Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгч Н.Сумъяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Буурал овогт Нэхийтийн Сумъяад холбогдох эрүүгийн 201710010118 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 25-ний өдөр Дорноговь аймаг Улаанбадрах суманд төрсөн, 55 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сүлд баг 1-109 тоотод оршин суух, Ерөнхий боловсролын 1-р сургуульд мужаан ажилтай, Буурал овогт Нэхийтийн Сумъяа /РД: ЕК61122579/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Н.Сумъяа нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд Замын-Үүд сум 2-р багт Л.Нарантай архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Л.Наранг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Сумъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 27-ны өдөр манай ажлын газрын цалин бууж би Наран ахынд нэг шил Ерөөл нэртэй 750 гр архи авч очсон юм. Намайг очиход Наран ах гэртээ ганцаараа байсан тэгээд түүнтэй хамт нөгөө архиа хувааж уусан. Биднийг тэнд сууж байхад удалгүй 20 орчим минутын дараа Амартайван ирсэн юм. Тэгээд бид нар хамт уусан ба ууж дуусаад Амартайван Нараа ахынд хэвтэж үлдсэн, Нараа ах чамайг гэр рүү чинь хүргэж өгье гээд хамт тэдний гэрээс гарсан ба 19 цаг өнгөрч байхад явсан. Нараа ах бид хоёр манай гэрт хамт очсон. Би харих замдаа дэлгүүрээс Ерөөл нэртэй архи авч гэрт бид 2 хамт уусан. Би нэлээд согтсон байсан учир Нараа ахтай юунаас үүдэн маргалдсанаа сайн санахгүй байна. Маргааш нь юу болсон хэзээ хэрхэн унтаж амарсанаа сайн мэдэхгүй байсан учир Нараа ахын гар утас руу нь залгаж түүнтэй ярихад чи намайг зодож цохисон хавирга хугарсан юм шиг байна эмнэлэг дээр байна гэж ярьсан. Би нэлээд согтсон байсан учир сайн санахгүй байгаа юм. Согтуугаар хоорондоо маргалдаад түүнийг цохиж гэмтээсэн юм шиг байна лээ. Бид хоёроос өөр хүн байгаагүй гэв.

-Хохирогч Л.Наран хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 04 сарын 27-ны орой 19 цагийн орчимд манай найз Амартайван, Сумъяа хоёр ирсэн юм. Энэ хоёр нилээд халамцуу ирсэн ба гэрт ирэхдээ нэг шил 750 гр хараа нэртэй архи авч ирсэн. Тэр хоёр манай гэрт нөгөө архиа хувааж уусан юм. Архи ууж дуусаад Амартайван согтсон учир манай гэрт унтчихсан. Би Сумъяаг гэрт нь хүргэж өгөхөөр түүнтэй хамт 20 цагийн орчим явсан юм. Замдаа Сумъяа нэг шил Ерөөл архи авч гэртээ очиж ууна гэж авсан. Гэртээ ороод тэр хаалгаа түгжчихсэн байсан ба өөр хүн байгаагүй гэтэл тэр нилээд согтсон бололтой гэнэт над руу дайрч давшлан өмсөж явсан фудболкийн захнаас барьж боосон. Би нэлээд сандарсан байсан учир юу болоод байгааг ойлгоогүй. Намайг унагаад дээрээс цохиод байсан гэхдээ юугаар хэрхэн цохисныг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд түүнээс арайхийж мултран түлхүүр нь газар унахаар нь авч гэрээс нь гарсан юм. Тэгээд би гэртээ очоод эргэж гарч охин Отгонзаяагийн хамт Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн. Н.Сумъяа надтай уулзаж эмчилгээний зардал 600.000 төгрөг өгсөн. Одоо түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 10-12/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Шинжээчийн 130 тоот дүгнэлт. 1.Л.Нарангийн биед цээжний баруун талд 10-р хавирга суганы арын шугамаарх хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/

-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

- Шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-33/

 - Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ердийн журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 35/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Н.Сумъяа нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд Замын-Үүд сум 2-р багт Л.Нарантай архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Л.Наранг цохиж зодон биед цээжний баруун талд 10-р хавирга суганы арын шугамаарх хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Нарангийн /хх-ийн 10-12/ “...Гэртээ ороод тэр хаалгаа түгжчихсэн байсан ба өөр хүн байгаагүй гэтэл тэр нилээд согтсон бололтой гэнэт над руу дайрч давшлан өмсөж явсан фудболкийн захнаас барьж боосон. Би нэлээд сандарсан байсан учир юу болоод байгааг ойлгоогүй. Намайг унагаад дээрээс цохиод байсан гэхдээ юугаар хэрхэн цохисныг сайн хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, шинжээчийн 130 дугаартай дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Сумъяа нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги нь түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Наран нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Буурал овогт Нэхийтийн Сумъяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Галуут овогт Нэхийтийн Сумъяад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Н.Сумъяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Сумъяад урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Н.Сумъяа, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА