Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 274

 

   А.А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 385 дугаар магадлалтай, 1705010090062 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Нигер Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй А.А.А /А.А.А/ нь Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.А.А-г Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу АНУ-ын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 385  магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А.А-ын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А.А гаргасан гомдолдоо: “...Цагдаа Ганбаяр нь англиар бага зэрэг ярьдаг хүнтэй манай өрөөнд ирсэн. Тэр үед үзлэг, нэгжлэг хийнэ гэж хэлээд ямар ч орчуулагч, өмгөөлөгч, гадны хоёр гэрч байлцуулаагүй үзлэг хийсэн. Ганбаяр гэх цагдаа учрыг тайлбарлаж өгөөгүй. Мөн буудал болон бусад хохирлыг барагдуулбал та хоёрыг явуулна гэж хэлээд бид хоёроос 100 доллар авсан. Гэтэл рестораны хүн гомдолгүй гэсэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр намайг ярихыг зөвшөөрөөгүй. Орчуулагч болон өмгөөлөгч бидэнд хавтаст хэргийн талаар танилцуулахад гэрчийн мэдүүлэг маш худал байсан. Прокурор Хурц яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлэх өдөр дуудаж хавтаст хэрэгт гарын үсэг зурахыг шаардсан. Англи хэл дээр орчуулсан цаасыг уншаад худал байна гэж хэлэхэд “хамаагүй” тэрийг шүүх шийднэ гэсэн. Мөн орчуулга өөр байна гэж орчуулагч хэлж байсан. Прокурор Хурцад энэ талаар олон удаа хэлсэн боловч дахин шалгаж өгөөгүй. Бид Монголд ирэхдээ ямар нэгэн асуудал гаргая гэж ирээгүй, зөвхөн сайн сайхан амьдрах боломж хайж, судлах гэж ирсэн. Надад одоо буцах газар байхгүй. Миний тулгараад байгаа энэхүү асуудлыг зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.1, 39.1.5 заалтуудыг үл хангаж магадлал гаргасан... А нь Рамадагаас өөр хоолны газар 100 доллар өгөхөд хуурамч биш байсныг санаатай орхигдуулсан... Наранчимэг, Чимэдзаяа, Мөнх-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг нотлоогүй тул нотлох баримт болохгүй. Абиодун нь нутгаас гараад Хятад, Катар улсуудад хоол унд авахад хуурамч, ямар нэг зөрчилтэй зүйл тохиолдоогүй байдаг. Хуурамч гэгдэх доллар нь ямар дугаартай нь тогтоогдоогүй, өрөөнөөс нь авсан 16 ширхэг доллар нь ямар сери дугаартай, хэдэн цаг минутад бэхжүүлсэн нь байхгүй, гадны 2 гэрч байлцуулаагүй, прокуророос зөвшөөрөл аваагүй зэргээр хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаанууд үйлдсэн байна. Байцаагч, мөрдөгч нар 16 ширхэг 100 долларыг завшиж 17 хоногийн дараа хуурамч дүгнэлт гаргуулж, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг нөхөн хуурамчаар бичсэн нь нотлогддог. Мөрдөгч нь А-г зочид буудлаас 4 хоногийн өмнө гаргаж өөрийн таних дэн буудлуудад өдрийн 30 мянган төгрөгөөр 130 хоног байрлуулсан. Рамадагийн төлбөрийг 15 хоногоор төлүүлсэн, хоолны 100 доллар болон анхны хуурамч 100 долларыг нөхөн төлсөн нэрээр өөртөө ашигласан. Энэ хугацаанд тогтвортой өмгөөлөгч, орчуулагчаар хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл байгаа бөгөөд 16.1-д зааснаар нотлох баримтгүй хэрэг тул цагаатгах үндэслэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.А.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А.А /А.А.А/ нь 2017 оны 10 дугаар сарын 5-наас 10-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада Улаанбаатар сити центр” зочид буудлын 710 тоот өрөөнд Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн нэгдсэн улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан,

-2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр уг гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн үгүйсгэсэн баримтыг тогтоох, нотлогдсон гэж үзэх, ач холбогдолтойд тооцож хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 385 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                              Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН