| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0979/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1101 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч Д.Агар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б , түүний өмгөөлөгч Г.Хандмаа,
Шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал,
Шинжээч С.Дарханбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А т холбогдох эрүүгийн 2303000650640 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Авто плаза төвийн зүүн хойд замд “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Б ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Авто плаза төвийн зүүн хойд замд “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Б ийг мөргөж амь насыг нь хохироосон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Ё.Б нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Манайх эцэг эхээс зургуулаа бөгөөд Ё.Б манай отгон дүү маань байгаа юм. СУИС-ийн урлаг судлалын анги төгссөн. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 00 цагийн үед миний гар утас руу нэг өөр дугаараас залгаад цагдаагийн байгууллагаас ярьж байна гээд ярихад өөрийн дүү Ё.Б ийг осолд орохыг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24 дүгээр тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зам тээврийн ослоор амь насаа алдсан хүний төрсөн эгч нь юм. Би дүүгээ төрөх эмнэлгээс гарах үеэс нь хойш хамт байсан. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч залгаад Шүүх шинжилгээний хүрээлэн дээр ирээд намайг цогцос таних хэрэгтэй байна гэж хэлсэн. Намайг очиход дүү маань баруун шанаан дээрээ гүнзгий шархтай байсан. Надад үнэхээр хэцүү байсан. Түүнээс хойш дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр явж байна. Дүү маань төрийн албан хаагч учраас ажлын 5 өдөр өглөө бүр ажилдаа явж, орой гэртээ ирээд зургаа зурж амьдардаг байсан. Шүүгдэгчийн шууд үр дагаврын улмаас настай эх маань өглөө болгон дүүгийн босдог цагаар босоод эрхи эргүүлээд суудаг. Бидний эцэг бол Монгол Улсын гавьяат малын эмч байсан. Манай дүү ой тогтоолт сайтай байсан учраас багаас нь англи, орос хэл зааж байсан. Эцэг, эхийнхээ хайртай хүү, ах, эгчийнхээ хайртай дүү, үр хүүхдийнхээ халамжит аав байсан юм. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Хэргийн газрын үзлэгийн хавсралтад замын дундуур огцом гүйгээгүй, нэгдүгээр эгнээнд мөргүүлсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч мэдүүлэг өгсөн байна. Би 2024 оны 10 дугаар сард анх удаа шүүгдэгчийг харсан ба тухайн үед надад маш хэцүү байсан. Өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдээлэл цацуулж хохирогчийн ар гэрт сэтгэл санааны дарамт үүсгэсэн гэж үзэж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд нэмэлт шинжилгээ болон дахин шинжилгээ, хэргийн газрын нөхөн үзлэг зэргийг хийлгэсэн. Шүүгдэгчийн мэдүүлсэн явган хүний гарцан дээр ирсэн тээврийн хэрэгслийн жолооч хурдаа хасна гэдгийг мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч би үүнд нь итгэхгүй байгаа. Цогцост хийсэн шинжилгээний зургуудыг үзээд миний сэтгэл санаа үнэхээр хямраад гэртээ ирэхэд шүүгдэгч М.А өөрийн цахим хаягаар “ийм гоё аппарат байна” гэх зэргээр шууд бичлэг хийж байсан. Иргэний хуулийн 580 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар амь хохирогч Б.Ц т 19 жил, 10 сар, 11 хоног сарын нийт дундаж цалингаар 238 сар*1,268,126=302,448,000 төгрөг, охин Б.Г д 19 жил, 10 сар, 11 хоног сарын дундаж цалингаар 238 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 302,448,000 төгрөг, хүү Б.А д 19 жил, 10 сар, 11 хоногийн нийт цалингийн дунджаас 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаад 290,948,000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Ё.Б д оюуны хөдөлмөрийн хөлс болон амь хохирогчийн ээжийн асаргааны хөлсийг жишиг төлбөрийн хандлагаар тооцож, нийт 23 сарыг 660,000 төгрөгөөр үржүүлж, гэм хорын хохирол 22,195,000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх бүх дүн болох 918,039,000 төгрөг, оршуулгын зардал дээр 30,978,264 төгрөгийг нэмээд 949,017,264 төгрөг болж байгаа ба үүнээс шүүгдэгчийн шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хасаад нийт 909,017,264 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуваарьт томилгооны дагуу жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой 22 цаг 44 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Авто плазагийн хойд замд автомашинд хүн мөргүүлсэн дуудлага ирсний дагуу жолооч Г ын хамт 22 цаг 48 минутад очсон. Очиход мөргөсөн автомашины жолооч явган хүний гарцны зүүн хэсэгт хэвтэж байсан хүний дэргэд толгойны шархыг гараараа даран сууж байсан. Тэгээд би очиж хэсэг газрын үзлэг хийж шархыг шалгаж хүний нас барсныг тодорхойлон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр газарт хэвтэж байсан хүний зүрхийг чагнахад зүрхний авиа сонсогдохгүй, мөчдөд судасны лугшилт тодорхойлогдохгүй, зүрхний оройн түлхэлт болон хамрын амьсгал сонсогдохгүй, харагдахгүй, хүүхэн хараа нь 2 талд польный өргөссөн, гэрлийн урвалд оролцохгүй, шарх нь баруун талын дух чамархай орчим 6-8 см язарсан шархтай, шархыг шалгахад ясны ирмэг бага зэрэг тэмтрэгдэнэ. Энэ нь тэр газарт хэвтэж байсан хүн намайг очихоос өмнө амьсгал хураасан байсан. Тэр жолооч гэх эмэгтэй намайг очих үед осол гарах үед миний үс нүүр лүү ороод байхаар нь хойш болгон засаж байсан гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр тал/,
Гэрч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10-н жилийн ангийнхантайгаа 100 айлын урд талын Өвөрмонгол ресторанд уулзаад орой 23 цагийн үед дуусаад гэр лүүгээ харих гээд замын ертөнцийн зүгээр урд талын байрны дундах замаар явж байтал нэг ах гарч ирээд утастай хүн байвал түргэн дуудаад өгөөч гэхээр нь би тэр ахыг дагаад зам руу очтол нэг Акуа маркийн машин зам дээр зогсчихсон, нэг эрэгтэй хүн машины ард талд мөргүүлсэн байдалтай газар хэвтсэн байсан. Тэгээд жолооч нь эмэгтэй хүн байсан ба гар утсаараа би хүн мөргөчихлөө гээд уйлаад зогсож байхаар нь би түргэн тусламж руу залгаад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед амьсгаатай байсан ба юм ярьж чадахгүй байсан. Тэгээд ойролцоогоор 1-2 минутын дараа мөргүүлсэн хүн өндийх гэж байгаа юм шиг болоод хүчтэй 2 удаа амьсгалаад буцаж газар хэвтээд тэгээд амьсгал байхгүй болоод нас барсан. Тэгээд яаанаа, амьсгалахгүй байна гэтэл жолооч эгч уйлаад байсан. Би тухайн үед мөргүүлсэн хүн явган хүний гарцнаас 1-2 метрийн зайтай байсан тул явган хүний гарцан дээр мөргүүлсэн юм байна гэж бодож байсан. Мөн цагдаа, түргэн ирэхээр нь би яваад өгсөн. Тухайн жолооч гэх эмэгтэй уйлаад, хүн мөргөсөн гээд утсаараа яриад зогсож байсан. Тухайн үед бөглөрөл, түгжрэл байхгүй, машин цөөхөн байсан. Харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 64 дүгээр тал/,
Ж.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар өгсөн: “...Би уг тээврийн хэрэгслийг 2022 онд худалдан борлуулсан учир иргэний хариуцагчаар оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31 дүгээр тал/,
-Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Худалдаад мөнгөө бүрэн авсан тул миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр духны баруун хэсгийн няцарсан шарх, толгойн хуйхны дотор гадаргуугийн духны хэсгийн цус хуралт, дух ясны дээд хэсгээс баруун доош баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилж суурь ясны баруун бага далавч хүрсэн, мөн доош духны гол хэсэг рүү үргэлжилж сэлтэрхий үүсгэсэн, мөн духны дээд хэсгээс арагш суман заадас хүрч суман заадас салсан хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дэлбэн, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалттай, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн урд хэсэгт суурийн хэсгийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2023.01.08-ны өдөр 01 цаг 50 минутын байдлаар нас бараад 3-4 цаг болсон байна гэжээ. Талийгаач нь А (II) бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 131-135 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 314 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Хар судалтай пиджакт 200мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, хар хөх өнгийн малгайтай цамцанд 50х25мм, 42х20мм хэмжээтэй шинээр гогодогдон татагдах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалтууд байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Дээрх гэмтлүүд тээврийн хэрэгслээр мөргөлдөх, дайрагдах үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 93-94 дүгээр тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн цахим технологийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 371 дугаартай: “...1. Toyota Aqua маркийн ... гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “NVR_сh8_main_20230107224000_20230107225500” гэсэн нэртэй дүрс бичлэгт (36 -39.99) км/цаг хурдтайгаар дүрслэгдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 167-172 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 923 дугаартай “...тогтоолд дурдсан автомашины дүрс бичлэгт дүрслэгдсэн цэгээс осол гарсан цаг ...хүртэл нийт 16.48 метр орчим зайг туулсан байна. ...16,48 метр зайг 39 км/цаг дундаж хурдтай туулсан байна. ...Ослын гарсан А цэгээс тогтоолд дурдсан автомашин сүүлд дүрслэгдсэн цэг хүртэл 27.19 метр орчим зайтай байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаартай: “...Зам тээврийн осол гарах үед амь хохирогч нь явган хүний гарцын цагаан шугамын зүүн талын үзүүрээс 5.93 см, бордюраас 1.19м зайд зорчиж явсан байна. Ё.Б нь зам тээврийн осол гарах үед зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд мөргүүлж байгаа дүрс бичлэг дүрслэгдэж байна. Тусгай зориулалтын программ, арга аргачлал ашиглан осол болсон А цэгийг тогтоож гэрэл зургаар гаргав. Тоёота Акуа маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрэлтэй хөдөлгөөнд оролцож байсныг шинжлэхэд харьцуулах загвар байхгүй тул тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь явган хүний гарц өнгөрөөд 2023/01/07 22:43:26 секундэд зогсоох арга хэмжээ авч эхэлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний гарцтай хэсэгт ойртох үедээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх ослын замын хэмжээс болон тээврийн хэрэгслийн байршил зэргийг үндэслэн тээврийн хэрэгслийн аль хэсэгт зорчигч мөргүүлснийг тогтоож зургаар хавсаргав. Тухайн зам тээврийн осол гарсан хэсэг нь хорооллын доторх зам, сургууль орчмын бүс аль болохыг дүрс бичлэгээс тогтоох боломжгүй. Осол гаргасан тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлүүд хаана, хэзээ, ямар хүчний үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Мөрдөгчийн тогтоолд дурдсан хоёр биетийн харилцан үйлчлэлийн хамаарлаар тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явсан болохыг тогтооход ганц цахим боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 204-212 дугаар тал/,
Мөн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №241 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн тээврийн хэрэгсэл 9.9 метр зайд бүрэн зогсох боломжгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 193 дугаар тал/,
Шинжээч С.Дарханбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Шинжилгээнд 1 ширхэг сиди ирсэн ба тухайн сидинд агуулагдах 3 дүрс бичлэг ирсэн. 1 дүрс бичлэг тоглуулахаар байсан ба болсон үйл явдлыг сэргээн дүрслэх зорилгоор шинжилгээ хийсэн. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд А цэг авагдсан байсан. Замын бордюраас 1 метр 10 сантиметрийн зайтай явж байсан. Хурд тодорхойлох шинжилгээ хийсэн ба тухайн тээврийн хэрэгсэл нь 33-39 километр цагийн хурдтай явж байсан байна гэж гаргасан. Хурдыг тухайн дүрс бичлэг дээр дүрс илэрхийлж байгаа кадраас тогтоосон. Жигд хурд гэж байгаа учраас зогсоох арга хэмжээ авахаас өмнөх хурд. Яг осол гарах үед болсон нөхцөл дахин болохгүй учир үүнийг тогтоох боломжгүй. Машины гэрлийн тусгалыг хэмжих боломжгүй байсан. Тусгай төхөөрөмжөөр холын болон ойрынх гэдгийг нь тогтоодог. ... Зам тээврийн осол орой болсон ба тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгал өөр өөр байдаг учир 100-150 метр болон түүнээс дотогш байх тохиолдолд харах боломжтой. Тухайн осол болсон үеийн нөхцлийг бодит байдал болон нарийн хэмжээсийг гаргах боломжтой. Тухайн ослыг тээврийн хэрэгслийн дотроос харуулах боломжтой. ...Нэг бүрчлэн задалж тоолдог. 1 минутын бичлэгийг ч кадр болгоноор задалдаг. Бид бас дүгнэлтдээ гэрэл зургаар кадрыг нь хавсаргадаг. Мөргөлт үүсэхээр өмнө 1 метр 19 см зайнаас хурд хассан байсан. Явган хүн зам хөндлөн гарах хөдөлгөөнийг тогтоож, тоормос гишгэх үед гарах дохиог бичлэг дээрээс тогтоосон. Дүрс бичлэгээс хохирогч баруун доод булангаас гарч ирсэн. Дүрс бичлэг дээр шинжилгээ хийж нэг зураг нөгөө зургийг харьцуулж гэрэл дохио ассан үгүйг дүгнэсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 847 дугаартай: “А. Явган зорчигч Ё.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин зэрэг зүйл унших; гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Toyota Aqua маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна…” гэх магадлагаа /3хх-ийн 55-57 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-14 дүгээр тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-20 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 88 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх-ийн 19-57 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолтой санал нийлэхгүй байна. Хохирогчид 40 орчим сая төгрөг өгсөн байгаа. Шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадлагаанаас зөрүүтэй байгаа. Мөрдөгчийн магадлагааг зөвшөөрөхгүй байгаа. ...гадаа харанхуй, өвлийн улирал байсан учраас зам халтиргаатай гөлгөр байсан. ...зорчих хэсгийн 3 дугаар эгнээ гэрэлтүүлэг муу байсан. Би хохирогчийг замын хажууд зогсож байгааг хараагүй. Зорчигчийг зүүн гар талаас гэнэт гарч ирэх үед л харсан. Харсан даруйдаа зогсоох арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 75 дугаар тал/,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж хохирогч Ё.Б ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн гэм хорын асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Хандмаагаас: “...Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг нягт тогтоосон гэж үзэж байна. Гэрэл зургийн үзүүлэлтээр баруунаас зүүн тийш зорчиж байхдаа зам тээврийн осол гаргаж хохирогчийн амь насыг хохироосон байна. Шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгслээ зогсоож чадах хурдтай явсан бол хохирогчийн амь нас хохирохгүй байх байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлийг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодохдоо зогсоож чадахааргүй хурдтай явж байсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт бичлэг шинжлэн судлахад амь хохирогч нь туулах замынхаа 90 орчим хувийг туулсан байхад шүүгдэгч зам тавьж өгөөгүй байна. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарцан дээр ирэхэд хурдаа багасгана гэх заалтыг зөрчсөн байна. Явган хүний гарцан дээр хүн байгаа эсэхээс үл хамааран зохицуулгагүй гэрэл учраас жолооч шууд хурдаа хасах, зогсох үйлдлийг хийх ёстой. Явган хүний гарц бол гэрлэн дохионы нэгэн адил үйлчилдэг. Зогсох шугам дээр хурдаа хассан бол амь хохирогч зам гараад өнөөдөр амьд сэрүүн байх байсан. Ингээд харахад саадыг тойрон гарна гэдэг бас нэг зохицуулалт байгаа. Шүүгдэгчийн хувьд тойроод гарах боломж байсан гэж үзэж байна. Осол гарах үед хорооллын дунд гэрэлтэй, хөдөлгөөнгүй байсан тул машинаа зогсоож чадахгүй байх үндэслэл байхгүй байна гэж үэзж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын 371 дугаар шинжээчийн дүгнэлт бол цаасан дээр шинжилгээ авч хийсэн учир шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч бол өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй ба өнөөдөр л шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байна гэж мэдүүлж байна. Осол гаргах үед найзтайгаа ярихын оронд түргэн тусламж дуудсан бол амь хохирогч амьд байх боломжтой гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Жалбуугаас: “...Өмгөөлөгч Л.Батжаргалын саналыг дэмжиж байна. Үйлчлүүлэгчдээ мэдээж хууль зүйн зөвлөгөө өгсөн ба өмгөөлөгчийн зүгээс зөвлөгөө өгсний дагуу хохирогчид боломжийнхоо хэрээр хохирлоо барагдуулж байгаа. Мөрдөгчийн саналын дагуу өмнө нь хэргийг хааж байсан боловч хохирогч талаас гомдол гарган хэргийг буцаан сэргээсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэрэл туссан боловч зам тавиагүй гэж яриад байгаа нь камерын бичлэгт үзлэг хийсэн хугацаа юм. Шинжээч ч мөн өөрөө шүүх хуралдаанд ирээд мэдүүлгээ өгсөн. Нийгмийн халамжийн тухай хуульд тэтгэмжийн зөрүүг тухайн гэр бүлийн гишүүний насанд хүрээгүй гишүүнд олгодог. Амь хохирогчийн хувьд гэр бүлээсээ тусдаа амьдарсан ба өнөөдөр гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Мөн ослын цэгээс хөдөлсөн шалтгаан нь замын хөдөлгөөн хэвийн явагдаж байсан учраас замаа чөлөөлж хохирогчид тусламж үзүүлэх зорилгоор хөдөлгөсөн гэж мэдүүлэх гээд чадахгүй байна. Миний үйлчлүүлэгч гэм бурууг дээрээ маргахгүй байгаа...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалаас: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх агуулгаар миний үйлчлүүлэгчийг буруутгаад байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх яллах дүгнэлтэд авагдсан баримтын хүрээнд л шийдвэрлэх ёстой гэж заасан. Миний үйлчлүүлэгчийг буруутгахдаа Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Б ын тогтоолыг үндэслээд гэмт хэргийн нөхцөлийг тогтоогоод байна. ...миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж дүгнэсэн дүгнэлтээс бусдыг нь яллах дүгнэлтдээ дурдсан. Хэрэгт хэдэн хэдэн шинжээчийн дүгнэлт авагдсан байхад үл ойшоон мөрдөгч магадлагаа гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх агуулга дээр Монгол Улсын дээд шүүх тайлбар гаргасан. Гэтэл Б гэх хүн ашиг сонирхолтой ба уг хэргийг мөрдөж байсан магадгүй хэргийн оролцогч юм. Гэтэл бусад шинжээч нар уг хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тул шүүх энэхүү асуудлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол шалтгаанаа тогтоолдоо дурдана гэж хуульд заасан байгаа. Тэгэхээр энэ эргэлзээ бүхий нэг нэгнийгээ үгүйсгэж байгаа дүгнэлтийг 60 цагийн сургалтад хамрагдсан хүн дүгнэлт гаргаж байгаа нь хангалтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор тогтоогоогүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс улсын ялагчийн зүгээс Б ын гаргасан дүгнэлтийг үндэслэл болгон яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр нотлох баримтуудыг харгалзан үзэхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Амь хохирогч Ё.Б нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр: “...гавал тархины гэмтлийн улмаас нас барсан...” болох нь Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч М.А нь “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь:
Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 847 дугаартай: “...Toyota Aqua маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэх магадлагаа,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаартай: “...Тоёота Акуа маркийн ... улсын дугаартай тээврийн ...хэрэгсэл нь явган хүний гарц өнгөрөөд 2023/01/07 22:43:26 секундэд зогсоох арга хэмжээ авч эхэлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний гарцтай хэсэгт ойртох үедээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх ослын замын хэмжээс болон тээврийн хэрэгслийн байршил зэргийг үндэслэн тээврийн хэрэгслийн аль хэсэгт зорчигч мөргүүлснийг тогтоож зургаар хавсаргав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мөн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №241 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн тээврийн хэрэгсэл 9.9 метр зайд бүрэн зогсох боломжгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 193 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган зорчигчийг мөргөсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон ба тэрээр уг үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн онц хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч М.А ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...Хэрэгт хэдэн хэдэн шинжээчийн дүгнэлт авагдсан. Мөрдөгчийн магадлагаа гаргасан. Мөрдөгч хувийн сонирхолтой, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргийн оролцогч учраас шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасан ба шүүх хуралдаанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2961 дугаартай “...жолооч зогсоох арга хэмжээ авсан байна...” гэх;
Техникийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/07 дугаартай: “...хариулт 1. Жолооч М.А Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Хариулт 2. ...бичлэгээс үзэхэд жолооч М.А нь зогсоох арга хэмжээ авсан байна...” гэх дүгнэлтүүдийг шинжлэн судалж мэтгэлцсэн.
Шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн баримтуудтай танилцахад жолооч М.А замын явган хүний гарцтай хэсэгт тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй ...зайд 39 км/цаг дундаж хурдаар хөдөлгөөнийг үргэлжлүүлж, ...саад тулгарахад ...зогсоох арга хэмжээ авах боломжгүй буюу осол болохоос 1 метр, 19 см зайнаас хурд хассан байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.А ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгасан.
Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтаас харахад жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, аюул саад тулгарах үед бүрэн зогсоох арга хэмжээ авсан байх үүргийг хүлээж байна.
Иймд шүүх мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 847 дугаартай магадлагаа, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч М.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн буруутай байна гэж үзлээ.
Хохирол, хор уршиг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд нийт 37,659,784 төгрөг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч М.А нь 46,500,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эх Б.Ц т амь хохирогчийн 19 жил, 10 сар, 11 хоногийн цалинд 302,448,000 төгрөг;
Охин Б.Г ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид 302,448,000 төгрөг;
Хүү Б.А ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид 290,948,000 төгрөг;
Гэм хорын хохиролд 22,195,000 төгрөг;
Мөн оюуны хөдөлмөрийн хөлс, эхийн асаргааны хөлс зэрэгт 22,195,000 төгрөг тус тус шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүх амь хохирогчийн охин Б.Г , хүү Б.А нарын тэжээгчээ алдсаны тэтгэмж, эхийн асаргааны зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Харин сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдийг нэмсэн.
Иргэний хуульд ийнхүү нэмэлт оруулсан хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөхөөр мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бол Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зохицуулсан тул уг хууль нь мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
Харин мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгайлан зааснаас гадна сэтгэцэд учруулсан гэм хорыг хэн, ямар хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.
Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд хууль тогтоогч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулиудыг шинээр батлан гаргахдаа эдгээр хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан гэх гэм хорыг мөнгөн хэлбэрээр шүүх гаргуулах үндэслэлгүй болно.
Дээр дурдсаны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө үйлдэгдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон эхэд учирсан сэтгэцийн гэм хорыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Хандмаагаас: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалаас: “...Хэргийн зүйчлэл, гэм буруугийн асуудал дээр дүгнэлт хийж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид шударга ёсны зарчим гэж байгаа. Энэхүү гэмт хэрэг нь сонгох санкцтай юм. Мөн миний үйлчлүүлэгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг сайн дураар хүлээж, мөнгөн хохирлыг өөрийнхөө хэмжээнд төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын дагуу хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгддэг. Өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгсөөр ирсэн. Тиймээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго бол нийгэмшүүлэх байдаг. Тиймээс дараах нөхцөлийг харгалзан үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч М.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 77 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /1хх-ийн 43 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 44 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 46 дугаар тал/, хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 50-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч М.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”; 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан оршуулгын зардлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа жолоочид тусгайлан үүрэг болгосон заалтыг зөрчиж явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон, хор уршиг арилах боломжгүй тул шүүх түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээж аваагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн шинэ өөрчлөлтийг буцааж хэрэглэхийг хориглосон байдаг тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэж болохгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б гаас “...эх Б.Ц т амь хохирогчийн 19 жил, 10 сар, 11 хоногийн цалинд 302,448,000 төгрөг, гэм хорын хохиролд 22,195,000 төгрөг, оюуны хөдөлмөрийн хөлс, эхийн асаргааны хөлс зэрэгт 22,195,000...” төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, харин амь хохирогчийн охин Б.Г , хүү Б.А нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.