Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/02351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  байрлах, Б Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч:  байрлах, Г ЗГБХНөхөрлөл,

Хариуцагч:  байрлах, Ч албанд холбогдох

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 4 дүгээр байр, 3 дугаар орцны подвалын 300 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Г ЗГБХН-ийн төлөөлөгч Б.Анударь, өмгөөлөгч Л.Золбаяр, хариуцагч Ч албаны төлөөлөгч Г.Шүхэрт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б сууц өмчлөгчдийн холбоо нь 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдсаар байна. Манай сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа оршин суугчид болон аж ахуйн нэгжийн ашиглалтын зардлаар санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг. М ХХК нь манай томоохон аж ахуйн нэгжийн нэг бөгөөд 2006 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны подваль болох 300 м.кв талбайг ашигласан зардал төлөлгүй өнөөдрийг хүрч байгаа нь шударга бус зүйл юм. Манай сууц өмчлөгчдийн холбооны тапбайг М ХХК нь ашиглаж байгаа л бол зайлшгүй зардлаа төлөх учиртай гэж үзэж байна. Удаа дараа ашиглалтын зардлаа төлөхийг шаардаж байгаа боловч ямар нэгэн санаачлага гаргахгүй байгаа тул аргагүйн эрхэнд дундын өмчлөлийн талбайгаа чөлөөлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Манай байршил нь хүнсний 20-р дэлгүүр болон хотын төвд байршдаг тул түрээслэх аж ахуйн нэгж их байгаа тул өөр төлбөрөө төлөх чадвартай аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Иймд Б сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо , 1 дүгээр 40 мянгат, 4 дүгээр байр 2, 3 дугаар орцны подвалийн 300 м.кв талбайг М ХХК-иас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэлийн шаардлагаа Г ХХК нь Б сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгох тухай гэж өөрчилж байна. Мөн Г ХХК нь Б сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг ба сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхийг шаардахад төлнө гэж хэлдэг байснаа сүүлдээ манайх төлөхгүй, бид захирамжтай гэдэг болсон. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргахад Г ХХК нь Ч албанаас олгосон 10 жилийн хугацаатай газар эзэмших эрх бүхий гэрчилгээг шүүхэд гаргаж өглөө. Эзэмших эрх бүхий этгээдээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх боломжийг хязгаарласан Чингэлтэй дүүрэг Газрын албыг хамтран хариуцагчаар татан оролцуулж байна. Г ХХК нь Б сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэв.

 

Хариуцагч Г ЗГБХНөхөрлөл шүүхэд болон төлөөлөгч Б.Анударь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ЗГБХН нь тус байрны 1 дүгээр давхрын дэлгүүрийн зориулалттай хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр БСБ Сервис ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч улмаар тус дэлгүүрийн өргөтгөлийг барьж 2002 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын 82/2002 тоот актаар ашиглалтад оруулсан байна. Ийнхүү өргөтгөл барьснаар уг дэлгүүрийн байрны нийт талбай 1197,6 м.кв болж улсын бүртгэлийн Ү-2202006883 дугаарт бүртгэгдэн, 00** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. Г ЗГБХН-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрладаг, нэгж талбарын 2/0029 дугаартай 1130 м.кв талбай бүхий газрыг анх Нийслэлийн засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А227 тоот шийдвэрийг үндэслэн Г ЗГБХН-д ашиглуулахаар 3 жилийн хугацаатайгаар олгож, уг газар ашиглах эрхийн хугацааг Нийслэлийн засаг даргын 2001 оны 476 тоот захирамжаар сунгасан ба улмаар 2009 оны 94 тоот захирамжаар уг газрыг Г ЗГБХН -ийн эзэмшилд олгон, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/998 тоот захирамжаар 10 жилээр сунгаж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000316825 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эээмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар ззэмшүүлэх гэрээний үндсэн дээр уг газрыг Г ЗГБХН эзэмшиж байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Г ЗГБХН-ийг сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоож өгөхийг шаардсан боловч яг ямар үндэслэлээр ямар хуулийн аль зүйл заалтад үндэслэн Г ЗГБХН-ийг Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч гэж үзэж байгаа тухайгаа огт дурдаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал. нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ. Б сууц өмчлөгчдийн холбооны хуулиар олгогдсон эрх хэмжээнд зөвхөн тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, тухайн орон сууцны орц, гарц, хонгил, явган шат, хонгил, дээвэр зэрэг хамаарна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 1998 онд анх газар ашиглах эрх олгогдсоноос хойш Г ЗГБХН нь тухайн газрыг зохих ёсоор эзэмшиж, ашиглан, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлсээр ирсэн ба өөрийн эзэмшлийн газар дээрх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр бусад этгээдэд саад учруулалгүйгээр үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулсаар байгаа атал 2006 онд буюу 8 жилийн дараа үүсгэн байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо чухам ямар үндэслэлээр, ямар зорилгоор уг газрыг шалгуулаад, шаардаад, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхээд байгаа нь огт ойлгомжгүй байна. Ийнхүү хууль ёсны эзэмшигчээс түүний эзэмшлийн газрыг, хууль ёсны өмчлөгчөөс түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шаардаж, улмаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхийг шаардаж байгаа энэ байдал нь ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээс гадна дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа гэдгийг харуулж байх ба өөрчилсөн шаардлагадаа "эзэмших эрх бүхий этгээдээс сууц өмчлөгчдийн холбоонны төлбөр нэхэмжлэх нь өөрөө зөрчилтэй болох учир гэснээс үзэхэд тухайн дэлгүүрийн зориулалттай байр нь Г ЗГБХН-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар нь Г ЗГБХН-ийн эзэмшлийн газар юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч алба шүүхэд болон төлөөлөгч Г.Шүхэрт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Г ХХК-нь Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 938 дугаар захирамжтай тул Ч албанд хамааралгүй. Г ХХК нь Б сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд манай алба хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г ЗГБХ нөхөрлөлд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 4 дүгээр байр, 3 дугаар орцны подвалын 300 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ЗГБХ нөхөрлөл, хариуцагч Ч албанд холбогдуулан Г ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч Г ЗГБХНөхөрлөл нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш, үйлчилгээний зориулалтаар ашигладаг гэж маргажээ.

 

Хариуцагч Ч алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Г ХХК нь Б сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл манай албанд хамааралгүй гэж маргажээ.

Хариуцагч Г ЗГБХНөхөрлөл нь Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 40, 50 мянгат/15170/ Энхтайваны өргөн чөлөө-4 байршилтай, үйлчилгээний зориулалттай 1197,6 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Y-22** дугаарт бүртгэжҮл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00** тоот гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 33 тал/

 

Г ЗГБХНөхөрлөлд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт 1172 м.кв газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар Нийслэлийн засаг даргын 1998 оны А/38 дугаар захирамж, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэж 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулсан, Нийслэлийн засаг даргын 2001 оны А/476 дугаар захирамж, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Г ЗБН-д уг газрын хэмжээг 1130 м.кв болгон дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар 5 жил ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан, Нийслэлийн засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаар захирамжийн дагуу тус компанид газар эзэмших гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон болох нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07/2483 тоот албан бичиг, Газар баталгаажуулалтын 17 дугаартай хувийн хэрэг, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172918 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах 2001 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн гэрээ хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Г ЗГБХНөхөрлөл нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 4 дүгээр байранд байрлах 381 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр БСБ Сервис ХХК-аас Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн /хх-ийн 39 талд/ авсан бөгөөд дэлгүүрийн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууц өмчлөлийн оролцох үүргийг заасан байна.

Хариуцагч Г ЗГБХНөхөрлөл нь Б сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш гэж маргаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна.

 

Орон сууцны тухай хуулийн 3.1.1.орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, ойлгоно гэж заажээ.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд маргааны зүйл болж буй талбай нь анх дэлгүүрийн зориулалтаар баригдсан, уг зориулалт өөрчлөгдөөгүй ба орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаагүй тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууцанд хамаарахгүй.

 

Иймд Г ЗГБХН-ийг сууц өмчлөгч гэж Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтанд хамааруулан Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийн зохицуулалт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгчид хамааралтай.

 

Хариуцагч Г ЗГБХНөхөрлөл, хариуцагч Ч албанд холбогдох Г ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгох тухай Б Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Г ЗГБХНөхөрлөл, Ч албанд холбогдох Г ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгч болохыг тогтоолгох тухай Б Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ