Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2019/00048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн  оршин суух Б.Б, Э.Ж нарын нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн ******* сум ******* багийн ршин суух О.Э-д холбогдох Гэм хорын хохирол 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Э.Ж, хариуцагч О.Э, иргэдийн төлөөлөгч Р.Лхагва-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* өвөр гэдэг газар мал маллаж амьдардаг, ******* сумын төвөөс 3 км орчим зайтай бөгөөд сумын төвд нэг гэр маань байдаг юм. Урд орой нь малаа хашаанд нь хашиж хонуулаад 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 10 цагийн үед малаа бэлчээрт нь гаргах гээд хашаатай хоньруугаа очтол О.Эын нохой манай амьжиргааны эх үүсвэр болсон хониноос 33 толгой хонийг барьж шархдуулсан байсан. Би сумын төвөөс алхаж очсон бөгөөд намайг очиход нэг хар саарал өнгийн зүстэй нохой хашаан дотор хэд хэдэн хонийг бариад шархдуулсан байдалтай, хашааны гадна талд нэг нохой хэвтэж байсан. Тухайн үед 15 хонь үхсэн, дараа нь 2 хонь нэмж үхсэн. Үлдсэн 16 хониноос 4 төлөгний хүзүү нь мултарч мурийсан бөгөөд мал эмнэлгээс эм тариа авч хийж байгаа боловч одоог хүртэл тэжээж байна. Тухайн хонинууд нь бэлчээрт гарах ямар ч боломжгүй байгаа. Тэгээд орой нь сумын төвд байдаг гэртээ очиж эхнэртээ хэлсэн. Тэгээд тэр нохойг хайгаад байсан чинь О.Эын нохой болохыг нь мэдсэн. Энэ талаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг дарга Б.Дд хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагын ажилтан, багийн засаг дарга нар байж байгаад нохойг устгуулсан. Энэ байдлаа О.Эд хэлсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд О.Эаас хохирол болох 3.625.500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 2 дугаар сарын 25-ны өглөө манай нөхөр эрт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ирээд түлээ хагалчихаад 10 цагийн үед малаа бэлчээхээр хөдөө байдаг гэрлүүгээ явсан юм. Орой нь 20 цагийн үед гэртээ ирээд малруу нохой орж олон хонь барьсан талаар надад хэлсэн. Би тэр үед нялх биетэй, гэрээс гарах боломжгүй байсан учраас газар дээр нь очиж үзээгүй. Манай нөхрийг очиход саарал зүсмийн нохой ороод хонийг хазчихсан байсан гэсэн. Тэгээд 02 сарын 25-ны орой 20 цагийн үед дүү Б руу яриад хөдөө хамт явсан. Өглөө нь ийм үйл явдал болсон, манай нөхөр өдөржин үхэх гэж байсан хонинуудыг ганцаараа тусгаарлаж бэлчээрт гарах чадвартай хонийг бэлчээрт гаргасан. Ямар зүстэй нохой байсныг асуухад саарал нохой байсан, тухайн үед утасгүй учраас ар гэрлүүгээ ярих боломжгүй байсан гэж хэлсэн. Тэр орой 20 цагийн үед гэртээ ирээд дүү Б руу залгаад манайд хүрээд ир, манай хонийг саарал нохой хазчихсан байна, манай цаад талын тэжээлийн фондны хашаа руу саарал нохой орсон тэр нохой байж магадгүй гэж байсан. Дараа нь эзнийг олсон, тэр нохой О.Эын нохой байсан гэсэн. Тухайн үед 33 хонь нохойд хазуулсан, 17 хонь нь тэр дороо үхсэн, 16 хонь амьд үлдсэн байснаас сүүлд нь 4 хонь дахиад үхсэн, одоо 12 хонь үлдээд байгаа боловч түүний мах сүү зэргийг хүнсэнд хэрэглэж болохгүй учраас 1 жилийн хугацаанд хараад дахин шинжилгээ хийлгэн, шаардлагатай гэвэл устгуулах ёстой учраас энэ 12 хонины үнийг бас нэхэмжилж байгаа юм. Иймээс нийт 19 тооны төлгөн хонийг 70,000 төгрөгөөр, 14 эм хонь 100,000 төгрөгөөр үнэлж, хонины үнэ 2.730.000 төгрөг, 80 боодол өвсийг 9,000 төгрөгөөр тооцож 720.000 төгрөг, Нарны эхэр ХХК, болон Нэрс эмийн сангаас амбицлин тариа, өмхий ногоон тос зэрэг эм тарианд 175,500 төгрөг зарцуулж нийт 3.625.500 төгрөгөөр хохироод байна. Иймд дээрх хохирлоо О.Эаас нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч О.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* багийн засаг дарга Б.Д, ******* багийн иргэн Б.Б нар манай гэрт ирж танай нохой Б.Бын хонийг барьсан учраас устгаж шинжилгээнд явуулна гэсэн юм. Би 10 гаруй жил тэжээсэн нохойгоо устгуулахгүй, манай нохой хөдөө малаа манаад байж байдаг, манай нохой танай хонийг барих ёсгүй, та нар юугаар нотлох юм бэ?, манай нохой түүхий мах иддэггүй, болгож чанасан мах иддэг гэж хэлсэн боловч тоогоогүй. Тэгээд манай нохойг хашааны гадна алаад толгойг нь цавчаад аваад явсан. Та нар ингэж болдог юм уу арай дэндэж байгаа юм бишүү гэж би хэлсэн. Өөрөө тэжээж 10 гаруй жил малаа, хотоо мануулж байсан нохойгоо хашаандаа нүдэн дээрээ буудуулж толгойг нь тас цавчуулаад авахуулах хэцүү байсан. Нэхэмжлэгч Б.Б нь Г гэдэг хүнтэй ээлжилж малаа хардаг. Өөрсдөө сумын төвд орж ирж хонодог, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мал дээрээ байдаг гэртээ хоноогүй өглөө нь 10 цагт очиход л ийм үйлд явдал болсон байна. Малаа хараа хяналтгүй орхисноос ийм зүйл болсон. Би нохойгоо 2006 оноос хойш тэжээж эхэлсэн, 12 жил малаа харуулж тэжээж байсан. Нохойны бичиг баримт, татвар төлж байсан талаарх баримт хэрэгт байгаа. Миний нохой хонь барьж идэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Үнэхээр манай нохой тэдний хонийг барьсан гэдгийг юугаар нотлож байгааг ойлгохгүй байна. Шалгаж нотлоогүй байж манай нохойг буудаж алдсанд гомдолтой байгаа. Б.Бын хоньруу 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нохой орсон гэх боловч 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг даргадаа хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн байгаа. Яагаад тухайн үед нь тэр дор хэлж ярьж шалгуулаагүй юм бэ?, тэгээд Б.Б хонь барьсан нохойг харсан гэсэн атлаа зүсийг нь янз бүрээр, өөр өөр хэлдэг, хар саарал, саарал, шар саарал гэх мэтээр өөр өөр хэлдэг. Манай нохой 2013 онд гэрчилгээ авахдаа 7 настай, 2018 онд 12 настай хөгшин нохой байсан, хонь барих ямар ч чадвар байхгүй. Манай хүүхдүүдийг хичээлдээ явахаар сургуульруу нь дагаад яваад байдаг учраас уяатай байдаг. Манай нохойг алуулснаас хойш өөр айлын хоттой хоньруу нохой дайраад байна гээд сумын захиргаанаас ажил зохион байгуулж байсан. Тэгээд ч би Б.Бын хонийг манай нохой барьсан гэж бодохгүй байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нар нь хариуцагч О.Эд холбогдуулан Нохойд хазуулж үхсэн, шархадсан хонины үнэ болон эм тариа, өвс худалдан авахад зарцуулсан мөнгө буюу гэм хорын хохиролд 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтаар 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын 33 тооны хонь хотондоо байхдаа ямар нэгэн амьтанд хазуулан үхэж, гэмтсэний улмаас нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол,

Завхан аймгийн ******* сумын малчин Б.Бын үхсэн 12 хонь /нохойд уруулсан/, ВО52 өвчнөөр өвчилсөн нохойд уруулсан гэх шархтай 3 хонь, ВО52 өвчний шинж тэмдэгтэй 1 нохойг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр устгаж дээжийг лабораторид илгээсэн мал амьтан устгасан акт,

Завхан аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын Б.Б, Ж нар нь цөөн тооны бог малтай гэх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн, 2017 онд хонь 105, ямаа 21 бүгд 126 толгой мал тоолуулсан гэх 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт,

Нарны эхэр, Мэнд сүрэгтэн ХХК болон Нэрс, Гал чацаргана нэртэй эмийн сангаас эмийн бүтээгдэхүүн худалдан авсан тухай тодорхойлолтууд,

Нохойд хазуулаад үхсэн, гэмтсэн гэх хонины болон цасан дээр гарсан амьтны мөрний фото зургууд,

Завхан аймгийн мал эмнэлгийн лабораторийн ...Завхан аймгийн ******* сумын малчин Б.Бын гэх хонь, мөн нохойны 2 бүтээгдэхүүнд шинжилгээ хийж галзуу өвчнийг илэрүүлэх түргэн тест, Иммунофлюресценцийн урвалаар /+/ эерэг дүн үзүүлэв... гэсэн агуулга бүхий шинжилгээний дүнгийн хуудас,

Завхан аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс авсан мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж бүрдүүлсэн:

...Эр хонь 130.000 төгрөг, эм хонь 100.000 төгрөг, төлөг 70.000 төгрөг, хурга 30.000 төгрөг... гэсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлэг, Үржлийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07-02-311/05 дугаартай: ...2018.02.28-ны өдөр ******* багийн засаг дарга Б.Д, малчин Б.Бын хамт нохой хонь урсан дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Нарны эхэр мал эмнэлгийн эмч нар, тасгийн мэргэжилтнүүд үхсэн хонь, устгасан нохойноос дээж авч Мал эмнэлгийн лабораторид хүргүүлж шилжүүлэхэд галзуу өвчин илэрсэн, хүзүү мултарсан 4 хонь, шархтай 15, нийт 19 хонийг ялган тусгаарлаж, шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Тусгаарласнаас хойш үхсэн 2, эдгэрсэн 17 хонины цусанд галзуу өвчний шинжилгээ хийх боломжгүй байна. Галзуу өвчний илрэх нууц үе 12 сар хүртэл хугацаатай байдаг тул дээрх хугацаанд хүнсэнд хэрэглэж болохгүй... гэсэн албан бичиг,

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07-02-311/54 дугаартай: ...Килиник үзлэгээр дээрхи 4 тооны хонинуудыг нохой дайрч үргээх, хөөгдөх үед унаж бэртсэн байж болзошгүй хүзүү мултарсан мөн нохойд хазуулсан гэмтлүүд авсан байсан. ВО-52 өвчнөөр өвчилсөн нохойд ноцуулж уруулсан мөн хүзүү мултарсан 4 тооны хонийг хүнсэнд хэрэглэж болохгүй гэж үзэв... гэсэн дүгнэлт,

Гэрч Б.Дгийн ... 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим ундандаа оччихсон байж байтал манай багийн малчин Б.Б над руу утасдаж яриад би тантай уулзмаар байна, их яаралтай ажил байна гэхээр нь би 14 цагт ажилдаа очно гэж хэлээд 14 цагт ажилдаа очтол Б.Б, хадам ахын хамт намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд хэлэхдээ 3 хоногийн өмнө 40-өөд хонио нохойд бариулсан 10 гаруй нь үхсэн, бусад нь шархтай байгаа гэсэн....Мал эмнэлгийн эрхлэгч үхсэн хониных нь толгойг шинжилгээнд хүргүүлнэ гээд авсан. Тухайн малчин хэлэхдээ хар өнгөтэй, саарал өнгөтэй 2 нохой манай малыг барьсан, би нэг нохойг нь олсон гэхээр нь тэр нохойг олж устгаад толгойг нь шинжлүүлэхээр хүргүүлэх шаардлагатай гээд явсан бүрэлдэхүүнтэй хамт сумын төв рүү орж ирээд ******* багийн шинэ хорооны нэг айлын гадаа ирж мяндсан хүзүүвчтэй саарал нохой байсныг машинд сууж явсан 3 малчин заасан. Тэгээд тэр айлын эхнэр нь гарч ирээд манайх нохойгоо 10 гаруй жил тэжээж байна. Манай нохой мал барьдаггүй гээд нөхрийг нь дуудуулсан. Тэгээд тэдний нохойг хашаанаас нь гаргаж байгаад Д.Ажрахгүй нохойг буудаад толгойг нь тастаад Оюунцэцэгт өгсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Д-н ... 2018 оны 1 дүгээр сард саахалт өвөлжөөний залуу болох Хуягаа гэх залуу бид хоёр хонио бэлчээгээд хониныхоо ойролцоо байж байтал хар, саарал зүсмийн 2 нохой дайрсан. Биднийг очтол хар нохой нь зугтаасан тэгэхээр нь буцаад иртэл саарал нохой 2 хонь барьчихсан байсан. Тэгээд хавар малаа тоолоход том жижиг нийлсэн 14 орчим мал дутсан байсан. Миний яг өөрийн нүдээр харсан гэвэл манай 2 хонийг барьсныг харсан, бусдыг нь бол нүдээр хараагүй. Тэр үед Завхан аймгийн ******* сумын төвийн баруун хойд талын ******* өвөр гэдэг газар өвөлжсөн хүмүүс бүгд хайж байсан. Тухайн үед тэр хар, саарал өнгийн 2 нохойг хэний нохой болохыг би мэдээгүй, харин дараа нь Б.Бын хонийг нохой барьсны дараа Б.Б, Хуягаа нар О.Эын нохойг тэдний хонь руу дайрсан нохой мөн байна гэж ярилцаад холбогдох байгууллагад мэдэгдсэн байсан. Б.Бын зааснаар хонь барьсан нохойг олж очоод тэр нохойны эзэн нь О.Э гэдгийг мэдсэн. Нохойг устгахад 2 цагдаагийн албан хаагч, Б.Б бид нар цуг байсан. Нохой устгасан хүн залуу нохойны шүд байна гээд бид нарт нохойны шүдийг харуулж байсан. Тэдгээр хүмүүс хоорондоо юу ярьсныг би сайн сонсоогүй. Нохой устгасан хүмүүс тухайн нохойг устгасны дараа бидэнд шүдийг нь үзүүлж байсан. Залуу нохойны шүд байна гэж тэр залуу ярьж байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.А-н ...2018 оны 1 сард цагдаагийн газраас манай компани руу ярьж нохой устгах үүрэг өгсөн. Тэр үүргийн дагуу ******* сумын Хайрхан багийн дарга, цагдаагийн жолооч, ахлах дэслэгч Б.Саруул-Эрдэнэ нартай хамт цагаан саарал зүсмийн нохойг О.Эын хашаанд устгасан. Биднийг Б.Бын очиход ******* сумын малын эмийн сангийн ажилтан Оюунцэцэг гэх хүн нохойд хазуулсан хонинд тариа хийж байна гээд 10 гаруй хонинд эмчилгээ хийж байсан. Б.Саруул-Эрдэнэ цагдаа хонь хазсан нохой хаана байна гэж асуухад Б.Б зааж өгөхөөр болоод машинд сууж яваад О.Эын хашаанд очиход том, саарал өнгийн нохой сул байсныг тэр айлын эхнэр хорьж өгөөд бид нар хашаанд нь орсон. Цагдаа Б.Саруул-Эрдэнэ тэр айлын эзэн О.Эыг утсаар дуудаж ирүүлээд танай нохой хонь барьсан учраас нохойг чинь устгахаар ирлээ гэдгээ танилцуулаад би нохойг нь буудаж устгасан. Устгасан нохойг Б.Бар заалгасан. Ямар учиртайг би мэдээгүй, устга гэсэн үүрэг чиглэл өгсөн учраас нохойг буудаж устгаж ажил үүргээ гүйцэтгэсэн. Тэр үед нохойны эзэн О.Э нь манай нохой хонь барих ёсгүй, хонь хариулдаг нохой гээд маргалдаад байсан Оюунцэцэг эмч, Б.Саруул-Эрдэнэ байцаагч, багийн засаг дарга Б.Д нар галзуурсан нохой байж магадгүй учраас буудаж устгаад, толгойг нь шинжилгээнд явуулах шаардлагатай гэж хэлээд би толгойг нь тасалж өгсөн. О.Э өөрөө хэлэхдээ 12, 13 нас хүрч байгаа нохой гэж хэлж байсан. Миний харснаар соёо нь том, биеийн байдал зэргийг ажиглахад залуу нохой бололтой байсан. Ойролцоогоор 8, 9 настай нохой болов уу гэж бодсон. Тухайн нохойны шүд хурц, том, урт байсан. 4 соёо нь бас урт байсан, ойролцоогоор дээш гарсан хэсэг нь 2.5 см орчим байсан. Тухайн үед би тэнд байсан хүмүүст шүд, соёог нь гаргаж харуулаад шүд, соёоны байдлыг харахад хөгшин нохой биш байна шүү гэж хэлээд толгойг нь таслаад шинжилгээнд явуулсан. Би өөр зүйл яриагүй, намайг нохой устгадаг болохоор Улаанбаатар хотоос хүмүүс нохойны соёо олж өгөөч гэж ярьдаг, би ганц хоёр соёо авч өгч байсан болохоор нохойны соёоны хэмжээг сайн мэдэж байгаа юм. Яг тэр О.Эын нохойг устгах талаар хүсэлт ирж байгаагүй, харин Хайрхан багийн Засаг дарга эм нохой ихдэж байгаа учраас нохой устгалыг сайн хиймээр байна гэж хүсэлт гаргасны дагуу би хоёр өдөр явж нохой устгаж байсан. Өмнө нь энэ нохойг устгах талаар хүсэлт ирж байгаагүй учраас орхигдуулсан талаар би мэдэхгүй байна. Өмнө нь О.Эын тэр нохойг сул явж байхтай тааралдаж байгаагүй учраас энэ талаар би мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Гийн ...Манайх ******* сумын төвийн баруун хойд хэсэгт байдаг ******* өвөр гэх газар өвөлждөг юм. Өнгөрсөн өвөл нэг сарын үед байх сар өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр 11 цагаас 12 цагийн үед би хонио хариулаад явж байхад, миний урдаас Д.Хын хонь үргээд ирсэн, тэгэхээр нь би хонийг нь цааш нь эргүүлчихээд дурандсан чинь хоёр нохой, хоёр хонь хөөж байсан. Нэг нь хар, нэг нь саарал зүстэй хоёр нохой байсан. Хоёр хонийг нэг нэгээр нь хоёр нохой сүргээс тасалж хөөгөөд Хайрхан уулын адаг руу оруулаад хазаж барьсан. Би араас нь орилоод гүйгээд очиход хоёр хонь нь үхчихсэн байсан. Цаанаас нь малчин нь болох нэг залуу ирж байсан. Тэр хоньчин залууг нь би танихгүй, уулзаад ...танай хоёр хонийг нохой барьчихлаа гэж хэлэхэд, харин тийм ээ, би дурандаж харчихаад гүйгээд ирсэн чинь амжсангүй... гэж хэлж байсан. Өмнө нь Д.Хын хониноос нэг нь хар өнгөтэй, нөгөө нь саарал өнгөтэй 2 нохой тэдний хонийг барьж байхад нь би салгасан юм. Би Б.Бын хоньтой өөрийнхөө хонийг нийлүүлээд ээлжилж хариулдаг байсан бөгөөд өөрийнхөө ээлжтэй өдрийн өглөө нь буюу Д.Хын хонийг барьснаас хойш хоёроос гурван хоногийн дараа Б.Бын хотонд хонио хариулахаар очиход Б.Б ганцаараа Манай хонь руу урд шөнө нохой ороод гучаад хонь барьчихсан байна гэж хэлсэн, тэр үед 27-28 хонь хазуулчихсан байдалтай арай үхээгүй байсан. Ямар амьтан барьсныг нь би хараагүй. Д.Хын хонь хариулж байсан малчин залуу, Б.Б, Отгонбаяр бид дөрөв хонь бариад байгаа нохойг О.Эын нохойтой төстэй харагдаж байсан болохоор, тэдний нохой хонь барьсан байж магадгүй гэж бодоод О.Эын хашаанд очсон. Тэднийд очиход тэдний нохой уяатай байсан. Тэгэхэд Б.Б манай хоттой хоньруу орсон нохой мөн байна гэж хэлсэн. Харин Д.Хын хонийг барьсан нохойтой төстэй юм гэж хэлчихээд би мал руугаа явчихсан юм. Гэтэл маргааш нь тэр нохойг алчихсан байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Хын: Би өөрөө бол яг хараагүй байсан. Манай хажуу талын айлын хүнийг хонинд явж байхад хар, шар өнгөтэй хоёр нохой манай нэг хонь, хажуу айлын бас нэг хонь нийлээд 2 хонийг барьсан байсан. Тэр өдөр хонинд явж байсан залуугаас сонссон. Г гэх хүнд тухайн нохойг устгаад өгөөч гэж хэлж байсан. Харин тодорхой албан байгууллага, албан тушаалтанд хүсэлт, мэдээлэл өгч байгаагүй юм. Хэрэв дахиад мал руу дайрвал өөрөө устгана гэж бодож байсан боловч, тухайн хонь барьсан нохойнууд дахиж манай гэрийн ойролцоо харагдаагүй... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцжээ.

Харин хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөөрч хэрэгт нотлох баримтаар

Завхан аймгийн ******* сумын Идэр багийн засаг даргын ...О.Э нь манай багийн иргэн мөн, тус багт мал маллаж амьдарч байсан... гэсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/7/7 дугаартай тодорхойлолт,

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ...2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 8 цаг 40 минутад байгаль хамгаалагч О.Э нь малаа нохойд бариулсан гэх малчин Б.Бын гадуур, шинэ цаснаар мөр хайн очиход 2 нохойны мөр гарсан байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн ажилчид, байгаль хамгаалагчид, мөн Тамгын газрын дарга Г.Амгалан нар газар дээр нь очиж мөрийг хөөж ******* өврийн бараан энгэр, бартаатай хаданд тулан мөр нь замхран олдохгүй болон орой болсон тул эрлийг зогсоосон нь үнэн болно... гэсэн 1/164 дугаар,

...Малчдаас удаа дараа саарал хар, халтар нохойнууд бэлчээрт байгаа хоньруу орж байна, ямар нэгэн арга хэмжээ авч өгнө үү... гэсэн гомдлын дагуу Засаг дарга миний бие газар дээр нь очиж шалган, байгаль хамгаалагч О.Э, С.Баттогтох, Онцгой байдлын хэлтсийн 4 ажилтнуудад хоньруу орж байгаа нохойнуудыг устгах үүрэг өгч, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 06-07 цагийн хооронд нисэх буудлын урд ард дөнгөж бэлчээрлэх гэж байсан хоньруу орсон саарал нохойг Идэрийн голын гүүрэн дээр шархдуулан *******руу гаргаад алдсан бөгөөд бусад хар, халтар нохойг Идэрийн гол уруудуул аналдсан болох нь үнэн болно... гэсэн 1/163 дугаар тодорхойлолт,

******* сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгаас Идэр багийн иргэн О.Эын 7 настай, саарал зүстэй, монгол үүлдрийн нохойд гэрчилгээ олгож, 2013 оны хураамж 5000 төгрөг хураан авсан талаар тэмдэглэсэн 2013 оны гэрчилгээ, нохойтойгоо хамт авахуулсан фото зураг, нохой хөөж байгаа талаарх дүрс бичлэг бүхий СD 2 ширхэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа эс зөвшөөрч байгаа талаараа тайлбарлан мэтгэлцсэн болно.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Э.Ж нарын 33 тооны хонь хотондоо байхдаа нохойд хазуулан хонь үхэж, зарим хонь нь гэмтсэний улмаас нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын хонийг хазаж, гэм хор учруулсан нохойны өмчлөгч, эзэмшигч нь хариуцагч О.Э болох нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт зааснаар гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч, эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоотой бол гэм хорыг хариуцахаар заажээ.

Нэхэмжлэгч нар нь хонийг хазсан гэх нохойг хариуцагч О.Эын өмчлөлийн буюу эзэмшлийн нохой болохыг хангалттай нотолж чадаагүй, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ хар саарал зүстэй, залуу нохой байсан гэх гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нохойтойгоо авахуулсан зураг дээрх шар халтар зүстэй нохойг хоньруу орсон нохой мөн байна гэж зааж нохойны зүсийг хэд хэдэн удаа зөрүүтэй хэлсэн байх ба урьд өмнө нь О.Эын нохойг харж байгаагүй гэж тайлбарладаг боловч тухайн нохойг өөрийн хоттой хоньруу орж хазаж гэмтээсэн нохой гэж шууд зааж байгаа нь эргэлзээ төрүүлж байна .

Мөн хариуцагч нь манай нохой хонь хариулдаг хоточ нохой, 2013 онд нохойдоо гэрчилгээ авахад 7 настай байсан, 2018 онд 12 настай хөгшин нохой болох нь нохойны гэрчилгээ, 2009 онд нохойтойгоо авахуулж байсан гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар нь няцаалт хийсэн, эс зөвшөөрч нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* өвөр хэсгээр нохой малруу дайрсан, Б.Бын болон бусад айлын мал хазаж гэмтээсэн улмаар мал үхсэн, энэ талаар нутгийн оршин суугчид гомдол гаргасны дагуу сумын ЗДТГ болон Онцгой байдлын хэлтэстэй хамтарч нохой устгах, эрэн хайх ажиллагаа явуулж байсан болох нь тус тус тогтоогдож байх боловч малруу дайрсан, мал хазсан нохой нь хэний өмчлөл, эзэмшлийн нохой болох нь тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ...Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ... гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байна гэж тайлбарлаж байгаа боловч уг таньж олуулах ажиллагаагаар 3 өөр нохойны зургийг нэхэмжлэгч Б.Бар таниулахад О.Эын хашааны хаалганы үүдэнд зургийг нь авсан нохойны фото зургийг зааж манай хоньруу дайрч, хонь хазаж гэмтээсэн нохой мөн байна гэж таньсан нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл таниулж байгаа 3 нохойны зургийг өөр өөр газарт авч уг фото зургуудаар таниулсан бөгөөд О.Эын нохойг түүний хашааны үүдэнд байлгаж байгаад авсан зургаар таниулж байгаа нь таньж байгаа хүн болох Б.Б нь өмнө нь О.Эын гэрт очиж байсан, уг зургийг авах үед багийн засаг дарга Б.Д болон бусад хүмүүсийн хамт тэнд өөрөө байсан учраас уг нохойг О.Эын нохой гэж мэдэх бүрэн боломжтой юм.

Энэ нь шүүх хуралдаанд бичгийн нотлох баримт судлах явцад нэхэмжлэгч Б.Бын ...энэ зургийг нохой устгах үед буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авсан зураг мөн байна, тухайн үед багийн засаг дарга Б.Д, Б.Саруул-Эрдэнэ, Д.Ажрахгүй, Н.Оюунцэцэг зэрэг хүмүүс байсан, нохойны зураг үзүүлж таниулах ажиллагааг үүнээс хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр явуулсан юм... гэсэн тайлбар, мөн хариуцагчийн ...энэ зураг бол 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нохойг буудаж алах үед манай нохойг надаар бариулж байгаад манай хашааны үүдэнд авахуулсан зураг мөн байна, мөн таньж олуулах ажиллагааг энэ зургийг үзүүлж байгаад 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр явуулсан юм... гэсэн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын 33 тооны малыг хазаж, гэм хор учруулсан нь хариуцагчийн гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас учирсан, тухайн амьтны өмчлөгч, эзэмшигч нь хариуцагч О.Э мөн болох нь нотлогдохгүй байх тул Б.Б, Э.Ж нарын хариуцагч О.Эд холбогдох Гэм хорын хохирол 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч Б.Б нь тухайн үеийн зах зээлийн ханшаар эр хонь, эм хонь, төлөг, хурга ямар үнэтэй байгаа талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 571 дугаар шүүгчийн ахирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн хөлс болох 20.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нараас гаргуулан Хүрэл бэрс ХХК-ийн ХААН банк дахь 5495458707 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын нэхэмжлэлтэй хариуцагч О.Эд холбогдох Гэм хорын хохирол 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нараас шинжээчийн ажлын хөлс болох 20.000 төгрөгийг гаргуулсугай.

4. Шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц шинжээчийн ажлын хөлс болох 20.000 төгрөгийг Хүрэл бэрс ХХК-ийн ХААН банк дахь 5495458707 тоот дансанд төлөхийг нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ОТГОНХИШИГ

ШҮҮГЧИД Б.ӨЛЗИЙХИШИГ

Т.БАЛЖИННЯМ