| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2018/02351/И |
| Дугаар | 210/МА2018/02036 |
| Огноо | 2018-09-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2018/02036
Б.Нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02464 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Нгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Бны дэргэдэх Б-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 234 683 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуула тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БСШУСЯ-ны дэргэдэх Бд 2005 оны 01 дүгээр сард няраваар орж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авсан. 2017 оны 02 дугаар сараас эхлээд хүүхэд асрах чөлөө авахаар өргөдөл гаргасан. Өргөдөлдөө 2017 оны 05 дугаар сарын 14-нд ажилдаа эргэж орохоор хүсэлтээ гаргасан. Гэтэл ажлаас 7 хоногийн дараа утсаар залгаж 3 жил хүүхэд харах ёстой гэж хэлээд ажилд оруулаагүй. Сүүлийн жил хагасын хугацаанд ажлаа хийгээгүй, цалин хөлсгүй, өр зээлийн дарамтад орсон тул 2017 оны 01 дүгээр сард цалинтай ээж хөтөлбөрт хамрагдахын тулд надад ямар ч бичиг баримт өгөөгүй учраас дахин хүүхэд асрах өргөдлийг 2018 оны 01 дүгээр сард гаргасан. Энэ өргөдлийн дагуу Бийн захирлын 2018 оны 01 дүгээр сардын 23-ны өдрийн дугаар Б/02 тушаал гарч хүүхэд асрах чөлөөг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэтэл энэ хугацаа дуусч ажилдаа эргэн орох өргөдлөө дахин гаргатал ажилд авахгүй гэсэн хариу өгсөн. Иймд урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний олговор 3 234 683 төгрөг гаргуулж, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Бны дэргэдэх Бөөс шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Нд захирлын 2016 ны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны Б/09 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг олгосон. Мөн өөрийнх нь хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Б.Н нь ажилд эргэн орох хүсэлтээ албан ёсоор одоо хүртэл ирүүлээгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нг Бийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн нярвын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Бд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 234 683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилтийг холбогдох дэвтэрт хийхийг хариуцагч Бд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгч Б.Нгийн төлсөн 66.705 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан олгож, хариуцагч Бөөс 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т.Амартүвшингээс гэрчийн мэдүүлэг авахгүйгээр нэхэмжлэгчийн амаар асуудлыг шийдсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дарга Ж.Гтэй биечлэн уулзсан гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж маргахгүй байна. Захирал Ж.Гтэй уулзаж юун тухай ярилцсан талаар асууж тодруулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "ажилтан өөрөө хүсвэл" гэснийг заавал бичгээр өргөдөл гаргахыг ойлгохгүй болно гэж шүүх тайлбарласан. Иймд шүүх нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөө дуусмагц ажилд эргэн орох хүсэл зоригоо байгууллагадаа илэрхийлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Бны дэргэдэх Бд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 234 683 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1, 23/
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралт, түүнчлэн хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа ажил олгогчийн тушаалаас үзэхэд дууссан нөхцөл байдал тогтоогджээ. /хх-ийн 4/
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зйүлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй юм. Анхан шатны шүүх ажилтан өөрөө хүсссэн гэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхдээ бичгээр өргөдөл гаргах шаардлагагүй гэж хуулийг зөв хэрэглэсэн. Хуулиар ажилдаа эргэн орох хүсэлтийг бичгээр гаргах талаар тухайлсан шаардлага тавигдаагүй тул амаар хүсэлтээ гаргах нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Ажилтан хүүхэд асрах чөлөө дуусмагц ажилд орох хүсэл зоригоо байгууллагадаа илэрхийлсэн гэх хугацааг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй боловч нэхэмжлэгч нь ажилдаа орох талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөл байдлаас үзвэл хүүхэд асрах чөлөө дуусмагц ажилдаа орохоор хариуцагч байгууллагаас шаардаж байна гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн авахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Ажилтныг ажлаас халсан, өөр ажилд шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна. Иймд мэтгэлцэх зарчмын хүрээнд энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй буюу н.Амартүвшин, н.Г нараас гэрчийн мэдүүлэг аваагүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүх санаачилгаараа биш хэргийн оролцогчийн хүсэлтээр хийдэг бөгөөд тухайн хэрэгт гэрч асуулгах талаар хүсэлтийг хариуцагч талаас гараагүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02464 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “Б”-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД