| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0075/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2017-05-26 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа
Улсын яллагч Г.Мөнхтүвшин
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
Шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрхан овогт Бадамсүрэнгийн Гантулгад холбогдох эрүүгийн 201710000026 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дугаар сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг, Хөвсгөл сум, 3 дугаар баг, Элстэн багт оршин суух хаягтай, одоо Хатанбулаг сум 5-р багт түр оршин сууж байгаа, Хайрхан овогт Бадамсүрэнгийн Гантулга /РД: ЕЛ84042917/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.Гантулга нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сум 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ 2206 маркийн 73-11 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Мөнхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулж зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Гантулга мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 сарын 28-ны өглөө Хатанбулаг сумаас 8 хүн аваад Сайншанд сумруу гарсан тэгээд замаараа Хөвсгөл сум орж нэг хүн авсан ингээд би өөртэйгээ нийлээд нийт 10 хүн болоод аймаг руу гарсан. Хөвсгөл сумаас 80-аас 90 кл яваад Зүүнбаянгийн Дошин ХХК-ний газрын тосны кемп дөхөж явтал машин гэнэт ямарч жолоодлоггүй болсон тэгээд миний машин шууд хажуу тийшээ даялаад шууд унасан тэгээд машинаас арын хаалгаар хүмүүс гарсан, харин би урд талын шил хагарч няцраад унасан учир тэр хэсгээр гарсан. Тэгээд гараад хүмүүсийн биеийн байдлыг асуутал нэг хүн зүүн мөрөө дараад суугаад байсан. Тэрнээс бусад нь зүгээр хамар амнаас нь ямар нэгэн цус гарсан бас ил шалбдарч зулгарсан хүн байгаагүй тэгээд машинаа тойроод хартал миний машины урд талыг рулийн хөндлөн тяг хугарсан байсан. Удаагүй араас яву байсан манай Хатангын фургон машин ирээд зогссон Гэрлээгийн машинаар машинаа татаж босгосон. Тэгж байтал араас дахин цагаан өнгийн жийп машин ирсэн. Тэр хоср машинд хүмүүсээ хувааж суулгаад мөр өвдөөд байна гэсэн хүнийг Зүүнбаянгын эмнэлэгт очиж үзүүл гэж хэлээд явуулсан. Цоомоо, Ганчулуун бид 3 үлдээд машиныхаа хугарсан рулийн хөндлөн тягыг хүлж баглаж янзлах гэж тэр газартаа 2 цаг болсон. Тэгээд янзлаж дуусаад аяархан гэлдэрч явсаар байгаад орой нар шингэхийн алдад Зүүнбаян орсон тэгээд нөгөө хүмүүсрүүгээ ярьтал аймаг дээр байна гэсэн. Тэгээд Зүүнбаянгаас хөдлөөд явсаар байгаад 20 цагийн үед аймаг ороод ахиад нөгөө хүнлүүгээ санаа зовоод гар утас руу нь залгаад ярьтал хот руу явж байна гэсэн. Машинаа дэнжид Цоомоогийн хашаанд нь оруулаад гражид нь хийгээд орхисон. Миний хувьд ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би өөрөө цагдаад мэдэгдээгүй нь миний буруу гэв.
- Хохирогч Т.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 12 сарын 28-ны өдөр Хатанбулаг сумаас Сайншандын чиглэлд УАЗ фургон маркын 73-11 ДУА улсын дугаартай сараал өнгийн машинд ажлын газрын Эрдэнэбат, Чүлтэмсүрэн бид гурав суугаад явж байсан. Тэр машинд нэлээн хэдэн хүн сууж явсан. Тэр аймаг сумын хооронд нэг хүний 20.000 төгрөгний тарифтай хүн тээвэрлэдэг юм билээ. Бидний сууж явсан фургон машин Алтанбулагаас гараад Хөвсгөл сумаар дайраад цаашаа хэсэг явж байгаад шулуун зам дээр машин жолоочийн талаар далбилзаад уначихсан. Нөгөө талд сууж явсан хүмүүс над дээр унаад фургон дахин өнхөрхөд нөгөө тийшээ хүмүүс нь унаад миний зүүн талын эгэмний яс хугараад би ухаан алдсан байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 22-24/
-Гэрч В.Чүлтэмсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мон-Лаа ХХК-ны уурхайд ажилладаг. Би тухайн үед 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл ээлжтэй байсан. Манай байгууллага 15, 15 хоногоор ээлжилж ажилладаг. Тэгээд миний ажлын ээлж дуусаад 2016 оны 12 сарын 28-ны өдөр Хатанбулаг сумаас аймгийн төв орон хөлсний 73-11 ДУА улсын дугаартай фургон маркын тээврийн хэрэгсэлд суугаад өглөө 10 цагийн үед явсан. Тухайн үед тэр машинд 11 хүн сууж явсан. Хатанбулаг сумаас гарч яваад Хөвсгөл сум ороод цаашаагаа явж байгаад Цагаан суврагын ард талд тал газарт явж байснаа машин гэнэт 2 талруугаа бөгсөө хаяад эхэлсэн. Тэгэхээр нь би жолоочид яаж байнаа гэсэн чинь жолооч юм дуугарахын завдалгүй машин зүүн талаараа өнхөрсөн. Тэгээд машинаас гартал 13 цаг өнгөрч байсан байх. Тэгээд надтай цуг явж байсан Мөнхбаяр гэх ах босож чадахгүй газар хэвтээд байхаар нь Мөнхбаяр ахыг аваад замын машинд буугаад Зүүнбаянгын эмнэлэг рүү явсан. Би машинд суухдаа яг жолоочийн ард талд харалдаа сууж явсан. Миний харсанаар 60 км цагийн хурдтай явж байсан. Миллний гол нь ажиллаж байсан гэжээ. /хх-ийн 34-36/
- Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 12 сарын 28-ны 10 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Сайншандын чиглэлд явах гэж байсан 73-11 ДУА улсын дугаартай УАЗ фургон маркын автомашинд ажлын газрын инженер Мөнхбаяр, нярав Чүлтэмсүрэн, засварчин Цогтбаяр нарын хамтаар суусан. Бид дээрх автомашины баруун талын суудал дээр сууцгаасан. Автомашинд бид 4-өөс гадна 6 зорчигч суусан. Ингээд бид Сайншандруу явж байгаад өдөр 13 цаг өнгөрөөд 14 цагийн үед байх би машин дотор унтаж явсан. Гэнэт юм түжигнэх чимээ гарахаар нь би сэрэхэд машин баруун талруугаа унаад буцаад зүүн талаараа онхолдсон. Осол болсоны дараа жолооч эрэгтэй бууж ирээд зорчигч нараас биеийн байдал хэвийн байгаа эсэхийг нь асуухад зорчигч нар хэвийн зүгээр байна гэцгээж байсан. Харин манай инженер Мөнхбаярын зүүн талын эгэм хэсгээр өвдөж байна гэсэн. Осол болсон газар нь гар утасны сүлжээгүй газар байсан бөгөөд осол болсноос хойш барагцаагаар 30-аад минутын дараа зам зуур явж байсан фургон машинтай ирсэн. Ингээд тэр машинд Мөнхбаяр, Чүлтэмсүрэн, Цогтбаяр бид 4 суугаад 30 км орчим зам яваад Зүүнбаян сум дээр очсон. Тэндэхийн эмнэлэгт Мөнхбаярыг үзүүлэхэд Мөнхбаярын зүүн талын эгэмний яс хугарсан байна гээд боолт хийлгүүлээд тэндэхийн эмнэлгийн машинаар эмч Бурмаа гэгч эмэгтэй Сайншандын эмнэлэг дээр хүргэж өгсөн гэжээ. /хх-ийн 39-40/
- Гэрч Д.Чаминцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр намайг эмнэлэг дээр хүн үзүүд байж байхад осолд орсон гээд 3 хүн ирсэн тэдгээр хүмүүст үзлэг хийхэд хоёрых нь биеийн байдал гайгүй нэг хүний эгэмний яс хугарсан зовиур ихтэй байдалтай байсан. Тэгээд би тэр хүнд өвчин намдаах тариа хийж дараа нь боолт хийсэн гэжээ. /хх-ийн 43-44/
- Гэрч П.Цэдэнсодномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 сарын 28-ны өдөр манай найз Гантулга бид хоёр Хатанбулаг сумаас танихгүй 6 хүн аваад есүүлээ Сайншанд рүү хөдөлсөн. Замаараа Хөвсгөл сум дээрээс нэг настай хөгшин хүн аваад машиныхаа урд нь суулгаад аймаг руу гарсан. Тэгээд Хөвсгөлөөс гараад 70 гаран кл яваад Таягтай овоо өнгөрөөд явж байтал машин гэнэт хажуу тийшээ даялаад эхэлсэн тэр үед Гантулга хараалын үг хэлээд тэгээд л машин унасан. Машин унах үед эхлээд зөв талаараа унасан, унасаны дараа гарч ирээд харахад буруу талаараа унасан байсан. Тэгээд машин бүтэн эргэсэн байх. Араас Хатангийн Гэрэлээ ах ирсэн. Тэгээд машиныг нь татаж босгоод Гэрлээ ахын машинд 4-өөс 5 хүн суугаад яаралтай эмнэлэгт очиж үзүүл гэж Гантулга хэлээд явуулсан. Үлдсэн хүмүүс нь дахин араас ирсэн цагаан жийп машинд 3 хүн суулгаад явуулсан. Тэгээд машин дээрээ Ганчулуун, Гантулга бид 3 үлдээд машин тэрэгээ тойроод хархад урд тэнхлэгний хөндлөн тяг нарийн резвотой хэсгээрээ хугарсан байсан. Тэрийгээ засаж янзлаж юмаар боож баглаад аймгийн төв рүү гэлдэрсэн. Бид 3 явсаар байгаад харуй бүрий болсон үед орж ирээд машинаа дэнжид манай хашаанд орхисон. Замын нөхцөл байдлын хувьд шулуун зам байсан цэлмэг цаг агаартай үзэгдэх орчин ямар нэгэн саадгүй байсан. Гэхдээ дэржигнүүр ихтэй байсан олон эгнээ зам байсан ч бүгд л тийм дэржигнүүр ихтэй байсан. Тухайн үед 60 км цагийн хурдтай явсан учир нь хүмүүс бууж бие засаад дөнгөж хөдлөж байсан юм гэжээ. /хх-ийн 47-48/
-Гэрч Ж.Ганчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 сарын 28-ний өдөр Хатанбулаг сумаас албаны ажлаар Сайншандын төв орохоор Гантулгын саарал өнгийн фургон маркын машинд сууж явсан. Аймгийн төвөөс 95 км орчим зайтай газар буюу Таягт гэдэг газрын зүүн доор машин явж байгаад гэнэт машины хөндлөн тяг нь хугарч машин замаасаа баруун тийшээ гарч 60-70 метр орчим явж байгаад зөв талруугаа дараад унасан. Тэгээд нэг бүтэн хөрвөөгөөд буруу талынхаа хаалгыг дарж зогссон ба Гантулга машинаасаа гарч хүмүүсээ машинаас татаж гаргасан. Араас ирсэн 2 машинд хүмүүсээ хувааж суулгаж явуулаад Цэдэнсодном, Гантулга бид гурав машинаа төмөр утсаар бэхэлж янзлаад Зүүнбаян орж ирсэн гэжээ. /хх-ийн 49-50/
-Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би өөрийн эзэмшлийн 73-11 ДУА улсын дугаартай УАЗ фургон зөгвөрын автомашинаа 2016 оны 10 сарын 26 өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн Б.Гантулга гэх хүнд Дундговь аймгийн төв дээр 10 сая төгрөгөөр зарж борлуулсан. Зарахдаа би тал мөнгө болох 5 сая төгрөгийг бэлнээр авч үлдсэн 5 сая төгрөгийн оронд өөрөөс нь буюу Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас урагш 40 орчим км-т байх гэрээс нь мал авсан. Одоо бидний хооронд ямар нэгэн өглөг авлага байхгүй. 73-11 ДУА улсын дугаартай УАЗ фургон загварын автомашин Б.Гантулга гэдэг хүний эзэмшилд очсон. Нэр дээр нь шилжүүлж өгөх гэсэн боловч тухайн үед 2016 оны 11 сарын 26-ны өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр тохиолдсон учир нэр дээр нь шилжүүлж чадаагүй юм. Би уг автомашиныг Б.Гантулгад зарж борлуулахаасаа өмнө ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй. Харин ойр зуурын тос солих, ремен солих зэрэг үйлчилгээ хийж байсан гэжээ. /хх-ийн 52-53/
-Шинжээч С.Дуламжавын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Автомашины ямар нэгэн гадны хүчин зүйлс буюу рулийн хөндлөн тяг нь ямар нэгэн зүйлд хүрэх буюу бартаатай зүйл дээгүүр харайлгах тохиолдолд машины тяг нь хугарах магадлалтай. Мөн өмнө нь ямар нэгэн хүчин зүйлийн үйлчлэлээр тяг нь цав үүссэн байж байгаад туайн агшинд хугарсан байж болзошгүй. Жолооч машиныхаа доогуур орж үзээгүй бол машин жолоодож явж байгаа үед тяг цав гарсныг мэдэх боломжгүй. Хэрэв тяг нь буюу рулийн чак нь хугарсан байсан бол машиныг хөдөлгөж явах боломжгүй. Автомашин үйлдвэрлэсэн өдрөөс хойш 2 жилийн баталгаа өгдөг. Автомашины тяг буюу /рулийн чак/ нь бол хэдий хугацаанд явж байгаад тус гэмтэл үүсэхийг мэдэх боломжгүй гэжээ. /хх-ийн 94/
-Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт явуулах тухай тогтоол /хх-ийн 1/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3/
-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-11/
-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 50 дугаартай дүгнэлт: 1.Т.Мөнхбаярын биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Уаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 67/
-Шинжээчийн 12 дугаартай дүгнэлт: 1.УАЗ-2206 маркийн 73-11 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Гантулга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухайн цагдаагийн байгуулага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Жолооч Б.Гантулга нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСД ангилалын 262526 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. 3.Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь УАЗ-2206 маркийн 73-11 ДУА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Гантулга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 84/
-Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн техникийн 4 тоот дүгнэлт: 1.2016 оны 05 сарын 20-нд техникийн хяналтын үзлэгт орж стандартын шаардлага хангаж тэнцсэн байна. 2.Үйлдвэрийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна. 3.Нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. 4.Рулийн тяг хугарч жолооны удирдлага алдагдан осол гарсан байх магадлалтай. 4.73-11 ДУА улсын дугаартай УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг үзэж шалгахад хөдөлгүүр асахгүй, урд салхины шил байхгүй, зүүн урд хаалга хэв гажилтад орсон, бүхээг орой хэсгээр хэв гажилтад орсон, баруун зүүн хаалганы рам гажсан, багана гулзайсан, кузов зүүн тал хэв гажилтад орсон, кузов баруун хойд хэсгээрээ хонхойсон. Арыг харах баруун, зүүн 2 толь байхгүй . 6.Осол үйлдэгдэх үед дээрх тээврийн хэрэгслийн тоормосны эд анги /систем/ нь бүрэн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 7.Тодорхойлох боломжгүй. 8.Рулийн тяг хугарснаас үүдэн осол үйлдэгдсэн байх магадлалтай гэжээ. /хх-ийн 91-92/
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107/
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 108/
-Тээврийн хэрэгсэлийн АЯ0278689 дугаартай гэрчилгээ, В,С,D ангилалын жолоочийн үнэмлэх /хх-ийн 109-110/
- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/
-Хохиролд Т.Мөнхбаярт 750.000 төгрөг төлсөн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-ийн 122/
-Шүүгдэгч Б.Гантулгын 262526 дугаартай жолоочийн үнэмлэхийг эх хувиар нь хураан авсан тэмдэглэл /хх-ийн 139/
- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 141/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Гантулга нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сум 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ 22-06 маркийн 73-11 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Мөнхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулж зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Т.Мөнхбаярын “...Бидний сууж явсан фургон машин Алтанбулагаас гараад Хөвсгөл сумаар дайраад цаашаа хэсэг явж байгаад шулуун зам дээр машин жолоочийн талаар далбилзаад уначихсан. Нөгөө талд сууж явсан хүмүүс над дээр унаад фургон дахин өнхрөхөд нөгөө тийшээ хүмүүс нь унаад миний зүүн талын эгэмний яс хугараад би ухаан алдсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч В.Чүлтэмсүрэнгийн “...Хатанбулаг сумаас гарч яваад Хөвсгөл сум ороод цаашаагаа явж байгаад Цагаан суврагын ард талд тал газарт явж байснаа машин гэнэт 2 талруугаа бөгсөө хаяад эхэлсэн. Тэгэхээр нь би жолоочид яаж байнаа гэсэн чинь жолооч юм дуугарахын завдалгүй машин зүүн талаараа өнхөрсөн.” гэх мэдүүлэг, гэрч П.Цэдэнсодномын “...Тэгээд Хөвсгөлөөс гараад 70 гаран кл яваад Таягтай овоо өнгөрөөд явж байтал машин гэнэт хажуу тийшээ даялаад эхэлсэн тэр үед Гантулга хараалын үг хэлээд тэгээд л машин унасан. Машин унах үед эхлээд зөв талаараа унасан, унасаны дараа гарч ирээд хархад буруу талаараа унасан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ганчулууны “...Аймгийн төвөөс 95 км орчим зайтай газар буюу Таягт гэдэг газрын зүүндоор машин явж байгаад гэнэт машины хөндлөн тяг нь хугарч машин замаасаа баруун тийгээ гарч 60-70 метр орчим явж байгаад зөв талруугаа дараад унасан. Тэгээд нэг бүтэн хөрвөөгөөд буруу талынхаа хаалгыг дарж зогссон ба Гантулга машинаасаа гарч хүмүүсээ машинаас татаж гаргасан. Араас ирсэн 2 машинд хүмүүсээ хувааж суулгаж явуулаад Цэдэнсодном, Гантулга бид гурав машинаа төмөр утсаар бэхэлж янзлаад Зүүнбаян орж ирсэн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нь шүүгдэгч Б.Гантулгийг гэмт хэрэг үйлдэх санаа зорилго тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал гарсан. Шүүгдэгч Б.Гантулгын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас уг осол 2016 оны 12 сарын 28-ны өдөр гарсан. Шүүгдэгч нь тухайн осол болох үед Цагдаагийн байгууллагад осол болсон талаар мэдэгдэх боломжгүй байсан байх боловч, 2017 оны 01 сарын 04-ны өдрийг хүртэл шүүгдэгч Б.Гантулга нь осолын талаар нууж, хариуцлагаас зайлсхийсэн юм. Өөрөөр хэлбэл хохирогч Т.Мөнхбаяр нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагад осолын талаар гомдол гаргаснаар уг хэрэг илэрсэн. Иймд шүүгдэгч Б.Гантулгыг ослын талаар зохих байгууллагад мэдэгдээгүй, осол гарсан газрыг санаатай орхиж явсан үйлдэл нь хариуцлагаас зайлсхийх зорилгоор осол болсон газрын санаатай орхиж зугтаасан гэж дүгэнлээ.
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хайрхан овогт Бадамсүрэнгийн Гантулгыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бадамсүрэнгийн Гантулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 262526 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гантулгад буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Гантулгад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА