Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2019/00037

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2019/00037

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багт оршин суух С.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгч С.Б, хариуцагч Т.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тушаалаар тус сургуулийн галчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирал Т.З нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас халсан тул гомдолтой байна. Намайг ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэвч тухайн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би ажлаа хийж байхдаа архи согтууруулах ундааны ямар ч зүйл хэрэглээгүй, согтуу байгаагүй юм. Харин ч З захирлын төрөл садангийн хүмүүс болох Б, Б нар нь намайг дуудаж машиндаа суулгаад надад архи уулгах гэсэн боловч би архинаас нь уугаагүй юм. Намайг ажлаас чөлөөлж өөр хүнийг миний оронд ажиллуулах зорилготой, зохион байгуулалттай хийсэн ажил гэж би бодож байгаа. Уг нь ажлын норм, нормантиваар бол 8/16 цаг гараад амрах ёстой байхад галч нарыг 24 цагаар ажиллуулж байсан. Тиймээс хоногоор үргэлжлэн ажиллаж маш их ядарсан байдалтай байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой сургуулийн зааланд арга хэмжээ болж байсан бөгөөд би ажлаа хэвийн хийж, зуух галтай байхад сумын цагдаа ирээд та гэртээ харьж амар гэсэн болохоор гэртээ харьж амарсан. Тухайн үед би архи уугаагүй, зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тиймээс миний бие Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Згийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/18 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд минь эргүүлэн оруулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү...  гэв.

Хариуцагч Т.З нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.З нь Завхан аймгийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд томилолтоор ажиллаад 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 6 цаг 00 минутад аймгаас ирсэн. Аймагт байхад хэсгийн дарга Б 11 цаг 00 минутын үед утсаар ярьж та хэсэгтээ ороод гар бөмбөг тоглоод өгөөч гэсэн болохоор аймгаас ирээд тэр даруй зааланд очиж волейболын тэмцээнд оролцоод орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Орой 20 цагийн үед шагнал гардуулах үйл ажиллагаа болж би зааланд очсон. Тэр үед заал хүйтэн, иргэд бухимдалтай, засаг дарга паар хөлдлөө жижүүр хэн байна гэх зэргээр асууж байсан. Ингээд заалны галч хэн байхыг тодруулахад хүн байгаагүй бөгөөд 21 цаг өнгөрч байхад Б ирсэн. Галын өрөөнд ороход гал цоггүй, Б согтуу байсан. Галаа хурдан түлэх шаардлагатай байна, заал хөлдөх гэж байна гэдгийг анхааруулж хэлээд хаашаа яваад ирсэн талаар асуухад хаашаа ч яваагүй галаа түлж байна гээд байсан. Би зааланд буцаж ороод тэнд үйл ажиллагаа үргэлжилсэн. Ингээд эргүүлийн цагдаа намайг дуудаад энэ хүнийг чинь явуулчихлаа дараагийн жижүүрийг дуудсан ирчихсэн байна. Б ажиллах чадваргүй байна, өөрөө юм руу унаж бэртэх аюултай, мөн эд хөрөнгө хөлдөх зэрэг асуудал байгаа учир ийм арга хэмжээ авлаа, та явж амарч болно гэж хэлсэн. Ийм л зүйл болсон... Нэгэнт ажлын байрандаа архи ууж согтуурсан байдалтай байсан, ажлын хариуцлага алдаж байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Би Бад архи уулгах гэж ямар нэгэн хүмүүс явуулаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед Быг согтуу байсан гэдгийг цагдаа болон тэнд байсан хүмүүс мэдэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд холбогдуулан Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/18 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.Быг Завхан аймгийн Баянтэс сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тушаалаар Завхан аймгийн Баянтэс сумын сургуулийн галчаар томилж, тус сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон дээрх тушаалуудын хуулбаруудаар тус тус нотлогдож байх бөгөөд зохигч талууд энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/18 дугаартай Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалыг эс зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн галчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.З нь тус сургуулийн галчаар ажиллаж байсан С.Быг Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь заалт, дотоод журмын 5.11.5 дахь заалт зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах шийдвэр нь ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох бөгөөд ажил олгогч ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалдаа дээрх хуульд заасан үндэслэлүүдийг баримтлаагүй нь ажилтныг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нь ...С.Б нь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, С.Б нь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан нь хэрэгт авагдсан ... Б нь ажлын байран дээр архи уусан, согтуу байсныг дараагийн гарах ээлжийн галчаар сольсон... гэх хэсгийн цагдаа а/а Г.Бын тэмдэглэлээр нотлогдож байна... гэж мэтгэлцэж байх боловч дээрх үйл баримт, үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ... Хэргийн нотлох баримт нь ... гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно..., 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт ...Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй... гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... Баянтэс сум дахь хэсгийн цагдаа цагдаагийн а/а Г.Б би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой сумын засаг даргын үүрэг өгснөөр сургуулийн галчийг шалгахад Б нь ажлын байран дээр архи уусан, согтуу байсныг дараагийн гарах ээлжийн галчаар сольсон... гэсэн агуулга бүхий цагдаагийн тэмдэглэл нь нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж байгаа татгалзлаа нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр С.Быг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.Быг Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, уг олговроос тооцож нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор тус тус заасан тул нэхэмжлэгч С.Бын ажлаас чөлөөлөгдсөн үеийн олговрыг түүний ажиллаж цалин хөлсөө бүрэн авч байх үеийн буюу нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

С.Б нь 2018 оны 8, 9, 10 дугаар сард нийт 1,132,488 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд сүүлийн 3 сарын хугацаанд авсан нийт цалин хөлсийг 3 сард хувааж үзвэл, нэг сард 377,496 төгрөгийн дундаж цалин хөлс авч байсан байх тул нэг сард ногдох дундаж хоног буюу 22 хоногт хуваахад нэг өдөрт 17,158 төгрөгийн цалин хөлс авч байсан байна.

Тиймээс С.Бын нэг сарын дундаж цалин хөлсийг 377,496 төгрөгөөр, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 17,158 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ажлын 96 өдрийн цалинг 17,158 төгрөгөөр тооцож, нийт 1,647,168 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн талаар талууд маргасны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч С.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанаас үүссэн энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах учраас нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг боловч хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,647,168 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 41,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ыг Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бын ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,647,168 /нэг сая зургаан зуун дөчин долоон мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар С.Бын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 1,647,168 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 41,305 /дөчин нэгэн мянга гурван зуун тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ