Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/153

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Э.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О*******д холбогдох эрүүгийн 2415000000139 дугаартай, 163/2024/0159/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ийн О*******, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1986 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн төрсөн, Булган аймгийн Бугат сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 38 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах нийтийн байранд хохирогч А.М*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000139 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах нийтийн байранд хохирогч А.М*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн гэх мэдүүлэг,

2. Заазууранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03 дахь тал/,

3. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн  07 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.М*******ийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 30-ны орой Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах нийтийн байрандаа байж байгаад хажуу өрөөний ах О*******гийнд 19 цагийн орчимд орсон тэгээд О******* ах бид хоёр юм ярьж сууж байгаад пиво уухаар болсон.Тэгээд би О******* ахад пиво авч өгөх гээд гарч яваад “Анд” хүнсний дэлгүүр ороход пиво байхгүй байсан тэгэхээр нь ЕХ нэртэй 0.75 литрийн 1 шил архи худалдаж аваад О******* ахын гэрт орж худалдаж авсан 1 шил архи О******* ах бид хоёр хувааж уугаад дуусахад О******* ах гэртэй байсан ЕХ нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаж ирээд тухайн архийг О******* ах бид хоёр хувааж уугаад сууж байхад О******* ах чи сургуулийн хонхны баяр хөтөлж байхад миний чанга ярагчийг дугаргахгүй янз бүрийн болгоод байсан бас чи миний утасны дугаарыг цагдаад өгсөн гэсэн тэгэхээр нь би цагдаа намайг шинээр ирсэн 2 багшийнхаа дугаарыг өгчих чи нэг байранд байдаг биз дээ гэхээр нь би дугаарыг чинь өгсөн түүнээс би та хоёртой өмнө маргалдаж муудалцаж байсан биш яах гэж өгч дарамтлуулах юм гэж хэлэхэд О******* ах надаас хэрүүл өдөөд байсан тэгэхээр нь би О******* ахын гэрээс гарах гэхэд О******* ах миний араас ирээд чи намайг цагдаагаар дарамтлуулах гэсэн биз дээ гээд намайг мангасдсан тэгэхээр нь О******* ахыг та чинь одоо яачихаад байгаа юм гээд О******* ахыг хойш түлхэхэд О******* ах ширээн дээрээ байсан ногоон иштэй заазуурыг аваад над руу далайх шиг болохоор нь би баруун тал руугаа далдирахад О******* ах ногоон иштэй заазуураараа миний зүүн чихний дээд хэсэг толгойны зүүн талд 2 удаа цохисон тэгэхэд миний толгойноос цус гарч эхэлсэн тэгэхээр нь би О******* ахын заазууртай гарыг нь бариад ор луу нь түлхэж унагаагаад заазуурыг нь булааж авч О******* ахаас холдуулахад миний толгойны зүүн талаас их хэмжээний цус гарсан тэгээд би О******* ахыг та яаж байгаа юм бэ? гэхэд О******* ах миний толгойг хараад дуугуй болоод орон дээрээ суусан тэгээд би цус тогтохгүй юм шиг болохоор нь найз Цэрэнбат руу залгаж болсон зүйлийн талаар хэлээд хүрээд ир гэсэн тэгээд найз Цэрэнбат удалгүй ирээд намайг эмнэлэг авч яваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

6. Гэрч П.Цэрэнбатын өгсөн: “…Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг Цахиур толгой 6-604 тоотод байрлах өөрийн гэртэй унтаж байхад 03 цагийн орчимд миний 94502970 дугаарын утас руу найз М******* 80406625 дугаарын утаснаасаа залгасан тэгээд би найз М*******той утсаар ярихад О******* ах намайг заазуурдчихлаа хүрээд ирээч гэсэн тэгээд би гэрээсээ гараад 04 цагийн орчимд нийтийн байранд ороход найз М*******ийн гэр түгжээтэй харин хойд талын О*******гийн гэрийн хаалга онгорхой байсан тэгээд би явж ороход найз М*******ийн толгойны зүүн талаас их хэмжээний цус гарсан байдалтай тэр хавиар битүү цус болсон байсан тэгээд би юу болсон талаар асуухад найз М******* намайг энэ О******* ах 2 удаа заазуураар цохиод толгойг минь хагалчихлаа гэсэн тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд найз М*******ийг аваад сумын Эрүүл мэндийн төв орж жижүүр эмч Чулуунцэцэгт үзүүлэхэд цус их алдсан том хагархай байна энд оёдол тавьж болохгүй Орхон аймаг руу явж оёдол тавиулсан дээр гээд боолт хийж өгсөн тэгээд найз М******* бид хоёр Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг орж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

7. Гэрч Д.Чулуунцэцэгийн өгсөн: “…Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 05 цагийн орчимд Бугат сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар хонож байхад хүргэн хүү Цэрэнбат нь найз М*******ийн хамт орж ирсэн тэгээд М******* гэдэг залуугийн толгойны зүүн хэсгээс цус гарсан байдалтай орж ирсэн тэгээд би юу болсон талаар асуухад М******* гэдэг залуу хүн заазуурдчихлаа гэсэн тэгээд би тухайн залуугийн чихний дээд үзүүр, толгойны зүүн хэсгийг харахад цус их алдсан байдалтай ойролцоогоор 8 см орчим зүсэгдсэн гэмтэл байсан тэгээд манай эмнэлэгт оёдол тавих боломжгүй байсан учир би тухайн М******* гэдэг залуугийн толгойнд даралттай боолт хийгээд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай авч явж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

8. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...А.М*******ийн биед зүүн чамархай, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Ерөнхий биеийн хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

9. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох маягтыг хохирогч хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл хавтаст хэргийн 43 дахь тал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.М*******, гэрч П.Цэрэнбат, Д.Чулуунцэцэг нарын өгсөн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №176 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.О*******гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Э.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах нийтийн байранд хохирогч А.М*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №85 дугаартай дүгнэлтэнд “...Магадлуулагч А.М*******ийн биед зүүн чамархай, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Хатуу иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэх хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.О*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Э.О*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Э.О******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.О******* бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Э.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

 Шүүгдэгч Э.О*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.М******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 5.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд эмчилгээ болон бусад зардалд гаргасан баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөөгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.М*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд А.М*******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.6-т зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг баталсан хүснэгтээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Э.О*******гээс гаргуулж, хохирогч А.М*******ид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч А.М******* нь эмчилгээ болон бусад зардалд гаргасан баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.О*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.О******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч Э.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Э.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 55-61 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.О******* нь Булган аймгийн Бугат сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн 11 см урт бариултай, бариул хэсгийнхээ нэг талдаа 3 ширхэг, нийт 6 ширхэг саарал өнгийн кинофтой, ажлын хэсгийн урт 16 см, ажлын хэсэг дээрээ Хятад бичиглэлтэй заазуур 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О*******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О*******гээс сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000  /гурван сая гурван зуун/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг, Нийтийн байр 01 тоотод оршин суух, Чүрэн овогт Амарсайханы М******* /РД:ГМ96120314/-д олгохоор, хохирогч А.Мижидорж нь эмчилгээ болон бусад зардалд гаргасан баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Э.О*******гийн нэр хөрөнгөнөөс  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн 11 см урт бариултай, бариул хэсгийнхээ нэг талдаа 3 ширхэг, нийт 6 ширхэг саарал өнгийн кинофтой, ажлын хэсгийн урт 16 см, ажлын хэсэг дээрээ Хятад бичиглэлтэй заазуур 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ