Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                               Г.Э

           Шүүгдэгч                                               Г.Э

           Шүүгдэгчийн  өмгөөлөгч                  Д.О

           Хохирогч                                              Ч.Г

           Нарийн бичгийн дарга                     Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Э-д холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Э.

 

Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар 01-03 АРХ улсын дугаартай гранд марк 2 маркын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг, Наран багийн дунд байрлах төв авто замын хажуугийн гэрэлтүүлгийн шонг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд зорчиж явсан Ч.А-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Эын 01844032 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг гутлыг устгаж,

 

            Шүүгдэгч Г.Э, амь хохирогч Ч.А нарын хүүхдүүд болох 2006 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн 13 настай А.Д, 2014 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн 4 настай А.С, 2017 оны 04 дүгээр сарын 26-нд төрсөн 2 настай А.Д нарын асран хамгаалагчаар тэдний эмэг эх Ш.А-г тогтоож,

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Г.Э  эсэргүүцэлдээ:

 

“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Эыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Үндэслэл нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд ангиллын хэрэг болно.

Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ нэмэгдэл ялыг тухайн зүйл хэсэгт зааснаас доогуур буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэргийг тусгахдаа бүрэн гүйцэт бичээгүй, өгүүлбэр дутуу бичигдсэн байна. Иймд Г.Эад холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: “... Давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул Г.Эад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э  дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурор Г.Э-н  эсэргүүцлийг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Г.Эад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 01-03 АРХ улсын дугаартай Гранд Марк-2 маркийн автомашиныг жолоодож яваад мөн дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг, Наран багийн дунд байрлах төв авто замын хажуугийн гэрэлтүүлгийн шонг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд зорчиж явсан иргэн Ч.А-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Эыг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Г.Эад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрх хасах ялыг оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Тухайлбал Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1.д Эрх хасах ялын хугацааг нэг жилээс найман жил байхаар хуульчилсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасахаар... тусгайлан заасан байхад шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээгүй тул дээд шатны прокурор Г.Э-н “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нь “ ... Шүүгдэгч Г.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх Г.Э-н хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Дээд шатны прокурор Г.Э-н эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА