Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Н.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000076 дугаартай, 163/2024/0149/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******гийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 36 настай, эрэгтэй, /РД:Г388011418/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, салсан эхнэр Х.Г*******тай эвлэрч, дахин хамтран амьдрах талаар ярилцаж улмаар хэрүүл маргаан үүсгэж Х.Г*******гийн биед халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, салсан эхнэр Х.Г*******тай эвлэрч, дахин хамтран амьдрах талаар ярилцаж улмаар хэрүүл маргаан үүсгэж Х.Г*******гийн биед халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Г*******гийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ******* сумын 5 дугаар багт байх гэртээ байж байхад манай салсан нөхөр Н.Б******* нь гаднаас орж ирээд надтай хэрүүл хийгээд хоёулаа буцаж нийлэх талаар хэрүүл хийж эхэлсэн. Би тухайн үед нь үгүй гэж хэлэхэд миний гараас чанга базаад түлхсэн, дараа нь баруун нүд рүү цохиж авсан. Тэгээд чанга атгаж зуураад базаад надад хандан чи намайг хуурч хүнтэй явсан биз дээ гэж хэлж байсан. Би гэртээ чанга орилоход гэрээс гараад явсан. Орой нь миний бие өвдөөд маргааш өдөр нь цагдаад гомдлоо гаргасан. Би гэртээ ганцаараа байхад Н.Б******* орж ирээд намайг зодсон. Бид хоёр хоёулхнаа байсан.Тухайн өдөр намайг Н.Б******* гэх залуу намайг зодож миний нүд, толгой, гар хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Харин би тэр залууг цохиж, зодож гэмтээсэн зүйл байхгүй. Бид хоёр анх 2010 онд танилцаж гэр бүл болоод дундаас 2 хүүхэдтэй болсон, 2022 онд хоёр тусдаа болсон. Тэрнээс хойш одоог хүртэл нийлээгүй байгаа. Толгой өвдөж байгаа өөр зовуурь байхгүй... тэр өдөр ойр зуурын юм ярилцаж байтал Н.Б******* нь буцаж нийлье гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр улмаар хэрэлдэж, маргалдаж эхэлсэн. Тухайн үед маргалдаж байтал Н.Б******* нь гараараа миний баруун талын нүд хэсэг рүү цохисон. Тэгээд миний зүүн гарын бугалганаас хоёр гараараа базаж түлхчхээд гараад явсан. Гарч яваад буцаж орж ирээгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Би тухайн үйл явдлаас Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмнэлэгт хэвтсэн зардал болох 200.000 төгрөгийг Н.Б******* төлсөн. Мөн эмчилгээндээ хэрэглээрэй гээд 400.000 төгрөг өгсөн. Бид хоёр одоо учир зүйгээ олж эвлэрсэн учир, одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 09-11 дэх тал/,

2. Гэрч Ж.А*******лын өгсөн: “…Х.Г******* нь миний төрсөн охин харин Н.Б******* нь манай охины нөхөр байгаа юмаа. Тэр хоёр хүүхдийн хамтын амьдралыг сайн мэдэхгүй байна. миний бодлоор салсан юм шиг байсан. Хоёр тусдаа амьдраад удаж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт:“... Магадлуулагч Х.Г*******гийн биед тархины доргилт, баруун нүдний зовхи, зүүн бугалга, зүүн өгзөг дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг тархины доргилт, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

5. Яллагдагч Н.Б*******гийн өгсөн: “…Тухайн үед би гэрт ороод X. Г*******тай буцаж нийлээд хамт амьдрах талаар хэлэхэд Г******* буцаж нийлэхгүй гэж хэлсэн. Тэгээд л бид хоёр хэрүүл, маргаан хийж эхэлсэн. Би Г*******тай хэрэлдэж байгаад баруун гараа атгаж түүний баруун талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд миний цамцны энгэр хэсгээс зуурчхаад тавихгүй байхаар нь түүний зүүн гарын бугалга хэсгээс нь хоёр гараараа хүчтэй базаж байгаад түлхэж унагаасан. Г*******гийнд биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь би учруулсан. Тухайн үйл явдал болсноос хэд хоногийн дараа би Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж уулзаад уучлалт гуйж, бид хоёр учир зүйгээ олсон. Тэгээд эмнэлэгт хэвтсэн төлбөрийг нь би төлсөн. Тухайн үед эмнэлгийн төлбөр гэж 200.000 төгрөг өгсөн. Мөн эмчилгээндээ хэрэглээрэй гээд 400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “... Х.Г******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.342.200 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан нийт зардлыг нэхэмжилж байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Г*******, гэрч Ж.А*******л нарын өгсөн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №85 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Б*******гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Н.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, салсан эхнэр Х.Г*******тай эвлэрч, дахин хамтран амьдрах талаар ярилцаж улмаар хэрүүл маргаан үүсгэж Х.Г*******гийн биед халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №85 дугаартай дүгнэлтэнд “...Магадлуулагч Х.Г*******гийн биед тархины доргилт, баруун нүдний зовхи, зүүн бугалга, зүүн өгзөг дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна гэх хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Б*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Н.Б*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Н.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.Б******* бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч М.Даваажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Н.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Х.Гоогаамаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 1.342.200 төгрөгийг гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй болохыг дурдав.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Н.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Н.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 47, 48-51 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн ******* сумын Мануулт багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Б******* нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******гийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******гээс эмчилгээний зардалд 1.342.200 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Шүүгдэгч Н.Б******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ