Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

 

 

 

 

2024         08            29                                   2024/ШЦТ/175

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч А.Алтантуяа,

хохирогч Ж.Б*******,

шүүгдэгч Д.Ц*******, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц*******д холбогдох эрүүгийн 2415000000004 дугаартай, 163/2024/0028/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******гийн Ц*******, Булган аймгийн ******* суманд 1976 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймаг ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 48 настай, эрэгтэй, РД:Г376071114.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц******* 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын Хульж 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх гэртээ эхнэр Ж.Б*******ийн хамт байхдаа хэрүүл маргаан үүсгэж, улмаар мах идэж байсан хутгатай гараараа Ж.Б*******ийг цаашаа бол гэж түлхэх явцад түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлий хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 241500000004 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Ц******* 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сум Хульж 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт эхнэр Ж.Б*******тэй согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар  мах идэж байсан хутгатай гараараа хатгасан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ц*******ийн өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүмүүстэй нийлж архи уусан. Тэр үед эхнэр маань ч гэсэн архи их хэрэглэсэн байсан. Тэгээд эхнэртэйгээ хамт гэртээ мах идээд сууж байсан. Миний уурыг маш их хүргэсэн. Тухайн үед эхнэр маань намайг байж суухын эцэсгүй болтол үглэж, хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би залхаад мах идэж байсан хутгатай гараараа чи цаашаа байлдаа гээд түлхсэн. Хутгалах санаа бодол ерөөсөө байгаагүй. Би дөрвөн хүүхэд болон ханьтайгаа зургуулаа амьдардаг. Мөн 70 настай ээж болон дүүгийн маань хүү бас цуг амьдардаг юм. Би гэр бүлээ болон ээжийнхээ ахуй амьдралд тусалж авч явдаг юм. Яг үнэнийг хэлэхэд санаатай ийм зүйл болоогүй. Санамсаргүйгээр ийм хэрэг болсон. Буруу зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байгаа. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна гэв.

2. Шүүх хуралдаанд хохирогч Ж.Б*******ийн өгсөн: Мэдүүлэг өгнө гээд, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монхоо гэдэг залуу эхнэрийн хамт хүрч ирээд 0.5 литрийн архи уучихаад яваад өгсөн. Үүний дараа нөхөр маань хонь руугаа явчихаад эргээд ирэхэд Эрдэнэтээс Түвшин ирсэн. Тухайн үед зулын 25-ны өдөр байсан ба Түвшинд нэг шил архи гаргаж өгөөд хамт уусан. Талыг нь ууж байгаад авч яваад хонин дээрээ очоод байж байгаад ирсэн. Тэгэхэд би нэлээн согтсон байсан. Манай хүн барагтаа бол юм дуугардаггүй, үг дуу цөөтэй. Юунаас болж яагаад хэрүүл маргаан хийснээ санахгүй байна. Би сайхан хань ижлээ хэрэгтний ширээний ар талд суулгасан хүн нь би юм. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд том хүү маань хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан. Эмээ, өвөө болсон. Би өөрийнхөө болчимгүй үйлдэл, хэл амнаасаа болоод нөхрийгөө хэрэгт оруулсандаа маш их харамсаж, бас өөртөө маш их гомдож байна. Манай хүн чинь ер нь бол миний үгээр л байдаг. Бид хоёр энэ олон жил хамт амьдрахдаа нөхөр маань надад нэг удаа ч болов гар хүрч үзээгүй. Яахав хааяадаа бага зэрэг маргалддаг. Манай нөхөр хүүхдүүд маань сум орон нутагтаа нэртэй, төртэй, сумын алдалт уяач хүн юм. Нөхөр маань ар гэрийнхээ хамаг хүнд хүчир ажлыг хийж ар гэрээ авч явдагаас гадна тэр маань байхгүй бол бидний амьдрал сүйрэх гээд байна. Хөгшин настай ээж маань ард мал хараад үлдсэн, үр хүүхдүүд маань бүгдээрээ сургууль соёлдоо яваад өгсөн. Эрхэм шүүгч нар та бүхэн маань бидний энэ нөхцөл байдлыг харж үзнэ үү гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1.Хохирогч Ж.Б*******ийн өгсөн: “...бид гурав хониныхоо дэргэд хонио харангаа найз Түвшинжаргалын машинд нөгөө архиа хувааж уугаад дуусгасан. Тэгээд найз Түвшинжаргалын машинд 0.75 литрийн 1 шил задалсан архи байсныг нь бид гурав мөн адил хувааж уугаад нэлээн халцгаагаад бид гурав буцаад манайх руу харьцгаасан.Тэгээд манай гэрийн гадаа очоод найз Түвшинжаргал машиндаа унтаад нөхөр бид хоёр гэрт орцгоосон тэгээд би галаа түлээд манай нөхөр Д.Ц******* ширээн дээр байсан тавагтай махнаас идээд сууж байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор яг юунаас болж муудалцаж маргалдсаныг сайн санахгүй байгаа.Ямартай ч нөхрийнхөө уурыг нилээн хүргээд малын тоонд хүмүүс ирэх талаар яриад нөхөр бид хоёр маргалдаад байсан санагдаж байна.Тэгээд би болсон явдлыг нарийн сайн санахгүй орж гараад санаад байгаа.Би галаа түлчихээд нөхрийг мах идэж байхад нь хажууд нь оччихсон маргалдаад байсан санагдаж байгаа. Манай нөхөр их л уурласан байдалтай байсан.Тэгээд нөхөртэйгөө маргалдаж байсан чинь манай нөхөр намайг цаашаа бол гээд миний гэдэс рүү түлхэх шиг болсон.Тэгээд би гэдэс рүү хутга орохыг мэдээд гараад гүйсэн байх яагаад гараад гүйсэн гэдгээ сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр Д.Ц******* намайг нэрээр дуудахад нь сэрээд харсан чинь би малын өвсний хашаан дотор байж байсан. Тэгээд манай нөхөр Д.Ц******* намайг өргөж босгоод гэр рүү оруулаад орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучиж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмч нар ирчихсэн надад эм тариа хийгээд эмчилгээ хийж байсан... Харин манай нөхөр Д.Ц******* нь мах идэж байсан хутгаараа гэдэс рүү хатгаж миний биед гэмтэл учруулсан. Манай нөхөр Д.Ц******* нь намайг цохиж зодон хүч хэрэглэсэн зүйл байхгүй... Д.Ц******* миний гэдэс рүү хутгаар хатгахдаа санаатай бол хатгаагүй. Би нөхрийнхөө хажууд нь очоод хэрүүл маргаан хийгээд зогсоод байхаар цаашаа бол гээд манай нөхөр намайг мах идэж байсан хутгатай гараараа түлхсэн чинь хутга нь миний гэдэс рүү орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13- 16 дахь тал/,

2.Гэрч Ж.Баасанжавын өгсөн: “...Би Б*******ийн төрсөн эгч нь юм аа... 2023 оны 12 дугаар сарын 08-ний өглөөний 06 цаг 30 минутад үед Булган аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч байна гэж хэлээд дүү чинь хутганы шархтай Булганы төв рүү түргэний машинаар дөнгөж сая хөдөлсөн шүү гэж хэлсэн тэгээд би дүүгээ хүлээгээд Нэгдсэн эмнэлэг дээр хүлээгээд сууж байсан... Ж.Б*******ийг нөхөр Д.Ц******* урд өмнө зодож байсан талаар сонсож байгаагүй. Харин зүгээр хоорондоо хэрүүл хийж гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

3.Гэрч Б.Дуламын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед Булган аймаг ******* сумын 3 дугаар багаас багийн эмч Н.Очгэрэл нь манай багт бусдад хутгалуулсан хүнд гэмтэлтэй хүн байна яаралтай хурдан ирээч гэх дуудлага мэдээллийг 22 цагийн үед хүлээж аваад 23 цаг 30 минутын үед очиж гэмтэл авсан гэх ******* сумын 3-р багийн иргэн Б*******ийн гэрт очиж анхан шатны тусламжийг үзүүлэхэд иргэн Б*******ийн биед үүссэн гэмтлийг харахад хэвлийн буюу хүйсийн зүүн дээд талд урт 2 см хатгалтын шарх үүссэн тухайн шархны гүнийг тодорхойлох боломжгүй, өлөн гэдэс нь унжсан гадаа удаан байснаас болж хагас осголтын байдалтай байсан. Тухайн иргэн Б*******т анхан шатны тусламжийг үзүүлээд иргэн Б*******ийн биеийн байдал дээрдэхгүй байхаар нь Булган аймгийн эрүүл мэндийн төв рүү залгаж дуудлага өгсөн. Аймгийн эмч нар шөнө 05 цагийн үед ирээд гэмтэл авсан Б*******ийг аваад явсан... Анх дуудлага дээр ирэхэд гэмтэл авсан гэх Б******* нь гэртээ орон дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. ******* сумын 3-р багийн эмч Н.Очгэрэл, гэмтэл авсан хүний нөхөр болох Ц******* нар байсан. Ж.Б*******ийн нөхөр болох Д.Ц*******ээс асуухад Ц******* нь надад хэлэхдээ манай эхнэрийг авраад өгөөч мах идэж байхад олон юм яриад байхаар нь гэнэт би гартаа байсан хутгаар хатгачихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

4.Гэрч Л.Түвшинжаргалын өгсөн: “... найз Д.Ц******* эхнэр Ж.Б*******тэйгээ гэртээ байж байсан. Тэгээд тэр хоёр намайг ирсэн, бас зулын 25-ны өдөр гээд 0.75 литрийн ногоон хаягтай архи гаргаж ирээд задалсан. Тэгээд Д.Ц******* болон түүний эхнэр Ж.Б******* бид гурав нөгөө архиа дээрээс нь жоохон уугаад сууж байтал тэнгэр муухайраад Д.Ц*******ийн хонийг эргэхээр болоод бид тэднийхээс нөгөө ууж байсан архиа аваад миний машинтай Д.Ц*******ийн хонин дээр очсон... Тэгээд хаалга тогшоод байхаар нь сэрсэн чинь манай найз Д.Ц******* нилээн сандарчихсан би эхнэрээ хутгаар гэдэс рүү хатгачихлаа эхнэр маань гараад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ц*******ийг яаж байгаа юм чи гээд загнаж байсан чинь Д.Ц******* нь гэр рүүгээ гүйж ороод гар чийдэн аваад өвсний хашаа руугаа явсан. Тэгсэн чинь тэнд Ж.Б******* байсан. Тэгээд Д.Ц******* эхнэр ээ гэртээ оруулж орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад Д.Ц******* намайг чи эмч рүү яваад ир манай багийн эмч энэ урд Энхбаатарынд мал тооллогоор явж байгаа чи яваад аваад ир гэхээр нь би тэднийхээс гарч яваад Д.Ц*******ийн дөнгөж урд 2 км орчим зайтай байдаг Энхбаатарынхаас багийн эмч Очийг авч ирээд Ж.Б*******ийг үзүүлсэн... Д.Ц******* надад хэлэхдээ хөгшин чинь Ж.Б*******ийг хутгаар хатгачих шиг боллоо гэж хэлэхээр нь би яаж байгаа юм чи арай үгүй биз дээ чи гэсэн Д.Ц******* надад нээрээ нээрээ Б******* гэрээс гараад алга болчихлоо гэж хэлчихээд гэр лүүгээ орж гар чийдэн авч гарч ирээд өвсний хашааныхаа тэндээс эхнэрээ олоод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

            5.Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №4 дугаартай дүгнэлт: “...Магадлуулагч Ж.Б*******ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт, нарийн гэдсийг тайрч залгасан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл 1 удаагийн үйлдлээр ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

6.Яллагдагч Д.Ц*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ө.Алтантуяа гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Ц*******ийг  “Гэм буруутай” гэжээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Булган аймгийн ******* сумын  Хульж 3 дугаар багийн нутаг “Бор нуур” гэх газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Ц******* нь эхнэр Ж.Б*******ийн гэдэс рүү мах идэж байсан хутгаараа хатгасан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Х.Эрдэнэцогт нь Булган аймгийн Цагдаагийн газарт гаргаж, уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Шүүгдэгч Д.Ц******* 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сум Хульж 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт эхнэр Ж.Б*******тэй согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар мах идэж байсан  хутгатай гараараа хатгасан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч  Д.Ц*******ийн хэрүүл маргааны явцдаа эхнэр Ж.Б*******ийн бие эрх чөлөөнд  аливаа хэлбэрээр халдаж буй үйлдэл нь Монгол улсын үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхээр байна.

Д.Ц*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирогч Ж.Б*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан шалтгаант холбоотой бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлжээ.

 Шүүгдэгч Д.Ц******* нь эхнэр Ж.Б*******ийн  эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдлээ  хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг бол болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлаараа ялгагддаг байна.

Гэм буруу гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан өөрийн гэмт зан үйл, гэмт ажиллагаа болох нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршгийг хэрхэн ойлгож ухамсарласан сэтгэхүйн харьцааг хэлдэг бөгөөд оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас шалтгаалан гэм буруугийн шууд ба шууд бус санаа гэсэн хоёр төрөлд ангилдаг.

Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Ц******* нь эхнэр Ж.Б*******тэй хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг хутгатай гараараа хатгасан  үйлдлээ санаатай биш болгоомжгүй үйлдэл  гэж мэдүүлдэг хэдий боловч шүүгдэгч Д.Ц******* мах идэж байсан хутга нь гарт нь байсан гэдгийг мэдэж байсан, хутгатай гараараа хатгах үйлдэл хийхэд  хүний эрүүл мэндэд хохирол хор уршиг учрана гэдгийг энгийн ухамсарын түвшинд ухамсарласан гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Ж.Б******* нь шүүгдэгч Д.Ц*******ийн эсрэг хууль бус, зүй бус үйлдэл хийсэн, шүүгдэгч Д.Ц*******ийн бие эрх чөлөөнд халдсан, ноцолдсон, зодолдсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Д.Ц******* хэрүүл маргааныг дэвэргэхгүй байх, даамжруулахгүй төвөгшөөх байдлаар цаашаа бай гэж өөрөөсөө холдуулах зорилгоор цааш  болгоомжгүй түлхсэн  гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна.

 Түүнчлэн хохирогч Ж.Б*******ийн “… манай нөхөр их л уурласан байдалтай байсан тэгээд нөхөртэйгээ маргалдаж байсан чинь намайг цаашаа бай гээд  гэдэс рүү түлхэх шиг болсон, тэгээд би гэдэс рүү хутга орсныг мэдээд гараад гүйсэн,… манай нөхөр Д.Ц******* нь мах идэж байсан хутгаараа миний гэдэс рүү хатгаж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг”,

Гэрч Б.Дуламын “…2023 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед Булган аймаг ******* сумын 3 дугаар багаас багийн эмч Н.Очгэрэл нь манай багт бусдад хутгалуулсан хүнд гэмтэлтэй хүн байна яаралтай хурдан ирээч гэх дуудлага мэдээллийг 22 цагийн үед хүлээж аваад 23 цаг 30 минутын үед очиж гэмтэл авсан гэх ******* сумын 3-р багийн иргэн Б*******ийн гэрт очиж анхан шатны тусламжийг үзүүлэхэд иргэн Б*******ийн биед үүссэн гэмтлийг харахад хэвлийн буюу хүйсийн зүүн дээд талд урт 2 см хатгалтын шарх үүссэн тухайн шархны гүнийг тодорхойлох боломжгүй, өлөн гэдэс нь унжсан гадаа удаан байснаас болж хагас осголтын байдалтай байсан. Тухайн иргэн Б*******т анхан шатны тусламжийг үзүүлээд иргэн Б*******ийн биеийн байдал дээрдэхгүй байхаар нь Булган аймгийн Эрүүл мэндийн төв рүү залгаж дуудлага өгсөн. Аймгийн эмч нар шөнө 05 цагийн үед ирээд гэмтэл авсан Б*******ийг аваад явсан... Анх дуудлага дээр ирэхэд гэмтэл авсан гэх Б******* нь гэртээ орон дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. ******* сумын 3-р багийн эмч Н.Очгэрэл, гэмтэл авсан хүний нөхөр болох Ц******* нар байсан. Б*******ийн нөхөр болох Ц*******ээс асуухад Ц******* нь надад хэлэхдээ манай эхнэрийг авраад өгөөч мах идэж байхад олон юм яриад байхаар нь гэнэт би гартаа байсан хутгаар хатгачихсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Л.Түвшинжаргалын “ ... Тэгээд хаалга тогшоод байхаар нь сэрсэн чинь манай найз Д.Ц******* нэлээн сандарчихсан би эхнэрээ хутгаар гэдэс рүү хатгачихлаа эхнэр маань гараад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ц*******ийг яаж байгаа юм чи гээд загнаж байсан чинь Д.Ц******* нь гэр рүүгээ гүйж ороод гар чийдэн аваад өвсний хашаа руугаа явсан. Тэгсэн чинь тэнд Ж.Б******* байсан. Тэгээд Д.Ц******* эхнэрээ гэртэй оруулж орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад Д.Ц******* намайг чи эмч рүү яваад ир манай багийн эмч энэ урд Энхбаатарынд мал тооллогоор явж байгаа чи яваад аваад ир гэхээр нь би тэднийхээс гарч яваад Д.Ц*******ийн дөнгөж урд 2 км орчим зайтай байдаг Энхбаатарынхаас багийн эмч Очийг авч ирээд Ж.Б*******ийг үзүүлсэн... Д.Ц******* надад хэлэхдээ хөгшин чинь Ж.Б*******ийг хутгаар хатгачих шиг боллоо гэж хэлэхээр нь би яаж байгаа юм чи арай үгүй биз дээ чи гэсэн Д.Ц******* надад нээрээ нээрээ Б******* гэрээс гараад алга болчихлоо гэж хэлчихээд гэр лүүгээ орж гар чийдэн авч гарч ирээд өвсний хашааныхаа тэндээс эхнэрээ олоод ирсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 Шүүгдэгч Д.Ц******* нь тухайн цаг хугацаанд эхнэр Ж.Б*******ийн хэвлий хэсэгт хутгаар хутгалсан үйлдлээ, үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсаныг, уг үйлдлийн улмаас  эхнэр Ж.Б******* нь гэрээс гарч явсан гэдгийг сэтгэхүйн хувьд анхнаасаа мэдэж байсан бөгөөд хохирогч Ж.Б*******т эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд өлөн гэдэс нь унжсан хагас осголтын байдалтай байсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Ц*******ийн би эхнэрээ хутгалсан гэдгээ тухайн үед мэдээгүй гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц*******ийг эхнэр Ж.Б*******тэйгээ хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг төвөгшөөж цаашаа бай гээд хутгатай гараараа түлхэх үйлдэл хийхдээ гэдэс рүү нь хатгаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, эрүүл мэндэд нь  хохирол учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй, хохирол хор уршигт зориуд хүргээгүй, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар тайлбарлажээ.

Хэрэг гардаг цаг хугацаанд шүүгдэгч Д.Ц*******, хохирогч Ж.Б******* нар  байсан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн харилцаа хамааралтай эхнэр нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Б******* нь өөрийн  гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй,

Шүүгдэгч Д.Ц******* нь өөрийн гэм бурууг, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэх эрхтэй хэргийн оролцогчид бөгөөд тэдний мэдүүлгүүд нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгах замаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг шалгаж, хэргийн үйл баримтыг тогтоосон болно.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт, хохирогч,гэрч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг буюу хутга хэрэглэсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд  энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Мөн зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн,засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалт бүхий үйлдвэрийн хийцтэй 26 см урттай ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см урттай модон иштэй хутга байх тул дээрх хуулийн тайлбарын “зэвсэг” гэх ойлголтод хамаарахаар байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Ц*******ийн уурлаж бухимдсан үедээ Ж.Б*******тэй маргалдаж улмаар мах идэж байсан хутгатай гараараа биед нь халдахад хохирол хор уршиг учрах боломжтойг оюун санааны хувьд урьдаас мэдэх хэдий ч гэмтэл учруулахыг хүсээгүй, хутгатай гараараа хохирогчийг түлхэх үйлдэл хийсний улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц******* болон түүний өмгөөлөгч О.Сарантуул нар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдъя.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ж.Б******* нь мөрдөн байцаалтын  болон шүүхийн шатанд нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Д.Ц*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ц*******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 74-75, 77-78 дугаар талд авагдсан Булган аймгийн ******* сумын Хульж багийн Засаг даргын тодорхойолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Ц******* нь, Булган аймаг ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Ц*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоггүй, эмчилгээ хийлгээд хор уршиг арилсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар хамгийн доод ял оногдуулж өгнө үү гэх саналыг,

Хохирогч Ж.Б*******: Миний нөхөрт хорих ял оногдуулахгүйгээр, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх  саналыг тус тус  шүүхэд гаргажээ.

 Шүүгдэгч Д.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, хохирогч Ж.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж хөнгөн ял оногдуулах хүсэлт гаргасан, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ц*******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Ц*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял”-ын доод хэмжээ болох таван жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см урттай модон иштэй хутгыг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Даваасүрэнгийн Ц*******ийг зэвсэг хэрэглэж хүний мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц*******ийг 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц*******д  оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

5.Шүүгдэгч Д.Ц******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Б******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см урттай модон иштэй хутгыг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЭНЭРЭЛ

 

                                              ШҮҮГЧ                                С.ЁНДОНСАМБУУ