Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0226

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Ариунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Ариунжаргал 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15-д заасныг баримтлан Б.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шүүхийн шийдвэрт “...Аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6/13 дугаар захирамжаар Б.Ариунжаргалыг 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 7.3-т “Орон нутаг дахь Салбар зөвлөл ажлын 7 хоногт багтаан хуралдаанаар хэлэлцэж, тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргана”, 8.1.3-т “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт эрх бүхий этгээдэд хүргүүлэх”, 8.2-т “Томилох эрх бүхий этгээд Салбар зөвлөл буюу аймаг, нийслэлийн Боловсролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухай албан тушаалд томилсон шийдвэр гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна” гэж дурдсан нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 7.3, 8.1.3, 8.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Б.Ариунжаргал 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд орж 63.2 авсан бөгөөд хамгийн өндөр оноо авсан хүнийг 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг томилсон байдаг.

Мөн Засаг даргаас 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2/1138 дугаар албан бичгээр Боловсролын газарт дараах нэр бүхий цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг танилцуулахыг даалгасан. Дээрх албан бичгийн дагуу Боловсролын газар 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг явуулж, сонгон шалгаруулалтын дүнг аймгийн Засаг даргад Боловсролын газраас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 281 дүгээр албан бичгээр хүргүүлдэг энэ албан бичигт Б.Ариунжаргалын нэр болоод 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын талаар дурдагдсан зүйл байх, өөрөөр хэлбэл 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаагүй.

2.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “Аймаг, нийслэлийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох” гэж заасан нь сул орон тоо гарсан тохиолдолд 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1.4, 1.5, дахь хэсэгт зааснаар удирдах ажилтны буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах, томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу захиалга хүргүүлэх хууль зүйн зохицуулалттай байна” гэж үзсэн хэрнээ дээрх хууль тогтоомжид заасныг зөрчиж томилох эрх бүхий этгээд захиалга хүргүүлээгүй, захиалгын дагуу “сонгон шалгаруулалт” харгалзалгүйгээр Б.Ариунжаргалыг томилсон байх тул сул орон тоо биш гэж үзэж байгаа нь нэг талаар өөрийн үндэслэлийг үгүйсгэж шийдвэр гаргаж хууль, тогтоомжийг буруу хэрэглэсэн.

З.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан. Харин Боловсролын тухай хуульд сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтныг зөвхөн сонгон шалгаруулалтаар томилох гэж заасан бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор зохион байгуулахаар журамласан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамааралгүй.

Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны албан тушаалтны эрх зүйн байдлыг зохицуулахаар хуульчилсан, зөвхөн төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаарагдах заалт болно.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг зөрчин томилогдон ажиллаж байгааг сул орон тоо гэж үзнэ” гэж тайлбарласны дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан.

4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар үүсгэн байгуулагчийг төлөөлсөн тусгай зөвшөөрөл хөөцөлдөх үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгжүүлэх бөгөөд харин тусгай зөвшөөрөл олгогдсоноор ажлын байр бий болж уг ажлын байрыг ажил олгогч нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Давуу байдал тогтоохыг хориглоно”, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “Хүний нөөцийн ил тод байдал”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах” гэж заасныг тус тус зөрчиж сонгон шалгаруулалтгүй томилгоо хийсэн нь дээрх хуулиудыг зөрчсөн төдийгүй Б.Ариунжаргалд илд давуу байдал олгосон гэж үзнэ.

Боловсролын тухай хууль болон 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцүүлэхээр 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчөөгүй.

Ийнхүү Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг томилох эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг дарга захиалга өгөөгүй, тус цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт явагдаагүй байхад сонгон шалгаруулалтад орж тэнцсэн гэсэн нэрийдлээр Б.Ариунжаргалд давуу байдал олгож 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1.4.3, 1.5, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.3, 7.5, 8.1.3, 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хянаж, Б.Ариунжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ариунжаргалаас Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулж “2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдах тус аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн, шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр захирамжаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн төдийгүй 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх боловч хавтаст хэрэгт маргаан бүхий захиргааны акт авагдаагүй, үүнийг нийтэд илэрхий захиргааны акт гэж үзэх боломжгүй.

            Гэтэл Архангай аймгийн Боловсролын газраас 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэбулган сумын хүүхдийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтын зар хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан, одоогийн маргаан бүхий акт давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талд өөрт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувиар байсан, хэргийн оролцогчдоос ч маргаан бүхий захиргааны акт хэрэгт авагдаагүй болохыг хүлээн зөвшөөрч буй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрийг хүчингүй болгож, шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч Архангай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын алиных нь гаргасан шийдвэрийг хамааруулж байгаа нь тодорхой бус, мөн нэхэмжлэлийн нэг шаардлага болох Архангай аймгийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Ариунжаргалд өгсөн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” мэдэгдэл нь захиргааны акт мөн эсэхийг анхан шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхдээ тус тус анхаарах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                            ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

                            ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН