Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/840

 

 

 

 

 

 

 

  2024         11          27                                   2024/ШЦТ/840

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Г.Гармаа,

шүүгдэгч Ш.М  нарыг оролцуулан эрүүгийн 2411 00000 1499 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М  /РД:../, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.М  нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “00-00-УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг гараараа нугалж зөрлөө” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар төмөр усны сав шидэж Б.Б ийн эзэмшлийн “Ланд Крузер-300” загварын 00-10-УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5’617’475 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Б ийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар ЧД1-24-1057 хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ш.М ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М  мэдүүлэхдээ: “Дансны хуулгаа авчирсан. Өөр хэлж ярих зүйлгүй. Тэр хүнээс уучлалт гуйсан. Хохирлыг нь барагдуулсан. 5.617.500 төгрөг өгсөн.” гэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Ш.М  нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “00-00-УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг гараараа нугалж зөрлөө” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар төмөр усны сав шидэж Б.Б ийн эзэмшлийн “Ланд Крузер-300” загварын 00-10-УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5’617’475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б  мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын баруун талын автозамаар ертөнцийн зүгээр хойд зүгт өөрийн 00-10 УБГ улсын дугаартай хар өнгийн Ланд-300 маркын автомашинтайгаа эгнээгээрээ зорчиж явтал эсрэг урсгалд 00-00 УАУ улсын дугаартай цагаан өнгийн приүс загварын машин замын голын шугамыг даваж миний явж байгаа урсгал руу шахаж орж урсгал сөрсөн байдалтай зөрөх боломжгүй байдал үүсгэсэн ингээд тухайн жолоочид хандаж хэлэхэд өөдоөс солиор бандгар жийп унахаар дайрч орж ирдэг юм уу гээд учир зүггүй хэрүүл хийгээд байхаар нь чи цаашаа өөрийнхөө эгнээ рүү дараад зөрөөч, толь чинь ширгэх гээд байна гэхэд өөдөөс хэрүүл хийсээр байсан. Тэгээд би зөрөхийн тулд толийг нь хажуу тийш нь хурааж хажуугаар нь зөрөх үед араас тухайн машины жолооч эмэгтэй миний машины жолоочийн хойд талын хойд дугуйны дээд хэсэгт рүү төмөр халуунаа барьдаг жинтэй аягаа шидсэн. Тухайн газар нь 2-3 орчим см хонхойсон байсан. Гарч ирээд толь хураалаа гэж машин руу чинь аяга шидсэн гэж хэрүүл хийсээр байсан.,

“...Миний машиныг эвдсэн тухайн хүн миний машинд учирсан хохирол болох 5.617.500 төгрөгийг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл .” (хавтаст хэргийн 3 дахь тал)

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар ЧД1-24-1057  хөрөнгийн үнэлгээний “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.617.475 төгрөг.” (хавтаст хэргийн 18-22 дахь тал) гэх тайлан,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 29 дэх тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Шүүгдэгч Ш.М  яллагдагчаар мэдүүлсэн “...2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд хүүхдээ цэцэрлэгээс авах гээд явж байгаад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын баруун талаар урагш өөрийн 00-00 УАУ улсын дугаартай цагаан өнгийн Приус-40 маркийн машинтайгаа дүү Мөнхгэрэлтэй хамт явж байхад миний явах чиглэлд зам дээр машинууд байрлуулчихсан байсан учир хажуугаар нь өнгөрөх гээд нөгөө тал руу жаахан шахаж явсан тэгэхэд хажуугаар жижиг машинууд гараад байсан. Тэгэхэд нэг ланд 300-тай хүн зөрж болохгүй байна 2 пиздаа минь зайлаад өгөөч гээд хажуугаар зөрж гарахдаа миний машины толийг хойш нь гараараа нугалаад зөрсөн. Тэгэхээр нь би тухайн үед дургүйцсэндээ голын хайрцганд байсан усны төмөр аягыг машин руу шидчихсэн юм. Тэгээд бууж ирээд хэрүүл болсон. Миний машин руу ойртох гэхээр нь би  тухайн хүнийг ойртуулаагүй цааш нь түлхсэн надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Машинд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй юм. ...Тухайн хүний хохирол болох 5.617.500 төгрөгийг 3 хувааж тухайн хүний 5014309267 дугаарын Хаан банкны дансанд хохирол төлөв гэх утгатайгаар шилжүүлж хохирлыг барагдуулсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгч Ш.М  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Ш.М ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Б д гэмт хэргийн улмаас нийт 5.617.475 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч  Б.Б  нь “...Миний машиныг эвдсэн тухайн хүн миний машинд учирсан хохирол болох 5.617.500 төгрөгийг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 11 дэх тал) талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ш.М  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Ш.М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн (хавтаст хэргийн 46 дахь тал), гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.М т ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Ш.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ш.М ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болоод тэдгээрийн хувийн байдал, тогтоогдож буй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.М  /РД:../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ш.М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалсугай.

4. Шүүгдэгч Ш.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ГАЛБАДАР