Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0042

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                 Прокурор                                                 Ц.М

        Шүүгдэгч                                                  А.А

        Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Р.Б

         Нарийн бичгийн дарга                       Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолтой, А.Ад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Агийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Ш овогт А-н А.

 

А.А нь 2019 оны 01 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн задгайд оршин суух А.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч зурагт, мөнгөн тоногтой суран бүс, хөвөнтэй дээл, хоромон гутал, хонь, үхрийн мах, хөлдөөсөн бууз, сүү, цагаан идээ зэрэг эд зүйл хулгайлан 3.673.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овогт А-н А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агаас 1.496.050 төгрөг гаргуулан хохирогч А.Тт олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 545.000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Миний хувьд тус зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрийн хувьд би өөрийн авсан зүйлүүдийг бүгдийг нь эргүүлэн өгсөн байтал миний аваагүй зүйлүүдийн төлбөрийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 1.496.050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож эсвэл хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна                  ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Агийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэрэгт нотлогдвол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ”-г нарийвчлан тогтоогоогүй, эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнийн дүн зөрүүтэй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Тухайлбал: Хохирогч А.Т нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө: 32 инчийн зурагт, монгол дээл, монгол бүс, үхрийн мах гуя 2, хаа 1, өвчүү, шаант 2, сүвээний хавирга 2 ширхэг, 2 шуудайтай бууз, хурууд хорхой ааруул, хөлдөөсөн сүү, 2 ширхэг хонины жижиглэсэн мах, хонины цувдай 3 ширхэг, хонь үхрийн өөх 20 кг алдсан гэж дурьджээ /хх 3/.

Харин хохирогчоор анх мэдүүлэхдээ: “...Зурагт, мөнгөн тоногтой суран бүс, дээл, шинэ өрөм 5 кг, үхрийн гуя 2 ширхэг, хаа 1, хормойтой өвчүү 1, үхрийн хавирга 2 ширхэг, шаант чөмөг 2, хонины мах 2 бүтэн, ааруул 110 кг орчим, хөлдүү сүү 300 кг орчим, хөлдүү бууз 2 шуудай буюу 60 кг, хонины цувдай 2 ширхэг, орос хромон гутал 41 размерийн эрэгтэй гутал алдсан...” гэж /хх14/,

гэрчээр мэдүүлэхдээ: “... зурагт, суран бүс, хөвөнтэй дээл, хязаалан үхрийн гуя, хаа, хавирга, өвчүү, 2 ширхэг шаант чөмөг алга болсон. Дунд зэргийн таргатай мах, 2 хонины махыг эвдээд жижиглээд цаасан хайрцагт хийсэн байсан. Тарган махнууд 2 цувдайг нь жижиглэсэн ... хуруудан ааруул 60 кг, үлдсэн 50 орчим кг ааруул нь хорхой ааруул байсан ... 50 орчим кг бууз байсан ...” гэж /хх 19/ хулгайд алдагдсан эд зүйлсийн нэр болон хэмжээний талаар зөрүүтэй мэдүүлсэн байна.

Түүнээс гадна хохирогч нь мах, сүү, цагаан идээ зэргийн хэмжээг мэдүүлэхдээ ихэвчлэн “орчим, гаруй” гэсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлэгт дурьдагдсан дээд хэмжээгээр тооцож эд зүйлийн үнэлгээг гаргасан байх ба зарим эд зүйлийн үнэлгээ буюу үхрийн өвчүүг 1 килограмыг нь 7500 төгрөгөөр үнэлж  13 кг нь 97.500 төгрөг болох атал үнэлгээнд 100.000 гэж, 2 хонины жижиглэсэн махыг 1 килограмыг нь 5.450 төгрөгөөр үнэлж 44 кг нь 239.800 төгрөг болох байтал 240.000 гэж үнийн дүнг тус тус алдаатай тооцжээ. /хх 36/

Шүүгдэгч А.А нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Т-с даралтын аппарат, хагас түрийтэй гутал авсан, зурагтыг бүтээлгэнд ороогоод авч гарсан ... дээрх эд зүйлсийг буцааж өгсөн...” гэсэн тайлбар гаргасан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ” ... гэрийн цоожийг эвдлээд гэрээс зурагтыг ягаан өнгийн бүтээлгээр ороогоод аваад гарсан ... гэрээс зурагт, даралтын аппарат авсан. Байшингаас хөлдөөсөн савтай болон тогооны сүү, үхрийн өвчүү, гуя, хүзүү сээр, зүссэн ааруул, хорхой ааруул, хольсон тос, түрийтэй үдээстэй гутал зэргийг хулгайлсан...” гэсэн /хх 24/  байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар дээрхи хар өнгийн үдээстэй гутал болон  зурагт, сүү, ааруул, өвчүү, үхрийн гуя, хурууд ааруул, шуудайтай бууз, хольсон тос, хонины эвдсэн мах зэргийг хураан авсан /хх 77/ байх боловч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хх 78/ хар өнгийн үдээстэй гутал дурьдагдаагүй зэрэг шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Иймд тухайн үед хохирогч А.Т нь хэдий хэмжээний эд зүйлсээ хулгайд алдсан, А.А нь хохирогчийн гэр болон байшингаас нийт хэдий хэмжээний, ямар нэр төрлийн эд зүйл хулгайлж түүнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, хэдэн төгрөгийн үнэлгээтэй ямар нэр төрлийн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн зэргийг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Шүүгдэгч А.Агийн гаргасан “...миний аваагүй зүйлүүдийн төлбөрийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна ... хэргийг дахин хянаж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч А.Агийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ