Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0043

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       У.Х

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                           Р.Б

Хохирогч                                                       Ч.Б

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолтой, У.Хт холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Ч.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт У-н Х.

 

У.Х нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 42-6 тоотод оршин суух Л.Г-н байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлан 626.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 39-02 тоот Э.О-н байшинд нэвтрэн орж бугуйн цаг, монетон бөгж, гар утас, хэт хутга зэрэг эд хөрөнгө хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2018 оны 06 дугаар сарын 23-24-ний хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Надежда хотхоны замын эсрэг талд байрлах У.М-н эзэмшлийн автомашины гаражийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч гагнуурын аппарат, Кен /КЕ1Ч/ маркын түрдэг хөрөө, Кен /КЕМ/ маркын цохилттой өрөм, Кен /КЕИ/ маркын тасдагч, Кен /КЕГМ/ маркийн модны өрөм, 50 метрийн урттай метр меду зэрэг эд хөрөнгө хулгайлан 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 -2018 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян- Өндөр сум Булаг баг 14а-1 тоот Б.У-н байшинд нэвтэрч 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд зэргийг хулгайлан 76.500 төгрөгний хохирол учруулсан,

 

-2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 7-4 тоотод оршин суух Х.Э-н байшинд нэвтэрч хар хөх өнгийн чемодан, шинэ орны даавуу, халдаг 2 хүний гудас зэрэг эд хөрөнгө хулгайлж 266.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2018 оны 07 сарын 09-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран баг 40-2 тоотод оршин суух Б.Э-н байшинд нэвтэрч монетон гинжтэй сувдан хослол, бугуйн цаг, Айр макс /Аiг мах/ брэндийн чихэвч, дуу хураагуур. бугуйвч, сувдан унждаг ээмэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 -2018 оны 07 дугаар сарын 10-11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян- Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ч.Бийн эзэмшлийн “Эх-Ундрага" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 276.000 төгрөг, архи, дарс, пиво, ундаа, набор, самар зэрэг хүнсний эд зүйлс хулгайлан 857.319 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг баг 27-1 тоотод оршин суух Б.М-н байшинд нэвтэрч эрэгтэй хром, усны гутал, халбага савхны ком, хүүхдийн дархан нэхий дээл, цасны эрэгтэй пүүз, цасны эмэгтэй пүүз, дээл, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг баг 14-69а тоотод оршин суух Г.М-н байшинд нэвтэрч 2 хайрцаг үзэм, 8 ширхэг варень, 2 уут хөөсөн чихэр, хүүхдийн хувцасны чемодан 2 ширхэг зэргийг хулгайлж 272.400 төгрөгийн учруулсан,

 

 -2018 оны 06 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 8-6 тоот Э.Б-н эзэмшлийн хашаанд байрлах 40 тонны чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч том хүний унадаг дугуй 1 ширхэг, 2 төрлийн цахилгаан хөрөө, цахилгаан цохилттой дрилль 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлан 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 -2018 оны 07 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 34-1 тоот Т.О-н эзэмшлийн хашаанд байрлах амбаарын цоожыг эвдлэн нэвтэрч 40 литр багтаамжтай хөнгөн цагаан /бидон/ сав 1 ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн хром гутал 1 хос, ОХУ-д үйлдвэрлэсэн нэг ширэмтэй плитка 1 ширхэг, 30-40 кг даацтай цахилгаан жин хэмжигч 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлан 212.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 9-2Б тоотод оршин суух Г.М-н байшингийн цонхоор нэвтэрч Скайвега маркийн гар утас, Самсунг галакси маркийн Таб-3, эрэгтэй цулгуй мөнгөн бөгж, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, Вата загварын эмэгтэй илгэн гутал зэрэг эд хөрөнгийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2018 оны 06 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 40-5 тоотод оршин суух Э.Б-н байшингийн цонхоор нэвтэрч унадаг дугуй, сүлжмэл суран бугуйл, сүлжмэл суран хазаар, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг, гинж кулон, бөгж 3 хос. эмэгтэй мөнгөн гинж, цохилттой өрөм, цахилгаан дрилл /том/, цахилгаан дрилл /жижиг/, цахилгаан гар бариултай түрдэг хөрөө зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн У-н Х-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хын цагдан хоригдсон 301 /гурван зуун нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

 

           Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хаас нийт 7,150,719 төгрөг гаргуулан, 626,000 төгрөгийг хохирогч Л.Г-д 110,000 төгрөгийг хохирогч Э.О-д, 525,000 төгрөгийг  хохирогч У.М-д, 76,500 төгрөгийг хохирогч Б.У-т 266,500 төгрөгийг хохирогч Х.Э-т, 1,850,000 төгрөгийг хохирогч Б.Э-т, 857,319 төгрөгийг хохирогч Э.Б-т 590,000 төгрөгийг хохирогч Б.М-д, 272,400 төгрөгийг хохирогч Г.М-д, 240,000 төгрөгийг хохирогч Э.Б-д, 212,000 төгрөгийг хохирогч Т.О-д 450,000 төгрөгийг хохирогч Г.М-д, 1,075,000 төгрөгийг хохирогч Э.Б-д тус тус олгуулж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Б давж заалдах гомдолдоо:

“... Миний хувьд У.Хын ял шийтгэл дээр санал гомдол байхгүй.

Харин би мөрдөн байцаалтын шатанд байцаалт өгөхдөө /хх-ийн 20 дугаар хуудас/

“... тэр Х-н кодоор шөнө орсон хүн нь хамгаалалтыг салгаснаас болж эзэнгүй байсан манай дэлгүүр хамгаалалтгүй болж хулгайч орох нөхцлийг бүрдүүлсэн байна. Х өөрийнхөө нууц кодыг өөр хүнд өгөх ёсгүй гэж бодож байна, энэ хүнд хариуцлага тооцож өгнө үү” гэж мэдүүлсэн. /Тайлбар: би тухайн үед Х-г Х гэдэг байх гэж бодож нэрийг андуурч хэлсэн байсан. Х-н тухай ярьж байгаа юм. /

Энэ талаар Х.Х мэдүүлэгт /хх-ийн 59 хуудас/ “О-н буруу тэрээр ажил дээрээ очиж хоносноос болж хэрэг гарсан. Тэгээгүй бол хэрэг гарахад Бамбай хамгаалалтын хүн ирэх боломжтой байсан” гэжээ.

Мөн гэрч Э.О-н мэдүүлэгт /хх-ийн 55 хуудас/ “би урьд нь ажил дээрээ 2-3 удаа очиж хонож байсан, асуудал гардаггүй байсан болохоор очоод хоносон миний буруу” гэжээ.

Гэрч Б.Б-н мэдүүлэгт /хх-ийн 62 хуудас/ “О буруу ажил дээр очиж хоносноос болж хулгайн хэрэг гарсан” гэх мэдүүлэг

Гэрч Ц.Б-н мэдүүлэгт /хх-ийн 66 хуудас/ “Кофе шоп 00 цаг хүртэл ажиллах 04 цагт хамгаалалтыг салгасан явдал нь хулгайч орох нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Би энэ талаар мэдэгдэл өгсөн байгаа” гэх зэргээр мэдүүлэгт дурьдсан. Мөн би бичгээр Кофе шопыг ажиллуулдаг хүмүүст хариуцлага тооцож хохирол барагдуулж өгөхийг хүссэн. /хх-ийн 50 дугаар хуудас/

Эдгээр мэдүүлэг, хүсэлтээс харахад хулгайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь “Эрдэнэт булаг” ХХК-ны харъяа Энх-Ундраа төвийн 3 давхарт байрлах Кофе шопыг хариуцан ажиллуулдаг Э.Э, түүний нөхөр Х.Х, найз Б.Б, ажилтан Э.О нарын ажлын хариуцлагагүй байдал, шөнийн цагаар хамгаалалтыг салгасан зэрэг үйлдлээс шууд хамааралтай болсон байна.

Хэрэв тухайн үед хамгаалалтыг салгаагүй бол хамгаалалтын албаны хүмүүс дохиоллын дагуу ирж ажиллах байсан, түүнчлэн хавтаст хэрэгт дээр нэр бүхий хүмүүсийн мэдүүлэг бүгд зөрүүтэй байгааг анхаарч үзэх шаардлагатай.

Цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийн байгууллага эдгээр мэдүүлэг, миний бичгээр гаргаж өгсөн хүсэлт зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж Кофе шопыг ажиллуулдаг компанийг иргэний хариуцагчаар татаж хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргана гэж би бодож байна.

Би өөрийн хүсэлтээ мэдүүлэг болон бичгээр удаа дараа илэрхийлээд байхад мөн шүүх хурал дээр ч гэсэн хэлэхэд энэ талаар тоож хэлэлцээгүй явсаар байгаад сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

Уг шийтгэх тогтоолд Кофе шопод ямар ч хариуцлага хүлээлгэхгүй, энэ талаар дурдах ч үгүй, шалгах ч үгүй чимээгүй өнгөрсөнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон, эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэжээ. Энэ хуулийн заалтаас харахад прокурор, шүүхийн шатанд хүртэл иргэний хариуцагчаар татаж болох үндэслэл байгаа юм.

Би Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” зэрэг үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзэж эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаана уу? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Ч.Бийн гаргасан заалдах гомдлыг үндэслэн У.Хт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэрэгт нотлогдвол зохих байдлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн/, 1.5-д заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ”-г нарийвчлан тогтоогоогүй, прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэжээ.

 

Тухайлбал: Хохирогч Б.М-н “...манай эмээ Д-г байхад үл таних 175 см өндөртэй туранхайдуу шаргал царайтай эрэгтэй хүн цэргийн дүрэмт хувцсыг дээгүүрээ өмссөн байдалтай орж ирээд цагдаа байна, хүүхэд чинь зөндөө өртэй учир мөнгө болох эд зүйлийг нь бүгдийг нь аваад ир гэж Б дарга явуулсан гэж хэлээд манай эмээгээс түлхүүрийг нь аваад авдрыг онгойлгон чихэр, печень зэргийг авсан ... мөн байшингийн цонхыг сүхээр эвдэн эрэгтэй хромон гутал, хүүхдийн дархан нэхий дээл, эрэгтэй 42 разтерын пүүз, эмэгтэй цасны пүүз, эрэгтэй хүний монгол загварын хантааз, хүрэн өнгийн дээл, усны гутал, халбага савхны ком зэргийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

мөн гэрч О.Д-н “...би гэртээ ганцаараа байсан. Гэнэт гаднаас өндөр нуруутай залуу орж ирсэн...” гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд У.Хын үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг 27-1 тоотод оршин суух Б.М-н байшинд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, эсхүл өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж үзнэ.

 

У.Х нь “Эх-Ундрага” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа вакум цонхыг хагалж, мөн зарим эд зүйлсийг нурааж, хагалсан зэрэг нь хохирогч Ч.Бийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх 12-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад хохирол, хор уршгийг гүйцэд тогтоолгоогүй, зөвхөн алдагдсан эд зүйлсийн үнэлгээгээр хохирлыг тооцсон /2 дугаар хх 25/.нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн У.Х нь “...Эх-Ундрага хүнсний дэлгүүрээс өдрийн 16 цагийн орчим эд зүйл хулгайлсан...” гэж, харин гэрч Э.О нь “... 2018 оны 07 дугаар сарын 10-11-ний өдөрт шилжих шөнийн 04-05 цагийн орчим хамгаалалтын дохиоллыг салгаж ажил руугаа орсон...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байхад прокурор яллах дүгнэлтдээ “2018 оны 07 дугаар сарын 10-11-ний өдрийн хооронд ... Э.Б-н эзэмшлийн “Энх-Ундраа” дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 857.319 төгрөгийн хохирол учруулсан” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойгүй дүгнэснээс гадна дэлгүүрийн нэрийг буруу бичиж, хохирогч Ч.Б-ийн дэлгүүрээс алдагдсан бэлэн мөнгө 276.000 төгрөгийг дурьдалгүй орхигдуулсан байна.

 

Хохирогч Ч.Бт хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр, цаг хугацааг нарийвчлан тогтоох нь холбогдох хүмүүсийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т прокурорын яллах дүгнэлтдээ “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”, 32.10 дугаар зүйлийн 5.3-т хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл” зэргийг тусгахаар тогтоожээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор М.О-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд М.О нь “...У.Х-аас 30.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэж мэдүүлсэн байхад энэ тухай прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон хавсралтад мөн дурдаагүй орхигдуулсан байна.

 

Иймд хохирогч Ч.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

 2. Хохирогч Ч.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

 3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч У.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу   хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭЦЭГМАА

                 ШҮҮГЧ                                                               С.УРАНЧИМЭГ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           З.ХОСБАЯР