| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 105/2024/1229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1276 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1276
2024 11 22 2024/ШЦТ/1276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Аийн Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 2600 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Чтэй согтуурсан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хоёр шилбэнд шарх, хоёр бугалга, шуу, зүүн дал, гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Чтэй согтуурсан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хоёр шилбэнд шарх, хоёр бугалга, шуу, зүүн дал, гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Чгийн өгсөн: “...Би Б гэх хүнтэй 2024 оны 01 дүгээр сараас хойш Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Залуус хотхоны .......................... тоотод хамтран амьдарч байгаа. ...2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед би ажлаа тараад гэртээ иртэл Б нь гэртээ, 1 литрийн Алтан Чингис архи, би 2 ширхэг 0,33 литрийн Хараа архи уучихсан байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь Бийг сэрээгээд “Би архи уудаг хүнтэй амьдрах гэж чамайг дуудаагүй” гээд хэлтэл Б босож ирэнгүүтээ "Чи дандаа салъя гэж хэлж байдаг, би чамаас жинхэнээсээ салаад өгье" гээд агсан тавиад байсан. Тэгж байгаад Б тамхи татах гээд тагт руу гарахаар нь би тагтаа түгжтэл Б цаанаас нь өшиглөөд нүдээд байхаар нь би тагтны хаалгыг онгойлгосон. Б орж ирэнгүүтээ манай буйдангийн урд байдаг жижиг ширээг барьж аваад газарт савтал уг ширээний хөл нь салчихсан. Тэгтэл Б уг ширээний төмөр хөлийг барьж аваад миний зүүн хөлийн шилбэ хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл миний хөлийн шилбэ хэсгээс цус гарахаар нь би шууд байрны жижүүрийн утас руу залгаад "Хүн намайг зодоод байна" гэж хэлтэл жижүүр "Та тэгвэл цагдаа дуудсан нь дээр байхаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн .............. дугаарын утаснаасаа цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, мөн түргэн тусламжийн дугаарт залгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Бийг авч яваад, дараа нь түргэн ирээд миний хөлийн шилбэ хэсэгт 8-н оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 14-15 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11951 дугаартай “С.Чгийн биед хоёр шилбэнд шарх, хоёр бугалга, шуу, зүүн дал, гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Бийн өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ архи уучихсан унтаж байсан. Орой Ч ажлаасаа ирээд бид хоёр хамтдаа бага зэрэг архи хувааж ууж уусан. Тэгээд бид хоёрын дунд архинаас үүдэлтэй хэрүүл маргаан болсон. Би шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцсан, дээрх гэмтэл миний учруулсан гэмтэл мөн. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэргээр тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ
Улсын яллагч “...Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Чтэй согтуурсан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хоёр шилбэнд шарх, хоёр бугалга, шуу, зүүн дал, гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 6 дугаар хуудас, хохирогч С.Чгийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч А.Б “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.
1.3. Хууль, эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан. дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11951 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Чгийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Дээрх хуулийн ойлголтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Чтэй согтуурсан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хоёр шилбэнд шарх, хоёр бугалга, шуу, зүүн дал, гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Уг үйлдлийг үйлдэхдээ шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирогчид зориуд хохирол, хор уршиг хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн байна.
Мөн шүүгдэгч А.Бийн хууль бус үйлдлээс хохирогч С.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол шууд учирсан байх ба түүний гэмт үйлдэл, учруулсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас С.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэндийн зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “...шүүгдэгч А.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч “...Би такси үйлчилгээнд явж орлого олдог тул торгуулийн шийтгэл төлж барагдуулах боломжтой” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дэх тал/, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл /хавтаст хэргийн 33-43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 45 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 49 дэх тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 52 дахь тал/, Хаан банкны 5429383445 дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 58 дахь тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн саналаар шүүгдэгч А.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол санал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч А.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бөд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч А.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Аийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Бөд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН