мандах” жолооны курст жолооны багш ба автын засварчин  мэргэжлээр ажилладаг. Энэ хэрэгт холбогдохын өмнө ямар нэгэн хүнд гэмт хэрэгт холбогдож байгаагүй.

Иймд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч Бүлэглэн У.Т-г зодоогүй зөвхөн би ганцаараа байхдаа түүнийг өшиглөж түүний толгойд нь хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор миний болон ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж энэ хэрэгт гэрчээр нэмж хүн оролцуулах мөн Б-н Ц-тай Бүлэглэн У.Т-н биед хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 гэсэн зүйл ангиар зүйлчилж 3 жил 5 сарын ял шийтгэл оногдуулсныг эсэргүүцэж зүйлчлэлээ өөрчлүүлэх хүсэлттэй тул хүсэлтийг минь харгалзан үзнэ үү? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

              Шүүгдэгч Б.А, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.С, шүүгдэгч Б.Ц, Б.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

              Шүүгдэгч Б.А, Б.Ц нар нь  2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Т, Ц.Ж, Ц.Б нартай маргалдаж, У.Т-г зугтахад нь араас нь Б.Ц хөөж дэгээдэж унагаан толгой руу нь цохисон, мөн Б.А ирж У.Т-н толгойн тус газарт хөлөөрөө өшиглөж зодсон үйлдлүүдийн улмаас хохирогч У.Т-н биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн далд хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний дэлбээнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сонсголын дунд зэргийн бууралт, зүүн нүдний доод зовхи, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.

 

              Хохирогчийн биед учирсан зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн далд хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэмний ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нуруу зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сонсголын дунд зэргийн бууралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, Б.Ц нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирол /дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого/-ыг нөхөн төлөөгүй байхад энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.д заасныг журамлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн гэж дүгнэж ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

              Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалтыг гэм буруугийн талаар маргаантай байгаа шүүгдэгч нарт журамлан ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

              Иймд шүүгдэгч Б.Цын ... Би Б.Атай үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг болдог өдөр үйл явдлыг харсан гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, зүйлчлэлийг салгаж зүйлчилж өгнө үү гэсэн гомдол, шүүгдэгч Б.Аын... Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү... гэсэн гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ... Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

           2. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С, шүүгдэгч Б.Ц, Б.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА