Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0138

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2020/0138 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: З ХХК /*******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад

Нэхэмжлэлийн шаардлага: З ХХК-ний 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож , эдгээр тайлан төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргад, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус, тус даалгаж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Ө.О, гуравдагч этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ашигт малтмалын хайгуулын ХХ/-02******* тоот тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний едреөс эзэмшиж байгаа бөгөөд улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дапуу хүчин төгөлдөр хугацааг нь сунгуулахаар мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хугацаа сунгуулах өргөдлийг 2019 оны 05 дугаар сарын 23-нд гаргаж Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн EX-00******* дугаарт бүртгүүлсэн.

Улмаар мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дах хэсэгт заасан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тухай баримтыг бүрдүүлэхэд харилцан үл ойлголцсон асуудал үүссэнээс үүдэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр, 0179746 тоот шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл авсан. Ингээд 10 сая төгрөгний шийтгэлээ сайн дурын үндсэн дээр 2019-05-31-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд тушаасан.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 7.11.2.2 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8.6.10 дах хэсэгт заасны дагуу манай байгууллагыг торгох шийтгэлээр шийтгэсэн. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцон 2016-2017 онуудын хайгуулын ажлын төлөвлөгөө тайланг, 2018 оны төлөвлөгөөг өгөөгүй асуудлыг зөрчилд тооцохгүй, зөрчлийн хэрэг нээхгүй тул зөвхөн 2018 оны хайгуулын ажлын тайлан 2019 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг МӨН хуулинд заасны дагуу 3 дугаар зүйлийн 3.1.3.....Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй .....өгөх үүрэгтэй тухай байгаль орчны байцаагч тайлбарлаж хэлснийг бид ойлгож зөвшөөрсний үндсэн дээр торгуулиа төлсөн бөгөөд улмаар АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтэст хандсан боловч хайгуулын ажлын төлөвлөгөө тайланг заавал 2016 оноос эхлэн тооцож авна эсвэл бүр авахгүй, эцэстээ хэн хүлээн авах вэ гэхчлэн өөр хоорондоо биднийг удтал
явуулсны эцэст 2019 оны 07 сарын 08-ны өдөр л тус байгууллагын цахим системд
нэвтэрч хайгуулын ажлын төлөвлөгөө тушаах эрх нээсэн кодыг манай цахим
шуудангийн хаягаар ирүүлсэн. Ингээд Улсын баяр наадмын амралтын өдрүүдийг
өнгөрсний дараа ажилласаар 7 сарын 31-нд 2019 оны геологи хайгуулын ажлын
төлөвлөгөөг цахимаар илгээсэн. Энэ төлөвлөгөө хүлээн зөвшөөрөгдөж
баталгаажсан.

Ингээд 2018 оны хайгуулын ажлын тайланг нөхөж өгөх талаар дахиад
маргаан дэгдсэн. Хэн хүлээж авах вэ? авах уу? авбал сангийн яамны цахим санд хэрхэн бүртгэгдэх вэ? гэхчлэн хуулиар зохицуулагдаагүй гэгдэх маш олон асуудал
гарсан тул бид үүсээд байгаа нөхцөл байдал, торгуулийн шийтгэлийн тухай
дурдсан тайлбараа тусган 2019-08-03-ны өдөр 01/ 96 тоот албан бичгээр Геологи хайгуулын хэлтэст, 01/97 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст тус тус хандан
хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг хүлээн авах, тусгай зөвшөөрлийн хугацаа
сунгуулах өргөдлийг хянах тухай асуудлыг дахин хянаж шийдвэрлэж өгөхийг
хүссэн.

Улмаар 2019-08-03-ны Баасан гарагт 2018 оны хайгуулын ажлын тайланг
хэрхэн өгөх талаар Геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн Г.А*******тай
ярилцаж тайлан хянуулахад шаардлагатай төлбөр болох 100 000 / нэг зуун мянга /
төгрөгийг тушаасан. Гэвч 2019-08-06-ны Даваа гарагт тус мэргэжилтэнтэй уулзан
2018 оны хайгуулын ажлын тайлангаа өгч байхад Кадастрын хэлтсийн мэргэжилтэн О******* тэдний өрөөнд орж ирсэн бөгөөд улмаар манай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч шуудангаар илгээж байгаа тухай мэдэгдсэн даруйд манай 2018 оны тайланг хүлээн авахаас эрс татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

Бид ч маргааш өдөр нь буюу 2019-08-07-ны өдөр Ашигт малтмал газрын
тосны газрын дарга Х.Х*******д хандан уг асуудлыг шийдэж өгөхийг хүссэн гомдлыг
01/98 тоот албан бичгээр өгсөн боловч 2019-09-06-ны 1/6203 албан бичгээр
шийдэх боломжгүй тухай хариуг өгсөн.

Энэ бүх үйл явц бол зөвхөн тухайн байгууллагын ажлын дотоод зохион
байгуулалтаас үүдсэн хариуцлагагүй үйлдлүүдийн үр дагавар болж байгаа бөгөөд-
энэ нь дараах баримтууд болон үйл явцаар батлагддаг. Үүнд:

1. ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын
газрын / хуучин нэрээр / Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009
оны 11-р сарын 30-ны өдрийн 127 шийдвэрээр 15316 X тоот хайгуулын тусгай
зөвшөөрлийг анх манай З ХХК-д олгосон байдаг. Дараа нь 2013
онд тус газрын даргаар ажиллаж байсан Д.Б нарт холбогдох хууль
бусаар олгогдсон гэх 107 лицензийн асуудалтай гэмт хэргийг шийдвэрлэсэн
шүүхийн шийдвэрээр цуцлагдсан бөгөөд улмаар 2016 онд уг тусгай
зөвшөөрлийн талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтанд оролцож шинээр
ХХ/-02******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Ингээд өмнө нь хийж
байсан ажлаа үргэлжлүүлэн хийж үр дүнгээр нь шохойн чулууны нөөц бодсон
хайгуулын ажлын тайлангаа бичиж боловсруулан 2017 оны 03 сарын 30-ны
өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ХХ-04-07 тоот дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны
газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн н/24 тоот тушаал гарч
манай бодсон шохойн чулууны нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын
нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж авсан байдаг.

2. Ашигт малтмал газрын тосны газрын 2019-09-06-ны 1/6203 албан бичгээр
ирүүлсэн хариунаас харвал Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн
33.2 дах хэсэг , 22 дугаар зүйлийн 22.1.2 дах хэсгийг тус тус үндэслэсэн гэж
бичсэн байна. Гэвч энэ бол манай буруу гэж бид үзэхгүй байна.

3. Учир нь 2017-03-30-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурал
хуралдаж байхад 2016 оны хайгуулын ажлын тайлан хүлээн авах хуулийн
хугацаа буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дах
хэсэгт заасан хугацаа дууссан байсан бөгөөд энэ тухай мэдэгдлийг , өөрөөр
хэлбэл уг тусгай зөвшөөрөл цуцлагдах хуулийн үндэслэл бүрдсэн байж
болзошгүй талаар тус хуралдаанд эсвэл үүнээс урьдчилан бидэнд мэдэгдэж
болох байсан . Энэ тухай мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт маш
тодорхой заасан байна.

4. Түүнчлэн 2017-05-05-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын н/24 тоот
тушаал гарч нөөцийг Улсын бүртгэлд бүртгэж байхад Ашигт малтмалын тухай
хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасан хугацаа бас дахиад л
дууссан байхад энэ тухай мэдээллийг дээр дурдсан тушаалын төслийг
бэлтгэсэн хэлтэс болон мэргэжилтнүүд нь Агентлагийн даргадаа мэдэгдэж
болох байсан бөгөөд ийм ч үүрэгтэй байх гэж бид тунгааж байна.

5. Бид тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн ажлын тайлангаа бичиж байхдаа энэ байгууллагатай үргэлж нягт хамтран ажиллаж байсан. Яагаад гэвэл хайгуулын
ажлын тайланг хянуулах, тайлангийн шүүмжлэгч томилуулах, Геологи хайгуулын хэлтсээр дамжуулан тус байгууллагын дотоод хяналтаар орж холбогдох мэргэжилтнүүд гарын үсгээ зурж танилцаж байдаг.

6. Тайлан бичиж эхэлсэн тухайгаа болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх дараалалд оруулах тухайгаа тус зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт болон холбогдох дарга мэргэжилтнүүдэд уламжлан тухайн жилийн буюу 2016-2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөө тайланд яаж
хамруулах тухайд асууж байхад бүгд л нэгэнт танай нөөцийн тайлан чинь
хийсэн ажлынхаа үр дүнгээр орж ирэх гэж байгаа учраас энэ байдлаараа явж
байхад болно л гэж хэлж тайлбарлаж байсан. Одоо болохоор бүгд л би мэдэхгүй Кадастрын хэлтэс л шийднэ гэсэн тайлбар хэлж байгаа нь туйлын
хариуцлагагүй эс үйлдэхүй болж биднийг хохироож байна.

7. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж
эхэлсэн байхад л Геологи хайгуулын хэлтсийнхэн энэ тухай ямарч мэдлэггүй
сууж байгаа бөгөөд Байгал орчны хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан
шийтгэврийг хянаад л хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж зөрчлийн хэрэг
нээхгүй тухай хуулийн заалт хэлээд байхад л 2016-2017 оны төлөвлөгөө тайланг
нөхөж авна гэж зүтгэсээр байгаад маш их хугацаа алдуулсан гэж бид үзэж
байна.

8. Кадастрын хэлтэс ч бас энэхүү уялдаа холбоогүй байдалд маш их буруутай бөгөөд туйлын хариуцлагагүй ажилладаг байдал нь ийм үр дүнд хүргээд байна. Учир нь бид тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрөө хуульд заасан
хугацаанд төлж байсан бөгөөд улмаар ийнхүү төлбөр төлсөн тухай
тодорхойлолтоо тус хэлтсээс тухай бүр авч байсан. Ер нь хүчин төгөлдөр
байгаа тусгай зөвшөөрөл бүрийн талаарх бүх бүртгэлийг энэ хэлтэс хөтөлж
байх тухай хуулиар заасан чиг үүрэгтэйгээ бүрэн умартсан. Хэрвээ Ашигт
малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсэг, 22 дугаар зүйлийн
22.1.2 дах хэсгийг тус тус үндэслэн манай ******** тоот тусгай зөвшөөрлийн
хугацааг сунгахгүй гэж шийдэж байгаа юм бол эдгээр заалтууд тусгай
зөвшөөрөл болгон дээр жил бүр хэрхэн биелж байгааг, тусгай зөвшөөрөл
эзэмшигч нарт ямар эрсдэл үүсээд байгаа болон үүсч болзошгүй байгааг
чухамхүү Кадастрын хэлтэс л хянаж бүртгэж мэдээлж ажиллах чиг үүрэгтэй .
Гэтэл тус хэлтэс нь зөвхөн жил бүрийн төлбөрийн хугацаа болсон талаар тусгай
зөвшөөрөл эзэмшигч нарт сануулж өдөр тутмын хэвлэлээр дамжуулан
мэдэгдэл гаргадаг төдийгээр үйл ажиллагаагаа хязгаарлаж байгаагийн улмаас
бид ингэж хохироод байна гэж үзэж байгаа тул үүнийг анхаарч үзэхийг хүсье.

9. Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдчихээд байхад энэ тухай бидэнд мэдэгдэх тийм сэтгэл байдаггүй юмаа гэхэд ядаж Агентлагийнхаа даргыг
мэдээллээр хангаад ямар тушаал шийдвэр гаргах ямар хуралдааны дүгнэлтийг
үндэслэж байгаагаа анхаарах тэр ажлын нөхцөл бололцоогоор нь хангаж
ажиллаж чадаагүй байж арай ядан ажиллаж хэдэн тонн шохойн чулууны нөөц
батлуулсан нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тал дээр маш
их эв нэгдэлтэй ажиллаж чадаж байгаа тус агентлагийн Хуулийн болон Кадастрын хэлтсийн ажилтнуудын буруутай үйлдлээс болон эс үйлдэхүйгээс болоод манай эрх зөрчигдөөд байна.

10. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байхад тус газрын Хуулийн хэлтэс нь Прокурорын болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас шал өөр тайлбар хэлээд хуулийг тайлбарлаж өөрсдийгөө өмөөрч байгаа нь цаашдаа ч олон аж ахуйн нэгжийг энэ мэтчлэн хохироож мэдэхээр байна.

11. Өөрөөр хэлбэл тус агентлагийн дотоод ажил ийм уялдаа холбоо муутай ,
хэлтсүүд нь мэдээллээ солилцдоггүй байдлаараа даргыгаа ч эвгүй байдалд
оруулж аж ахуйн нэгжүүдийг ч хохироож байгаа тул ийм байдлаас болж бид
хохирох ёсгүй гэж үзэж байна.

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу манай зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсье.

Нэхэмжлэлийг маань хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгах тухай З ХХК-ийн 2019 оны 10
дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах
тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, Монгол Улсын
Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 216 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 8.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн а/33 дугаар тушаалыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэлийн нэртэй 671.43 гектар талбайд ашигт малтмалын ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг З ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгосныг Кадастрын бүртгэлийн УУККС-д бүртгэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эхний жилийн төлбөрийг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь жилийн төлбөрийг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3 дахь жилийн төлбөрийг тус тус төлсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Баяндэлгэр сумын нутаг Дэлийн нэртэй 671.43 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай З ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсэгт....Хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна... заасан шаардлагыг хангаж ажиллаагүй тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тухай баримт...гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг гаргаж, шийдвэрийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 06- ны өдрийн 7/5564 тоотоор энэ тухай өргөдөл гаргагчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК нь З ХХК-ийн 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож , эдгээр тайлан төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргад, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус, тус даалгаж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөх-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай 387 дугаар шийдвэрээр хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр З ХХК-ийн ХV-02*******67 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Улмаар тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэрийн илэрхий алдааг засварлах тухай 54 дүгээр шийдвэрээр дээрх 387 дугаар шийдвэрийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 гэснийг 22.1.2 болгон, хүснэгт хэсэгт тусгай зөвшөөрлийн дугаарыг ХV-02*******67 гэж бичсэнийг ХV-02******* болгон тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 33 дугаар зүйлийн 33.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ 33.2-т Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна гэж тус тус заасан байна.

З ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл болон түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэснийг нотлох баримт болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэх үүрэгтэй, мөн хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэснийг нотлох хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгөх үүрэгтэй талаар тодорхой хуульчилсан байх ба З ХХК нь энэхүү үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай 387 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манай компани Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээсэн буюу торгуулсан, 2018 оны хайгуулын ажлын тайланг нөхөж өгөх талаар дахиад маргаан дэгдсэн, хайгуулын ажлын тайлан болон санхүүгийн тайланг хэн хүлээж авах нь тодорхойгүй зэрэг төрийн байгуулагын ажлын дотоод зохион
байгуулалтаас үүдсэн хариуцлагагүй үйлдлүүдийн үр дагаварын улмаас манай компани холбогдох тайлангуудыг хугацаандаа хүлээлгэн өгч чадаагүй,
Ашигт малтмал, Газрын тосны газрын дотоод хэлтсүүдийн хоорондын ажил уялдаа холбоо муутайн улмаас манай компани хохирох ёсгүй зэргээр энэ агуулгаар тайлбарлан, эдгээр болон бусад үндэслэлүүдээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг тодорхой хуульчилсан, З ХХК нь хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэлүүдээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.4, 31.1, 33.1, 33.2-т заасныг тус тус баримтлан З ХХК-ийн 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эдгээр тайлан төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргад, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

/