| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00340/И |
| Дугаар | 104/шш2019/00037 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 104/шш2019/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод байрлах “*******” ХХК /*******/
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух,******* ы /РД:/-д холбогдуулан
интернэт төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч З., нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч З. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай компаниас 240.000 төгрөгийн үнэтэй, NP10 маркын интернет төхөөрөмжийг худалдан авахаар дугаартай гэрээ байгуулсан.
Гэрээнд заасны дагуу төлбөрөө 12 сарын хугацаанд сар бүрийн 17-ны өдөр 20.000 төгрөг төлөх ёстой байсан.
Гэтэл З. төхөөрөмжийн төлбөр 240.000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 120.000 төгрөг болж байна. Иймд З.гаас нийт 360.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сард “” ХХК-д ажиллаж байсан. Тэр үед манай компанийн дарга “*******” ХХК-иас интернетийн төхөөрөмж авч гурван хүнд бэлэг болгож өгсөн. Надад дугаартай интернет төхөөрөмжийг өгсөн. Энэ төхөөрөмжийг одоо хүртэл хэрэглэж байгаа. “*******” ХХК надтай гэрээ байгуулаагүй мөртлөө төлбөрийг нэхсэн. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн.
Гэтэл дахин нэг төхөөрөмж авсан гээд “*******” ХХК-иас нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь: Би “*******” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дугаартай гэрээ байгуулж, хэрэглэгчийн дугаартай төхөөрөмж зээлээр худалдан аваагүй. Би гэрээн дээр гарын үсэг зураагүй болохыг шинжээч тогтоосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч З.д холбогдуулан хэрэглэгчийн дугаартай, NP10 маркын интернет төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай гэрээ, өргөдөл, зээл төлөх хуваарь, З.гийн иргэний үнэмлэхний хуулбар, *******ны тодорхойлолт, 360.000 төгрөгний нэхэмжлэх, Үүрэн холбооны үндэсний опиратор бэлэн мөнгөний тооцооны хуудасны хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч З. “...2015 онд “” ХХК-иас бэлгэнд өгсөн хэрэглэгчийн дугаартай интернет төхөөрөмжийн үнийг “*******” ХХК нэхсэн асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Гэтэл 2015 онд дугаар гэрээ байгуулан, дугаарын хэрэглэгч болж дахин NP10 маркын интернет төхөөрөмж авсан гэж байгааг зөвшөөрөхгүй гэж марган Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийг баримтаар өгсөн болно.
Шүүх зохигчтой тохиролцож шүүх хуралдааны товыг товолсон боловч нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийхийг хүссэн. Мөн хариуцагч З. нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч З.тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаарын гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамааран, дугаартай хэрэглэгчид NP10 маркын интернет төхөөрөмжийг шилжүүлэн өгсөнөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу үйл баримтаар нотолж байж гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу үүсэх юм.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь дугаартай хэрэглэгч З.тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дугаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж байгаа ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт гэх баримт дахь шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн З.гийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна” гэсэн. Мөн дугаартай хэрэглэгч З.д NP10 маркын интернет төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн болохоо өөр үйл баримтаар нотолж мэтгэлцээгүй тул шүүх зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзэх үндэслэл болов.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 232.6.-д зааснаар зохигчид алданги тохиролцсон гэрээг бичгээр байгуулсаны үндсэн дээр хариуцагч З.д нэмэлт үүрэг үүснэ.
Харин зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч З. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хугацааны алданги 120.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай гэрээний 5.3.-т “хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу төлөх үүрэггүй байна.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 232.6., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч******* ы гаас NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС