Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2021/00804

 

 

 

 

 

2021    04    08                               182/ШШ2021/00804

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХЗҮХ-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2020 оны Б/99 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалинг буцаан гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э, хариуцагчийн төлөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХЗүндэсний хүрээлэнгийн ХЗсургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар 2020.06.16-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2020.12.02-ны өдрийн Б/99 тоот тушаалаар 1 сарын цалинг 20%-иар бууруулах сахилгын шийтгэлийг авсан. Уг тушаалын төслийг байгууллага 2020.12.04-ны өдөр миний өөрийн [email protected] цахим хаягаар илгээснийг хүлээн авч, тушаалыг зөвшөөрөхгүй, шүүхэд хандахаа илэрхийлж хариу илгээсэн. Харин 2020.12.08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын огноог буруу гаргасан гэж хэлээд 2020.12.07-ны өдөр болгон засаж өгсөн. Энэ огнооны хувьд маргахгүй, гэрч өмнөх хурал дээр буруу огноолсон гэдгээ мэдүүлсэн. Тэгэхлээр 2020.12.07-ны өдөр болж таарч байгаа юм. Гол нь 2020.12.02 байна уу, 07-ны өдөр байна уу ялгаагүй, 2020 оны Б/99 тоот тушаалыг миний зүгээс хүчингүй болгохыг хүсэж байгаа. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаал дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг буруу ташаа мэдээлсэн, мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэл заасан байгаа.

Байгууллага энэ тушаалыг гаргахаас өмнө зөрчлийг тогтоосон зүйл байхгүй, надаас ямар нэгэн тайлбар аваагүй, хөдөлмөрийн дотоод журмын 9.4-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан тушаалтанд заавал урьдчилан танилцуулсан байна гэж заасныг зөрчсөн. Надад удирдлагын зүгээс ямар үүрэг даалгавар өгсөн болох, түүнийг нь ямар цаг хугацаанд биелүүлэх байсан нь тушаалаас тодорхой харагддаггүй. Миний хувьд Legalinfo сайтын хөгжүүлэлттэй холбоотойгоор алдаа гаргасан зүйл байхгүй. Энэхүү программын хөгжлүүлэлтийн нээлтийн ажиллагааг 2020.11.26-ны өдөр улс тунхагласны баяраар ёслол төгөлдөр нээлт хийвэл ямар бэ гэдэг саналыг удирдлагад хэлж байсан, тэр нь дэмжигдээд 2020.12.01-ний өдөр болсон байдаг, гэтэл Ковид-19 нөхцөл байдалтай холбоотойгоор ИАХХК-иас нээлтийг хийх боломжгүй болсон, тус компани нь өөр программ дээр яаралтай ажиллахаар болсон байдаг. Энэ тухай гэрч өмнө нь мэдүүлсэн, өөрөөр хэлбэл надаас шалтгаалсан зүйл байхгүй, мөн миний бие 2020 оны 11 сард эхнэрээ сахих гээд цалингүй 14 хоногийн чөлөө авсан байдаг. Миний цалин 932,617 төгрөг байгаа, үүний 20% нь 186,523 төгрөгийг суутган авсан талаар баримтаа хариуцагч ирүүлсэн байна. Иймд гүйцэтгэх захирлын 2020.12.02-ны өдрийн Б/99 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль бус болохыг тогтоолгох гэдэг шаардлагыг үндэслэл болохыг өмнөх хурлаар тодруулсан байгаа. Тушаал нь ХЗүндэслэлгүй, шинэ захирал буюу Э-У захирал 2020 оны 10 сард ажлаа хүлээн аваад, надтай 2 сар гаруй хугацаанд л ажилласан. Гэтэл надад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хэт субъектив гэж миний зүгээс харж байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан Б/99 тоот гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалин болох 186,523 төгрөгийг буцаан гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, тушаал хууль бус болохыг тогтоолгох гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл болно гэдгийг өмнө нь тодруулсан болно гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна, өмнөх хурлаар дэлгэрэнгүй ярьсан. Нэхэмжлэгч  В.Э нь ХЗүндэсний хүрээлэнгийн ХЗсургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар Б/49 тушаалаар томилогдож ажилласан бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгөх, дээд шатны удирдлага болон захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтэд хяналт тавих, хангах, өдөр тутмын үйл ажиллагааг тайлагнах, мэдээллийг шуурхай хүргэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэж ХЗүндэсний хүрээлэнгийн дотоод журамд заасны дагуу түүнд сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд 1 сарын үндсэн цалинг 20%-иар бууруулж, цалингаас нь 186,523 төгрөгийг суутган авсан байна. Энэ тушаалын төслийг 2020.12.04-ний өдөр мэйлээр явуулсан, өөрөө тайлбар бичгээр өгсөн байдаг, тухайн үед ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ажил онлайн хэлбэрээр явагдаж байсан учир нэхэмжлэгчийг дуудан ирүүлж, тайлбар авах, зөрчлийг шалгах боломжгүй байсан. Харин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь 2020.12.02-ны өдрийнх биш 2020.12.07-ны өдрийнх болохыг гэрч өмнө нь мэдүүлсэн.

Нэхэмжлэгч В.Э нь ажлаа удирдлагад бүрэн танилцуулдаггүй, уг байдал нь Х.Э-Узахирлыг үүрэгт ажлаа авснаас хойш байнга ажиглагдсан гэж үзсэн. Мэдээж захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд дурдсанаар болон өөрийн зүгээс хэлэх хариултаар нь уг байдал нотлогдож байгаа. Захиргааны зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, шаардуулж байж, дутуу гүйцэтгэдэг. Энэ нь зөвхөн L.mn сайтын хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны улмаас тус сахилгын шийтгэлийг аваагүй. Мөн өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийхгүй байсан тул сахилгын шийтгэл оногдуулах хүртэл хэмжээний асуудал үүссэн. ХЗҮХнь L.mn сайтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг өгөх нь ХЗсургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн ажлын нэг хэсэг байдаг. Улмаар 2019, 2020 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай (USAID буюу ОУХА) ХЗүндэсний хүрээлэн, ИАХХК гэрээ байгуулан тус L.mn сайтын цахим хуудасны засвар үйлчилгээг хийх гэрээ байгуулан ажиллаж байгаа. 2020.11.13-ны өдрөөр дуусгавар болох байсан. Гэвч одоо болтол тус сайтын засвар үйлчилгээний ажил дуусгаагүй. Уг гэрээний дагуух үйл ажиллагаа дуусах хүртэл хяналт тавих ёстой байтал хяналт тавиагүй. Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компанид шаардлага тавиагүй. Захирал болон удирдлагуудад ажил хэвийн явагдаж байгаа, хугацаандаа дуусна, 2020.12.01-ний өдөр нээлт хийж болох талаар тайлагнаж байсан төдийгүй тус сайтын шинэчилсэн хувилбарын нээлт дээр ерөнхий сайдыг урих талаар амаар хэд хэдэн удаа удирдлагуудад танилцуулсан. Гэвч 2020.11.27-ны өдөр ИАХХК-тай уулзахад сайтын нээлт хугацаандаа хийгдэх боломжгүй гэж хэлсэн. Иймд сахилгын арга хэмжээ авсан тушаал ХЗүндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-т холбогдуулж гүйцэтгэх захирлын 2020 оны Б/99 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, суутгасан цалинг буцаан гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч В.Э нь тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан бусад шаардлагаа дэмжсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ХЗүндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг удирдлагын зүгээс надад ямар нэгэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй, миний зүгээс удирдлагад буруу ташаа мэдээлэл өгөөгүй, L.mn сайтын шинэчилсэн хувилбарын нээлтийг 2020.11.26-ны өдөр буюу улс тунхагласны баярын өдрөөр албан ёсоор нээвэл зүгээр гэсэн санааг захиралд танилцуулж байсан нь дэмжигдээд 2020.12.01-ний өдөр болсон байдаг, гэтэл энэ нээлт нь ковидын нөхцөл байдал, гүйцэтгэгч болох ИАХХК-тай холбоотой хойшилсон, зөрчил гээд байгаа зүйлийг хөдөлмөрийн дотоод журамд зааснаар шалгаж тогтоогоогүй, хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй, удирдлагын зүгээс хэт субъектив хандаж байгааг зөвшөөрөхгүй тул тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалингаа авах эрхтэй гэж тайлбарлав.

Харин хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд удирдлагын зүгээс нэхэмжлэгч В.Эт удаа дараа амаар үүрэг даалгавар өгч байсан боловч биелүүлдэггүй, ямар үүрэг даалгавар өгч байсан нь хурлын тэмдэглэлүүдээс харагдана, тушаалын төслийг өөрт нь мэйлээр танилцуулж, өөрөө хариу тайлбар ирүүлсэн байдаг, тухайн үед ковидын нөхцөл байдалтай холбоотой ажилтнууд онлайн хэлбэрээр ажиллаж байсан, нэхэмжлэгч нь L.mn сайтын шинэчилсэн хувилбар дээр ажиллаж байгаа боловч ажилдаа хяналт тавьдаггүй, нээлтийн үйл ажиллагааны талаар удирдлагад буруу ташаа мэдээлэл өгсөн, гаргасан тушаал ХЗүндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

Хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч В.Этай 2020.06.16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч В.Э нь 2020.06.16-ны өдрөөс эхлэн хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-ын ХЗсургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар туршилтын 3 сарын хугацаагаар, 2020.07.22-ны өдрөөс эхлэн даргаар тус тус ажилласан байх бөгөөд зохигчдын хэн аль нь гэрээг цуцлах эсэх асуудлаар шаардлага тавиагүй, туршилтын 3 сарын хугацаанаас өмнө нэхэмжлэгч В.Э нь даргаар жинхлэн ажилласан байгаагаас үзвэл хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар тухайн нөхцөлөөр сунгагджээ.

 

Нэхэмжлэгч В.Э нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ХЗҮХ-ийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, захирлыг өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар хүрээлэнгийн үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй байсан бөгөөд энэхүү эрх, үүргийг хангалттай биелүүлээгүй шалтгаанаар хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-ын захирал нь 2020.12.07-ны өдрийн Б/99 тоот тушаалаар нэхэмжлэгч В.Эт сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь энэхүү тушаалын төслийг 2020.12.02-ны өдрийн огноотойгоор 2020.12.04-ний өдөр нэхэмжлэгч В.Эын мэйл хаягаар илгээснийг нэхэмжлэгч В.Э хүлээн авч, 2020.12.07-ны өдөр мэйлээр ...тушаалыг зөвшөөрөхгүй, гомдолтой, шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн агуулгаар Х.Э-У, Т.Г, Б.Т нарт хандсан хариу тайлбар илгээсэн, 2020.12.08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь техникийн алдаа гаргасан гэж тайлбарлан, тушаалыг 2020.12.07-ны өдрийн огноотой болгон засаж нэхэмжлэгч В.Эт албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.

 

Энэ сахилгын шийтгэл ногдуулсан Б/99 тоот тушаал нь агуулга адилхан, 2020.12.02, 2020.12.07-ны өдөр гэсэн хоёр өөр огноотой, нэхэмжлэгч В.Э нь 2020.12.02-ны өдрийн тушаалыг үндэслэж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, харин хариуцагч нь 2020.12.07-ны өдрийн тушаалыг үндэслэн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан 2020.12.02-ны өдрийн тушаал нь төсөл, 2020.12.07-ны өдрийн тушаал нь эцсийнх байна.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, 2021.03.23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Зын гаргасан Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилчид онлайн ажиллаж байсан, В.Эт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын төсөл нь 2020.12.01-ний өдөр надад мэйлээр ирсэн, 2020.12.07-ны өдөр захирал гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажсан, миний хувьд огноон дээр техникийн алдаа гаргасан нь үнэн, тушаал нь эцсийн байдлаар 2020.12.07-ны өдөр гарсныг захиргааны зөвлөлийн хурал дээр В.Э даргад өгсөн гэх мэдүүлэг, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, ажилд томилсон тушаалууд, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагч байгууллагын гаргасан 2020.12.07-ны өдрийн Б/99 тоот В.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд ХЗдүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, байгууллагын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.5, 5.4 дэх хэсэг болон хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийг удирдлага болгон,

В.Э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг удирдлагад буруу ташаа мэдээлсэн, мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлийг зааж, түүний үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хүртэл хувь хувиар бууруулжээ.

 

Энэхүү тушаалын дагуу хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч В.Эын 2020 оны 12 дугаар сарын үндсэн цалин болох 932,617 төгрөгөөс 20% болох 186,523 төгрөгийг суутган авсан байх ба, үүнтэй холбоотойгоор түүнд 2020 оны 04 дүгээр улиралд ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр нэмэгдэл хөлс олгоогүй болох нь зохигчдын тайлбар, В.Эын 2020 оны 12 сарын цалингийн хүснэгт, сахилгын шийтгэл болох 20%-ийн талаарх мэдээлэл, хүрээлэнгийн захирлын 2020.12.21-ний өдрийн Б/1409 тоот урамшуулал олгох тухай тушаал, тушаалын хавсралт, хүрээлэнгийн захирлын 2017.06.15-ны өдрийн А/12 дугаар тушаал, хавсралт болох хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох тухай журам гэсэн баримтуудаар нотлогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.2-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,

 

Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн Албан хаагчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 10.1-д хууль тогтоомж, хүрээлэнгийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад журам, заавар, ажлын байрны тодорхойлолт /ажил үүргийн хуваарь/ болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн ажил үүрэг болон цаг үеийн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь тайлагнаж, удирдах, удирдуулах зарчмыг чанд баримтлан ажиллана,

Байгууллагын дүрмийн 5 дугаар зүйлийн Хүрээлэнгийн захирал гэсэн хэсгийн 5.3.5-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан албан тушаалтан, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох, 5.4-т Хүрээлэнгийн захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана гэж тус тус зохицуулжээ.

 

Харин хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь дээрх тушаалдаа нэхэмжлэгч В.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд заасан аль заалтыг үндэслэл болгосноо бичээгүй байх боловч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт гэж тушаалын үндэслэлийг нөхөн тайлбарлав.

 

Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн Ажилтны эрх, үүрэг гэсэн хэсгийн 3.2-т энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай, бүрэн биелүүлэх үүрэгтэй гэж заажээ.

 

Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар үүргийг биелүүлээгүй болох нь тодорхой байхаас гадна, үүнийг шалгаж тогтоосон байхыг шаарддаг, түүнчлэн ажилтны цалин хөлс бууруулах хэлбэрийн шийтгэлийг сахилгын хүндэвтэр зөрчил гаргасан ажилтанд хэрэглэхэд тохиромжтой, сахилгын хүндэвтэр зөрчилд өмнө нь жижиг зөрчил гаргаж байсан ажилтан дахин зөрчил гаргах, зөрчлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн буюу ажил хэргийн нэр хүндэд сөрөг байдлаар нөлөөлж хохирол учрах зэрэг үр дагавар бүхий зөрчлийг ойлгодог байна.

 

Дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, байгууллагын дүрмийн заалтуудаар хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-ын захирал эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ерөнхий заалтыг удирдлага болгон нэхэмжлэгч В.Эт сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч, удирдлагын зүгээс хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ямар үүрэг, даалгаврыг хэдэн удаа өгөөд түүнийг нэхэмжлэгч В.Э ямар шалтгааны улмаас, яагаад биелүүлээгүй болох, энэ нь хүнд, хөнгөн, хүндэвтэр шинжтэй зөрчил мөн эсэхийг хэрхэн, яаж шалгаж тогтоосон болох нь хариуцагч талын тайлбар, татгалзлын үндэслэл болсон баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

1.Хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь ИАХХК-тай харилцан тохиролцож www.legal.info.mn цахим хуудасны хөгжүүлэлт, засвар, үйлчилгээг хийх гэрээг байгуулж, ИАХХК нь АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-ын санхүүжилтээр ХЗҮХ ТБАГУТГ-ын захиалгаар legal.info.mn цахим хуудасны хөгжүүлэлтийн ажлыг 2020.04.01-ний өдрөөс 2020.10.01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, цаашдын засвар, үйлчилгээг 2020.05.01-ний өдрөөс 2024.05.01-ний өдрийг хүртэл хоёр үе шаттайгаар хийж эхэлжээ.

 

 

Энэ ажлын хүрээнд 2020.11.27-ны өдөр ХЗҮХ ТБАГУТҮГ болон ИАХХК нь хуралдаж, албаны холбогдох хүмүүс болон нэхэмжлэгч В.Э байлцан legal.info.mn цахим хуудасны шинэчлэлийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд ИАХХК-ийн төслийн менежер О.Ч нэгдсэн системийн хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэл 82%-тай байгаа, ковид-19 цар тахалтай холбоотой төслийн ажилчид Улсын онцгой комиссын хүсэлтээр дайчлагдан ажиллаж, хөгжүүлэлтийн хугацаа хойшлогдож байгаа, ажлыг 12 сарын сүүлээр дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулж, ярилцсан байх бөгөөд хурлаар ИАХХК-ийн зүгээс УОК болон сервертэй холбоотой 2 албан бичгийг ХЗҮХ-нд мэйлээр хүргүүлэх, 12 сарын 07-ны өдөр дахин хуралдаж ИАХХК-ийн зүгээс төсөлтэй холбогдох бүх материалыг бэлдэж боловсруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл legal.info.mn цахим хуудасны шинэчлэлийн ажил нь Ковид 19 цар тахалтай холбоотойгоор хойшлогдож, 2020.12.01-ний өдөр нээлт хийх боломжгүй болсон, ИАХХК нь Улсын онцгой комиссын гаргасан хүсэлтийн дагуу 119.mn сайтыг нэвтрүүлэх ажилд дайчлагдсан, энэ талаараа ХЗҮХ ТБАГУТҮГ-т мэдэгдсэн болох нь 2021.03.23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Чингис-Одын гаргасан 2020.11.11-ны өдөр корона вирус гарсантай холбоотойгоор Улсын онцгой байдлын хүсэлтээр манай байгууллагын бүх ажилчид 119.мн сайтыг нэвтрүүлэх ажилд 24 цагаар ажилласан. Тийм учир бусад систем дээр ажиллах боломжгүй болж legal.info.mn цахим хуудасны шинэчлэлийн ажил хойшлогдсон, бид энэ талаараа Улсын онцгой комиссоос албан бичиг ирсний дараа 2020.12.10-ны өдөр ХЗҮХ-ийн холбогдох хүмүүст албан бичгийг илгээсэн, албан бусаар төслийн нэгжийн багийнхан хоорондоо ярилцаж Б.Баянмөнхөд систем нээгдэх хугацаа цар тахлаас хамааран сунгагдах болсныг хэлсэн, 2020.11.26-ны өдөр төрийн ордонд нээлт хийнэ гэсэн боловч тухайн үед корона вирус гарснаас хамааран ямар ч уулзалт хийх боломжгүй болсон гэх мэдүүлэг,

 

Б.Б-н гаргасан тухайн төсөл эхлэхэд 2020 оны 11 дүгээр сард дуусна гэж байсан. Гэвч тодорхой асуудал гарсан. Удирдлагаас хөгжүүлэлтийн ажлыг дуусгах талаар удаа дараа шаардлага тавьж байсан ч бидний зүгээс хамааралгүйгээр сайтын нээлтийн хугацаа нь хойшилж байсан, гүйцэтгэгч компаниас 2020.12.01-ний өдөр гэх хугацааг өгсөн, бидний зүгээс тодорхой хугацаа гаргадаггүй, шинэ системийн нээлтийн хугацаа хойшилсныг тухайн онлайн хурлын үеэр мэдсэн учир тухайн үед В.Э даргад мэдэгдсэн гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч В.Э нь нээлтийн үйл ажиллагааны талаар удирдлагад буруу ташаа мэдээлэл өгсөн гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд дээрх үйл баримтад нэхэмжлэгч В.Эын гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй, харин ковид-19 цар тахал, Улсын онцгой комиссын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой хөндлөнгийн, хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тогтоогдсон.

 

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч В.Э нь 2020.11.02-ны өдөр эхнэр Ж.М өвчтэй, Удирдлагын академийн докторантурын цугларалтад хамрагдах шалтгаанаар 14 хоногийн хугацаатай цалингүй чөлөө хүссэнийг хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-ын захирлын 2020.11.02-ны өдрийн Б/91 тоот тушаалаар шийдвэрлэж, нэхэмжлэгч В.Эт 2020.11.03-ны өдрөөс 2020.11.17-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн цалингүй чөлөө олгож, түүний ажлыг түр хавсран гүйцэтгэхийг эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Ад үүрэг болгосон байгаагаас үзвэл, 2020.11.27-ны өдрийн хуралдаанаас өмнө нэхэмжлэгч В.Эын ажлыг П.А гэх хүн орлон гүйцэтгэж байсан байна.

 

2.Хариуцагч ХЗҮХ-ийн захиргааны зөвлөлийн 2020.12.08-ны өдрийн 6 дугаар хурлаар 2020.11.23-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаас нэгжүүдэд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, байгууллагын 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг эрчимжүүлэх, цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд хурлаас нэхэмжлэгч В.Эт хэрэглэгчийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг яаралтай гаргаж өгөх,

2020.11.23-ны өдрийн 5 дугаар хурлаар сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар болон цаг үеийн ажлуудыг авч хэлэлцсэн байх бөгөөд хурлаас нэхэмжлэгч В.Эт сургалтуудаа цахимаар зохион байгуулж дуусгах, БНЭЗБҮХөтөлбөрийн биелэлтийг авах, 2021 оны төлөвлөгөөнд тусгах санал гишүүдээс авах,

2020.10.26-ны өдрийн 4 дүгээр хурлаар сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон цаг үеийн ажлуудын талаар хэлэлцсэн байх бөгөөд хурлаас нэхэмжлэгч В.Эт ХЗДХЯ-наас зохион байгуулах орон нутгийн ХЗхэлтсийн дарга нарт зориулсан сургалтад оролцогчдод И-хөтөч-ийн талаар мэдээлэл хүргүүлэх гэсэн үүрэг, даалгавруудыг өгчээ.

 

Харин дээр дурдсан үүрэг, даалгавруудыг нэхэмжлэгч В.Э ямар хугацаанд биелүүлэх, хэнд тайлагнах, үүрэг даалгаврын биелэлтэд хэн хяналт тавих нь тодорхойгүй, хурлаас гарсан шийдвэрийг зохих ёсоор албажуулж гүйцэтгэх удирдлагаас ямар нэгэн эрхийн акт гараагүй байх ба, нэхэмжлэгч В.Э нь өгөгдсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн эсэх, биелэлтийг нь шалгасан эсэх, эдгээр үүрэг даалгаврууд нь тушаалын үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулсан зөрчил нь тодорхойгүй, нэхэмжлэгч В.Э нь Б/99 тоот тушаалын удирдлага болгосон хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын ерөнхий заалт, томьёоллоос яг аль заалтыг зөрчиж, ямар зөрчил гаргасан, үүнийг хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар хэрхэн, яаж шалган тогтоосон талаар баримтгүй, хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ нь хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

Тодруулбал, хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-аас Б/99 тоот тушаалын төслийг нэхэмжлэгч В.Эт мэйлээр илгээж, түүнээс ирүүлсэн хариугаар дотоод журмын 9.4 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй тул, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Б/99 тоот тушаалын төслийг нэхэмжлэгчид мэйлээр явуулж танилцуулсан, нэхэмжлэгч тушаалыг юу гэж үзэж байгаа талаараа тайлбараа бичиж илгээсэн тул бид хөдөлмөрийн дотоод журмын 9.4 дэх заалтыг биелүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

3.Хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-аас 2020.01.02-ний өдөр Б.Ө, Г.И, 2020.04.15-ны өдөр Б.А нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 2020.12.31-ний өдрийг хүртэл байгуулж, дурдсан хүмүүс нь Бүх нийтийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгуулах e-khutuch.mn цахим сан байгуулах ажилд төслийн багийн ажилтны /эрх зүйч/ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, ХЗҮХ ТБАГУТҮГ-аас хөлс төлөх үүргийг хүлээсэн, гэрээний дагуу Б.Ө, Г.И, Б.А нар нь e-khutuch.mn цахим хуудсанд 2020 онд тодорхой үйлдлүүдийг, зохих ёсоор хийсэн, тэдний гэрээг дүгнэх хугацаа болоогүй байгаа байх ба, үүнд нэхэмжлэгч В.Э ямар гэм буруутай болох нь баримтаар нотлогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч В.Э нь Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд буюу хариуцагчийн тайлбарласнаар 3.2-т заасныг зөрчсөн гэх ХЗүндэслэл тогтоогдохгүй, сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч В.Эыг сахилгын хүндэвтэр зөрчил гаргасан гэж үзэхгүй, эдгээр байдал нь тогтоогдохгүй байх тул Б/99 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-ын захирлын Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан тушаалын үр дагавар болох нэхэмжлэгч В.Эын 2020 оны 12 сарын цалингаас суутган авсан 186,523 төгрөгийг хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч В.Эт олгон, 186,523 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч ХЗҮХ ТБАГУТҮГ-т үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч ХЗҮХТБАГУТҮГ-ын захирлын 2020.12.07-ны өдрийн Б/99 тоот В.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, хариуцагч ХЗҮХТБАГУТҮГ-аас 186,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Эт олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч В.Эын дээрх цалин хөлснөөс шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХЗҮХТБАГУТҮГ-т үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Э нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА