Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02037

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02166 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК, Зд тус тус  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 161 645 757 төгрөгийг хамтран хариуцагч нараас  гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, Ч.Н, хариуцагч Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-12, БГ-12 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

 

  1. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81-р байр 33 тоот хаягт байрших, 36,15 м.кв талбайтай сууц,

 

2. Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчоо 6-р гудамж, 122а тоот хаягт байрших, 468 м.кв талбай /Г№000535073, нэгж талбарын дугаар 18654307718963/ дугаартай эзэмших эрхтэй газар,

3. Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчоо 6-р гудамж, 122б тоот хаягт байрших, 468 м.кв талбай /Г№000534967, нэгж талбарын дугаар 18654307712945/ дугаартай эзэмших эрхтэй газар,

4. 51-26 УНР улсын дугаартай, KNCSD0622XS453943 арлын дугаар бүхий Bongo frontier маркийн автомашин тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Өнөөдрийг хүртэл ЗГ-12 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 7 758 786 төгрөг, хүүгээс 10 523 053 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 98 512 төгрөг, нийт 18 380 352 төгрөг төлсөн. Гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.

 

Зээл 142 241 213 төгрөг, 16 170 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 234 090 төгрөг нийт 161 645 757 төгрөгийг гаргуулж өгнө үү. 161 645 757 төгрөгийн 60 хувь буюу 96 987 454 төгрөгийг  Згаас, 40 хувь буюу 64 658 302 төгрөгийг  Б ХХК-иас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр шувууны аж ахуйн тоног төхөөрөмж, тахианы байр бэлдэх, өндөглөгч тахиа худалдаж авах, шувууны тэжээл бэлдэх зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр авсан. Сүүлийн 2 жилд  гадаадаас хямд үнэтэй, их хэмжээний өндөг орж ирснээс  борлуулалт буурч, тахианы хоол хүнсийг бэлдэж чадахаа больж, зээлийг эргэн төлөх боломжгүй болсон. Одоо аж ахуйгаа зогсоосон. Зээлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусах  тул хугацаа дуусах хүртэл хүлээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З нь К-ны Б ХХК-тай  байгуулсан зээлийн гэрээнд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр  батлан даалтын гэрээ хийж,150 000 000 төгрөгийн 60%-д Хаан банкны Өгөөмөр тооцооны төвийн 2014 оны 03 дугаар 07-ны өдрийн 14/50 тоот зээлийн гэрээ дуусгавар болсны дараа 2014 оны 3 сарын 7-ний өдрийн 14/50 барьцааны гэрээнд бүртгэлтэй байгаа Y-2201022414 улсын бүртгэлийн дугаартай тахианы аж ахуйн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд нэмж бүртгүүлэх нэмэлт нөхцөлтэйгээр батлан даасан.  Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заасан.

 

Талуудын батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Үүнд:

Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх зэрэг урьдчилсан арга хэмжээг тохиролцсон.Зээлдүүлэгч батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул Згаас шаардах эрх үүсээгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд З хариуцах үүрэгтэй. Банк энэ үүргээ гүйцэтгээгүй байгаа нөхцөлд Згийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй.Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Б ХХК-иас 64 658 302.8 төгрөг, хариуцагч Згаас 96 987 454.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч Б ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох дараах эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс 64 658 302.8 төгрөгийг гаргуулж Кинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 019 544 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-иас 481 241 төгрөг, хариуцагч З-аас 642 887 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  "Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т "Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна" 1.6-д "зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж заажээ." Гэсэн атлаа үндсэн зээлийн үлдэгдэл хэд байгаа, хангалттай арга хэмжээ авсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Гэрээний  1.5-д "Батлан даагч нь зээлийн гэрээгээр зээлдэгчийн төлөх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээл, зээлийн хүүг төлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон бусад хохирлыг зээлдүүлэгчийн өмнө хариуцахгүй" гэж заасныг анхаарч үзээгүй.  Зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон үндсэн зээлийн үлдэгдэл дүн /142 241 213.40/-ээс батлан даалтын 60 хувиар тооцож үзэхэд Згийн хариуцах дүн 85 344 728  төгрөг байхаар байжээ.

 Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д "Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ", 460.4-т "Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ" гэснийг  буруу тайлбарлан хэрэглэсэн. "Нөхөх хариуцлага хүлээнэ" гэдгийг Улсын дээд шүүх "үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ" гэж тайлбарласан. Нөхөх хариуцлага гэдэг нь зээлдэгч барьцаа хөрөнгөөрөө үүрэг гүйцэтгэсэн, барьцаа хөрөнгө устаж үгүй болсон, үнэгүйдсэн зэргээр зээлдэгч зээлээ төлөх боломжгүй болохыг ойлгодог. Барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулна уу гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 161 645 757 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “Б” ХХК-д холбогдуулан гаргасан боловч Зг хамтран хариуцагчаар татахаар хүсэлт гаргаж, шүүх хуралдаан дээр 60 хувь буюу 96 987 454 төгрөгийг Згаас гаргуулна гэж нэхэмжлэлээ тайлбарлажээ. /хх-ийн 119/

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулгыг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцэх юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулга нь хариуцагч “Б” ХХК-ийг үндсэн үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлж, З-гаас бусад үүргийг шаардсан уу, талуудын хүлээх үүргийг ямар үндэслэлээр хэрхэн тодорхойлсныг тодруулах нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэх ач холбогдолтой.

 

Нэмэгдүүлсэн шаардлага тодорхой болсноор талуудын хооронд байгуулагдсан гэрээ түүнтэй холбоотой үүсэх үүргийг зөв тодорхойлон дүгнэх боломжтой болох юм.

 

Зтай байгуулсан батлан даалтын гэрээнд “үндсэн зээлийн 60 хувийг хариуцах” нөхцөл байгаа тохиолдолд үндсэн зээлийн хэдэн төгрөгийн үлдэгдлээс Зээлийн батлан сан аль хэсгийг нь хариуцах, ингэж хариуцахын тулд гэрээ болон хуульд заасан урьдчилсан нөхцлүүд хангагдсан эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, талуудын хоорондын гэрээнд зааснаар зээлдэгчээр зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлагатай бүх арга хэмжээг авсныг, гэрээнд заасан урьдчилсан нөхцөл биелснийг тогтоох нь зүйтэй юм. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн хүсэлтээр, шүүхийн журмаар нэхэмжлэгчээс гаргуулсан нотлох баримтад хэргийн оролцогч өөрөө хуулбар үнэн дарж, уг хувийг нотариатаар гэрчлүүлсэн нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй болгожээ. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл баримтын эхийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай юм.

 

Хэрэв хуулбар баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэхэд бэрхшээлтэй байгаа тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байна.

 

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зүйл нь үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, хөдлөх хөрөнгө болох авто машин, газар эзэмших эрх зэрэг байна. /хх-ийн 1-2/ Газар эзэмших эрх нь барьцааны зүйл болдог. Иймд хөдлөх эд хөрөнгийг барьцаалах журам хамаарах бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж зааснаар тухайн газрыг эзэмших эрхийг барьцаалахын тулд зохих газрын албанд бүртгүүлж, тэмдэглэл хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Зөвхөн барьцаалбар гэх баримтад “Газрын алба” гэж тоот тавьсан.

 

Шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг  шийдвэрлэхийн тулд тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нөхцөлийг тодруулах ёстой. Барьцааны гэрээ зохих ёсоор байгуулагдсан, хуульд заасан шаардлагыг хангасан байж гэрээ нь хүчин төгөлдөр болно. Мөн анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхдээ хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Барьцаалбар гэсэн баримт бичигт барьцааны зарим зүйлийн хувьд өөр гуравдагч этгээдийн ашиг сонирхол байгаа эсэх гэсэн хэсэгт З байгаа гэж бичигджээ. Эдгээр барьцааны зүйлээс алинд нь З барьцаалагч болсон, барьцаалагч болсон бол аль ээлжийн барьцаалагч болох дарааллыг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ харгалзан үзэх ёстой юм.

 

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулах ёстой бөгөөд үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцаалагч тус бүрийн барьцааны эрхээ хэрэгжүүлэх дараалал зэрэг маргааны үйл баримт тодорхой бус байхад шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Згийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 887 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД