Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 158/2017/0013/з |
Дугаар | 499 |
Огноо | 2017-11-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 499
Г.О-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0635 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Г.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,
2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажилд томилохыг даалгах, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27.2.3-д заасныг баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаарын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.О-г Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Хөгжлийн бодлогын мэргэжилтэн”-ий ажилд томилохыг тус Тамгын газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0635 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.О нь сонгуулийн өмнө үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж өмч хөрөнгө завшсан, зээлийн гэрээ, зээлийг будлиантуулсан хэрэгт холбогдож төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй болсон байсан бөгөөд тухайн үед нь хуульд заасан хариуцлага оногдуулж арга хэмжээ авч байсан. Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан тул Хөдөлмөрийн яам татан буугдаж Монгол Улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж үүнийг дагаад ЗДТГ-ын нийт албан тушаалтанд бүтцийн өөрчлөлт орж Г.О-н ажлын байр Хөдөлмөрийн яам татан буугдсанаар уг албан тушаалын чиг үүрэг байхгүй болж өөр албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээнд очсон.
Харин шинээр бий болсон Хөгжлийн бодлогын ажилтны ажлын байр нь сумын ХАА, тэр дундаа МАА, газар тариалангийн асуудлыг голлон анхаарсан, сумын хэтийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлдог чиг үүрэгтэй Сум хөгжүүлэх сангийн асуудал нь хөгжлийн бодлогын мэргэжилтний үндсэн хариуцан хэрэгжүүлэх асуудал биш зөвхөн уг албан тушаалтанд удирдлагын зүгээс хариуцуулсан нэг ажлын чиглэл бөгөөд шаардлагатай бол ЗДТГ-ын өөр нэг албан тушаалтанд хариуцуулан хийлгэж болох ажил үүрэг юм. Түүнээс татан буугдсан ажлын байрны шаардлага хангахгүй албан тушаалтан сум хөгжүүлэх санг дагаж ажиллана гэдэг нь дэндүү өрөөсгөл болно. Энэ 2 ажлын байр нь чиг үүрэг нь нэг нь хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар хариуцаж Хөдөлмөрийн хэлтэст харьяалагддаг байсан бол нөгөө нь ХАА-н газар Хөгжлийн бодлогын хэлтэст харьяалагддаг ХАА-н бодлого шийдвэрийг боловсруулж хэрэгжүүлдэг хоорондоо ямар ч хамааралгүй тэс өөр үүрэг чиглэлтэй юм.
Гэтэл шүүхүүдийн Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.3-т зааснаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Г.О нь алдаа дутагдал, зөрчил гаргаж хариуцлага алдаж байсан, шаардлагад нийцэхгүй, ажлын байрны шаардлага хамгийн сайн хангасан гэж үзэх үндэслэлгүй тул төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм. Орох гээд байгаа Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байр нь сум орон нутгийн онцлог, төр засгийн хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд шинээр бий болсон өөрийн гэсэн онцлогтой, мэргэжил, боловсролын шалгууртай албан тушаал юм. Тиймээс шинээр бий болсон ажилд Төрийн албаны хууль, журмын дагуу аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл албан ёсоор хандаж дүгнэлт гаргуулж томилсон.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд Нягтлан бодогчоор томилоогүй, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй гэжээ. Г.О өмнө ЗДТГ-ийн нягтлан бодогч жирэмсний амралттай байх хугацаанд Нягтлан бодогчоор түр ажиллаж байх хугацаандаа цалин хөлс буруу бодож санхүүгийн буюу ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж акт, төлбөр тавигдаж байсан тул томилохоос татгалзаж байсан.
Мөн шүүх хэргийн газарт ирж үзлэг хийж, нотлох баримт цуглуулах, үнэхээр хариуцагчийн гаргаад байгаа тайлбар, хариу үнэн эсэхийг баримтаар нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхэд хэргийг дахин хянуулж, нотлох баримт бүрдүүлж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.О нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаал, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, хөгжлийн бодлогын мэргэжилтний ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
-Маргаан бүхий Б/03 дугаар тушаалын тухайд:
Уг тушаалаар “сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа Аудитын газрын шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Үндэсний аудитын газрын харьяа Булган аймгийн Аудитын газрын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02 дугаар албан бичгээр сумын Засаг даргын Тамгын газрын даргад шалгалтын дүнг хүргүүлж, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа нь “зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, эргэн төлөөгүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй, бүх төслийг бүртгээгүй” зэрэг зөрчил илрүүлж, хариуцлага алдсан албан хаагчид хуулийн хариуцлага тооцохыг зөвлөсөн байна. Тухайн зөрчил тогтоосон үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс маргаагүй, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв болжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас зөрчлийн шинж байдлыг харгалзаж, сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй, энэ хүрээнд гарсан шийдвэрийн үндэслэлийг танилцуулах үе шатанд нэхэмжлэгчээс маргаж байгаагүй тул хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
-Маргаан бүхий Б/09 дүгээр тушаалын тухайд:
Тушаалаар “хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтний орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.
Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн А/03 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц орон тоог баталсан байх бөгөөд орон тооны хувьд өмнөхөөс цөөрөөгүй, 21 орон тоо хэвээр батлагдсан, харин хөдөлмөр, хэвлэл мэдээллийн ажилтны орон тоог “хөгжлийн бодлогын ажилтан” гэж өөрчилжээ.
Хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн нь ажлын байрны үндсэн 12 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах ба мэргэжлийн шаардлагыг “сэтгүүлч, нягтлан бодогч, эрх зүйч” гэж тодорхойлж байсан бол хөгжлийн бодлогын мэргэжилтэн нь ажлын байрны үндсэн 5 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах ба мэргэжлийн шаардлагыг “мал аж ахуйн менежер, агрономич, газар зохион байгуулагч, экологич, усны инженер” гэж тодорхойлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт боловсруулах зааврын Нэгийн 6-д “ажлын байрны тодорхойлолт боловсруулахад тухайн байгууллагын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан ... зорилт, хүрэх үр дүн, гол зорилт, бүтээгдэхүүний анги, тухайн бүтээгдэхүүний ангийн хүрээнд дэвшүүлсэн үйл ажиллагааны зорилт буюу нийлүүлэх бүтээгдэхүүн, тухайн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүн зэргийг иш үндэс болгоно”, Хоёрын Б-д “ажлын байрны үндсэн зорилт тус бүрийн хүрээнд гол үйл ажиллагаа нь нийт ажлын хэмжээнд ямар жин эзлэхийг тооцоолон хувиар илэрхийлэх” гэж тус тус заасан байна.
Энэ тохиолдолд өмнөх ажлын байрны зорилго буюу хөгжлийн асуудлаар сумын хэмжээнд бодлого, чиглэл, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах ажлын байрны зорилго дээр нэмж, мал аж ахуй, бэлчээр ашиглалт хамгаалалт, газар тариалангийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг нэмэгдсэн бол өмнөх ажлын байрны 12 чиг үүрэг нэмэгдэх атал хасагдсан, нөгөө талаар газрын даамал, байгаль орчин, мал аж ахуйн асуудал эрхэлсэн бусад ажлын байрны чиг үүрэгтэй давхацсан, ажлын байрны үндсэн зорилттой /хөгжлийн бодлого/ түүнд хамаарах гол үйл ажиллагаа /мал аж ахуй, газар тариалан/ харилцан уялдаагүй зэргээр тодорхойгүй болжээ.
Тухайн байгууллага хэдэн орон тоотой байх, ямар чиг үүргийг аль албан тушаалтан хэрэгжүүлэхийг захиргааны байгууллага шийдвэрлэх бүрэн эрхтэй хэдий ч гагцхүү энэ эрх нь захиргааны дур зоргоор шийдвэрлэх асуудал биш, зөвхөн ажил үүргийн хэрэгцээ, ажлын ачаалалд үндэслэх бөгөөд ийнхүү үндэслэсэн шалтгаанаа захиргааны байгууллагаас нотлох, тайлбарлах зарчимтай.
Иймээс хариуцагчийн “нэхэмжлэгч мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны байгууллагаас ажлын байрны гол үйл ажиллагаа тус бүрийг нийт ажлын хэмжээнд харьцуулан хувиар тооцож, тодорхойлох ёстой атал хариуцагч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, тухайлбал, хариуцагчаас “сум хөгжүүлэх сангийн асуудал нь хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын нэг л чиглэл бөгөөд шаардлагатай бол өөр албан тушаалд хариуцуулан хийлгэж болох ажил үүрэг” гэж хяналтын гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт боловсруулах зааврын Хоёрын Б-д зааснаар захиргааны байгууллага нь ажлын байрны гол үйл ажиллагаанд ажлын хэдэн цаг зарцуулах, энэ нь нийт ажлын хэдэн хувийг эзлэх болохыг тодорхой заах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл тухайн албан тушаал нэг орон тоо болж чадах эсэхийг хариуцагчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн тогтоохгүй, гүйцэтгэх ажлын ачааллыг харгалзан гол үйл ажиллагаа тус бүрийг хувиар тооцсон ажлын байрны шинжилгээг үндэслэх юм.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт боловсруулах зааврын Нэгийн 4-т зааснаар ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд боловсруулах байна.
Иймд захиргааны байгууллагын хөгжлийн бодлого хариуцсан чиг үүргийг мал аж ахуй, газар тариалангийн чиг үүрэгт хамаатуулсан зорилго, шалтгаан тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Хавтаст хэргийн 93-95 дугаар хуудсанд байгаа ажлын байрны тодорхойлолтыг хувиар тооцсон боловч түүнийг эрх бүхий албан тушаалтан батлаагүй, он сар өдөргүй, үргэлжлэл нь дутуу, хуулбар хувь зэргээр нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэргийн 68-71 дэх хуудасны 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ц.Б, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г нарын баталж, гарын үсэг зурж, хувиар тооцоолоогүй ажлын байрны тодорхойлолтыг үнэлэх нь хуульд нийцэх юм.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид сул орон тоо болох нягтлан бодогчийн ажилд томилогдох хууль заасан үндэслэл бүрдсэн байхад нэхэмжлэгчийг “цаашид хөгжлийн бодлого, нийгмийн ажилтнаар ажиллах болсон” гэж нягтлан бодогчийн ажилд томилогдоход саад болсон атлаа уг хөгжлийн бодлогын мэргэжилтний ажилд томилоогүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Хариуцагчийн гомдолд дурдсан “нэхэмжлэгч нь алдаа дутагдал гаргаж байсан, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй” тухай үндэслэл нь ажлаас халсан тушаалын үндэслэлд хамааралгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “орон тоо хасагдсан” гэсэн болохоос сахилгын зөрчил гаргасан асуудлаар буруутгаагүй тул энэхүү гомдол маргааны үйл баримтад шууд хамааралгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт зааснаар шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримтын талаар дүгнэх болохоос тухайн шийдвэр гаргах үед хэлэлцэгдээгүй, үндэслэл болгоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийх, түүнд холбогдох баримтыг цуглуулах үүрэггүй юм.
Иймээс “миний гаргасан тайлбарт нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн захирах, захирагдах ёсыг зөрчин, заналхийлсэн, баримт бичгийг нууцаар авч засвар хийсэн, 2016 оны үр дүнгийн гэрээ дүгнүүлээгүй, албан хэрэг хөтлөлт зэргийг нотлуулахаар заагаад байхад шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй” гэх хариуцагчийн гомдол үгүйсгэгдэж байна.
Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0635 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ