Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02014

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01786 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хд холбогдох,

 

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинсхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 06 сарын 23-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Соёлын төв /ордон/-ийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 02 сарын 15-ны өдөр эхний удаа, 2017 оны 07 сарын 21-ний өдөр 2 дахь удаа, 2018 оны 04 сарын 27-ны өдөр Хын захирамжаар 3 дахь удаа “нэг л үндэслэл“-ээр ажлаасаа халагдаад байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэл юм. Шүүхийн шийдвэрээр өөрийн төрсөн ах, хамтран амьдрагч, өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан гэсэн үндэслэл зааж, Б.Мийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн. Хамтран амьдрагч Ч.Баярмааг 2016 оны 10 сарын 18-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Соёлын ордны нярав, кассын ажлыг хослон гүйцэтгүүлэхээр, төрсөн ах Б.Н-г 2016 оны 4 сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Соёлын ордны жижүүрээр томилон ажиллуулж байсан гэж үзжээ. Мөн хуулийн 29.2, 29.2.4-т заасан шийтгэл хүлээлгэнэ гэж заасан ч хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасны дагуу тодорхойлогдох ба хугацаа нь дууссан байгаа. Иймд  2018 оны 04 сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” Авлигатай тэмцэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 дугаартай албан бичиг ирсэн бөгөөд энэхүү албан бичгийн дагуу хариуцлага тооцож хариуг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/874 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Мийг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.783.492 /нэг сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч Хас улсын тэмдэгтийн хураамжид 50 849 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлдээ мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй. Хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т заасан эрхийг ноцтой зөрчиж хэргийн материалтай танилцуулаагүй, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэмтэлтэй байсан талаараа мэдэгдэж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх харгалзан үзээгүй. Шаардлагатай нотлох баримт гаргаж өгөөгүй ч зургаан хавирга нь хугарч, биеийн байдал хүнд байдалтай байсныг харгалзан үзээгүй.

 

Нэхэмжлэгч Б.Мийг ажлаас чөлөөлөх гол үндэслэл нь нийтийн албан тушаалтан нь хөдөлмөрийн харилцааг шууд таслан зогсоохоор ноцтой зөрчил гаргасныг Авлигатай тэмцэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 тоот албан бичгээр хариуцлага тооцуулахаар хандсан явдал. Нэхэмжлэгч тал тус албан бичгийг нотлох баримтын шаардлага хангалгүй хуулбар хувийг гаргаж өгсөн ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэргийн нотлох баримтаас хасуулан Авлигатай тэмцэх газраас шаардан авч болох байсан. Хариуцагч энэ тухай хүсэлтээ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08/298 тоот хариу тайлбартаа илэрхийлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Хд холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3, 29/

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олгоогүйгээс хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд энэ эрхээ эдлэх боломж, нөхцөлийг шүүхээс  бүрдүүлэх үүрэгтэй юм. Шүүх талуудын хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан байна. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч хэргийн материалтай нэг ч удаа танилцаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхийг зөрчжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх журмыг баримтлаагүйгээс гадна хариуцагчийн “..,өвчтэй, хавирганууд хугарсан” гэх баримт хуулбараар байхад  шаардлагатай гэж үзвэл баримтын эхийг шаардан авах, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Авилгатай тэмцэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан Авилгатай тэмцэх газраас гаргуулах хүсэлт гаргасан байхад шүүх уг баримтыг хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх боломжтой гэж үзэж, хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна./хх-ийн 29/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

                  

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД